Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00711

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00711

 

Г.Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00145 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч Н Ү О Ц БСБ-д холбогдуулан гаргасан 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Эрдэнэболор 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сингапураас надруу ярьж Н Ү О Ц  дансанд 2 000 000 төгрөг шилжүүлээд өгөөч гэсэн. Ингээд өдрийн 13 цагийн орчим шилжүүлсэн. Ирээд уулзахдаа мөнгийг чинь өгнө гэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар ярих гэтэл утас нь холбогдохгүй байсан. 3, 4 хоногийн өмнө надтай холбогдохдоо би Солонгос улсад ирсэн байна, чиний мөнгийг удаахгүй өгнө, чиний данс надад байгаа гэж хэлсэн ч одоог хүртэл өгөөгүй. Мөн миний эгчид битгий дарамт үүсгээд бай, нэхэмжлэлээ буцаагаад авчих, би мөнгийг чинь шилжүүлнэ, данс чинь байгаа гэж хэлсэн. Ж.Эрдэнэболор энэ мөнгийг Би Н Ү О Ц  ажилладаг, манай цэцэрлэгийн данс гээд дансаар нь авсан байдаг. Хэрвээ өөрөө авах байсан бол өөрийнхөө дансаар авах боломжтой. Тухайн үед гэрээ хэлцэл хийгдээгүй, өгсөн данс руу нь шилжүүлсэн тул шилжүүлсэн данс эзэмшигчээс 2 000 000 төгрөгөө гаргуулна. Хариуцагчаар Ж.Эрдэнэболорыг татахаар хариуцагчийн данс руу шилжүүлээгүй тул мөнгийг нэхэмжлэх боломжгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Э , Ж.Э  нар төрсөн эгч дүүс. Тэгэхээр цэцэрлэгийн үйл ажиллагаа болон цэцэрлэгийн дансыг мэддэг учраас дансыг өгсөн. Данс эзэмшигчээс 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н Ү О Ц БСБ-ын төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч рүү ярьж мөнгө аваагүй, миний дүү гадаадад байхдаа над руу ярьж та дансаа шалга 2 000 000 төгрөг орсон байгаа, буцаагаад надруу шилжүүлчих гэсэн тул би шилжүүлсэн. Нэхэмжлэгч 11 цагийн хавьцаа шилжүүлсэн байсныг би 12 цагийн үед буцаагаад Ж.Э  руу шилжүүлсэн. Би тэр мөнгийг аваагүй, хэрэглээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон. Мөнгөн хөрөнгийг бодитой авсан, хэлцлийг байгуулсан хүмүүс нь Ж.Э , Г.Г нар. Энэ хоёр хүн хоорондоо ярилцаад нэг нь зээлэх, нөгөө нь зээлсэн. Мөнгө зөвхөн хариуцагчийн дансаар орж гарсан. Нэхэмжлэгч цэцэрлэгтэй ямар нэгэн хэлцэл хийгээгүй, Ж.Э  гэдэг хүн мөнгө зээлээч гээд данс явуулсан, данс руу шилжүүлсэн гэжээ. Хариуцагч гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа этгээдэд ямар нэгэн хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хэлдэг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх үүрэг үүсгэх хэлцэл огт байгуулаагүй, нэхэмжлэгчийн шаардлага тодорхойгүй байна. Хариуцагч болон Ж.Э  нар эгч дүү хүмүүс, гэвч эгч дүү, хамаатан садан байлаа гээд мөнгө төлөх үндэслэл үүсэхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н Ү О Ц  2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шаардаж байгаа 2 000 000 төгрөг Н Ү О Ц  БСБ-ын 5112044219 тоот данс руу орсон баримтаар нотлогдож байгаа. Цаашаагаа энэ мөнгө хэнд хэрхэн зарцуулагдсан нь нэхэмжлэгчид хамаарахгүй. Анх мөнгө зээлж авахдаа цэцэрлэгийн данс хаагдах гээд байна, удахгүй буцаагаад гаргаад өгнө гэж хэлж данс руугаа хийлгэж авсан. Дараа нь эгч дүү хоёр юу гэж үгсэж ярьж тохирсон байх нь нэхэмжлэгчид хамаарахгүй.Уг 2 000 000 төгрөгийг Н Ү О Ц  БСБ-аас гаргуулах ёстой. Анхан шатны шүүхэд хоёр шаардлага бүхий нэхэмжлэл гаргаад, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргаж, нэг шаардлагаа татан авсан. Шүүгч 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32020/00598 тоот захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэн, улсын тэмдэгтийн хураамж болох 61 600 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгуулахаар шийдвэрлэсэн боловч 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00145 тоот шийдвэртээ нэхэмжлэгчийн төлсөн 108 550 төгрөгийг бүгдийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч Н Ү О Ц  БСБ-аас 5 850 000 төгрөг гаргуулахаар шаардаж байснаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 000 000 төгрөг болгосон байна. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Гэрээ хэлцэлгүйгээр тухайн цэцэрлэгийн дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн тул буцаан гаргуулна гэж тодорхойлжээ. / хх 1-2, 30, 38-39/

 

Хэргийн баримт талуудын тайлбараас үзэхэд Ж.Э  Сингапур улсаас нэхэмжлэгчтэй ярьж дараа нь буцаан төлөхөөр хүсэлт тавьсан тул түүний зааж өгсөн дансанд буюу Н Ү О Ц -н дансанд нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 26-нд 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Уг 2 000 000 төгрөгийг Н Ү О Ц эрхлэгч нь мөн өдөр нь Ж.Э-ын хүсэлтээр буцаагаад түүнд шилжүүлжээ. /хх 27, 29-30, 33-34/

Талууд 2 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй эсэхэд маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс хууль зүйн хувьд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэснийг зөвтгөн дүгнэх нь зүйтэй. Нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн гэрээний харилцаатай холбон тайлбарлаагүй байна. Талуудын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа байсан эсэхийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасантай холбон тайлбарлах нь зүйтэй юм. Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэдэг. Зохигчийн хооронд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл хийгдээгүй. Харин нэхэмжлэгч нь Ж.Э-той хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцсон.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Энэ тохиролцоо нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгаагүй, мөн данс андууран шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, дээрх шилжүүлгийн улмаас хариуцагч хөрөнгөжсөн, 2 000 000 төгрөгийг олж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцдог. Хэргийн баримтаас үзэхэд Н Ү О Ц  БСБ уг 2 000 000 төгрөгийг олж аваагүй, цааш нь Ж.Э-т шилжүүлсэн, Ж.Э  ашиг олсон, энэ тухай нотлох баримтаа хариуцагч шүүхэд гаргасан тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00145 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД