Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 65

 

 

 

Ховд аймгийн БОАЖГ-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00483 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн БОАЖГ-ын нэхэмжлэлтэй, З.Л холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч  болон хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, хариуцагч З.Л, хариуцагчийн өмгөөлөгч С.Боловсон /онлайн/ нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 19,335,520 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймгийн БОАЖГ-н нэрийн өмнөөс тус байгууллагын дарга Л.Б миний бие З.Л албан тушаалаа ашиглан албаныхаа эрх ашгийн эсрэг ажиллаж гэмт үйлдэл үйлдэж улсад 19,335,520 төгрөгийн хохирол учруулсан дээрх мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна. Улсыг хохироосон уг асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан боловч улс нийгмийг хохироосон уг үйлдэл нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх боломжтой талаар Ерөнхий прокурорын болон Ховд аймгийн прокурорын тогтоолууд гарсан.

Төрийн албан хаагчийн 60 нас хүрээд тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн мөнгийг 2013 онд 57 настайдаа өвчний улмаас нас барсан хүнд санаатайгаар хөөцөлдөж 2014 онд нөхөн олгожээ. Үүнийг Сангийн яамнаас олгох боломжгүй гэсээр байтал ямар арга замаар хэрхэн төсөвт суулгаж олгосон нь санаатайгаар улс нийгмийг хохироосон гэмт үйлдэл залилан гэж үзэж байна. Иймээс хариуцагч З.Л нэхэмжилж буй 19,335,520 төгрөгийг төлүүлж байгууллага, улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймгийн БОАЖГ даргын ажлыг авсан Л.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасанчлан ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй боловч гүтгэж нэхэмжлэл гаргах эрхгүй.

Нэгдүгээрт: Л.Б-ын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаартай нэхэмжлэлийн 1 дүгээр хуудасны дээрээс 17-19 дүгээр мөрөнд З.Л албан тушаалаа ашиглан албаныхаа эрх ашгийн эсрэг ажиллаж гэмт үйлдэл үйлдэж улсад 19,335,520 төгрөгийн хохирол учруулсан дээрх мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна... гэсэн нь гүтгэлэг байна.

1.1.Ховд аймгийн БОАЖГ-ын даргын ажлыг хашиж байсан З.Л миний бие Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдээгүйг нотлох хэргийн үндсэн эх сурвалж болох 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг БОАЖГ-ын архиваас Ховд аймгийн БОАЖГ дарга Л.Б нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаттай үгсэн хуйвалдаж сугалж авчихаад тухайн тушаалд байхгүй зүйл заалтаар гүтгэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно хэмээн заасныг зөрчиж байна.

1.2.Ховд аймгийн БОАЖГ-ын даргаар ажиллаж байсан З.Л миний бие 2014 оны 12 дугаар сарын 26-нд хамт олны хурал хийсэн тэмдэглэлд тулгуурлаж тухайн өдөр Б/46 тоот тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь зүйл заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.3 дахь зүйл заалт, Ховд аймгийн Аудитын газрын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 44 тоот албан бичигт үндэслэн тушаал гаргаж Ц.Гантулгын ар гэрт нь 19,335,520 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Мөнхбат, БОАЖГ дарга Л.Б нар миний гаргасан тушаалд байхгүй Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь зүйл заалтаар гүтгэж байгаа нь тушаалыг сугалж авсныг илчилдэг бөгөөд тухайн зүйл заалт бүхий тушаал БОАЖГ-ын архивд байхгүй нь гүтгэлэг хийж байгаагийн нотолгоо болдог.

Хоёрдугаарт:Л.Б-ын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 253 дугаартай нэхэмжлэлийн 1 дүгээр хуудасны дээрээс 21-22 дугаар мөрөнд ...Ерөнхий прокурорын болон Ховд аймгийн Прокурорын тогтоолууд гарсан... гэсэн нь хэргийн эх сурвалж болох тушаал хулгайлагдсанаар нотлох баримт байхгүй байхад прокурорын тогтоолууд гарч байгаа нь хуулинд нийцэхгүй байгаа бөгөөд гүтгэлэг хийж байгаа этгээдийг дэврүүлсэн хууль бус үйл ажиллагаа болж байна.

2.1.БОАЖГ-ын даргын албыг хашиж байсан З.Л-н гаргасан Б/46 дугаартай тушаалын эх хувь, нотариатаар батлуулсан хувь эсвэл дээрх эрх бүхий этгээдүүдийн гүтгэж байгаа Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь зүйл заалт бүхий тушаал байхгүйгээр Ховд аймгийн Прокурорын тогтоолууд, Ерөнхий прокурорын тогтоол гарсан нь Прокурорын Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр нь хууль ёсны, үндэслэлтэй байна гэсэн зүйл заалт зөрчигдөж байгаа учир нотлох баримт болох 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 тоот Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалт бүхий тушаал эсвэл Б.Мөнхбат, Л.Батбаяр нарын мэдэгдэж байгаа Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалт бүхий тушаал, нотлох баримтыг гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжийг хангана уу.

Гуравдугаарт: Л.Б-ын 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 253 дугаартай нэхэмжлэлийн 1 дүгээр хуудасны дээрээс 24-26 дугаар мөрөнд Төрийн албан хаагчийн 60 нас хүрээд тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн мөнгийг 2013 онд 57 настайдаа өвчний улмаас нас барсан хүнд санаатайгаар хөөцөлдөж 2014 онд нөхөн олгожээ... хэмээн гүтгэж байгаа нь БОАЖГ-ын архиваас Б/46 дугаартай тушаалыг хэн авсныг илчилж байна.

3.1.Ховд аймгийн БОАЖГ-ын даргын ажлыг хүлээн авсан Л.Б-ын гүтгэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн учир нь Ховд аймгийн БОАЖГ-ын даргаар ажиллаж байсан З.Л миний бие 2013 оны 9 дүгээр сарын 15-нд нас барсан Ц.Гантулгад 2014 оны 12 дугаар сарын 26-нд хамт олны хурал хийгээд түүний тэмдэглэлд тулгуурлан 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.3-ыг мөн Ховд аймгийн Аудитын газрын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 44 тоотыг үндэслэн Ц.Гантулгын ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгосныг гэрчлэх Тушаал-ыг сугалж аваад оронд нь 2014 оны 12 дугаар сарын 24-нд гаргасан А/25 дугаартай Хөнгөлөлт үзүүлэх тухай тушаалын дугаарыг Б/46 болгож өөрчлөн хавчуулаад 19,335,520 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна хэмээн заасныг зөрчсөн байна.

3.2.З.Л би гэмт хэрэг хийгээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэмээн Л.Б-ын 19,335,520 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасньг хүлээн зөвшөөрөөгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2-д Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно гэж заасан.

БОАЖГ-ын даргаар ажиллаж байхдаа З.Л миний Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Ц.Гантулгад гаргасан 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаттай үгсэн хуйвалдаж сугалан авч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан З.Л намайг гүтгэж хулгайгаа нуух гэж нэхэмжлэл гарган илчилж байгаа нь тангараг өргөсөн төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хучин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасанчлан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар 2017 оны 5 дугаар сарын 30-нд 4/1403 дугаартай нэхэмжлэл гаргаж 6 сарын туршид шүүхээр явуулж З.Лхамхүү намайг олон талаар хохироосон гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00483 дугаар шийдвэрээр:” 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ховд аймгийн БОАЖГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч З.Л холбогдох 19,335,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн БОАЖГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоодог. Ийм байхад анхан шатны шүүх төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалыг эрхэлж байсан З.Л эрх зүйн байдалд тохирох Төрийн албаны тухай хуулийн заалтыг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэснийг хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Төрийн албан тухай хуулиар төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг зохицуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь прокурорын шийдвэрээр тогтоогдсон З.Л Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Л давж заалдах гомдлын агуулга: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Л.Б-ын 2018 оны 7 дугаар сарын 24-нд 253 дугаараар “гүтгэж” нэхэмжлэл 2 дахь удаагаа гаргасанд хариуцагчаар З.Л-г 2 дахь удаагаа татаж 2018 оны 7 дугаар сарын 31-нд 153/ШЗ2018/01804 дугаараар хэрэг нээсэн нь хууль бус болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 65 дугаар зүйл. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах. 65.1.6. нэхэмжлэлд дурдсан  үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасныг зөрчсөн.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 153/ШШ2019/00483 дугаартай шийдвэрт шүүх хуралдаанд иргэн З.Л өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хэрэгжүүлэхгүйгээр хурлаас гаргасан нь Үндсэн хуулийн арван дөрөв дүгээр зүйл 1.Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгчгүй, хариуцагчгүй хурлыг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Ховд аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Ц.Гантулгад Нийгмийн даатгалын тухай Монгол улсын хуулиар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай “ Тэтгэмж олгох тухай” 19,335,520 төгрөг олгогдсон байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг үндэслэж шийдвэр гаргасан нь хууль бус учраас Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00483 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ховд аймгийн БОАЖГ нь хариуцагч З.Л-д холбогдуулан 19,335,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч З.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “ ...Ц.Гантулгын ар гэрт тусламж олгох асуудлыг хамт олны хурал хийж байгаад шийдвэрлэсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.3 дахь зүйлд заасныг үндэслэн тушаал гаргаж 19,335,520 төгрөгийг эхнэр С.Дашдарийн данс руу шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч нарын хэлээд байгаа шиг Төрийн албан тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг үндэслэн тушаал гаргаж, төрийн албан хаагчийн 60 нас хүрээд тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж олгоогүй” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх Ховд аймгийн БОАЖГ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Учир нь.

            Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч З.Л нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн БОАЖ газрын даргаар ажиллаж байхдаа тус байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байгаад 57 настайдаа нас барсан Ц.Гантулгын ар гэрт буюу эхнэр С.Дашдарийн Хаан банк дахь 5845257085 дугаарын данс руу 19,335,520 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримттай талууд маргаагүй байна.

            Харин дээрх гүйлгээг төрийн сангаар дамжуулан хийхдээ хариуцагч З.Л нь тушаал гаргасан эсэх, тушаал гаргахдаа Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг үндэслэн тушаал гаргасан, эсхүл Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.3 дахь заалтуудыг үндэслэн тушаал гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.

            Нэхэмжлэгч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөгч Л.Б нь “З.Л нь 57 насандаа нас барсан хүний ар гэрт 60 нас хүрч тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийг олгохдоо тушаал гаргаагүй” гэж тайлбарласан бол,

            Хариуцагч З.Л нь  2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаал гаргасан. Уг тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.3 дахь заалтуудыг  үндэслэн тушаал гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч уг тушаалыг намайг унагаах зорилгоор авчихаад тушаал гаргаагүй гэж Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь зүйл заалтаар гүтгэж байна” гэж тайлбарлажээ.

            Шүүх хариуцагч З.Лхамхүүгийн хүсэлтээр Ховд аймгийн БОАЖ газрын 2013-2014 оны санхүүгийн баримт, тушаалуудад үзлэг хийхэд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаал байхгүй байсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/46 дугаартай тус байгууллагын гэр хороололд амьдардаг ахмадуудад түлээ нүүрсний хөнгөлөлт олгох тухай тушаал байсан байна . Үүнийг хариуцагч З.Л нь “2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай Ц.Гантулгын ар гэрт тусламж олгох тушаалыг 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/46 дугаартай тус байгууллагын гэр хороололд амьдардаг ахмадуудад түлээ нүүрсний хөнгөлөлт олгох тухай тушаал болгож өөрчилсөн” байна гэж тайлбарлажээ.

            Шүүх хариуцагч З.Л хүсэлтээр тухайн үед төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ө.Саранчимэгийг гэрчээр асуухад “...тухайн мөнгийг гаргахдаа тухайн байгууллагаас гаргасан тушаал, төлбөрийн хүсэлт хоёрыг үндэслэн гаргадаг. Бид байгууллагаас ирсэн баримтын хүрээнд ирсэн мөнгийг гаргадаг. Тэрнээс өөр мөнгө гаргах эрх бидэнд байхгүй” гэж мэдүүлсэн  бол, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд нь “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын А, Б тушаалууд нь манай байгууллагад байхгүй” тул гаргаж өгөх боломжгүй тухай албан тоот ирүүлсэн байна.

            Өөрөөр хэлбэл талуудын маргааны зүйл болсон тушаал хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

            Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”.

            Гэтэл хариуцагч З.Л “2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа тус байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байгаад 57 настайдаа нас барсан Ц.Гантулгын ар гэрт буюу эхнэр С.Дашдарийн Хаан банк дахь 5845257085 дугаарын данс руу 19,335,520 төгрөг шилжүүлсэн” үйлдлийг хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

            Хэрэгт авагдсан “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоолыг хариуцагч З.Л гэм бурууг тогтоосон баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” хэмээн хуульчилсан байна.

Харин хариуцагчийн давж заалдах гомдлоос “анхан шатны шүүх нэхэмжлэгч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг баримталсан нь хууль бус байна” гэх хэсэг нь үндэслэлтэй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч З.Л-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,628 төгрөгийг шүүгчийн захирамжаар З.Л-д буцаан олголоо.

 Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00483 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч З.Л-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,628 төгрөгийг шүүгчийн захирамжаар З.Л-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

  

                  ШҮҮГЧИД                                              Б.ДАМБА

                                                                     

                                                                                            М.НЯМБАЯР