Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00660

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00660

 

Ж.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03558 дугаар шийдвэртэй, Ж.М-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ф И К ХХК-д холбогдох,

Ф И К ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлс 1 398 626 төгрөг, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 130 215 төгрөг, нэмэгдэл хөлс 7 434 120 төгрөг, Тоёота кроун авто машины үнэ 28 000 000 төгрөг, нийт 45 962 961 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 сарын 01-ний өдрийн Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж 6 689 640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жамц, хариуцагчийн төлөөлөгч Т.Анхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Даваабилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Ж.М-тэй Т.А  ирж уулзан Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Амгаланд 35 айлын 7 давхар барилга барихаар төлөвлөөд сууриа тавьсан тул борлуулалт болон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, тус компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хийгээд компанийн үйл ажиллагааг жигдрүүлээд, борлуулалт хариуцахыг санал болгож байр, авто машин, орон сууцны борлуулалт тус бүрийн үнийн дүнгээс 5 хувийг өгөхөөр амласан. Хариуцагч компанид гүйцэтгэх захирлаар орсноос хойш оффисийн хэрэглээний тоног төхөөрөмж, ажилтан, ажиллагсад гээд компани анх байгуулагдахаас эхлээд одоогийн хэвийн үйл ажиллагаатай болох хүртэл бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн. Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ 2019 оны 03 сарын 01-ний өдөр байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т үндсэн цалин 1 300 000 төгрөг, 4.2-т нэмэгдэл хөлсийг орон сууц захиалгаар бариулах гэрээ тус бүрийн үнийн дүнгийн 5 хувь байхаар, шагнал, урамшуулалд А буюу эхний 35 айлын орон сууцны барилгын ажлын явцад /200 000 000 төгрөг компанид оруулаад өгнө гэж амаар тохиролцсон/ Тоёота кроун 200 маркийн автомашин 1 ширхэг, В блок ашиглалтад ороход 100 м.кв байр, С блок ашиглалтад ороход 80 м.кв байр, D блок ашиглалтад ороход Тоёота ланд круйзер 200 маркийн автомашин 1 ширхэг, Е блок ашиглалтад ороход 100 м.кв байр гэж тус тус тохиролцсон. Компанийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, өсөн дэвжих боломжийг олж харж ойр орчмын айлуудтай харилцан тохиролцож газрыг нь авч нийт 3 792 м.кв талбайд 5 блок барилга барихаар болсон. Компанийн албан бланк, логоноос эхлүүлээд шаардлагатай бүх зүйлийг хийж гүйцэтгэн маркетинг менежментийн зөв арга хэрэглэж 2019 оны 03 сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 сарын 26-ны өдрийн дотор 13 байрны захиалгын гэрээг байгуулж нийтдээ 596 126 000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж барилгын ажлыг 2019 оны 04 сарын 01-ний өдөр эхлүүлж 2019 оны 05 сарын 20-ны өдрийн байдлаар каркас угсралтын 5 давхрыг дуусгасан. Хуулийн зөвлөх, хүний нөөц, борлуулалтын менежер зэргийг давхар гүйцэтгэж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэж байсан. Т.Анхцэцэгийн ааш зан нь хувирч, ажилчидтай ёс зүйгүй харьцаж эхэлсэн ба 2019 оны 04 дүгээр сард цалин, урамшууллаас маргаан үүсч удаа дараа шахалт үзүүлснээс аргагүйн эрхэнд 2019 оны 04 сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын Очир интернэйшнл проперти Монголиа ХХК-ийг байгуулсан. Мөн цалин урамшууллаас маргаан үүсч 2019 оны 05 сарын 16-ны өдөр ирээд чи компаниа аваад борлуулалтын менежерүүдээ аваад тусдаа гар, чамд олон байр өгч чадахгүй гэсэн санал тавихад бодох хугацаа өгөөч гэхэд нийт ажилтнуудын дэргэд ажлаас хөөсөн. Ингээд 2019 оны 05 сарын 20-нд тушаалаа авсан. Ажиллаж байх хугацаанд 2019 оны 3, 4, 5 дугаар сарын цалинд 1 398 626 төгрөг дутуу өгснийг гаргуулна, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 130 215 төгрөг, нэмэгдэл хөлс 7 434 120 төгрөг, Тоёота кроун авто машины үнэ 28 000 000 төгрөг нийт 45 962 961 төгрөгийг гаргуулах, Ф И К ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгоно гэжээ.

 

Хариуцагч Ф И К ХХК-ийн захирал Т.Анхцэцэг шүүхэд гаргасан тайлбарт: Ж.М нь 2019 оны 03 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж гүйцэтгэх захирлаар орсон. Ж.М  нь ажиллах явцдаа компанийн ажлын байрыг ашиглаж хуулийн этгээдийн гэрчилгээ гаргуулж, ажилчдыг өөрийн хувийн компанид урвуулахыг оролдсон үйлдэл гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Анх 2019 оны 2 сарын дундуур Ж.М, Э.Жамц, Б.Баасанжав нар уулзан хамтран ажиллах хүсэлт тавьж байсан. Ж.М  нь Г.Балдорж, Б.Амарбат, Н.Гүен, Р.Цэвэлмаа нарыг хуурамчаар ажлаас халсан тушаал гарган өөрийн компанид ажиллуулахыг оролдож, бусад борлуулагч нарт хувь өгөх үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээний 4.1-т заасан борлуулалтын хувь болох 5 хувьтай холбоотойгоор борлуулалтын ажилтан Б.Баасанжав 2 хувь, мөн Ж.М  2 хувь, бусад борлуулагч нарт 1 хувь байхаар тохиролцон гэрээ хийсэн. Борлуулалтын урамшуулалд 19 023 600 төгрөгийг авсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ф И К ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.М  нь борлуулсан барилгаасаа өөрөө 2 хувь, н.Баасанжав 2 хувь, бусад борлуулагч нар 1 хувь, нийтдээ 5 хувийг авахаар тохиролцсон ч борлуулагч нарын хувийг өгөхгүй, компанийн хаяг байршилд өөрөө компани байгуулаад ажилчдыг халж борлуулагч нарын 5 хувь задаргааг өгөхгүй, ажилчдад болохоор охин компани байгуулсан, охин компани борлуулалтыг хариуцан ажиллана, чи борлуулалт руу шилжиж байгаа гэж тайлбарласан. Борлуулагч нарын 5 хувийн задаргааг өгөхгүй маш олон итгэл эвдсэн үйлдэл хийснээр гэрээ цуцлах, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Ж.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд борлуулалтын зардлыг 5 хувь огт хамаагүй байх ёстой, түүнийг дүр үзүүлэн бусдын өмнөөс өөрийн гэрээнд тусгасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар түүнтэй байгуулсан Хөд-19/01 тоот хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, борлуулалтын орлогын 5 хувийг борлуулагч нарт өгөхгүй, өөртөө авч ашигласан 6 689 640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ж.М  нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчөөгүй, 6 689 640 төгрөгийг завшаагүй. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан нэмэгдэл хөлсөөр тохирсон 5 хувийг нэг сар гаруй ярилцсаны үндсэн дээр тухайн гэрээг хийж байсан. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М-ийн Ф И К ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9 130 215 төгрөг, нэмэгдэл хөлс 7 434 120 төгрөг, тоёота кроун маркийн авто машины үнэ 28 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ф И К ХХК аас үлдэгдэл цалин 1 398 626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М-д олгож,

Хариуцагч Ф И К ХХК үлдэгдэл цалин 1 398 626 төгрөгийг нэхэмжлэгч Ж.М-д олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ф И К ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид үүрэг болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ф И К ХХК-ийн талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, 6 689 640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396 055 төгрөгийг болон хариуцагч Ф И К ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192 184 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф И К ХХК-иас 37 328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.М-д олгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10554 дугаартай захирамжаар хариуцагч Ф И К ХХК-ийн Голомт банк дахь төгрөгийн 1410012902 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 47 620 716 төгрөгийн хэмжээгээр зогсоосон ба уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй болохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жамц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Ж.М-ийг буруутгасан шийдвэрт ажлын байрыг ашиглаж ѳѳр компани байгуулсан, түүндээ ажилтнуудыг урвуулахыг оролдсон" гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцээгүй. Ж.М  нь ажил олгогч Ф И К ХХК-ийн эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, бусдад шилжүүлсэн үйлдлийг гаргаагүй, мөн энэ талаар холбогдох шийдвэрийг гаргаагүй тул ажил олгогчид ямар ч бодит хохирол учраагүй. Хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т "Ажил олгогчийн бизнестэй ижил төстэй, эсвэл түүнтэй өрсөлдөхүйц үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцох, ѳѳрийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргийг ѳѳр аж ахуйн нэгжид давхардуулан гүйцэтгэх, түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулах зэрэг үйлдэл хийхгүй байх" гэж заасан үйлдлийг Ж.М  гаргасан гэж буруутгажээ. Ж.М нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр "Очир интернэшнл проперти Монголиа" гэх үл хөдлөх хөрөнгө зуучлал, зөвлөгөө үзүүлэх үндсэн эрхлэх үйл ажиллагаа явуулах компанийг байгуулсан. Энэ нь шүүхээс буруутгаж буй ажил олгогчийн бизнестэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгаж үндэслэл болох бөгөөд харин Ж.М "Очир интернэшнл проперти Монголиа" ХХК-ийг байгуулсан боловч ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Компаниас гадуурх энэ төрлийн үйл ажиллагаа явуулаагүй нь компанийн банк дахь харилцах дансны лавлагаа болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Ф И К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь гадаад худалдаа, мөн тусгай зөвшөөрлөөр барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч "Очир интернэшнл проперти Монголиа" ХХК нь үл хөдлөх хѳрѳнгийн зуучлал, зѳвлѳгѳѳ үзүүлэх үндсэн эрхлэх үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан нь хариуцагчийн эрхлэх үйл ажиллагаатай ижил төрлийн гэж үзэх боломжгүй. Гэрч Н.Гүен "... Ф И К ХХК-ийн ажлыг гүйцэтгэж байсан ... борлуулалтын компанид ажиллаагүй, цалин аваагүй" гэсэн, гэрч Б.Амарбат "... Борлуулалтын компанид гэрээ байгуулж ажиллаж цалин хөлс авч байгаагүй" гэж мэдүүлсэн. Хөдөлмөрийн гэрээний 8.3-т ажил олгогчийн санаачлагаар гэрээг дангаар цуцлах тохиолдлуудыг заасан байхад хариуцагчаас 24 дүгээр тушаалдаа Ж.М-нийг тухайн ноцтой зөрчлүүдийн алийг нь үйлдэж, тогтоосон талаар баримт хэргийн материалд авагдаагүй. Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан талаар баримтыг гарган өгсөн учраас тэрхүү баримтыг албан ёсоор баталж мөрдүүлсэн талаар баримтыг нотлох баримтаар шаардахад хариуцагчаас энэ талаар баримт байхгүй гэх тайлбарыг хэлсэн. Т.Анхцэцэг нь дотоод журмыг албан ёсоор танилцуулсан баримт байхгүй гэж тайлбарласан. 2019 оны 03 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 20-ны хугацаанд Ф И К ХХК-ийн 1410012902 тоот дансанд 194 640 000 төгрөг, Т.Анхцэцэгийн 5039144227 тоот дансанд 257 843 500 төгрөг, нийт 451 942 000 төгрөг буюу 12 захиалагчийн орон сууц захиалгын гэрээний төлбөрүүд орсон. Хариуцагчаас орон сууц захиалгын гэрээг Ф И К ХХК-аар нэг ч байгуулаагүй, зөвхөн Т.Анхцэцэгээр байгуулсан гэдэг боловч гэрч Н.Гүен, Б.Амарбат нар нь орон сууц захиалгын гэрээг компани, Т.Анхцэцэг нарын нэрээр байгуулж, мөнгийг компани, эсвэл түүний захирлын данс руу ордог байсан гэсэн тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон. Дээрх компани Т.Анхцэцэг нарын дансанд орсон орон сууц захиалгын гэрээний төлбөрөөс Т.Анхцэцэг 5 хувийн нэмэгдэл хөлсийг тооцож 22 597 100 төгрөгийг өгөхөөс 19 113 600 төгрөг шилжүүлсэн. Харин Ж.М нэмэгдэл хөлсөнд тооцож авсан мөнгөнөөсөө компанийн цалин хөлс өгөх боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдлыг нь харгалзан үзэж ажилтан Г.Хонгорзулд 2019 оны 03 сарын 22-ны өдөр 51 800 төгрөг, Н.Гүенд 2019 оны 04 сарын 02-ны өдөр 730 000 төгрөг, 2019 оны 04 сарын 10-ны өдөр 50 000 төгрөг, 2019 оны 04 сарын 11-ний өдөр 400 000 төгрөг, 2019 оны 04 сарын 22-ны өдөр 965 340 төгрөг, нийт 2 145 340 төгрөгийг, Б.Намжилжавт 2019 оны 04 сарын 11-ний өдөр 345 600 төгрөг, Б.Амарбатад 2019 оны 04 сарын 22-ны өдөр 816 980 төгрөг, н.Цэвэлмаад 2019 оны 05 сарын 06-ны өдөр 200 00 төгрөг, 2019 оны 05 сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, нийт 3 860 620 төгрөг компанийн өмнөөс өгсөн. Гэрч болон хариуцагчаас хүлээн зөвшөөрдөг ба Ж.Мөнх-Эрдэнэ бодитоор 15 162 980 төгрөгийг авсан. Гэрээний 4.2-т заасан нэмэгдэл хөлсний үлдэгдэл 7 434 120 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Урамшуулалд toyata crown 200 маркийн автомашин 1 ширхэг" гэж заасан. Шүүх хуралдааны явцад гэрч Н.Гүен "... Барилга баригдаж байгаа. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан автобусны буудлын хойно баригдаж байгаа. Ф И К ХХК хэрэгжүүлж байгаа" гэж, гэрч Б.Амарбатын "... Намайг гарч байхад 4 давхарын цутгалт хийж байсан. Ф И К ХХК-н захиалгаар хийгдэж байсан" гэж мэдүүлснээр Амгалан апермент-12 төслийн А блокын барилгын ажил явагдаж байгаа үйл баримт тодорхой байна. Хариуцагчаас 28 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.М  нь хариуцагч Ф И К ХХК-д холбогдуулан Ф И К ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 130 215 төгрөг, цалин хөлс 1 398 626 төгрөг, нэмэгдэл хөлс 7 434 120 төгрөг, Тоёота кроун авто машины үнэ 28 000 000 төгрөг, нийт 45 962 961 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж 6 689 640 төгрөг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. / 1-р хх 1-4, 39-40, 121-122, 2-р хх 33-34, 89-90/

 

Талууд хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсанд, нэхэмжлэгч нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсанд маргаангүй.Ф И К ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 24 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 9.6 дугаар зүйлийн 9.6.1.9, 19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.1.3-т заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-12/

 

Мөн талууд хөдөлмөрийн гэрээний харилцаатай ажиллаж байх хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчид борлуулалтын орлогын урамшуулалд 19 023 600 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн аваагүй үлдсэн цалин хөлс гэх 1 398 626 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрснөөс гадна сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

Талууд ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй эсэх, урамшуулал, нэмэгдэл хөлс өгөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Зохигчийн хооронд 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан, хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /1-р хх 7-11-12, 2-р хх 20/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч компанид цаг бүртгүүлж, ажил олгогчийн хяналт дор ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээний шинжийг илүү агуулсан харилцаатай байсныг нотолж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хугацааг нэхэмжлэгч зөрчөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ. /1-р хх 4, 12/

 

Нэхэмжлэгч нь Ф И К ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Очир интернэйшнл проперти Монголиа ХХК-ийг үүсгэн байгуулсан үйл баримт тогтоогджээ. Уг компани нь үл хөдлөх хөрөнгийн зуучлал, зөвлөгөө үйлчилгээ, гадаад худалдаа, барилгын засвар хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэй болох нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулийн этгээдийн бүртгэл, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ж.М болох нь лавлагаагаар тус тус нотлогдсон байна. / 1-р хх 137-140/

 

Ажил олгогч буюу хариуцагч компани нь гадаад худалдаа, барилга угсралт засал чимэглэл зэрэг чиглэлээр 2013 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж Бридж ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр тус компанийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Бридж плаза, оффисийн байрны 5 дугаар давхрын 504-2 тоот 41,5 м.кв талбайд үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон. /1-р хх 39-42, 81-86/

 

Харин Очир интернэйшнл проперти Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М  нь мөн Бридж ХХК-тай давхар түрээсийн гэрээ байгуулж хариуцагчийн дээрх 41,5 м.кв талбайд үйл ажиллагаа явуулахаар түрээслүүлэгчтэй тохиролцсон бичмэл баримт хэрэгт авагджээ. /1-р хх 137-140, 148-180/

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх захирал нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдоно. Компанийн эрх бүхий албан тушаалтан нь мөн хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх зэрэг үүргийг хүлээдэг.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т ажил олгогчийн бизнестэй ижил төстэй, эсвэл түүнтэй өрсөлдөхүйц үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцох, өөрийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргийг өөр аж ахуйн нэгжид давхардуулан гүйцэтгэх, түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулах зэрэг үйлдэл хийхгүй байхыг ажилтанд үүрэг болгожээ. /1-р хх 9, 45-57/

 

Ажил олгогч нь барьсан орон сууцаа мөн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг, тэр тусмаа гүйцэтгэх захирлын үүрэг нь үл хөдлөх хөрөнгийн борлуулалт хариуцдаг байсан зэргээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Нэгэнт ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 130 215 төгрөг гаргуулах үндэслэлгүй юм.

 

Хөдөлмөрийн гэрээний 4.2-т заасан нэмэгдэл хөлсийг Ж.М  дутуу авсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Талууд 19 023 600 төгрөг өгч авалцсан үйл баримт тогтоогдсон. Компанийн өмнөөс ажилтнуудад мөнгө төлсөн гэх үйл баримт эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй. Ж.М  нь өөрийн авсан 5 хувиас н.Баасанжав болон борлуулагч нарт хувь өгөх үүрэгтэй байсан тухайд талууд маргаагүй. Ж.М-ийн төлсөн гэх мөнгөн хөрөнгө нь компанийн өмнөөс цалинд төлөгдсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Мөн нэхэмжлэгчийн буруугаас гэрээ цуцлагдсан тул урамшуулал шаардах үндэслэлгүй болно.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ. /2-р хх 92/

 

Харин Ф И К ХХК нь Ж.М-д үлдэгдэл цалин 1 398 626 төгрөгийг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь компанийн эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангаагүй хадгалаагүй үйлдэл гаргаагүй, мөн компанийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн үйлдлийг гаргаагүй, дотоод журам танилцуулсан баримтгүй, нэхэмжлэл бүхэлдээ хангагдах ёстой гэсэн агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргасан. /2-р хх 133/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтанд хамаарах бөгөөд итгэл алдсан үйлдэл нь нотлогдсон гэж үзнэ. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилд гар бие оролцож, өөрийн хувь нэмрийг оруулж түүнээсээ заавал ашиг хүртсэн байхыг шаардахгүй бөгөөд компани байгуулсан, түрээсийн гэрээ байгуулсан үйл баримт нэхэмжлэгчийн гэм бурууг хангалттай нотлох юм. Тушаалд дотоод журмыг барихаасаа хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасан үйл баримтыг татгалзлын үндэслэл болгосон байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төлсөн 380 780 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД