Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 16

 

Т.Хт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: С.Бат-Очир,

Прокурор: С.Сугар, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Т.Х 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 48 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжтай, Т.Хт холбогдох эрүүгийн 1730000630043 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2018  оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2002 оны 7 дугаар сарын 30-нд төрсөн, 15 нас 7 сар 20 хоногтой, эрэгтэй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт тоотод оршин суух, 4 дүгээр бүрэн дунд сургуулийн 9А ангид сурдаг, Т.Х  

Т.Х  нь  2017 оны 7 дугаар сарын 01-ний шөнийн 00 цагийн үед Сүхбаатар  аймгийн  Баруун-Урт  сумын  1  дүгээр  баг,  Г.Нгийн гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга хулгайлж, нийт 420000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Прокуророос Т.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 48 дугаар захирамжаар: ... 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/46 дугаартай яллах дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа эргэлзээтэй байна. Өсвөр насны яллагдагч Т.Хийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй, хуульд зааснаар яллагдагчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй байх тул нарийвчлан тодруулах шаардлагатай гэж үзэж, Т.Хт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Т.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 

 

Прокурор эсэргүүцэлдээ: ... Өсвөр насны яллагдагч Т.Хийн үйлдсэн гэмт хэрэг 2017 оны 7 дугаар сарын 01-ний шөнийн 00 цаг буюу 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө үйлдэгдсэн тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой, шүүхийн эрх хэмжээний асуудал байхад нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй. Шүүгдэгч өөрөө гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаагаа хэлдэг ба өөрөөр тогтоогдохгүй, өөр нотлох баримт байхгүй юм. Т.Хт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн  хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр өөрчлөн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх боломж байгаа гэдгийг шүүх хуралдааны явцад тайлбарласан. Анхан шатны шүүхээс Т.Хт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн тов ирүүлсэн боловч шүүх хуралдаан нээсний дараа шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ гэж танилцуулсан, ямар асуудлаар хийх гэж байгаагаа мэдэгдээгүй, танилцуулаагүй нь оролцогч миний эрхийг хангаагүй болно. Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Т.Хт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

 

Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлага тогтоогдохгүй байх ба гэмт хэрэг үйлдэгдсэн цагийг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тодруулан тогтоох боломжтой гэж үзлээ. Иймд  прокурорын  эсэргүүцлийг  хүлээн  авч, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 48 дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Хт холбогдох эрүүгийн 1730000630043 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, хувийн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД         Л.НАРАНБАЯР

С.ОЮУНТУНГАЛАГ