Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДШМ/24

 

Давах шатны шүүхийн магадлал Х.Хд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш,шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Хд холбогдох 1813001820113 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, прокурор М.Отгонжаргал, шүүгдэгч Х.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, хохирогч Б.С нар оролцов.  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1961 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, урьд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Аы Х, РД:; Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Б.Сыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/111Ш2018/0017 дугаартай шийдвэрийг дүр эсгэн биелүүлэх санаа зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б.Сыг урьд эрхэлж байсан Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, Санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.Жамбалыг ажлаас чөлөөлөх тухай Б/36 дугаартай захирамж гаргаж, уг захирамжийг Б.Сд мэдэгдэж танилцуулахгүй байсаар түүнийг шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгыг шийтгэл ногдуулж 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн сан Б/45 дугаартай захирамж гаргаж шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор: “1. Шүүгдэгч У овогт Аы Хыг шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: “Иргэн Х.Х би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэх Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэлийг эс зөвшөөрч байна. Үндэслэл нь: 1. Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/111Ш2018/0017 дугаартай шийдвэрийг хүндэтгэн үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Энэ байдал бол Б.Сыг ажилд нь эгүүлэн томилно гэсэн байр суурийг минь илтгэж байгаа. 2. Үүний нотолгоо нь би Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б/36 дугаартай захирамжаар Б.Сыг сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилж энэ үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.Жамбылыг чөлөөлсөн явдал юм. 3. Уг Б/36 тоот захирамжийг төлөвлөж Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч, бичээч О.Хад өгч шивүүлж гаргуулсан. Би О.Хад “Захирамжийг албан ёсоор бичүүлж нэг хувийг Б.Сд өгөөрэй, мөн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Хд энэ захирамжийг танилцуулаарай, бүх юм дүрэм журмаар нь болох ёстой” гэж үүрэг өгсөн. 4. Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Хд “Б.Сыг дуудаж ирүүлээд, ажилд нь оруулж тайлан мэдээ зэргийг нь гаргуулж ажиллуул” гэж хэлсэн. 5. Гэрчээр мэдүүлэг өгсөн О.Х нь “Б.Сыг ажилд нь эгүүлэн томилсон Б/36 дугаартай захирамжийг гаргуулсан” гэжээ. Бичиг хэргийн эрхлэгч нь захирамжийг 3 хувь гаргаж, нэг хувийг өдөр болгон Засаг даргын контор, тэр орчимд байнга ирдэг гэр нь Засаг даргын Тамгын газрын ойролцоо байдаг Б.Сд өгч, Засаг даргын албыг залгуулж үүргээ биелүүлэх ёстой. 6. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х нь гэрчээр мэдүүлэхдээ “Засаг даргын Б.Сыг ажилд нь эгүүлэн томилсон тухай захирамж гарсан асуудлыг судлан үзсэн” Б.Сыг өрөөнд дуудаж “Санхүүгийн албаны тайланг өгч туслаарай” гэж хэлэхэд өрөөнд Засаг дарга орж ирээд “Санхүүгийн материалыг яаж бүрдүүлэх тухай асуусан” гэж хэлсэн нь Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х Б/36 дугаар захирамжийг үзэж танилцаж, Б.С ажилдаа эргэн орсон гэдгийг 4 дүгээр сарын 4-нд мэдэгдсэн гэдэг нь нотлогдож байна. Түүнээс гадна ажилдаа орж тайланг гаргах тухай яриа болсныг гэрчилж байгаа юм. 7. Харин намайг ажлаас минь чөлөөлүүлэх ИТХ-ын дарга зэрэг хүмүүстэй хуйвалдаж явсан этгээд болох О.Х, төлөөлөгч Ө.Х, Ш.Д, Х.Х нар болон бусад гэрч мөн Б.С нар нь миний эсрэг худал мэдүүлэг өгсөн нь тодорхой байна. Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х нь Б/36 дугаар захирамжийг судалж үзсэн атлаа Засаг даргын ажлын албыг шууд залруулан гүйцэтгэх албан тушаалтныхаа эрх үүргийн дагуу Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуульд заасан. Б.Сыг нэгэнт албан өрөөндөө ирүүлсэн бол захирамжийн нэг хувийг түүнд өгч тайлан мэдээг нь гаргуулах үүрэгтэй байсан. Гэрчээр мэдүүлэхдээ “юу ч мэдээгүй, Засаг дарга хууль зөрчсөн байдалтай байсан” гэх мэт надыг далдуур муулж өөрийнхөө хүлээсэн үүргийнхээ дагуу дурдаагүй өнгөрчээ. 8. Нэгэнт ажилдаа эгүүлэн томилогдсоноо Б.С нь мэдсэн хэрнэ чирэгдэл, хэл ам үүсгэн үл мэдсэн “дүр эсгэж” ажил таслаад гэртээ хэвтээд байсан. Магадгүй миний эсрэг ажилсан Ө.Х, О.Х нар “Чамд захирамжийн нэг хувийг Х.Х өөрөө өгөх ёстой, өгөөгүй гэдгээр далимдуулж дуугүй хэвтээд бай” гэж Б.Сыг ятгаж ажлыг нь хүлээлцүүлээгүй байх гэж бодож байна. Ер нь Б.С нь ажлаа хүлээлгэж өгөөгүй байсан. Тэр ч байтугай өөрийнх конторын түлхүүр, тамга тэмдэг, сейфийг хүлээлгэж өгөлгүй бичиг баримтыг өөрөө гэр лүүгээ авч явсан. Улсын ажлыг санаатайгаар тасалдуулсан. Тийм учраас ажил хүлээлцэх шаардлагагүй байсан. 9. Гэрч Х.Еркежан нь “санхүүгийн тасгийн дарга А.Жамбалыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлж, Б.Сыг ажилд эгүүлэн томилох тухай Б/36 тоот Засаг даргын захирамжийг Засаг дарга Х.Х нь 4 дүгээр сарын 04-ний өдөр надад ноороглож төлөвлөж өгсөн, би уг захирамжийг төлөвлөлтийг найруулж хуулийн үндэслэлийг бичиж бичиг эрхлэгч О.Хад өгсөн, О.Х нь уг захирамжийг шивж гарган захирамжид дугаар өгөх асуудал О.Хад хамааралтай болно” гэжээ. Эдгээр байдалд дүгнэлт хийхэд О.Х, Ө.Х нар өөрсдийн хуулийн дагуу хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлээгүй, албан хаагч тушаалтнуудын дунд хагалан бутаргасан будилаан явуулж, энэ байдлаас болж ял шийтгэгдэн, мөрөөрөө төрийн ажил хашиж байсан би хохирлоо. 10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 4 дүгээр сарын 06-нд гүйцэтгэх хуудас ирсэн ба би гүйцэтгэх хуудас бичигдээгүй байхад Б.Сыг ажилд эгүүлэн авсан Б/36 тоот захирамж гаргасан бөгөөд ажилд эгүүлэн авсан тухай албан бичгийг Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х нь шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан нь хавтаст байгаа, мөн захиргааны хэргийн шүүхэд албан тоотоор мэдэгдсэн. 11. Нэгэнт Б.С нь ажилдаа эргэн орсноо мэдсэн. (Ө.Хн өрөөнд байхад би хэлсэн) Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х болон бичиг хэргийн эрхлэгч О.Х нар Б.Сыг ажилд нь оруулах үүрэгтэй байсан зэрэг байдлаар Б.Сыг ажилдаа ирж, ажлаа хийж тайлангаа гаргасан гэж би бодож байсан. Гэтэл 5-6 хоног ажилдаа ирээгүй байсан нь тодорхой болмогц Б.Сын цагийн бүртгэлийг хий гэж цаг бүртгэгч Засаг даргын Тамгын газрын нярав Ш.Хэд үүрэг өгсөн. Ш.Х нь Б.Сын ажлын цагийг бүртгээд надад танилцуулахад Б.С нь 16 хоног шалтгаангүй ажил тасалсан байсан тул үндэслэлгүйгээр олон хоног ажил тасалсан гэж үзээд дотоод журмын дагуу Б.Сыг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. 12. Б.Сыг ажилд авсан болгон дүр эсгэсэн байна. Үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн, захирамж гаргасан гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад шаардлага тавихад би 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б/78 дугаартай захирамжаар Б.Сыг санхүү албаны даргын ажилд дахин эгүүлэн томилсон. Дүгнэж хэлэхэд: 1. Би Б.Сыг нэг биш удаа захирамж гаргаж ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд санаатайгаар дүр эсгэж төр болон хуулийг хууран мэхлэх гэсэн санаа агуулаагүй. Харин миний зарим салан задгай, бусдад итгэх итгэлийг минь Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х, бичиг хэргийн ажилтан О.Х зэрэг нь овжин ашиглаж өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Б.Сд мэдэгдэлгүй, эсвэл түүнтэй үгсэн тохирч миний эсрэг ажиллаж намайг гэмт хэрэгтэн болголоо. 2. Хэрэгт мэдүүлэг өгсөн бүх гэрчүүд нь дан ганц Б.Сыг хамгаалсан, түүний талд байж, намайг огцруулж чадсан хүмүүс бөгөөд тэдгээр гэрчүүд миний эсрэг зориуд худал мэдүүлэг өгчээ. Дээрх Ө.Х, О.Х, Ш.Д, Х.Х нар нь намайг гүтгэн засаг даргаас минь огцруулсныг далимд нь дурдъя. Иймд хэрэг миний эсрэг, миний эрх зүйн байдлыг хэт доордуулж, шалгагдсан байдлыг шүүх анхаарч үзээгүй. Хуульд заасан эргэлзээтэй байдал илэрвэл (дээрх тайлбарт бичсэн минь хэрэг дотор авагдсан нотлох баримтууд юм) шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн заалт зарчмыг баримтлаагүй. Миний гэм буруутай санаа үйлдэл минь тал бүрээр нотлогдоогүй байхад намайг гэм буруутайд тооцож торгох ялаар шийтгэсэнд нь гомдолтой тул анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна.” гэжээ. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Х.Хын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Б.Сыг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2018/0017 дугаартай шийдвэрийг дүр эсгэн биелүүлж 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б.Сыг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, А.Жамбалыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж, уг захирамжийг Б.Сд мэдэгдэж танилцуулалгүйгээр 2018 оны 4 дгээр сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид танилцуулан, энэ хугацаанд Б.Сыг ажил тасалсан мэтээр цагийн бүртгэлийг Засаг даргын Тамгын газрын цаг бүртгэгч Ш.Хээр хуурамчаар нөхөн бичүүлэн, улмаар Б.Сыг шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалсан гэж үзэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр дахин ажлаас халж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2018/0017 дугаартай шийдвэрээр “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бугат сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Сыг Бугат сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир нэхэмжлэгчээс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.С Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрийг албадан биелүүлэх талаар хүсэлт гаргасан байна. Шүүх хүсэлтийг хангаж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ32018/0133 дугаартай шүүгчийн захирамжаар 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2018/0017 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн шүүхээс Бугат сумын Засаг даргад шүүхээс болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус тус мэдэгдэл, шаардлага хүргүүлж байжээ. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлбэл зохих этгээд болох Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Х нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн, улмаар гаргасан шийдвэрээ ажилтанд танилцуулахгүйгээр түүнийг ажил тасалсан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож дахин ажлаас халах тухай шийдвэр гарган, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанаас санаатайгаар зайлсхийсэн, саад учруулсан нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ. Хохирогч Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажил олгогчид удаа дараа хандаж, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орохыг хүссэн боловч ажил олгогч буюу шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Х нь хариу өгөөгүй, ажилдаа эгүүлэн томилсон талаар шийдвэр гарсан эсэхийг ажилтанд мэдэгдэх, ажил хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Бугат сумын Засаг даргын Тамгын газарт бичиг хэргийн архивын эрхлэгчээр ажилладаг О.Х нь “Засаг дарга Х.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр захирамжийг 2 хувь үйлдсэн бөгөөд нэг хувь нь бичиг хэрэгт үлдэж, нэг хувийг нь өөрөө авсан, захирамжийг Б.Сд танилцуулаагүй, гардуулж өгөөгүй, ажил хүлээлцэх комисс, ажлын хэсэг байгуулагдаагүй” гэж гэрчилжээ. Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай Ө.Х нь “Б.Сыг ажилд эргүүлэн томилсон тухай захирамжийг хараагүй, мөн санхүүгийн албаны дарга өөрчлөгдсөн тохиолдолд Сангийн яаманд албан тоот явуулж төрийн сангийн үйлчилгээний нууц кодыг сольдог талаар, шүүхийн шийдвэр гарсан бол ажилд эргүүлэн томилох талаар Засаг даргын зөвлөлөөр “томилох нь зүйтэй” гэсэн санал гарч байсныг” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Бугат сумын Засаг Даргын Тамгын Газарт нярав ажилтай Ш.Х нь “2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Засаг дарга Х.Х өрөөндөө дуудаж цагийн бүртгэлд Б.Сын нэрийг оруулж “4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тасалснаар бүртгэ” гэсний дагуу тасалснаар бүртгэсэн, Б.Сыг ажилд эргүүлэн томилсон захирамжийг танилцуулж байгаагүй, Санхүүгийн тасгийн дарга А.Жамбал 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд ажлаа хийж гүйцэтгэж байсан” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай захирамжаар Б.Сыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эгүүлэн тогтоосон атлаа уг шийдвэрийг ажилтанд мэдэгдэлгүйгээр шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, тус сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай “Б.Сыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар “Б.С нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэж ажилтныг ажилд томилсон шүүхийн шийдвэр бодитой биелэгдээгүй, дүр эсгэн биелүүлж, ажилтныг ажил тасалсан гэх нөхцөл байдлыг зориудаар бий болгон дахин ажлаас халснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Хын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай захирамжуудыг тус тус гаргаж, шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас санаатайгаар зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийн бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 3000 нэгж буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, үйлдэл холбогдолд нь тохирсон байна. Шүүгдэгч Х.Х нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Харин миний салан задгай бусдад итгэх итгэлийг минь ашиглан үгсэн тохирч миний эсрэг ажиллаж намайг гэмт хэрэгтэн болгосон, хэрэгт мэдүүлэг өгсөн бүх гэрчүүд дан ганц Б.Сыг хамгаалсан, миний эрх зүйн байдлыг дордуулж шалгагдсан байдлыг шүүх анхаарч үзээгүй, миний буруутай үйлдэл санаа тогтоогдоогүй байхад шийдвэрлэсэн тул тогтоолыг хүчингүйд тооцож өгөхийг” хүсжээ. Анхан шатны шүүх хохирогч Б.С, гэрч Х, Ө.Х, Ш.Х, Б.Айнур нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Х.Хын тухайн үедээ Засаг даргаар ажиллаж байх үеийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай захирамжууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Хын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

С.ӨМИРБЕК ШҮҮГЧИД

Д.КӨБЕШ

Д.МӨНХӨӨ