Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 356

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00356

 

 

                                                                   

“Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэртэй “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.О, Б.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 738 277 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Т ББСБ" ХХК нь Л.О, Б.Б нартай 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Л.О, Б.Б нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Бидний зүгээс зээлдэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан. Л.О, Б.Б нар нь 2019 оны 06 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5 301 852 төгрөг, зээлийн хүү 3 693 271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738 654 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас гарсан нотариатын зардал 4 500 төгрөг, нийт 9 738 277 төгрөгийн өр төлбөртэй. Иймд Л.О, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 9 738 277 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нартай лизингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулж 8 000 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд барьцаанд “Nissan Skyline” маркийн, 9294 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалуулсан. Одоо тухайн тээврийн хэрэгслээ хариуцагч нар өөрсдөө эзэмшиж, ашиглаж байгаа. Харин Авто тээврийн үндэсний төв буюу тээврийн хэрэгслийн бүртгэл хийдэг эрх бүхий байгууллага нь барьцааны бүртгэлийг зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаалагчийн нэр дээр шилжүүлэх замаар хийдэг тул тухайн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагадаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргахгүй. Иймээс тухайн тээврийн хэрэгслээ хариуцагч нар нь барьцаанаас чөлөөлүүлэн өөрсдийн нэр дээр хэдийд ч шилжүүлэн авах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.О, Б.Б нь 2015 оны 10 сарын 29-ний өдөр "Т ББСБ” ХХК-аас 8 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2.7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэгт 6 064 800 төгрөг төлсөн. 2017 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлөлтийг зогсоосон. Учир нь зээлийн гэрээ байгуулах зорилго нь 18 000 000 төгрөгийн үнэ бүхий “Nissan Skyline” маркын авто машин худалдан авахад 8 000 000 сая төгрөг дутсан тул нэхэмжлэгч компанитай зээлийн гэрээ байгуулж тус компанийн өмчлөл дээр худалдаж авсан авто машины өмчлөлөө шилжүүлж Б.Б нь эзэмшиж байхаар тохиролцсон. Гэвч “Т ББСБ” ХХК-аас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан мөнгөн дүн бүрэн гүйцэд төлөгдөөгүй хэмээн гэрээний харилцааг зогсоож зах зээлийн үнэлгээ 18 000 000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг 2017 оны 03 сард хураан авсан. Миний хувьд машиныг хураан авч зээлийн гэрээний үүрэгт тооцохыг зөвшөөрч илүү мөнгийг буцаан өгөхийг зөвшөөрсөн. Гэвч сарын дараа “Т ББСБ” ХХК-иас Б.Б руу ярьж авто машиныг чинь бусдад унуулж байгаад эвдэлчихсэн чи засаад ав, 2017 оны 4 сард төлөөгүй үлдсэн мөнгө 5 325 203 төгрөг нэмэгдүүлсэн хүү 23 251 нийт 5 325 203 төгрөгийг төлөөрэй гэсэн. Авто машин эвдэлсэн засвар сэлбэгийг Б.Б нь хувиасаа гаргасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан   үнийн дүнгээс 4 413 074 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 5 325 203 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. ...Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангахыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна. Л.О, Б.Б нар нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 5 301 852 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн “Т ББСБ” ХХК нь Л.О, Б.Бтай байгуулсан гэрээг дуусгавар болгож 2017 оны 04 сард авто машиныг хурааж авахдаа эзэмшигчид мэдэгдэлгүй ачиж ачилтын алдаа гаргаж 4 дугуйг нь өргөж ачих зориулалттай авто машиныг чирсэний улмаас тоормосны системд гэмтэл учруулснаа үгүйсгээгүй. Иймд шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.О, Б.Б нараас үндсэн зээл 5 301 852 төгрөг, хүү 3 693 271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738 654 төгрөг, нийт 9 733 777 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 170 690 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч нар нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Т ББСБ” ХХК-иас 8 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэйгээр зээлж, үүрэгт 6 064 800 төгрөг төлсөн. Гэрээгээр “Т ББСБ” ХХК-ийн өмчлөл дээр худалдаж авсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлж, эзэмшил нь зээлдэгч нарт байхаар тохиролцсон. Гэтэл “Т ББСБ” ХХК нь зээлийн эргэн төлөлтийг хугацаа хожимдуулсан гэх үндэслэлээр зээлийн гэрээг дуусгавар болгож, 2017 оны 03 дугаар сард зээлдэгч нарын эзэмшилд байсан авто машинаар үүргийг хангахаар хураасныг хариуцагч тал зөвшөөрсөн. Уг авто машиныг хурааж авснаа болон авто машиныг хураах явцдаа гэмтэл учруулснаа “Т ББСБ” ХХК хүлээн зөвшөөрсөн. Тухайн авто машиныг засварлах боломжгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөөгүй учир өнөөдрийг хүртэл ашиглаж чадаагүй. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээ 2017 оны 03 дугаар сард дуусгавар болсон учир хариуцагч нар хуульд заасан нэмэгдүүлсэн хүү 738 654 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Л.О, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 738 277 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр лизингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч тал 12 000 000 төгрөгийн автомашин худалдан авах зорилгоор 8 000 000 төгрөгийг сард 2.7 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ниссан Скайлайн маркийн 92-94 УБТ улсын дугаартай автомашиныг барьцаалахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байна. /хх 7-8/

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ “талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч автомашиныг өмчлөлдөө шилжүүлж, үүргийн гүйцэтгэлд тооцсон тул үндсэн зээл 5 301 852 төгрөг төлнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй” гэж тайлбарласан боловч лизингийн зээлийн болон барьцааны гэрээний 3.1-д “... зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар доорх барьцааны зүйлийг барьцаалав” гэж, 3.5-д “....зээлдэгч нь барьцааны шаардлага хангах зорилгоор уг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг ББСБ-ын нэр дээр шилжүүлдэг тул ... аливаа хариуцлагыг зээлдэгч өөрөө бүрэн хариуцна” гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Уг гэрээнүүдэд автомашины өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх агуулга тусгагдаагүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн болон фидуцийн зүйлийг нэхэмжлэгч бодитойгоор гаргуулан авснаар хариуцагчийн хүлээсэн үүргийг дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан лизингийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Ниссан Скайлайн маркийн 92-94 УБТ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулах замаар шаардах эрхтэй боловч тэрээр уг шаардлагыг гаргаагүй байх тул нэхэмжлэлийн хүрээнд буюу зөвхөн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар /хх 29, 45/, хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцоолол /хх 9/ гэх баримтаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 5 301 852 төгрөг, зээлийн хүү 3 693 271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738 654 төгрөг шаардах эрхтэй.

Хариуцагч тал “нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд байсан автомашины өмчлөгч бөгөөд хураан авахдаа эвдрэл, гэмтэл учруулсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан өгөөгүй тул ашиглах боломжгүй” гэж тайлбарласан /хх 29, 45/ боловч барьцааны зүйлийг чөлөөлүүлэх эсхүл өмчлөлийн зүйлд нь барьцаалагчийн зүгээс хохирол учруулсантай холбоотой шаардлага гаргаагүй тул уг асуудлыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь автомашины эзэмшигчийн нэрийг өөртөө шилжүүлэн авах, барьцааны зүйл болох автомашинд гэмтэл, хохирол учруулсантай холбогдуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                           

                                                                                        С.ЭНХТӨР

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ