Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00483

 

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2019/00483

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч Ховд аймгийн Б-н газрын нэхэмжлэлтэй, хариуцагч З.Л-д холбогдох 19,335,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, иргэдийн төлөөлөгч А.Жавзандулам, хариуцагч З.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Б газрын дарга Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэрийн өмнөөс тус байгуулпагын дарга Лхамсүрэн овогтой Батбаяр миний бие З.Л-гээс албан тушаалаа ашиглан албаныхаа эрх ашгийн эсрэг ажиллаж гэмт үйлдэл үйлдэж улсад 19,335,520 төгрөгийн хохирол учруулсан дээрх мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна. Улсыг хохироосон уг асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан боловч улс нийгмийг хохироосон уг үйлдэл нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх боломжтой талаар Ерөнхий прокурорын болон Ховд аймгийн прокурорын тогтоолууд гарсан.

Төрийн албан хаагчийн 60 нас хүрээд тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн мөнгийг 2013 онд 57 настайдаа өвчний улмаас нас барсан хүнд санаатайгаар хөөцөлдөж 2014 онд нөхөн олгожээ. Үүнийг Сангийн яамнаас олгох боломжгүй гэсээр байтал ямар арга замаар хэрхэн төсөвт суулгаж олгосон нь санаатайгаар улс нийгмийг хохироосон гэмт үйлдэл залилан гэж үзэж байна.

Иймээс хариуцагч З.Л-гээс нэхэмжилж буй 19,335,520 төгрөгийг төлүүлж байгууллага, улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажлыг авсан Лхамсүрэн овогтой Батбаяр нь Иргэний хэрэгийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасанчлан ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолоо зөрчигдсөн гэж үзэж аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй боловч гүтгэж нэхэмжлэл гаргах эрхгүй.

Нэгдүгээрт: Лхамсүрэнгийн Батбаярын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаартай нэхэмжлэлийн 1 дүгээр хуудасны дээрээс 17-19 дүгээр мөрөнд З.Лгээс албан тушаалаа ашиглан албаныхаа эрх ашгийн эсрэг ажиллаж гэмт үйлдэл үйлдэж улсад 19,335,520 төгрөгийн хохирол учруулсан дээрх мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна... гэсэн нь гүтгэлэг байна.

1.1.Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажлыг хашиж байсан З.Л миний бие Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдээгүйг нотлох хэргийн үндсэн эх сурвалж болох 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг Байгаль орчин аялал жуулчлалын газрын архиваас Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаттай үгсэн хуйвалдаж сугалж авчихаад тухайн тушаалд байхгүй зүйл заалтаар гүтгэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно хэмээн заасныг зөрчиж байна.

1.2.Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан З.Л миний бие 2014 оны 12 дугаар сарын 26-нд хамт олны хурал хийсэн тэмдэглэлд тулгуурлаж тухайн өдөр Б/46 тоот тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь зүйл заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.3 дахь зүйл заалт, Ховд аймгийн Аудитын газрын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 44 тоот албан бичигт үндэслэн тушаал гаргаж Ц.Гантулгын ар гэрт нь 19,335,520 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Мөнхбат, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр нар миний гаргасан тушаалд байхгүй Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь зүйл заалтаар гүтгэж байгаа нь тушаалыг сугалж авсныг илчилдэг бөгөөд тухайн зүйл заалт бүхий тушаал Байгаль орчин аялал жуулчлалын газрын архивт байхгүй нь гүтгэлэг хийж байгаагийн нотолгоо болдог.

Хоёрдугаарт:Лхамсүрэнгийн Батбаярын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 253 дугаартай нэхэмжлэлийн 1 дүгээр хуудасны дээрээс 21-22 дугаар мөрөнд ...Ерөнхий прокурорын болон Ховд аймгийн Прокурорын тогтоолууд гарсан... гэсэн нь хэргийн эх сурвалж болох тушаал хулгайлагдсанаар нотлох баримт байхгүй байхад прокурорын тогтоолууд гарч байгаа нь хуулинд нийцэхгүй байгаа бөгөөд гүтгэлэг хийж байгаа этгээдийг дэврүүлсэн хууль бус үйл ажиллагаа болж байна.

2.1.Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албыг хашиж байсан З.Лгийн гаргасан Б/46 дугаартай тушаалын эх хувь, нотариатаар батлуулсан хувь эсвэл дээрх эрх бүхий этгээдүүдийн гүтгэж байгаа Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь зүйл заалт бүхий тушаал байхгүйгээр Ховд аймгийн Прокурорын тогтоолууд, Ерөнхий прокурорын тогтоол гарсан нь Прокурорын Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр нь хуулъ ёсны, үндэслэлтэй байна гэсэн зүйл заалт зөрчигдөж байгаа учир нотлох баримт болох 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 тоот Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалт бүхий тушаал эсвэл Б.Мөнхбат, Л.Батбаяр нарын мэдэгдэж байгаа Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалт бүхий тушаал, нотлох баримтыг гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжийг хангана уу.

Гуравдугаарт: Лхамсүрэнгийн Батбаярын 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 253 дугаартай нэхэмжлэлийн 1 дүгээр хуудасны дээрээс 24-26 дугаар мөрөнд Төрийн албан хаагчийн 60 нас хүрээд тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн мөнгийг 2013 онд 57 настайдаа өвчний улмаас нас барсан хүнд санаатайгаар хөөцөлдөж 2014 онд нөхөн олгожээ... хэмээн гүтгэж байгаа нь Байгаль орчин аялал жуулчлалын газрын архиваас Б/46 дугаартай тушаалыг хэн авсныг илчилж байна.

3.1.Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажлыг хүлээн авсан Лхамсүрэнгийн Батбаярын гүтгэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн учир нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан З.Л миний бие 2013 оны 9 дүгээр сарын 15-нд нас барсан Ц.Гантулгад 2014 оны 12 дугаар сарын 26-нд хамт олны хурал хийгээд түүний тэмдэглэлд тулгуурлан 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.3-ыг мөн Ховд аймгийн Аудитын газрын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 44 тоотыг үндэслэн Ц.Гантулгын ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгосныг гэрчлэх Тушаал-ыг сугалж аваад оронд нь 2014 оны 12 дугаар сарын 24-нд гаргасан А/25 дугаартай Хөнгөлөлт үзүүлэх тухай тушаалын дугаарыг Б/46 болгож өөрчлөн хавчуулаад 19,335,520 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан ншйдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна хэмээн заасныг зөрчсөн байна.

3.2.З.Л би гэмт хэрэг хийгээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэмээн Лхамсүрэнгийн Батбаярын 19,335,520 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасньг хүлээн зөвшөөрөөгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2-д Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно гэж заасан.

Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа З.Л миний Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Ц.Гантулгад гаргасан 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаттай үгсэн хуйвалдаж сугалан авч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан З.Л намайг гүтгэж хулгайгаа нуух гэж нэхэмжлэл гарган илчилж байгаа нь тангараг өргөсөн төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хучин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасанчлан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар 2017 оны 5 дугаар сарын 30-нд 4/1403 дугаартай нэхэмжлэл гаргаж Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 153/Ш32017/01148 дугаартай захирамж Иргэний хэрэг үүсгэх тухай гарсан.

Улмаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШТ2017/00044 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарч нэхэмжлэгч Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбатын гомдлоор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 20-нд хуралдаж 26 дугаараар Шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 171.1.1, 171.2-т тус тус заасныг удирдлага болгон Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 153ШТ2017/00044 тоот тогтоолын Тогтоох хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисон байна гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:Ц.Гантулгын ар гэрт 19,335,520 төгрөг олгогдсон, тухай иргэн тэтгэврийн эрх үүсээгүй байсан, тэтгэвэр тогтоолгох нас хүрээгүй иргэн нас барсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгоод авах нэг удаагийн мөнгөн тусламжийг ажилласан жилд нь тооцож олгох хуулийн заалт байхгүй. Иймд гэм буруутайд тооцож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Б газар нь хариуцагч З.Лд холбогдуулан 19,335,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Б газрын дарга Л.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ...Сангийн яамнаас олгох боломжгүй гэсээр байтал Төрийн албан хаагчийн 60 нас хүрээд тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн мөнгийг 2013 онд 57 настайдаа өвчний улмаас нас барсан хүнд санаатайгаар олгосон нь улс нийгмийг хохироосон гэмт үйлдэл учир хариуцагч З.Лгээс 19,335,520 төгрөгийг гаргуулах ёстой гэж, хариуцагч З.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийн талаар шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан З.Л миний бие 2014 оны 12 дугаар сарын 26-нд хамт олны хурал хийсэн тэмдэглэлд тулгуурлаж тухайн өдөр Б/46 тоот тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь зүйл заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.3 дахь зүйл заалт, Ховд аймгийн Аудитын газрын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 44 тоот албан бичигт үндэслэн тушаал гаргаж Ц.Гантулгын ар гэрт нь 19,335,520 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Мөнхбат, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр нар миний гаргасан тушаалд байхгүй Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь зүйл заалтаар гүтгэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Хариуцагч З.Л нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байхдаа тус байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байгаад нас барсан Ц.Гантулгын ар гэрт 19,335,520 төгрөгийн тусламж олгосон болох нь хэрэгт авагдсан Төлбөрийн хүсэлт №21-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-103/, хяналтын хуудас №21-ийн хуулбар /хх-7/, С.Дашдарийн Хаан банк дахь дансны хуулга /хх-86/, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /3-р хав. Хх-6-50/, шүүхэд ирүүлсэн зохигч нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Ингэхдээ Ховд аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан З.Л нь 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн албан бичигтээ /1-р.хх-163/, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 115 дугаартай /2-р.хх-15/ Аймгийн Аудитын газарт хүргүүлсэн албан бичигтээ тус байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байгаад хүндээр өвчилж нас барсан Ц.Гантулгад төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад үзүүлдэг мөнгөн тэтгэмжийг олгох эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг асууж, зөвлөмж ирүүлэхийг хүсэж байсан байх бөгөөд Монгол улсын Сангийн яамны 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 5/2068 дугаартай албан бичгээр /хх-4/ ...тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээс буюу албан ёсоор тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барсан тул төрийн албан хаагчид олгогддог 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нөхөн олгох хууль зүйн үндэслэл, боломжгүй байна гэсэн хариуг ирүүлжээ. Мөн Ховд аймгийн Аудитын газрын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дугаартай албан бичгээр /3-р хав. хх-18/ ...Ц.Гантулга нь улсад 33 жил, үүнээс төрд 31 жил ажиллаж байгаад хүндээр өвчилсөн тул төрийн албанд ажилласны мөнгөн тэтгэмжийг суутгах хүсэлт уламжилснаар 2014 оны төсөвт 21206.7 мянган төгрөг батлагджээ. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27.1.1 дэхь заалт, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг тооцон ажилласан хугацаанд нь ногдох мөнгөн тэтгэмжийг 19335,52 мянган төгрөгөөр олгох боломжтой болно гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Ховд аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Цэрэндашийн Гантулга нь 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан, Цэрэндашийн Гантулга, Санжмятавын Дашдарь нар нь эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /3-р хав. Хх-6-50/-ээр тус тус нотлогдож байна.

Ховд аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/269 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-14-16/-оор Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан З.Л нь албан тушаалын эрх мэдэл болон албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй ажил үүргийг гүйцэтгэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Энэхүү прокурорын тогтоолд Аймгийн прокурорт гомдол гаргасныг хянан үзээд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газрын 5/10 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-11-13/ гарсан байна.

Хариуцагч З.Л нь Ховд аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба бүрэн эрхийнхээ хэмжээнд төсөвт суугдсан тусламжийг нас барсан ажилтны ар гэрт олгохоор тушаал гаргасан байна. Ийнхүү түүний гаргасан тушаалтай холбоотой прокурорын тогтоол гарсан нь хариуцагчийг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр байгууллага, төрд гэм хор учруулсан гэж үзэх шууд үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай байдаг.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй юм. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой байна. Бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасан байна.

Хариуцагч З.Л нь Ховд аймгийн Байгаль орчны газрын даргаар хэзээ, ямар шийдвэрээр томилогдсон, тэрээр хөдөлмөрийн эсхүл контрактын гэрээгээр ажиллаж байсан эсэх, ямар цалин хөлстэй байсан эсэх, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэх талаарх баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Батбаяр нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч З.Л нь тус шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдааны явцад ...даргалагч шүүгч Б.Маринагаас татгалзаж байна, хэргийг шүүгч Б.Маринагаар шийдүүлэхгүй... гэж хэлээд шүүх хуралдаанд тайлбар гаргахаас татгалзсан. Даргалагч шүүгчээс ...таны татгалзалыг хянан шийдвэрлээд татгалзалыг хүлээн авахаас татгалзсан шүүхийн тогтоол гарсан гэдгийг тайлбарласан боловч тэрээр шүүхийг үл хүндэтгэсэн тул түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Б газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ховд аймгийн Б газрын нэхэмжлэлтэй, хариуцагч З.Лд холбогдох 19,335,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Б газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА