Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 304

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй,

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн

иргэдийн Нийтийн Хуралд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, дахин санал хураалт явуулахыг даалгах тухай”

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0255 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:   

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд Э.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хоёр дахь удаагийн хуралдааныг дахин зохион байгуулахыг Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгажээ.   

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0255 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Э.С, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0255 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалттай нийцээгүй гэж үзэж байна.

5. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн алдааг залруулахгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6. Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна гэжээ. Багийн даргыг сонгох сонгуулийг Сонгуулийн тухай хуулиар зохицуулаагүй байхад Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7. Шүүх Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.14, 99 дүгээр зүйлийн 99.3-д заасныг тус тус үндэслэж Э.С-гийн төлөө санал өгсөн тамгагүй 2 саналын хуудсыг хүчингүй гэж үзэн улмаар гуравдагч этгээд Э.С нь хүчинтэй нийт 150 саналын хуудсаар санал авсан нь санал өгсөн иргэдийн 50-иас дээш хувийн саналыг авсан байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8. Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.11-д “тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ” гэж заасан байх ба мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.5-д “санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна” гэж тус тус заасан байна. Шүүх Сонгуулийн тухай хуулийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа бол зөвхөн Э.С-гийн төлөө санал өгсөн тамгагүй 2 саналын хуудас хүчингүй байх бус 9 дүгээр багийн даргыг сонгох сонгуульд санал өгсөн 303 саналын хуудсыг бүгдийг нь баталсан загвараас өөр байна гэж үзэх үндэслэл бий болж байна. Эндээс харахад Багийн даргыг сонгох сонгууль нь Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдахгүй гэдэг нь харагдаж байна. 

9. Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолоор тооллогын комисс байгуулсан ба энэхүү тооллогын комиссын 2016 оны 12 дугаар сарын 03-ны 04 тоот тогтоолоор саналын хайрцаганд нийт 303 саналын хуудас байснаас хүчинтэй 300 саналын хуудас, хүчингүй 3 саналын хуудас байна гээд Э.С-гийн төлөө 152 иргэн, Ц.Б-гийн төлөө 148 иргэн тус тус санал өгсөн гэдгийг тоолж баталгаажуулсан байдаг. Тооллогын комиссын тогтоол хүчинтэй байх ба үүнийг үндэслэж иргэдийн Нийтийн Хурлаас Улаангом сумын 9 дүгээр багийн засаг даргад гуравдагч этгээд Э.С намайг нэр дэвшүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

10. Иймд хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0255 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэжээ.

12. Нэхэмжлэгчээс “...Э.С нь 152 санал авсан ба тамга дарагдаагүй 2 саналын хуудсыг хасч 150 санал авсанд тооцох ёстой байхад хүчинтэйд тооцсон” гэж, хариуцагчаас “...Нийт 303 хүн санал өгснөөс хүчинтэй санал 300, хүчингүй саналын хуудас 3 гарч, Ц.Б 148 хүний санал буюу 49,3%, Э.С 152 хүний санал буюу 50,7% авснаар Э.С-г багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн...” гэж тус тус маргажээ.

13. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын протоколд “...саналын хуудсыг 276 хэвлэв...Засаг даргыг сонгох с/хуудас 241...” гэж, Тооллогын комиссын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолд “саналын хуудас 303 тамгалагдсанаас...санал хураалтад 300 хүчинтэй саналын хуудас тоологдсон...” тухай баримтууд хэрэгт авагдсан байна.

14. Мөн “Улаангом сум 9 дүгээр багийн Засаг даргыг сонгох санал хураалтын саналын хуудсанд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл”-ээр “...нэр дэвшигч Ц.Б-гийн төлөө өгсөн саналын хуудсыг тоолж үзэхэд нийт 148 ширхэг байсан..., нэр дэвшигч Э.С-гийн төлөө өгсөн саналын хуудсыг тоолж үзэхэд нийт 152 ширхэг байсан ... тамгагүй саналын хуудсаар санал өгсөн саналын хуудас 2 ширхэг” байсан болохыг тогтоожээ.  

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба тухайн тохиолдолд анхан шатны шүүхийн “Э.С-гийн төлөө санал өгсөн тамгагүй 2 саналын хуудсыг хүчингүй гэж үзэн нэр дэвшигч Э.С-гийн төлөө санал өгсөн хүчинтэй 150 саналын хуудас байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн санал хураалтыг явуулсан саналын хуудасны хоёроос бусад нь тамгатай байсан тул анх тамгатай хуудсаар санал хураахаар тохирсон гэж үзэхээр байх бөгөөд нэгэнт хоёр тамгагүй хуудас саналын хайрцагнаас гарч ирснийг хүчингүй гэж үзсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.      

16. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан бөгөөд нэр дэвшигч Э.С-гийн төлөө өгсөн тамгагүй 2 саналын хуудсыг “хүчингүй саналын хуудас” гэж, түүний төлөө өгсөн хүчинтэй 150 сонгогчийн саналыг нийт хуралдаанд оролцсон 303 иргэний 50-иас дээш хувийн санал гэж үзэхгүй талаарх гэх шүүхүүдийн дүгнэлт зөв юм.

17. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан бөгөөд хурлаас санал хураалтыг саналын хуудсаар явуулсныг буруутгах боломжгүй байх тул “...анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй Сонгуулийн тухай хуулийг хэрэглэсэн” гэх агуулга бүхий хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

18. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0255 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН