| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/05835/И |
| Дугаар | 183/ШШ2023/03173 |
| Огноо | 2023-10-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2023/03173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, ** тоотод оршин суух, Х овогт Э.С /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** байранд байрлах, М******* ХХК /РД:*********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ биелүүлж, Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай М-2 блокын 14 давхарын 106,51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 1******* сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1******* сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.С******* нь М******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлж, Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай М-2 блокын 14 давхарын 106,51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1.М******* ХХК болон иргэн Э.С******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 066/2021/OF-MLS тоот "Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан ба энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь Х******* дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй оффис, үйлчилгээний зориулалттай "М-2" блокийн 14 дүгээр давхрын 106,51 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг м2 талбайн үнийг 4 150 000 төгрөгөөр тооцож, нийт 442 016 500 төгрөгт тооцон 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар, захиалагч Э.С*******ыг төлбөр тооцоог бүрэн төлөгдсөнөөр буюу дээрх гэрээний хавсралт 1-т заасны дагуу Д******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр төлөгдсөн гэж харилцан тохиролцсон. Гэтэл дээрх гэрээний төлбөр болох 442 016 500 төгрөгийг Д******* ХХК нь Х ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт тооцон иргэн Э.С*******д шилжүүлсэн боловч Д******* ХХК нь М******* ХК-д гаргасан Хүсэлт гаргах тухай 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22/209 тоот албан бичигт "Манай компанийн зүгээс иргэн Э.С*******той аливаа төлбөр тооцоогүй байгаа учраас 066/2021-OF-MLS тоот "Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ"-г цуцалж, 1.Х, Н.Д нарын нэр дээр 21/02 тоот "Хэлцэл”-ийн 3-т дурдсан блокийн 14 давхрын 106,51 м.кв оффисын талбайг шилжүүлж өгнө үү? гэсэн байдаг. Уг албан бичгийн дагуу М******* ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 153 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт "тус компани болон Д******* ХХК-ийн хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор манай компанийн зүгээс Д******* ХХК-д бартерт илүү шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан авсан бөгөөд Д******* ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 22/209 тоот албан хүсэлтээр Э.С*******той төлбөр тооцооны асуудал байхгүй гэж мэдэгдсэн тул 066/2021-OF-MLS тоот “Үл хөдлөх корона захиалгаар бариулах гэрээ"-г цуцлах болсон. Иймд уг гэрээг цуцалсантай холбоотой аливаа асуудлаар Д******* ХХК-д хандана уу гээд гэрээ цуцалсныг нэхэмжлэгчийн дүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний 11.1-д "гэрээ нь энд дурдсан асуудлаар талуудын хооронд хийсэн зээлийн бүхий л нөхцөл, ойлголтыг тодорхойлон илэрхийлж байгаа бөгөөд талуудын аль нэг тал ба гуравдагч этгээдийн хооронд хийсэн бүх хэлцэл, хэлэлцээ, амлалт ойлголт нь талын хувьд үл хамаарах, хүчин төгөлдөр бусад тооцогдоно” гэж заасны дагуу гуравдагч этгээд Д******* ХХК болон М******* ХХК-ийн хоорондын асуудал энэхүү гэрээнд хамааралгүй юм. Иймд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 066/2021/OF-MLS тоот “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ"-ний 3.2.******* зүйлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх буюу Х******* дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис Үйлчилгээний зориулалттай "М-2" блокийн 14-р давхрын 106.51 м.кв талбай бүхий ул хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Захиалагчид шилжүүлэн өгөхийг хариуцагч "М*******" ХХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгахаар шаардсан. Хэдийгээр хариуцагч нь гэрээг цуцласан гэж байгаа боловч үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.1-д бусад этгээдийн хооронд хийгдсэн аливаа хэлцэл, тохиролцоо, амлалт хүчин төгөлдөр бусад тооцогдоно гэсэн учраас гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчингүй гэж үзнэ. Тиймээс Д******* ХХК болон М ХХК-ийн хоорондын асуудал огт хамаагүй. Мөн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн байхыг шаардахгүй, хэн нэгэн өмнөөс нь төлж болно. Бартерийн байрыг ажлын хөлсөндөө авсан, нэг бартерийн байраа ажлын хөлсөндөө авсан, өөрөөр хэлбэл Х ХХК өрөндөө өгсөн. Тиймээс уг орон сууц нь нэхэмжлэгчийг өмч, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн байхад хариуцагч гэрээ хамааралгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхээ шаардаж нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М******* ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д******* ХХК- тай 04/2020-MLS тоот, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2021/31 тоот "Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г тус тус байгуулсан бөгөөд эдгээр гэрээгээр гүйцэтгэгч Д******* ХХК-д тодорхой бартер буюу арилжааны зүйлийг шилжүүлэхээр тохиролцсон. Энэ дагуу нэхэмжлэлд дурдагдсан оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх буюу Үл хөдлөх хөрөнгийн захиалгаар бариулах гэрээг гүйцэтгэгчтэй байгуулсан юм. Ажил гүйцэтгэх явцад Д******* ХХК төлбөрт авахаар тохирсон хөрөнгөө Э.С*******д шилжүүлэх хүсэлтийг бидэнд ирүүлснээр Үл хөдлөх хөрөнгийн захиалгын эрхийг Э.С*******д шилжүүлээд байсан боловч 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Д******* ХХК-аас нэхэмжлэлд дурдсан агуулга (Манай компанийн зүгээс иргэн Э.С*******той аливаа төлбөр тооцоогүй байгаа учраас 066/2021/OF-MLS тоот "Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ"-г цуцалж уг хөрөнгийг М.Х, Н.Д нарын нэр дээр 21/02 тоот "Хэлцэл"-ийн 3-т дурдсан блокийн 14 давхрын 106.51 м² оффисын талбайг шилжүүлж өгнө үү)-тай албан бичгийг ирүүлсэн. Энэ дагуу Үл хөдлөх хөрөнгийн захиалан бариулах гэрээг М.Х, Н.Д нарын нэр дээр шилжүүлж өгсөн юм. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа үл хөдлөх хөрөнгө нь М******* ХХК болон Д******* ХХК-ийн хооронд байгуулсан дээрх “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-нүүдийн төлбөрийн хэрэгсэл бөгөөд энэ хөрөнгийн захиран зарцуулах эрх нь зөвхөн Д******* ХХК-д хадгалагдаж байсан юм. Иймээс бид энэ хөрөнгийг Д******* ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр дангаар дур мэдэн хэн нэгэнд шилжүүлэх, борлуулах, арилжаалах эрхгүй, зөвхөн Д******* ХХК-ийн хүсэлт, шаардлагаар бусдад шилжүүлэх боломжтой. Д******* ХХК болон иргэн Э.С******* нарын хооронд ямар төрлийн гэрээ хийгдсэн, төлбөр тооцооны ямар асуудалтай байгааг бид мэдэх боломжгүй, энэ талаарх мэдээллийг шаардах эрхгүй ба тус компани нь Д******* ХХК-аас ирүүлсэн албан бичигт үндэслэн Үл хөдлөх хөрөнгийн захиалгаар бариулах гэрээг шилжүүлсэн. Иймд М******* ХХК нь хариуцагч болох үндэслэлгүй байна. Хэрэв нэхэмжлэгч Д******* ХХК-аас "Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ"-г шилжүүлэх боломжтой талаар хүсэлтийг дахин авсан тохиолдолд бид гэрээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх боломжтой юм. 2. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг тул нэхэмжлэлд дурдсанаар олох эрхийг хэн нэгний нэр дээр шилжүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж байна гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д ХХК нь М******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу төлбөрт нь одоо нэхэмжлээд байгаа оффисын зориулалттай байрыг шилжүүлье гэдэг байдлаар тохиролцсон. Захиалагч нь М******* ХХК гүйцэтгэгч нь Д ХХК байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний хөлс нь тухайн байр. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээ нь Э.С******* болон М******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэж тайлбарлаад байгаа. Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэг тал нь аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлж өгөөд нөгөө талаас төлбөр төлсөн байх шаардлага тавьдаг. Гэтэл Э.С*******гоос М******* ХХК-д төлбөр төлөгдөөгүй. Төлбөрийн хэрэгслээ хаашаа шилжүүлэх нь Д ХХК-ийн асуудал. Шүүхэд ирүүлсэн албан бичигт ямар нэгэн огноо тавиагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээг М******* ХХК-тай Э овогтой С*******гийн нэр дээр байгуулахыг зөвшөөрсөн нь үнэн болно гэсэн байна. Өмнө нь нэг удаа зөвшөөрөл өгөөд Э.С*******той байгуулсан. Дараа нь Э.С*******той байгуулсан гэрээгээ цуцалсан, н.Д болон н.Х нар луу энэ эд хөрөнгийг шилжүүл гэсэн хүсэлтийг М******* ХХК-д тавьсан. Үүний дагуу М******* ХХК нь н.Х болон н.Д нартай үл хөдлөх хөрөнгийн захиалгын гэрээ байгуулсан. Хөрөнгөө шилжүүлсэн. М******* ХХК нь Д ХХК-иас ямар бичиг ирнэ түүний дагуу төлбөрийн хэрэгслээ шилжүүлсэн. Энэ талаар тодруулья гэхээр нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөнгүй, мөн уг албан бичигт ирсэн гүйцэтгэх захирал нь өөр байгааг анхаараарай гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Б.Б*******т олгосон итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 066/2021-OF-MLS дугаар үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ /дотор засалгүй/-ний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Э.С*******ын гаргасан хүсэлт, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22/209 дүгээр албан бичгийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 153 дугаар албан бичгийн хуулбар, нэхэмжлэгчээс О.Ариунжаргалд олгосон итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-946 дугаар барилгын туслах материал түрээслэх гэрээний хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21-039 дүгээр барилгын туслах материал түрээслэх гэрээний хуулбар, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 21/06 дугаар Д ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэлх Х ХХК, Д ХХК нарын хооронд тооцооны үлдэгдлийн баталгааны хуудасны хуулбар, Д ХХК-ийн (20-946) тооцооны актын хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21/12******* Д ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 21/081 дүгээр Д ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 21/169 дүгээр Д ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 03/70 дугаар Х ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03/55 дугаар Х ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Х ХХК тооцоо нийлсэн актын хуулбар, 21-039 дүгээр хүлээн авсан бараа материалын актын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22/16******* Д ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Х ХХК тооцоо нийлсэн актын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22/208 дугаар Д ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 03/31 дүгээр Х ХХК-ийн албан бичиг, /3, 4, 5-12, 28-51 хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас Д.Гд олгосон итгэмжлэл, R-с Д.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн гэрчилгээний хуулбар, Д.Р*******ид олгосон итгэмжлэл, 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 04/2020 MCS дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ, гэрээний хавсралтуудын хуулбар, Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн БУ17-659/19 дүгээр тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар, Д ХХК-ийн дүрэмийн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 04/20-MLS-01 дүгээр нэмэлт гэрээ, гэрээний хавсралтуудын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Мишээл резидэнс ХХК-ийн авлагын мэдээ 3 сарын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04/20-MLS-02 дугаар нэмэлт гэрээ Б гэрээний хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 20/041 дүгээр Д ти ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 06-ны 126/2020-OF-MLS дугаар үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ /дотор засалгүй/-ний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21/210 дугаар Д ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22/209 дүгээр Д ХХК-ийн албан бичгийн хуулбар, /55-56, 57-70, 71-78 нотлох баримтын шаардлага хангаагүй, 78-100-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж ирүүлсэн.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 5/1803 дугаар албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 033 дугаар албан бичиг, /110, 120 хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээний үүргээ биелүүлж, Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай М-2 блокын 14 давхарын 106,51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Э.С*******тойтой байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээг цуцлах талаар мэдэгдэж, гэрээг цуцласан, гэрээний зүйл болох орон сууц нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн хэрэгсэл бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны үнийг нь төлөөгүй, мөн гэрээ байгуулах эрх олгосон этгээд нь татгалзсан тул гэрээний үүргийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Э.С******* нь хариуцагч М ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №066/2021-OF-MLS дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ /дотор засалгүй/ байгуулж, Х******* дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй оффис, үйлчилгээний зориулалттай “М-2” блок 14 давхарын 106,51 м.кв оффис 4 үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн санхүүжилт буюу төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ цуцлагдсан эсэх талаар байна, гэрээг байгуулсан, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь бартерийн зүйл байсан талаар хэн аль нь маргаагүй байна.
6.Зохигч талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №066/2021-OF-MLS дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ /дотор засалгүй/ байгуулагдсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
6.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
6.2.Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ /дотор засалгүй/-ний 2.1-д “үл хөдлөх хөрөнгө нь 106,51 м.кв талбайтай байх ба 1м.кв талбай 4 150 000 төгрөг, нийт үнэ нь 442 016 500 төгрөг болно” гэж заасан, мөн гэрээний хавсралт №1-д Үл хөдлөх хөрөнгийн төлбөр төлөх хуваарь “төлбөрийн нөхцөл 100 хувь, Д******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр төлөгдөнө, төлбөр 100 хувь төлөгдсөн болно, нийт дүн 442 016 500 төгрөг” гэжээ.
6.3.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3.2-т “захиалагч нь гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан гэрээний хавсралт 1 болон Д******* ХХК-ийн эрх олгох тухай албан бичиг, тодорхойлолт, тооцооны акт, Х ХХК-тай тооцоо нийлсэн акт, Д******* ХХК-ийн хүлээн авсан материалын акт зэрэг баримтаар тогтоогдож байгаа тул үнэ нь төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардаж байна гэсэн.
6.4.Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч Э.С******* төлөөгүй, гэрээний зүйл нь бартерийн хөрөнгө бөгөөд гэрээ байгуулах эрх олгосон Д******* ХХК нь нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгосноос татгалзсан тул энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж нэхэмжлэгчтэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээг цуцласан болох нь нэхэмжлэгчид хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр нотлогдох тул үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй гэж мэтгэлцсэн.
7.Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №04/2020-MLS дугаартай Барилга угралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээгээр М ХХК, Д******* ХХК нар нь Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт орших М төслийн тауэрийн В1, В2 давхар зоорьтой газраас дээш 20 давхар нийт 23 070,8 м.кв талбайтай барилгын каркас угсралтын ажил буюу гэрээний хавсралт 1-д заасан ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.
Уг гэрээний 3.3.2-т “ажлын хөлсний нийт үнийн дүнгийн 25 хувийн төлбөр болох 923 544 475 төгрөгийн төлбөрийг арилжаа буюу бартераар тооцож олгоно. Бартерын зүйл нь М төслийн оффис үйлчилгээний барилгын оффисын зориулалттай талбай байна. Талбайн хэмжээ, үнийн дүнг энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор тогтооно” гэжээ.
7.2.Мөн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №04/20-MLS-01 дугаартай Нэмэлт гэрээгээр М ХХК, Д******* ХХК нар нь гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж, 3.3.2-д “ажлын хөлсний нийт үнийн дүнгийн 25 хувийн төлбөр болох 2 864 566 875 төгрөгийн төлбөрийг арилжаа буюу бартераар тооцож олгоно. Бартерын зүйл нь М төслийн оффис үйлчилгээний барилгын оффисын зориулалттай талбай байна. Талбайн хэмжээ, үнийн дүнг талууд Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах тухай гэрээгээр баталгаажуулна“ гэж нэмэлт оруулж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №04/20-MLS-0*******тай Нэмэлт гэрээ-Б гэрээгээр талууд 3.3.2-д “ажлын хөлсний нийт үнийн 2 858 354 000 төгрөгийн төлбөрийг арилжаа буюу бартераар тооцож олгоно” гэж өөрчилсөн байна.
7.3.2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №126/2020-ОF-MLS дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ /дотор засалгүй/-г М ХХК, Д******* ХХК нар байгуулж, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээгээр тохирсон арилжаа буюу бартерын зүйлийг захиалгаар барин захиалагчид шилжүүлэхээр, гүйцэтгэгч нь захиалагчид дараах үл хөдлөх хөрөнгө /цаашид Үл хөдлөх хөрөнгө гэх/-ийг шилжүүлнэ. М-2 блок /14-р давхарын 673,43 м.кв оффис 1,2,3,4,5,8,9,10/ гэж харилцан тохиролцож, гэрээний хавсралт №1-д “үл хөдлөх хөрөнгийн төлбөр төлөх хуваарь төлбөрийн нөхцөл: 100 хувь, төлбөрийн хуваарь: 2020 оны 8-р сарын 26-ны өдрийн №04/20-МЛС-01 тоот гэрээний 3.3.2 зүйлд заасны дагуу 2.1-т заасан төлбөр тооцоог 100 хувь арилжаа буюу бартераар тооцон олгоно, нийт дүн 2 794 734 500 төгрөг” гэжээ.
7.4.Иймд дээрх баримтууд, талуудын тайлбараар хариуцагч М ХХК нь Д******* ХХК-тай байгуулсан Барилга угралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний хөлсөнд М төслийн М-2 блокын 14-р давхарын 673,43 м.кв оффис 1,2,3,4,5,8,9,10 тоот оффисын зориулалттай тайлбайг шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.
8.Мөн Д******* ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №20-946 Барилгын туслах материал түрээслэх гэрээг Х ХХК-тай байгуулсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №21-039 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ, тооцооны акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Д******* ХХК-ийн хүлээн авсан бараа материалын актаар “...бартер 441 186 500 “ гэж харилцан тохиролцож, Х ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №03/31 дугаартай “Эрх олгох тухай” албан бичгээр “...тооцоо нийлсэн актаар тохирсон бартер болох 441 186 500 төгрөгийн өр авлага барагдуулахаар Д******* ХХК-ийн барилга угсралт гүйцэтгэж буй М******* төслийн оффисын барилгаас 106,51 м.кв талбай бүхий 442 016 500 төгрөгийн оффисийг Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээг өөрийн нэр дээр байгуулах эрхийг Э.С*******д олгож байна” гэжээ.
8.1.Уг албан бичгийг үндэслэн Д******* ХХК нь хариуцагч М ХХК-нд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №21/210 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлсэн бөгөөд албан бичигт “...бартерийн үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах эрхийг олгосны дагуу манай байгууллага иргэн Э овогтой С*******д дээрх гэрээний 1,3-д заасан М-2 блокын 14 давхарын оффисын 4 дугаартай 106,51 м.кв талбайг худалдан борлуулж байгаа тул Э.С*******той 4 дугаартай оффисын талбайд “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж өгнө үү” гэж гэрээ байгуулах зөвшөөрлийг Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар Э.С*******д олгосон болох нь тогтоогдож байна.
8.2.Гэвч зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болох Д******* ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч М ХХК-нд хүргүүлсэн “Хүсэлт гаргах тухай” албан бичигт “...манай компанийн зүгээс иргэн Э.С*******той аливаа төлбөр тооцоогүй байгаа учраас 066/2021-OF-МLS тоот Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээг цуцлаж, М.Х, Н.Д нарын нэр дээр 21/02тоот Хэлцэлийн 3-т дурдсан блокын 14 давхарын 106,51 м.кв оффис талбайг шилжүүлж өгнө үү” гэсэн байх тул хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №153 тоот "хариу хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж, уг албан бичгээр “..Д******* ХХК-ийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 22/209 тоот албан хүсэлтээр Э.С*******той төлбөр тооцооны асуудал байхгүй гэж мэдэгдсэн тул 066/2021- тоот Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг цуцлах болсон” гэж мэдэгджээ.
8.3.Нэхэмжлэгч нь гэрээг цуцласныг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээний 11.1-д “гэрээ нь энэд дурдсан асуудлаар талуудын хооронд хийсэн хэлцлийн бүхий л нөхцөл, ойлголтыг тодорхойлон илэрхийлж байгаа бөгөөд талуудын аль нэг тал ба гуравдагч этгээдийн хооронд хийсэн бүх хэлцэл, хэлэлцээ, амлалт, ойлголт нь нөгөө талын хувьд үл хамаарах, хүчин төгөлдөр бусад тооцогдоно” гэж зааснаар хариуцагчийн бусад этгээдтэй хийсэн гэрээ, хэлцэл, амлалт нь хүчин төгөлдөр бус гэсэн боловч зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь зөвшөөрлөө хүчингүй болгосон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлаж, гэрээний 7.1-д зааснаар “гэрээний 3.1.3-д зааснаас бусад тохиолдолд аль нэг тал нь гэрээг цуцлах болсон тухайгаа нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзэв.
9.Шүүхээс талуудын хоорондох маргаан бүхий асуудлыг тодруулахаар Д******* ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг компаниас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №033 дугаартай “Тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичигт “...манай байгууллага нь Х ХХК-иас авсан бараа бүтээгдэхүүний төлбөр болох 442 016 500 төгрөгийн өглөгийн оронд М ХХК-н М3 блокын 14 давхар 106,51 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцуулахаар тохирч, уг үл хөдлөх хөрөнгийн захиалгын гэрээг М ХХК-тай Э овогтой С*******гийн нэр дээр байгуулахыг зөвшөөрсөн нь үнэн болно” гэсэн байх бөгөөд гэрээ байгуулах эрхийг нэхэмжлэгчид олгосон талаар зохигч талууд маргаагүй, харин гэрээг цуцласан, мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөгдсөн талаар маргасан бөгөөд энэ талаар нотлуулахаар зохигч талууд хэн аль нь Д******* ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй, мөн Д******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг ирүүлээгүй болно.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”,106.2.Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар шаардаж байна гэсэн боловч зохигч талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ /дотор засалгүй/-ний 5.5-д “энэхүү гэрээний дагуу захиалагч нь холбогдох төлбөрөө бүрэн хийж дуусах хүртэл уг Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь гүйцэтгэгч тал байна” гэж заасан, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу хүргүүлэх тухай албан бичигт “М ХХК-ийн өмчлөлд Х******* дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө гудамж 75/1, 75/2, 75/3 тоот хаягт байрлах үйлчилгээ, конторын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бүхэлдээ бүртгэлтэй байна” гэсэн байх тул нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй болно.
11.Иймд нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №066/2021-OF-MLS дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ /дотор засалгүй/ байгуулсан боловч уг гэрээг байгуулах эрх буюу зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгосон хүсэл зоригоо буцаасан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлаж, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зааснаар мэдэгдсэн байна гэж үзэв.
Иймд гэрээнээс татгалзаж, гэрээг цуцласнаар үүргийн харилцаа дуусгавар болох тул үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болох бөгөөд Х******* дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй оффис, үйлчилгээний зориулалттай “М-2” блок 14 давхарын 106,51 м.кв оффис 4 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Э.С*******гийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлж, Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай М-2 блокын 14 давхарын 106,51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.С*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 368 032 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН