Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00609

 

Ж.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03558 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 660 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Ж.М

Хариуцагч : Фүүл инженер констракшн ХХК

Нэхэмжлэл: ажилд эгүүлэн тогтоолгох, нийт 45,962,961 төгрөгийг гаргуулах

Сөрөг нэхэмжлэл: 2019.03.01-ний өдрийн Хөд-19/01 дугаар гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 6,689,640 төгрөг гаргуулах тухай

иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жамц, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Мөнх-Эрдэнэтэй Т.Анхцэцэг ирж уулзан Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Амгаланд 35 айлын 7 давхар барилга барихаар төлөвлөөд сууриа тавьсан тул борлуулалт болон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, тус компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хийгээд компанийн үйл ажиллагааг жигдрүүлээд, борлуулалт хариуцахыг санал болгож байр, авто машин, орон сууцны борлуулалт тус бүрийн үнийн дүнгээс 5 хувийг өгөхөөр амласан. Хариуцагч компанид гүйцэтгэх захирлаар орсноос хойш оффисийн хэрэглээний тоног төхөөрөмж, ажилтан, ажиллагсад гээд компани анх байгуулагдахаас эхлээд одоогийн хэвийн үйл ажиллагаатай болох хүртэл бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн. Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ 2019.03.01-ний өдөр байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т үндсэн цалин 1,300,000 төгрөг, 4.2-т нэмэгдэл хөлсийг орон сууц захиалгаар бариулах гэрээ тус бүрийн үнийн дүнгийн 5 хувь байхаар, шагнал, урамшуулалд А буюу эхний 35 айлын орон сууцны барилгын ажлын явцад /200,000,000 төгрөг компанид оруулаад өгнө гэж амаар тохиролцсон/ Тоёота кроун 200 маркийн автомашин 1 ширхэг, В блок ашиглалтад ороход 100 м.кв байр, С блок ашиглалтад ороход 80 м.кв байр, D блок ашиглалтад ороход Тоёота ланд круйзер 200 маркийн автомашин 1 ширхэг, Е блок ашиглалтад ороход 100 м.кв байр гэж тус тус тохиролцсон. Компанийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, өсөн дэвжих боломжийг олж харж ойр орчмын айлуудтай харилцан тохиролцож газрыг нь авч нийт 3,792 м.кв талбайд 5 блок барилга барихаар болсон. Компанийн албан бланк, логоноос эхлүүлээд шаардлагатай бүх зүйлийг хийж гүйцэтгэн маркетинг менежментийн зөв арга хэрэглэж 2019.03.05-ны өдрөөс 2019.04.26-ны өдрийн дотор 13 байрны захиалгын гэрээг байгуулж нийтдээ 596,126,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж барилгын ажлыг 2019.04.01-ний өдөр эхлүүлж 2019.05.20-ны өдрийн байдлаар каркас угсралтын 5 давхрыг дуусгасан. Хуулийн зөвлөх, хүний нөөц, борлуулалтын менежер зэргийг давхар гүйцэтгэж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэж байсан. Т.Анхцэцэгийн ааш зан нь хувирч, ажилчидтай ёс зүйгүй харьцаж эхэлсэн ба 2019 оны 04 дүгээр сард цалин, урамшууллаас маргаан үүсч удаа дараа шахалт үзүүлснээс аргагүйн эрхэнд 2019.04.28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын Очир интернэйшнл проперти Монголиа ХХК-ийг байгуулсан. Мөн цалин урамшууллаас маргаан үүсч 2019.05.16-ны өдөр ирээд чи компаниа аваад борлуулалтын менежерүүдээ аваад тусдаа гар, чамд олон байр өгч чадахгүй гэсэн санал тавихад бодох хугацаа өгөөч гэхэд нийт ажилтнуудын дэргэд ажлаас хөөсөн. Ингээд 2019.05.20-нд тушаалаа авсан. Ажиллаж байх хугацаанд 2019 оны 3, 4, 5 дугаар сарын цалинд 1,398,626 төгрөг дутуу өгснийг гаргуулна, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,130,215 төгрөг, нэмэгдэл хөлс 7,434,120 төгрөг, Тоёота кроун авто машины үнэ 28,000,000 төгрөг нийт 45,962,961 төгрөгийг гаргуулах, Фүүл инженер констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгоно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Мөнх-Эрдэнэ нь 2019.03.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж гүйцэтгэх захирлаар орсон. Ж.Мөнх-Эрдэнэ нь ажиллах явцдаа компанийн ажлын байрыг ашиглаж хуулийн этгээдийн гэрчилгээ гаргуулж, ажилчдыг өөрийн хувийн компанид урвуулахыг оролдсон үйлдэл гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Анх 2019 оны 2 сарын дундуур Ж.Мөнх-Эрдэнэ, Э.Жамц, Б.Баасанжав нар уулзан хамтран ажиллах хүсэлт тавьж байсан. Ж.Мөнх-Эрдэнэ нь Г.Балдорж, Б.Амарбат, Н.Гүен, Р.Цэвэлмаа нарыг хуурамчаар ажлаас халсан тушаал гарган өөрийн компанид ажиллуулахыг оролдож, бусад борлуулагч нарт хувь өгөх үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээний 4.1-т заасан борлуулалтын хувь болох 5 хувьтай холбоотойгоор борлуулалтын ажилтан Б.Баасанжав 2 хувь, мөн Ж.Мөнх-Эрдэнэ 2 хувь, бусад борлуулагч нарт 1 хувь байхаар тохиролцон гэрээ хийсэн. Борлуулалтын урамшуулалд 19,023,600 төгрөгийг авсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Мөнх-Эрдэнэ нь борлуулсан барилгаасаа өөрөө 2 хувь, Н.Баасанжав 2 хувь, бусад борлуулагч нар 1 хувь, нийтдээ 5 хувийг авахаар тохиролцсон ч борлуулагч нарын хувийг өгөхгүй, компанийн хаяг байршилд өөрөө компани байгуулаад ажилчдыг халж борлуулагч нарын 5 хувь задаргааг өгөхгүй, ажилчдад болохоор охин компани байгуулсан, охин компани борлуулалтыг хариуцан ажиллана, чи борлуулалт руу шилжиж байгаа гэж тайлбарласан. Борлуулагч нарын 5 хувийн задаргааг өгөхгүй маш олон итгэл эвдсэн үйлдэл хийснээр гэрээ цуцлах, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Ж.Мөнх-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд борлуулалтын зардлын 5 хувь огт хамаагүй байх ёстой, түүнийг дүр үзүүлэн бусдын өмнөөс өөрийн гэрээнд тусгасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар түүнтэй байгуулсан 2019.03.01-ний өдрийн Хөд-19/01 тоот хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, борлуулалтын орлогын 5 хувийг борлуулагч нарт өгөхгүй, өөртөө авч ашигласан 6,689,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарт: Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчөөгүй, 6,689,640 төгрөгийг завшаагүй. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан нэмэгдэл хөлсөөр тохирсон 5 хувийг нэг сар гаруй ярилцсаны үндсэн дээр тухайн гэрээг хийж байсан. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03558 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мөнх-Эрдэнийн Фүүл инженер констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9,130,215 төгрөг, нэмэгдэл хөлс 7,434,120 төгрөг, Тоёота кроун маркийн авто машины үнэ 28,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас үлдэгдэл цалин 1,398,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мөнх-Эрдэнэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Мөнх-Эрдэнийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Фүүл инженер констракшн ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид үүрэг болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Фүүл инженер констракшн ХХК-ийн талуудын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, 6,689,640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396,055 төгрөгийг болон хариуцагч Фүүл инженер констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,184 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Фүүл инженер констракшн ХХК-иас 37,328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мөнх-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 660 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төлсөн 380,780 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жамцын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж заасныг зөрчсөн тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1.2 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Ж.Мөнх-Эрдэнийг ажил олгогчийн эрхэлдэг үйл ажиллагаатай ижил төрлийн Очир интернэшнл проперти Монголиа ХХК-ийг байгуулсан нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т Ажил олгогчийн бизнестэй ижил төстэй, эсвэл түүнтэй өрсөлдөхүйц үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцох, өөрийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргийг өөр аж ахуйн нэгжид давхардуулан гүйцэтгэх, түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулах зэрэг үйлдэл хийхгүй байх гэж заасныг зөрчсөн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Харин дараах үйл баримтаар хариуцагчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Үүнд:

1.1 Хөдөлмөрийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.1.3-т зааснаар ажил олгогчийн бизнестэй ижил төстэй, эсвэл түүнтэй өрсөлдөхүйц үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцох, өөрийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргийг өөр аж ахуйн нэгжид давхардуулан гүйцэтгэх, түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулах зэрэг үйлдэл хийхгүй байхаар ойлгогдож байна. Энэ нь Ж.Мөнх-Эрдэнэ Фүүл инженер констракшн ХХК-ийн эрхэлж буй үйл ажиллагаатай ижил төрлийн компанийн үйл ажиллагаанд гар бие оролцож, өөрийн хувь нэмрийг оруулж, түүнээсээ ашиг, хүртсэн байхыг ойлгогдохоор байгаа юм. Харин Ж.Мөнх-Эрдэнийн зүгээс ижил төрлийн ямар ч компанид ажиллаж, түүнээс ашиг, хувь хүртсэн асуудал байдаггүй.

1.2 Хариуцагч Фүүл инженер констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гадаад худалдаа, барилга угсралтын үйл ажиллагаа гэж заасан байгаа нь хариуцагчийн төлөөлөгч Т.Анхцэцэгийн шахалтаар байгуулсан гэдэг Очир интернэшнл проперти Монголиа ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучлал, зөвлөгөө үзүүлэх гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар заасан нь хариуцагчийн үйл ажиллагаатай давхацсан асуудал байхгүй.

1.3 Хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2019 оны 24 дугаартай шийдвэрт ажлын байрыг ашиглаж өөр компани байгуулсан, түүндээ ажилтнуудыг урвуулахыг оролдсон гэж буруутгадаг боловч Ж.Мөнх-Эрдэнэ энэхүү буруутай үйлдлийг гаргаагүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

1.4 Хөдөлмөрийн № 19/01 тоот гэрээний 8.3-т ажил олгогчийн санаачилгаар гэрээг дангаар цуцлах тохиолдлуудыг заасан байхад хариуцагчаас 2019 оны 24 дүгээр тушаалдаа Ж.Мөнх-Эрдэнийг тухайн ноцтой зөрчлүүдийн алийг нь үйлдэж, тогтоосон талаар заагаагүй, энэ талын нотлох баримт хэрэгт авагдаагүй зэрэг үндэслэлүүдээр хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг дангаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Мөн давж заалдах шатны шүүхээс Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар компанийн эрх бүхий албан тушаалыг Ж.Мөнх-Эрдэнэ хашиж байсан гэжээ. Хэрэгт авагдсан Фүүл инженер констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2016.08.02-ны өдөр Захирлаар Т.Анхцэцэгийг томилсон талаар өөрчлөлт орж, өнөөдрийг хүртэл ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа нь Компанийн эрх бүхий албан тушаалтан Т.Анхцэцэг гэж үзэх үндэслэлтэй байна. Харин Ж.Мөнх-Эрдэнэ гүйцэтгэх захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч компанийн Улсын бүртгэлийн хувийн хэрэгт өөрчлөлт оруулаагүй, компанийн эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг хэрэгжүүлж байгаагүй нь тодорхой байдаг. Иймд дээрх үйл баримтуудаас үзвэл хариуцагчаас 19/01 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2019.05.20-ны өдрийн 24 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасныг зөрчсөн учраас Ж.Мөнх-Эрдэнийг Фүүл инженер констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүхээс Хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3.1-т заасан нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг заасныг буруу дүгнэж шийдвэрлэсэн тухайд, 2019.03.01-ний өдрийн Хөд-19/01 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4.2-т Орон сууц захиалгаар бариулах гэрээ тус бүрийн үнийн дүнгийн 5%-ийг авахаар тохиролцож, үүний дагуу 2019.03.01-ээс 2019.05.20-ны өдрийг хүртэлх хугацаанд Фүүл инженер констракшн ХХК, түүний захирал Т.Анхцэцэг нарын дансанд нийт 451,942,000 төгрөгийн гэрээний төлбөрүүд орсон. Фүүл инженер констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Анхцэцэг Хөдөлмөрийн гэрээний 4.2-т зааснаар Ж.Мөнх-Эрдэнийн ХААН банкин дахь харилцах данс руу орон сууц захиалагч нартай байгуулсан гэрээний дүнгээс 5 хувийн нэмэгдэл хөлсийг тооцож 22,597,100 төгрөгийг өгөхөөс 15,162,980 төгрөгийг шилжүүлсэн ба хамт ажилладаг хүмүүстээ нийт 3,860,620 төгрөгийг компанийн өмнөөс ажилчдад цалин хөлсийг өгснийг гэрч болон хариуцагчаас хүлээн зөвшөөрдөг. Гэрээний 4.2-т заасан нэмэгдэл хөлсний үлдэгдэл 7,434,120 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.3-т Шагнал урамшуулал: Компанийн зүгээс дор дурдсан урамшуулал олгогдоно. Үүнд: 4.3.1-т Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Амгалан апертмент-12 төслийн А блокийн барилгын явцад Тоуоtа сгоwn 200 маркийн автомашин 1 ширхэг гэж тохиролцсоны дагуу гэрч Н.Гүен, Б.Амарбат нар Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан автобусны буудлын хойно Амгалан апертмент-12 төслийн А блокийн барилгын ажил явагдаж байгаа гэсэн. Гэтэл хариуцагчаас барилгын ажил эхэлснээс хойш Хөд-19/01 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4.3.1-т заасан үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2-т зааснаар хариуцагчаас автомашин, түүний зах зээлийн үнэлгээгээр 28,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн буруугаас Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан хэмээн урамшуулал олгогдохгүй гэсэн боловч хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаагүй байдаг нь дээрх үйл баримтуудаар үгүйсгэгдэж байгаа юм. Дээрх үйл баримтуудаас үзвэл хариуцагч Фүүл инженер констракшн ХХК нь Ж.Мөнх-Эрдэнэтэй байгуулсан 2019.03.01-ний өдрийн Хөд-19/01 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2019.05.20-ны өдрийн 24 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн, мөн хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3.1, 4.5, 4.6, 7.1.1-д заасныг тус тус зөрчсөн нь бүрэн тогтоогдож байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Ж.Мөнх-Эрдэнийг Фүүл инженер констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, үндсэн цалингийн үлдэгдэл гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Мөнх-Эрдэнэ нь Фүүл инженер констракшн ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаагаар тооцон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9,130,215 төгрөг, олгогдоогүй цалин 1,398,626 төгрөг, нэмэгдэл хөлс 7,434,120 төгрөг, машины үнэ 28,000,000 төгрөг, нийт 45,962,961 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь талуудын хооронд 2019.03.01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 6,689,640 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийг хариуцагч, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч хэн аль нь зөвшөөрөөгүй зохигч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болох тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ....хөдөлмөрийн гэрээний дараах гол нөхцөл.6-ийн талаар зааж, үүнд 21.1.1-21.1.4 дэх хэсгийн ...ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл...-ийг хамааруулсан байна.

 Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь ... ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй ба хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох...-р зохицуулжээ.

Хэргийн баримтаас үзвэл, Фүүл инженер констракшн ХХК болон Ж.Мөнх-Эрдэнэ нарын хооронд 2019.03.01-ний өдөр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ бичгээр байгуулагдсан, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь тус компанийн гүйцэтгэх захирлын буюу байнгын ажлын байранд сарын 1,300,000 төгрөгийн цалинтай, тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэмэгдэл хөлс, урамшуулал авахаар тохиролцож ажил үүргээ гүйцэтгэсэн нь тогтоогдсон байна.

 2. Ж.Мөнх-Эрдэнийг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй талаар хоёр шатны шүүх дүгнэсэн бөгөөд энэ нь хэргийн баримтад үндэслэгджээ.

 Фүүл инженер констракшн ХХК-ийн ерөнхий захирал 2019.05.20-ны өдөр 24 тоот тушаал гаргаж Ж.Мөнх-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 Өөрөөр хэлбэл, тушаалд баримталсан хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтад заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогджээ.

 Тухайлбал, байгууллагын дотоод журмын 9.6.1.9-д компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй хувьдаа болон бусдад ашиглуулсан, завшсан, завшихаар завдсан, хөдөлмөрийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.1.3-т ажил олгогчийн бизнестэй ижил төстэй, түүнтэй өрсөлдөхүйц үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцох, өөрийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргийг өөр аж ахуйн нэгжид давхардуулан гүйцэтгэх, түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулах зэрэг үйлдэл хийхгүй байх үүргийг ажилтанд даалгаж, энэ нь зөрчил гэж үзэхийг тус тус заасан байна.

 Фүүл инженер констракшн ХХК нь гадаад худалдаа барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд Ж.Мөнх-Эрдэнэ тус компанид гүйцэтгэх захирлаар ажилд орохдоо тус компанийн гүйцэтгэж буй барилгын ажлыг жигдрүүлэх, борлуулалт хариуцахаар тохиролцсоныг зохигч маргаагүй, нэхэмжлэгч нь тус компанид ажиллах 2 сарын хугацаанд Очир интернэйшнл проперти монголиа ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн зуучлал, зөвлөгөө үйлчилгээ, гадаад худалдаа, барилгын засвар хийх чиглэлээр байгуулж, улмаар хариуцагч компанийн түрээсийн байранд түрээслэгчтэй давхар түрээсийн гэрээ байгуулж ажлын байр түрээсэлсэн, ажилчдад буруу мэдээлэл өгч өөрийн компанидаа ажиллуулах оролдлого хийсэн нь нотлогдсон байна.

 3. Ажил олгогч нь Ж.Мөнх-Эрдэнийг ...ноцтой зөрчил гаргасан... гэж бус, харин ...ажил олгогчийн итгэлийг алдсан... буруутай үйлдэл хийсэн гэж ажлаас нь халсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлүүдийн алиныг нь гаргасныг тушаалд заагаагүй... гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д компанийн ...гүйцэтгэх захирал... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. гэж заасан ба Ж.Мөнх-Эрдэнийг гүйцэтгэх захирлаар томилсон тухай мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч нэхэмжлэгч тухайн ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байсныг зохигч хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэгчийг гүйцэтгэх албан тушаал хашиж байсан мөнгө эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж үзнэ. Иймээс Ж.Мөнх-Эрдэнийг гүйцэтгэх захирлаар томилсныг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, тэрээр компанийн эрх бүхий албан тушаалыг хэрэгжүүлж байгаагүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм.

 4. Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд олговор олгоно. Ж.Мөнх-Эрдэнийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,130,215 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт баталгаажуулалт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийн ...ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй... гэснийг зөрчөөгүй гэж үзнэ.

 5. Нэхэмжлэгч нэмэгдэл хөлсөнд 7,434,120 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч гэрээний нэмэгдэл хөлс олгох заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 6,689,640 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргасан, шүүх эдгээр нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэж, 50.3-д нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно. гэж заажээ.

Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т нэмэгдэл хөлсийг Амгалан апартмент 12 төслийн орон сууц захиалгаар бариулах гэрээ тус бүрийн нийт үнийн дүнгийн 5 хувь гэж тохиролцсон бөгөөд уг гэрээний зохицуулалтыг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, учир нь гэрээний тухайн тохиролцоо нь хариуцагчийн барьж ашиглалтад оруулах орон сууцыг борлуулахтай холбоотой хэрэгжсэн, нэхэмжлэгч нэмэгдэл хөлс дутуу авсан нь болон олгосон 19,023,600 төгрөгөөс 3,860,620 төгрөгийг компанийн өмнөөс ажилчдад цалин болгож өгсөн нь тус тус тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тулгуурлажээ.

 Түүнчлэн бусдад олгох 6,689,640 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө авсан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзсэн шүүхүүдийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 6. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.3.4-т Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн шагнал, урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам баталж мөрдүүлнэ гэжээ.

 Талууд хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д Амгалан апартмент 12 барилгын А блокийг барих явцад нэхэмжлэгчид шагнал болгож Тоёота кроун 200 маркийн автомашиныг өгөхөөр тохирсон, нэхэмжлэгч уг машины үнэд 28,000,000 төгрөг шаардсан боловч тэрээр зөрчлийн улмаас ажлаас халагдсан тул уг шагнал урамшууллыг шаардах эрх үүсэхгүй байна. Энэ талаар хоёр шатны шүүх холбогдох хууль болон гэрээний дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.

 Харин нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд дутуу олгогдсон цалинг шүүх гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс олгох заалтад нийцжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03558 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 660 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 380,780 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                                        ШҮҮГЧИД                                 Б.МӨНХТУЯА

                                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                           Б.УНДРАХ