Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 039

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж улсын яллагч Х.Өрен нарийн бичгийн дарга К.Еркежан Орчуулагч, хэлмэрч А.Еркегүл шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд шүүгдэгч М.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Манахайгийн Ет холбогдох 1813000010018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дүгээр баг, Х,  дугаар гудамж, тоотод оршин суух, урьд  ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Мгийн Е, РД: 00000000

Шүүгдэгч  М.Еийн  холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Е 2017 оны 07 дугаар сарын 10-наас 14-ний хооронд БаянӨлгий аймгийн Бугат сумын Шар толгой гэх газарт бэлчээрт байсан иргэн З.Бы 2 үхрийг хулгайлж, 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1 .   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар :

Шүүгдэгч М.Е нь 2017 оны 07 дугаар сарын 12-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Шар толгой” гэх газарт бэлчээрт байсан иргэн З.Бы 2 “монгол шар” үхрийг хулгайлан,  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг, “Хөх хад” гудамжны 1701 тоот хашаанд оруулан хашаад харанхуй болмогц төрсөн ах М.Мерейгийн хамт түүний амбаарт нь нядалж, 2 үхрийн толгой, арьс ширийг ууланд шөнө аваачиж хаяад, өглөө болмогц мах худалддаг К.Мад нийтэд нь 600000 төгрөгөөр худалдан борлуулан иргэн З.Бы өмчлөх эрхэд халдаж, түүнд 2000000  төгрөгийн хохирол учруулсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Шүүгдэгч М.Еийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хх-ийн 92-97 дугаар хуудас/

- Хохирогч З.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн  28-33 дугаар хуудас/

- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-12, 17-20 дугаар хуудас/

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1314  дүгээр хуудас

- эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  15-16 дугаар хуудас/

- гэрч Б.Меруертийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн  35-37 дугаар хуудас/

- гэрч Б.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-  40 дугаар хуудас/

- гэрч М.Семсерханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн  42-44 дүгээр хуудас/

гэрч М.Мерейгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 4748   дугаар хуудас/

- гэрч К.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-57  дугаар хуудас/

- гэрч С.Сабахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/

- Эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг баримтлан тус шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч М.Еийн ах болох М.Мерей нь тус гэмт хэрэгт  хамтран оролцож гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн эсэх, Б.Х нь гэмт хэрэгт нь туслалцаа үзүүлж орон байраар хангасан эсэх, гэмт хэргийг нуун дарагдуулсан эсэх талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүй, шүүгдэгч М.Еийн холбогдсон хэргийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд дээрх асуудлаар прокурор тусад нь шалгах бүрэн боломжтой гэж үзлээ. Ингэснээр шүүгдэгчийн хувьд хэргийн байдлыг бодитоор тогтооход нөлөөлөхгүй, эрх зүйн байдалд нь өөрчлөлт орохгүй юм.

Шүүгдэгч М.Е нь урьд нь бусдын малыг хулгайлж байсан талаар тогтоосон зүйлгүй, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн лавлагаагаар нотлогдож байх тул түүнийг мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхгүй.

Шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олж хувьдаа ашиглах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатайгаар үйлдэж, бусдын ө м ч л ө х э р х э д х а л д ж э э . Б у с д ы н ө м ч л ө л и й н 2 ширхэг үхрийг хулгайлж нядалснаар түүнийг захиран зарцуулах бодит бололцоо бий болж гэмт хэрэг төгссөн байна.

Тус гэмт хэрэг гарахад хохирогчийн өөрийнхөө малд хараа хяналт сул тавьж хайнга хандсан, шүүгдэгч М.Еийн шударгаар амьдрах ухамсар дорой, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тогтсон ажил хөдөлмөр хийдэггүй, мал мах худалдан борлуулдаг иргэд нь хулгайн байж болох, гарал үүслийн бичиггүй малын махыг  зах зээлийн үнээс хямд үнээр авч, худалдан борлуулж малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлдэг, мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол шалгалт хийж, гарал үүслийн бичиггүйгээр малын мах зарах зөрчлийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дутмаг авсан зэрэг нөлөөлсөн байна. Иймд холбогдох байгууллагууд малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар дорвитой ажил зохион байгуулах шаардлага зайлшгүй байна.

Шүүгдэгч М.Еийн хууль бус үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох бусдын эд хөрөнгийг нууц далд хэлбэрээр, хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл хийж, өөрийн өмчлөлд шилжүүлэн захиран зарцуулсан, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан тайлбарт “ мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэснээр шүүгдэгч нь 2 ширхэг үхэр хулгайлсан байх  тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч З.Бд 1 үхэр нь 750000 төгрөгийн буюу нийт 1500000 төгрөгийн хохирол, мал эрж хайхад зарцуулсан бензиний үнэ 500000  төгрөгийн хор уршиг учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нь шүүгдэгчээс өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгч  М.Еийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

1 .  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай :

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ет эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд нийгмээс тусгаарлахгүйгээр, хуульд заасан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ урьдаас төлөвлөж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Еийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан М.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ аваагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Еийн өмчлөлийн 031303068 дугаар бүхий 620 мкв газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгов.

Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн  шүүгдэгчийн

эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд з а а с н ы г т у с т у с у д и р д л а г а болгон                                                                                                                                                                                    ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Т овогт Манахайгийн Еийг “Бусдын малыг хулгайлах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Еийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ет оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч М.Еийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Еийн өмчлөлийн 031303068 дугаартай 620 мкв газрын битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ