Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2020/00145

 

2020 оны 01 сарын 13 өдөр

     Дугаар 183/ШШ2020/00145       

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Өнөр хороолол-9, 000 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, О овогт Г.Г /рд:НЮ71121876/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-уул дүүргийн 00 дугаар хороо, Нархан хотхон, 00 дугаар байрны 0 тоотод байрлах Н /рд:000000/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б /ШТЭҮД-0106/, хариуцагчийн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Э /ШТЭҮД-0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: “...2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ж.Э Сингапураас надруу ярьж Н-ийн дансруу 2 000 000 төгрөг шилжүүлээд өгөөч гэсэн. Ингээд өдрийн 13 цагийн орчим шилжүүлсэн. Ирээд уулзахдаа мөнгийг чинь өгнө гэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар ярих гэтэл утас нь холбогдохгүй байсан. 3, 4 хоногийн өмнө надтай холбогдохдоо би Солонгос улсад ирсэн байна, чиний мөнгийг удаахгүй өгнө, чиний данс надад байгаа гэж хэлсэн ч одоог хүртэл өгөөгүй. Энэ хурлаас 3, 4 хоногийн өмнө надтай ярихдаа миний эгчид битгий дарамт үүсгээд бай, нэхэмжлэлээ буцаагаад авчих, би мөнгийг чинь шилжүүлнэ, данс чинь байгаа гэж хэлсэн. Ж.Э энэ мөнгийг “Би Нт ажилладаг, манай цэцэрлэгийн данс” гээд дансаар нь авсан байдаг. Хэрвээ өөрөө авах байсан бол өөрийнхөө дансаар авах боломжтой. Тухайн үед гэрээ хэлцэл хийгдээгүй, өгсөн данс руу нь шилжүүлсэн тул шилжүүлсэн данс эзэмшигчээс 2 000 000 төгрөгөө гаргуулахаар шаардаж байна. Хариуцагчаар Ж.Э-ыг татахаар хариуцагчийн данс руу шилжүүлээгүй тул мөнгийг нэхэмжлэх боломжгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Э, Ж.Э нар төрсөн эгч дүүс. Тэгэхээр цэцэрлэгийн үйл ажиллагаа болон цэцэрлэгийн дансыг мэддэг учраас дансыг өгсөн” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би нэхэмжлэгч рүү ярьж мөнгө аваагүй, миний дүү гадаадад байхдаа над руу ярьж та дансаа шалга 2 000 000 төгрөг орсон байгаа, буцаагаад надруу шилжүүлчих гэсэн тул би шилжүүлсэн. Нэхэмжлэгч 11 цагийн хавьцаа шилжүүлсэн байсныг би 12 цагийн үед буцаагаад Ж.Э руу шилжүүлсэн. Би тэр мөнгийг аваагүй, хэрэглээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон. Мөнгөн хөрөнгийг бодитой авсан, хэлцлийг байгуулсан хүмүүс нь Ж.Э, Г.Г нар. Энэ хоёр хүн хоорондоо ярилцаад нэг нь зээлэх, нөгөө нь зээлсэн. Мөнгө зөвхөн хариуцагчийн дансаар орж гарсан. Нэхэмжлэгч сая өөрөө би цэцэрлэгтэй ямар нэгэн хэлцэл хийгээгүй, Ж.Э гэдэг хүн мөнгө зээлээч гээд данс явуулсан, би тэр данс руу шилжүүлсэн гэдгээ хэллээ. Хариуцагч гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа этгээдэд ямар нэгэн хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хэлдэг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх үүрэг үүсгэх хэлцэл огт байгуулаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардлага тодорхойгүй байна. Хариуцагч болон Ж.Э нар эгч дүү хүмүүс, гэвч эгч дүү, хамаатан садан байлаа гээд мөнгө төлөх үндэслэл үүсэхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадаагүй, хариуцагчаа буруу тодорхойлсон, мөнгийг авсан хүн нь тодорхой, хэлцэл байгуулсан хүн нь тодорхой, түүнийгээ ч мөнгө авсан хүн нь төлнө гэдгээ хэлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Нархан үрсийн ордон цэцэрлэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Г “...2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ж.Э Сингапураас над руу ярьж Н-ийн дансруу 2 000 000 төгрөг шилжүүлээд өгөөч гэсний дагуу шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл өгөөгүй, энэ хурлаас 3, 4 хоногийн өмнө надтай ярихдаа “...миний эгчид битгий дарамт үүсгээд бай, нэхэмжлэлээ буцаагаад авчих, би мөнгийг чинь шилжүүлнэ, данс чинь байгаа” гэж хэлсэн. Гэвч Ж.Э энэ мөнгийг “Би Н-т ажилладаг, манай цэцэрлэгийн данс” гээд дансаар нь авсан, тухайн үед гэрээ хэлцэл хийгдээгүй, өгсөн данс руу нь шилжүүлсэн тул шилжүүлсэн данс эзэмшигчээс 2 000 000 төгрөгөө гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хавтаст хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Г.Г-н Хаан банк дахь 000000000 тоот данснаас 00000000 тоот данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн баримт авагджээ.

 

Хариуцагч дээрх дансыг Нархан үрсийн ордон цэцэрлэгийн данс, мөн уг мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч “...би нэхэмжлэгч рүү ярьж мөнгө аваагүй, миний дүү гадаадад байхдаа над руу ярьж та дансаа шалга 2 000 000 төгрөг орсон байгаа, буцаагаад надруу шилжүүлчих гэсэн тул Г.Г 11 цагийн хавьцаа шилжүүлсэн байсныг би 12 цагийн үед буцаагаад Ж.Э руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар багтах бөгөөд нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Э-ын гуйлтаар 2 000 000 төгрөгийг түүний өгсөн данс руу шилжүүлсэн гэж тайлбарласан тул хариуцагч Н цэцэрлэг болон нэхэмжлэгч Г.Г нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.

 

            Иймд талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг Н цэцэрлэгээс шаардах эрхгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Э.Э-с зээлийн гэрээний үүргийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н цэцэрлэгээс 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 550  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ