Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/03694

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, С овогт Ж.Б /РД:*********/-ны нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, ** хаягт байрлах, Х ХК /РД:********/-д холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, ** хаягт байрлах, Х ХК /РД:*******/-ийн

  Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Совогт Ж.Б /РД:********/-д холбогдох

  Сөрөг  нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 63 656 036.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******, Х.Х*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Б******* нь хариуцагч Х******* ХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр 02-ны өдөр №ЗГ/202146788395 дугаартай зээлийн гэрээ байгуулсан, тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр №БГҮ/202146788395 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/ байгуулж Х******* дүүрэг, *******, *******, ******* тоот хаягт байршилтай м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б дүүрэг, ,, , тоот хаягт байршилтай м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 159 986 202 төгрөгийг зээлийн гэрээний 2.1.4-д заасны дагуу жилийн 16.8 хувийн хүүтэй зээлдэж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 38 719 565 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 080 000 төгрөг буцаан төлж бусад өдрүүдэд зээлийн авто төлөлтөөр зээлийн үндсэн төлбөрийг 100% төлж зээлдэгчийн зээлийн данс 0.00 үлдэгдэлтэй болгож гэрээний үүргээ гэрээний үүргээ биелүүлж дуусгасан. Зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул барьцаа үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлж өгөх талаар хариуцагч талаас шаардсан, мөн очиж уулзаж байсан. Гэвч хариуцагч талаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ/20214688395-1 дугаартай зээлийн гэрэээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт №2-д заасан Зээлийн гэрээний  төлбөр төлөгдөөгүй тул зээлийн хүүгийн төлбөр болох 63 203 943 төгрөгийг төл гэдэг шаардлага тавьсан. Бидний зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэж авсан төлбөр 159 986 202 төгрөгөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 хоногийн дараа 120 000 000 төгрөгийг төлсөн, мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 38 719 565 төгрөг тус тус төлсөн зээлсэн төлбөр буцааж төлсөн баримтыг харвал тухайн зээлийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд 158 719 565 төгрөг буюу зээлийн үндсэн төлбөрийн 99.9 хувийн төлбөрийг буцааж төлсөн болох нь нотлогдож байх тул зээлдэгчийн зүгээс ашигласан хоногийн хүү төлөх үүрэгтэй тул үндсэн зээлийг ашиглаагүй хугацааны зээлийн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х******* дүүрэг, *******, , ******* тоот хаягт байршилтай м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б дүүрэг, ,, , тоот хаягт байршилтай м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Б******* нь Х*******тай байгуулсан 420 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл хүүг төлөөгүй, гэрээ дуусгавар болоогүй байгаа учраас энэ гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулсан гэдэг зүйлийг яриад байгаа юм. Энэ дээр ийм зүйл ерөөсөө байхгүй. Банк хувийн ашиг сонирхлоос илүү, хэрэглэгчийн ашиг сонирхлыг тэргүүнд тавих хуультай. Энэ нь банкны үйл ажиллагаа эрхлэх тухай хуулийн зарчмын хүрээнд хэрэгжих ёстой. Гэтэл банк давуу байдлаа ашиглаад барьцаанд тавьсан хөрөнгүүдийг чөлөөлөхгүй байгаа ийм асуудал байгаа юм. Хавтаст хэргийн 120 дугаар талд байгаа Х*******ны төмөр замын бизнесийн төвийн захирал Б.С 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №5122/30 дугаар албан бичгээр “...Г ХХК нь Х******* ХХК-тай байгуулсан ЗГ/201944367832/ тоот зээлийн гэрээ, БГҮ/201944367832 дугаар барьцааны гэрээг байгуулж, доорх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, барьцааны гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон” гэсэн байдаг. Тэгэхлээр сая хариуцагчийн төлөөлөгчийн яриад байгаа энэ 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн зээлийн гэрээ буюу 420 000 000 төгрөгийн зээлийн гэрээ дуусаагүй гэж ярих нь үндэслэлгүй. Банк өөрөө зээл төлөгдсөн юм уу үгүй юм уу гэдгийг шалгаад салбарын захирал нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болчихсон гээд үл хөдлөх эд хөрөнгийн газарт албан бичиг хүргүүлчихсэн. 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зээлийн гэрээ дуусгавар болсон тул Г ХХК-ийн өр гэж зүйл байхгүй, дуусгавар болчихсон. Өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоод, өмнөх зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгүүдийн чөлөөлчихсөн, өмнөх зээлийн гэрээний асуудал энд ямар хамаатай юм бэ. Өнөөдөр бидний ярьж байгаа зээлийн гэрээ энд ямар ч хамааралгүй. Банк өөрөө хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд зааснаар явагдаж байгаа зээлдэгч, зээлдүүлэгч хоорондын харилцааны асуудал. Гэтэл энэ дээр ямар ч хамааралгүй гуравдагч этгээдийн зээлийн гэрээний асуудлыг яриад байгаа нь байгаа нь үндэслэлгүй, ямар нэгэн байдлаар өр  зээлийн үлдэгдэл гэдэг асуудал нэхэмжлэгчид байхгүй. Тэгэхлээр үндсэн нэхэмжлэлд яриад байгаа хариуцагчийн тайлбар ямар ч үндэслэлгүй, Х*******наас гаргаж өгсөн өөрсдийнх нь албан бичигт өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл дуусгавар болчихсон гээд байхад ямар өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл яриад байгаа юм бэ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт байгаа. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2.1-т талууд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 8395 тоот зээлийн гэрээнд дараах нөхцөлийн оруулсан бөгөөд зээлийн төлбөрийг хойшлуулсан гэж байгаа. Тэгэхлээр банк зээлийн гэрээг юу гэж ойлгох юм бэ гэхээр зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д зээл, зээлийн хүү, нэмэгдсэн болон тооцогдсон хүү ойлгоно гэж байна. Тэгэхлээр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд банк энэ зээлийн гэрээний төлөх хугацааг хойшлуулсан. Зээлийн гэрээний төлбөрийг төлөх хугацааг хойшлуулахдаа үндсэн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дээр зааснаар төлөх байсан. Гэтэл үндсэн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дээр төлбөр төлөх хугацааг буюу тухайн зээлийн гэрээнд тусгагдсан 16,8 хувийн хүүг салгаж, нэмэлт өөрчлөлт болгож оруулаад үүнийгээ 2.4.1-т зааснаар төлнө шүү л гэсэн. Гэтэл үүнийг хавсралт 2-т дурдахаас өмнө Ж.Б******* төлчихсөн байсан. Зээлдэгч зээлийг хэзээ төлж болох вэ гэхээр хугацаанаас нь өмнө төлж болно гэж байгаа, тэгвэл хугацаанаас нь өмнө төлсөн зээлийн хүүг яаж бодох вэ гэхээр тухайн зээлийг төлөх хүртэл хугацаан дээр нь хүү тооцно. Илүү төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс нь хасаж тооцно гээд зээлийн үйл ажиллагаа зохицуулсан тусгайлсан хуульд байгаа. Тэгэхлээр ямар нэгэн байдлаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд өмнөх зээлийн хүү гэж юм байхгүй, талууд яагаад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм бэ гэхээр шалтгаан нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8395 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж байна гэдэг агуулгаар өөрчлөлт оруулсан. Тэгэхлээр энэ гэрээний хүү л гэж ойлгосон тул зээлийг төлсөн, ашиглаагүй хугацааны хүүг төлнө гэсэн ойлголт байхгүй тул үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

1.3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Б******* Х*******тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээг байгуулсан нь үнэн. 159 986 202 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 16,8  хувийн хүүтэй зээлж авсан. Гэхдээ зээлдэгч зээлийг буцаан төлөхдөө зээлийн үндсэн төлбөр болон ашигласан хугацааны хүүг л төлдөг. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр зээлдэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс төлөлт хийгдээгүй тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэж байгаа. Тэгэхлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь юу вэ гэхээр 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс төлөлт  хийгдээгүй учраас Ж.Б******* өнөөдөр зээлийн хүүгийн төлбөр болох 63 000 000 төгрөгийн хүүгийн төлбөрт уначихсан, нэмэгдүүлсэн хүү 13 294 төгрөг гэж байгаа. Гэтэл зээлдэгчийн хувьд  2022 оны 9 дүгээр сарын 27-ны  өдөр гэхэд  159 799 565 төгрөгийг төлчихсөн байсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 186 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, гэтэл 186 000 төгрөгт 63 000 000 төгрөгийн зээлийн хүүг яаж тооцоод байгаа нь ойлгомжгүй. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.1-т Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9-д зээлдэгч барьцаат зээлээ төлсөн, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчийн зээлийн дансыг хааж, зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлнө гэсэн байгаа. Тэгэхээр тухайн олгосон зээлийг санхүүгийн байдалд тусгана гэсэн байгаа тэгвэл өнөөдөр Х******* 63 000 000 төгрөгийг Ж.Б*******аас нэхэмжилж байгаа бол өнөөдөр хүү, ямар гэрээний үндсэн дээр нэхэмжилж байгаа хүү юм бэ гэдгийг санхүүгийн байдалдаа тусгаад тэр тайлангаа өгсөн байх ёстой. 2022  оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 63 000 000 төгрөгийн хүүг Ж.Б******* төлөх үндэслэлгүй, боломжгүй, Монгол банкнаас баталсан гаргасан зээлийн хүүг тооцоолох журмыг зөрчөөд байна. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8695 дугаартай зээлийн гэрээ дуусгавар болчихсон байхад 63 000 000 төгрөгийн хүү тооцох ямар ч боломжгүй. Х******* болон Ж.Б*******ы байгуулагдсан гэрээ нь жилийн 365 хоногоор төлөөлүүлэн тооцно гэж  тусгасан учраас ашигласан хоногоор хүү тооцно гэж ийм гэрээ байгуулсан. Тэгэхлээр гэрээ байгуулаад 2 хоногийн дараа 159 000 000 төгрөгөөс 120 000 000 төгрөгийг төлчихсөн байхад яагаад 63 000 000 төгрөгийн хүү төлөх ёстой юм бэ. Энэ үндэслэл шаардлага үнэхээр тодорхойгүй, тийм учраас манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлд дээр Г ХХК-ийн үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөөд хийчихсэн учраас талууд тохиролцож хийсэн гэдэг асуудал яригдаж байна. Зээлийн гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд үүснэ. Тэр зээлийн гэрээний дагуу хэн нэгэн гуравдагч этгээдийн үүргийг үүрэхгүй, хэрэв зээлийн гэрээний үлдэгдэл байгаа бол өнөөдрийг хүртэл Г ХХК-иас өмнөх зээлийн үлдэгдлээ аваагүй, шаардаагүй нь ойлгомжгүй байна. Тиймээс хуулийн этгээдийн асуудал тусдаа, иргэн Ж.Б*******ы асуудал тусдаа, хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гэдэг зохицуулалт Компанийн тухай хуульд байгаа. Мөн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд компани өөрөө бие даасан үйл ажиллагаа явуулдаг субъект гэж байгаа. Г ХХК-ийн  асуудал байгаа бол Г ХХК-тай зээлийн гэрээний асуудлаа тусдаа зохицуулна. Хэрэгт байгаа хүсэлтийг өгсөн талаар маргахгүй, гэхдээ энэ зээлийн гэрээтэй холбоогүй. Гэрээнд гарын үсгийг Г ХХК-ийн өмнөх зээлийн үлдэгдэл төлнө гэж зураагүй, харин 159 000 000 төгрөгний хүү гэж ойлгоод л гарын үсгээ зурсан, төлөгдсөн зээлд 63 000 000 төгрөгний хүү тооцоод байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой, зээлийн гэрээг бүрэн биелүүлсэн гэж байна. Эдгээр төлбөрүүдийн төлсөн эсэх талд дээр банк маргадаггүй. Энэ нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Тэгэхлээр Г ХХК болон Ж.Б*******, Ж.Н нар нь Х*******ны Г бизнес төвөөс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/201944367832 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр БҮГ/201944367832/1 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулан 420 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Энэ зээл олгосны дараагаар зээлдэгч нарын бизнес дампуурсан, цар тахал, банканд зээл тавьж авсан экскаватор шатаж гэмтэл учирсан байдаг. Энэ нөхцөл байдлын улмаас зээлдэгч нарын хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 25-ны  өдөр тус тус өөрчлөлт оруулж гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан байдаг. Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Б*******, Ж.Н нар нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Х******* ХХК-д хандаж "...2019.09 сард гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болж бидний зээлийн мөнгөөр худалдан авсан эд хөрөнгө болох УН улсын дугаартай Hyundai 520 маркийн экскаваторт гарч шатсан. Бидний үйл ажиллагаа улирлын шинжтэй бөгөөд харилцагчид болох уул уурхай, зам, барилгын компаниуд маань ковид-19 цар тахлаас үүдэн жигд ажиллахгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас зээлийн төлбөрөө төлөх боломжгүй барьцаанд байгаа техникүүдээ зарж төлбөрөө барагдуулах шаардлагатай болоод байгаа тул дараах хүсэлтийг гаргаж байна. Дээрх хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж биднийг хүүгийн төлбөрөөс 50 хувь чөлөөлж өгөөч цаашид хүүгийн төлбөрийг жилийн 10,5-хувиар тогтоож өгөх, зээлийн аливаа эргэн төлөлтийг эхэлж үндсэн зээлээс хасаж тооцуулах, Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Ж.Н, Ж.Б******* нарт үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг тэнцүү хуваан ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавилгүйгээр гэрээгээ шууд хийх хүсэлтэй байна. Энэ нь цагийн байдал хүнд байгаа энэ үед эрсдэлээ хуваан хувь хүн тус бүр дээр ногдуулбал хариуцлага өндөрсөж зээлийн эргэн төлөлт сайжирна гэж үзэж байна гэж хүсэлт гаргаад энэ хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож,  2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ж.Б******* Х*******анд хандаж "...Миний бие танай банкнаас 159 986 203 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй авах хүсэлтэй байна. Би төлөлт хийхдээ эхэлж үндсэн зээлээсээ төлөлт өмнөх хуримтлагдсан хүүгээ 8 сард тэнцүү хуваан төлөх, эхний 6 сард одоо авах зээлийн хүү төлөхгүй, дараагийн 6 сард тэнцүү хуваан төлөх хүсэлтэй байна гэсэн хүсэлтүүдийг гаргасан.  Банк корона вирус өвчний улмаас зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон, орлого буурсан, мөн банкнаас зээлж авсан мөнгөн хөрөнгөөр худалдан авсан экскаватор шатсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн иргэн, хуулийн этгээдийн хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн ангиллыг сайжруулан дэмжих, нөгөө талаар зээлдэгч нарт санхүүгийн дарамт үүсгэхгүй, эрсдэлээ хуваах хүсэлтийг хүлээн авч 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/201944367832 дугаар гэрээгээр олгосон 420 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, үндсэн зээлийн төлбөр 319 972 404 төгрөг, зээлийн хүү 124 685 408 төгрөгийг тус бүрд нь тэнцүү хувааж Ж.Б******* нартай зээлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл 2021  оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Х******* ХХК болон Ж.Б******* нарын хооронд ЗГ/202146788395 дугаар зээлийн гэрээ байгуулж 159 986 202 төгрөгийн зээлийг олгож, өмнөх зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 62 342 704 төгрөгийг 48 сарын хугацаанд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр гэрээний талууд хуулийн хүрээнд түүний агуулгыг өөрсдөө тодорхойлон харилцан тохиролцож уг гэрээ байгуулагдсан. Харин Ж.Б******* зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөө буюу харилцан тохиролцсон хүүгээ төлж барагдуулаагүй, Х******* ХК-ийн барьцааны эрх дуусгавар болоогүй тул барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

2.1.Нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: Зээлдэгч Ж.Б******* нь Х*******ны Төмөр зам бизнес төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ байгуулан 159 986 202 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд Х******* дүүрэг, *******, *******, , , 22 тоот хаягт байрлах, м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б дүүрэг, ,, , , тоот хаягт байрлах м.кв талбайтай нэг өрөө орон сууц, автомашин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй тул зээлийн хүү 63 642 742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 294 47 төгрөг, нийт 63 656 036 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

2.2.Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, үүрэг дуусгавар болоогүй, харин шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоод өмнөх зээлийн гэрээний хүүг төлөхөөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг байгуулан, зээл төлөх хуваарьтай танилцаад өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулаад, хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж авсан. Тиймээс банк Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар гэрээнд харилцан тохиролцсон хүүг шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүү гэдэг бол тухайн зээлийг авч ашигласны хариу байдлаар төлөгддөг хуулийн зохицуулалттай бөгөөд өмнөх зээлээс үлдэгдэл төлбөр, хүүг тооцоод өөрөө уг мөнгийг төлөхөөр манай банктай гэрээ байгуулсан. Энэ нь түүний банкинд гаргасан хүсэлтээр тогтоогдоно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан учраас хангаж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Ж.Б*******аас А.Э*******д олгосон итгэмжлэл, Х*******ны Төмөр замын бизнес төвд гаргасан хүсэлт, Х******* ХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам, Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлал /хавтаст хэргийн 3-15, 58-83-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БГҮ/202146788395 тоот Барьцааны гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БГҮ/202146788395/1 тоот Барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, Ц.Ат олгосон итгэмжлэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Барьцааны гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн дансны хуулгууд, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Барьцааны гэрээ, Ү-2205, Ү-2203 дугаартай Ж.Нгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-228, Ү-224 дугаартай Ж.Б*******ы үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Г ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлт, Ж.Б*******ы гараар бичсэн хүсэлтүүд, Х******* ХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт, нэмэлт хариу тайлбар /хавтаст хэргийн 19-21, 30-51, 86-120, 129-р хуудас/ гэсэн баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас Х******* дүүргийн *******, 52 байрны 22 тоот хаягт байршилтай 108,45 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б дүүргийн , ны тоот хаягт байршилтай 33,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж байсан эсэх, барьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл /хавтаст хэргийн 134-210-р хуудас/ гэсэн баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Х******* ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагчид даалгуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Б*******тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, зээлийн гэрээний нэмэлт гэрээгээр тохирсон хүүг төлөөгүй тул барьцааны үүрэг дуусгавар болоогүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч Ж.Б*******тай зээлийн гэрээний үүрэгт хүү болох 63 656 036 төгрөгийг төлөхөөр нэмэлт гэрээгээр харилцан тохиролцсон тул зээлийн гэрээний үүрэгт 63 642 742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 294 төгрөг, нийт 63 656 036 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч нь хариуцагч Х******* ХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, ашиглаагүй хугацааны хүүг төлөх үүрэггүй гэж няцаасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч Ж.Б******* нь хариуцагч Х******* ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр №ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ байгуулж, 159 986 202 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр №БГҮ/202146788395 тоот барьцааны гэрээ байгуулж уг гэрээгээр Х******* ХХК, Ж.Б******* нар нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийг хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалахаар, харилцан тохиролцож, Ж.Б*******ы өмчлөлийн Х******* дүүргийн *******, ******* /17012/ ******* тоот хаягт байшилтай 108,45 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б дүүргийн , /16030/ гудамж, ны тоот хаягт байршилтай 33,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, зээлийг эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6.2.Зохигч талууд 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр №ЗГ/202146788395-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/202146788395 зээлийн гэрээнд “...зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хуримтлагдсан хүүг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу нөхөн төлөхөөр, зээлийн гэрээний 2.4.1 дэх заалтыг “зээлийн төлбөрийн Хавсралт 2-оор тохиролцсон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу хуваарьт өдрийн 22 .00 цагаас өмнө төлнө” гэж өөрчлөлт оруулжээ.

6.3.Мөн талууд 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн №БГҮ/202146788395-1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БГҮ/202146788395 тоот Барьцааны гэрээнд “...1.1 дэх заалтыг “энэхүү гэрээгээр банк зээлдэгчийн хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ болон түүний нэмэлт гэрээ болох 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан ЗГ/202146788395-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, барьцааны зүйлийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулна” гэж, барьцааны гэрээний 1.2 дах заалтыг “Х******* ХХК болон зээлдэгч Жын Б******* нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн ЗГ/202146788935 тоот зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан ЗГ/202146788395-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болсон болно” гэж өөрчилсөн байна.

 

7.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэг болон барьцааны эрх дуусгавар болсон эсэх талаар байна, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаар маргаагүй.

 

8.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-д “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

8.1.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон буюу мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Х*******ны депозит дансны хуулгаар нотлогдох тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсон бөгөөд хариуцагч нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгч буюу нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласан.

8.2.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” бол барьцааны эрх дуусгавар болохоор заасан байх бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Х*******ны депозит дансны хуулгаар /2021 оны 11 дүгээр сарын 04-нд  орлого 159 986 202 төгрөг зээл олгов, зарлага 2021 оны 11 дүгээр сарын 04-нд 120 000 000 төгрөг зээл төлөв, 2021 оны 12 дугаар сарын 30-нд 38 719 565 төгрөг зээл төлөв, 2022 оны 9 дүгээр сарын 27-нд зарлага 1 080 173 төгрөг зээл төлөлт/ 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох 159 986 202 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

8.3.Хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох 159 986 202 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй боловч зээлийн гэрээ болон нэмэлт гэрээгээр харилцан тохиролцсон зээлийн хүү болох 63 656 036 төгрөгийг буцаан төлөөгүй байгаа тул барьцааны эрх дуусгавар болоогүй гэж маргасан.

 

9.Хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт “...олгосон зээлийн дүн 159 986 202 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 62 342 704 төгрөг” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хүү нь 159 986 202 төгрөгийг ашигласан хугацааны хүү гэж, хариуцагч нь дээрх хүү нь өмнөх зээлийн үлдэгдэл хүү бөгөөд нэхэмжлэгч нь нэмэлт гэрээгээр уг хүүг төлөхөөр харилцан тохиролцсон гэж мэтгэлцсэн.

9.1.Зохигч талууд 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр №ЗГ/202146788395-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/202146788395 зээлийн гэрээнд “...зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хуримтлагдсан хүүг буюу зээлийн хүүгийн төлбөр болох 63 376 877 төгрөгийг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу нөхөн төлөхөөр, зээлийн гэрээний 2.4.1 дэх заалтыг зээлийн төлбөрийн Хавсралт 2-оор тохиролцсон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

9.2.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, ашиглаагүй хугацааны хүүг төлөх үүрэггүй, дээрх 63 376 877 төгрөг нь ашиглаагүй хугацааны хүү бөгөөд Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг ил тод байдлын журам”-ын 2.2-д “хүүг өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно” гэснийг зөрчсөн гэсэн.

 

10.Гэвч зохигч талууд 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулахад нэхэмжлэгч нь хариуцагчид үндсэн зээл 159 986 202 төгрөгийг буцаан төлсөн байсан болох нь депозит дансны хуулга, талуудын тайлбар, гэрээний хавсралт 2-оор тогтоогдож байх бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг “...0,00” гэсэн байхад уг зээлийн хүүг төлөхөөр гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

10.1.Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1-д зааснаар зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлүүлэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлдэгчдийн хүсэлтийг үндэслэн уг гэрээг байгуулсан, нэхэмжлэгчийн тус банкинд гаргасан хүсэлтийг үндэслэн өмнөх зээлийн үлдэгдэл хүүг төлөхөөр харилцан тохиролцсон гэх тайлбар нь үндэслэлтэй байна.

10.2.Учир нь хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Х*******-д гаргасан Ж.Б*******ы хүсэлтэд “...2021 оны 11-р сарын 04-ний өдрийн 159 986 202 төгрөгийн зээл өөрийн нэр дээрээ аваад 120 000 000 төгрөгийн үндсэн зээлийн төлөлт хийж 39 986 000 төгрөгийн үндсэн зээл үлдээсэн болно. Одоогоор би үндсэн зээлээсээ 40 000 000 төгрөг төлөх хүсэлтэй байгаа бөгөөд дараах хүсэлтүүдийг тавьж байгаа болно. Үүнд: 1.өмнөх зээлээс хуримтлагдсан хүү 62 000 000 төгрөг байгаа бөгөөд үүнээс 15 000 000 төгрөг хөнгөлүүлэх, 2.УБ улсын дугаартай Хуандай 5000Ле7 экскавотарыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх, 3.УБ, , тоот 33,3 м.к байрны барьцааг чөлөөлүүлэх хүсэлтэй байна” гэсэн байх бөгөөд уг хүсэлтийг гаргасан талаараа нэхэмжлэгч маргаагүй.

 

11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнөх зээлийн үлдэгдэл хүү төлөх талаар харилцан тохиролцоогүй, хуулийн этгээд болон иргэний зээлийн асуудал тусдаа гэж маргасан боловч дараах нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.

11.1.Хэрэгт авагдсан баримтаар Х******* ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Г ХХК, Ж.Б*******, Ж.Н нартай №ЗГ/201944367832 тоот зээлийн гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/201944367832-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №202045887637 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд уг зээлийн гэрээний барьцаанд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №БГҮ/201944367832/1 тоот барьцааны гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №БГХ/201944367832 тоот барьцааны гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №ФД/201944367832 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээ тус тус байгуулж, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь Г ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна.

11.2.Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн зээлийн бүртгэлийн картанд “...Г ХХК олгосон зээл 420 000 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 319 972 404 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 124 853 723 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 157 487 төгрөг, нийт үлдэгдэл 444 983 614 төгрөг, үүнээс зээлийн үлдэгдэл-159 986 202 төгрөг, хүүний үлдэгдэл 62 426 861 төгрөг” гэжээ.  

11.3.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №21/015 дугаартай Г ХХК-ийн Х*******-д гаргасан хүсэлтэд “...4.Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Ж.Н, Ж.Б******* нарт үндсэн зээл болон хүүний төлбөрийг тэнцүү хуваан ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавилгүйгээр гэрээгээ шууд хийх хүсэлтэй байна. Энэ нь цагийн байдал хүнд байгаа энэ үед эрсдлээ хуваан хувь хүн тус бүр дээр ногдуулбал хариуцлага өндөрсөж зээлийн эргэн төлөлт сайжирна гэж үзэж байна” гэсэн байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Х*******-нд гаргасан Ж.Б*******ы хүсэлтэд “...танай банкнаас 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй нийт 159 986 203 төгрөгийн зээл авах хүсэлтэй байна. Зээлийн барьцаанд Ү-224, Ү-228 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон УБ, УН улсын дугаартай экскаваторууд барьцаалах хүсэлтэй байна. Би төлөлт хийхдээ үндсэн зээлээсээ эхэлж төлөлт хийх хүсэлтэй байна. Өмнөх хуримтлагдсан хүүгээ 8 сард тэнцүү хувааж төлөх, эхний 6 сард одоо авах зээлийн хүү төлөхгүй дараагийн 6 сард тэнцүү хувааж төлөх хүсэлтэй байна” гэсэн байна.

11.4.Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийн өмнөх зээлийн хүүний үлдэгдэл 62 426 861 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, гэрээгээр харилцан тохиролцсон гэсэн тайлбар нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь уг өмнөх хүүг төлөх талаар тохиролцоогүй гэсэн нь түүний Х*******инд гаргаж байсан хүсэлтүүдээр няцаагдаж байна гэж үзэв.  

11.5.Мөн зохигч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний 1.2-д “Х******* ХХК болон зээлдэгч Жын Б******* нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болсон болно”, 1.5-д “энэ гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно” гэж заасан, 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 1.2-д “Х******* ХХК болон зээлдэгч Жын Б******* нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн ЗГ/202146788935 тоот зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан ЗГ/202146788395-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болсон болно” гэж харилцан тохиролцсон байх тул зээлийн нэмэлт гэрээнд заасан зээлийн хүүгийн төлбөр болох 63 203 943 төгрөг төлөгдөөгүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна гэж дүгнэв.

11.6.Нэхэмжлэгч нь өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн болох нь Х*******ны 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №5122/30 дугаар “Барьцааны эрх дуусгавар болгож, барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” албан бичгээр нотлогдоно, уг албан бичигт “...Г ХХК Х******* ХХК-тай 2019 оны 4 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, уг зээлийн гэрээний үүрэг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон тул барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү” гэсэн боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/3519 дугаар албан бичгээр барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус бүртгэгдсэн байна гэжээ.

11.7.Иймд нэхэмжлэгч Ж.Б******* нь хариуцагчтай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний үүрэг буюу зээлийн хүү болох 63 203 943 төгрөгийг төлөөгүй байх тул барьцааны эрх дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.Хариуцагч Х******* ХК нь нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт зээлийн хүү болох  63 642 742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 294 төгрөг, нийт 63 656 036 төгрөг гаргуулах, мөн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний зүйл болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

12.1.Нэхэмжлэгч Ж.Б******* нь зээлийн гэрээний зүйл болох 159 986 202 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 04-нд 120 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-нд 38 719 565 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27нд 1 080 000 төгрөгийг буцаан төлж, үүрэг дуусгавар болсон, зээлийн үлдэгдэл 00 төгрөг байхад ашиглаагүй хугацааны хүү төлөх үүрэг гэрээгээр хүлээгээгүй гэсэн боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талууд 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан уг гэрээ нь хүчин төгөлдөр байх тул хариуцагч нь мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хүүг шаардах эрхтэй байна гэж үзэв.

12.2.Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Х*******-д гаргасан хүсэлтдээ өмнөх зээлнээс хуримтлагдсан хүүг төлөх талаар хүлээн зөвшөөрсөн, мөн хариуцагчтай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд хүүгийн үлдэгдэл 63 203 943 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна гэж үзэж, нэхэмжлэгчээс хүү 63 203 943 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х******* ХК-нд олгохоор шийдвэрлэв.  

12.3.Учир нь уг хүү нь өмнөх зээлийн үлдэгдэл хүү болох талаар хариуцагч маргаагүй тул уг хүүгээс хүү тооцоод байгаа нь үндэслэлгүй гэж үзэж, харилцан тохиролцсон үлдэгдэл хүү болох 63 203 943 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 452 093 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

13.Хариуцагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Б******* нь хариуцагч Х******* ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн №БГҮ/202146788395-1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, нэхэмжлэгч Ж.Б*******ы өмчлөлийн Б дүүргийн , /16030/ ны тоот орон сууц 33,3 м.кв талбайтай Ү-228 дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууц, Х******* дүүргийн *******, ******* /17012/ ******* тоот 108,45 м.кв талбайтай Ү-224 дугаарт бүртгэлтэй гурван өрөөг барьцаалж, 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан ЗГ/202146788395-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болсон гэж харилцан тохиролцжээ.

13.1.Нэхэмжлэгч нь барьцааны гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан талаараа маргаагүй, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул хариуцагчийн сөрөг шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

13.2.Хариуцагч нь Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь үүргээ гүйцэтгэхгүй бол албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээний 4.1.2, 5.1, барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2.2-д энэ талаар харилцан тохиролцсон байна.

 

            Иймд нэхэмжлэгч Ж.Б*******ыг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны гэрээний үйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна гэж үзэв.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957 900 төгрөг, хариуцагч Х******* ХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /476 230+70200/ 546 430 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б*******аас 473 969 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х******* ХК-д олгох нь зүйтэй байна гэж үзэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б*******ы хариуцагч Х******* ХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б*******аас зээлийн гэрээний үүрэгт 63 203 943 төгрөгийг гаргуулж,  хариуцагч Х******* ХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 452 093 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол түүний өмчлөлийн Ү-224 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Х******* дүүрэг, *******, , ******* тоот хаягт байршилтай м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2208 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг, ,, , тоот хаягт байршилтай м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957 900 төгрөг, хариуцагч Х******* ХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 430 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б*******аас 473 969 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлизйн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

   

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН