Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00464

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03101 дугаар шийдвэртэй “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Уд холбогдуулан гаргасан 5 701 300 төгрөгийн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Уын ажлын хөлс 2 655 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  хариуцагч Ч.У, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Ч.У нь “М” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулагч жолоочоор ажиллахдаа харилцагч нарт түгээсэн орлогыг компанид оруулалгүй хувьдаа ашигласан. “Сайн чулуун тулга” ХХК-ийн өмчлөлийн 23-46 УНТ улсын дугаартай Тоёота раш маркийн автомашиныг барьцаанд үлдээсэн боловч уг машиныг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хадгаламж зээлийн хоршооны хүмүүс барьцааны зүйлд аваад явсан. Ч.У нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд авсан бараанд тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд 7 891 300 төгрөгийн баримт үйлдэж гарын үсэг зурсан. “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярсүрэнгийн Хаан банкны дансанд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 740 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 817 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 633 000 төгрөг, нийт 2 190 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 5 701 300 төгрөгийн үлдэгдэлтэй тул компанид учруулсан хохиролд 5 701 300 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, цалинд 464 500 төгрөг өгөхийг зөвшөөрнө. Цалин сар бүрийн 5-10, 20-30-ны хооронд бодогддог ба 01 сарын 25-ны өдөр тооцоо нийлж 01 сарын 07-ны өдрөөс 01 сарын 15-ны өдөр хүртэлх цалингаа 01 сарын 25-ны өдөр авсан, 01  сарын 16-ны өдрөөс 01 сарын 31-ний өдөр хүртэлх цалин 313 792 төгрөг 02 сарын 01-ний өдөр тус тус авсан. 02 сарын 08-ны өдрөөс ажил эхэлсэн. Борлуулагч Ч.У нь 02 сарын 11-ний өдөр өндгийг зээлээр өгсөн гэж өдөр бүр мөнгөө дутуу тушаасан тооцоо өгч байсан тул 03 сарын 05-ны өдөр ажлыг нь зогсоож тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хариуцагч Ч.Уын нэхэмжлээд байгаа хоол, шатахуун, гараашийн мөнгийг тооцоо нийлсэн актаас хассан тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өндөгний борлуулагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Гэрээний гол нөхцөл нь өөрийнхөө машинаар борлуулалт хийх, үндсэн цалин, машины ашиглалт, борлуулалтын урамшуулал, хоолны мөнгө нийлээд сард 10 020 000-1 050 000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. 2019 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 23 121 000 төгрөгийн өндөгний борлуулалт хийсэн. Ажиллах хугацаандаа 01 сарын 15-ны өдөр 196 000 төгрөг 05 сарын 01-ний өдөр 313 000 төгрөг авсан. Гэрээ ёсоор 3 150 000 төгрөг авахаас 500 000 төгрөг хасаад ажлын хөлс 2 650 000 төгрөгийн цалин нэхтэл миний машиныг барьцаалан, дарамт үзүүлж байгаад тооцоо нийлсэн актад гарын үсэг зуруулсан. Миний бие нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй. Хөвсгөл аймагт өөрсдийнх нь даалгавраар 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 18 цагт 11-44 ХӨА дугаартай автобусанд “Хөвсгөл Отгон” гэж хүлээн авагчийн нэрээр баримт бичиж ачуулсан 15 хайрцаг өндөгний тооцоо 1 620 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 02 сарын 22-ны өдөр “Сувдан бөөний төв”-ийн захиалгаар 12 хайрцаг өндөг үйлдвэрээс ачиж урьд өдрийн борлогдоогүй үлдэгдэл 3 хайрцаг өндөгний хамт бүгд 15 хайрцаг өндгийг хүргэж өгөхөд жижиг, стандарт шаардлагад нийцэхгүй өндөг байна гээд хүлээн аваагүй тул борлуулалтын менежер Байгалмаатай ярихад үйлдвэр дээр аваачиж тушаа гэсний дагуу “М” ХХК-ийн нярав Ганбатад тушаасан. Иймд энэ компаниас би авлагатай болохоос өглөг төлбөр байхгүй.

Хөдөлмөрийн гэрээгээр өөрийн хувийн машинаар борлуулалт хийж өдрийн 175 000 төгрөгийг 3 сарын хугацаанд 525 000 төгрөг, хоолны мөнгө өдөрт 5 000 төгрөг, 78 хоногт 390 000 төгрөг, сар бүр өндөг буцаагаагүй 70 000 төгрөгийг 3 сараар тооцоход 210 000 төгрөг, гарааш өдрийн 12 000 төгрөгөөр тооцоход 540 000 төгрөг, шатахуун 758 000 төгрөг, цалин хөлс сарын 390 000 төгрөгийг 3 сараар тооцож 1 170 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэгч нь 500 000 төгрөг өгсөн тул 2 655 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас 959 773 төгрөг гаргуулан хариуцагч Ч.Уд олгож, “М” ХХК-ийн Ч.Уаас 5 701 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Ч.Уын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 695 227 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106 171 төгрөг, хариуцагчаас төлсөн 57 430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-аас 27 585 төгрөг гаргуулан хариуцагч Ч.Уд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 959 773 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 959 773 төгрөгөөс 398 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 561 773 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Тодруулбал,  гараашийн төлбөр 308 000 төгрөг, шатахуун 253 773 төгрөг, нийт 561 773 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Байгууллага ажилтныг ажиллуулахдаа авто зогсоолын нэг өдрийн төлбөрийг 8 000 төгрөгөөр, шатахууны зардлыг 20 000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон. Хариуцагчийн гаргаж өгсөн бүтээгдэхүүн хүлээлцсэн акт нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хуурамч гэх акттай тоо ширхэг, үнийн дүн, огнооны хувьд яг таарах бөгөөд шүүх үүнийг анхаараагүй үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч шийдвэрийн энэ хэсэгт маргахгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ч.Уд холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа ажил олгогчид учруулсан хохирол 5 701 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлс, унаа, шатахуун, гараашийн зардалд нийт 2 655 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хариуцагч Ч.У нь нэхэмжлэгч компанид 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд жолооч, борлуулагчаар ажиллаж байгаад нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0019/069 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.  /хх 5-8, 178-179/

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ч.У 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа зарлагын баримтаар өндөг хүлээн авч, борлуулсан орлогыг байгууллагад өгөлгүй 7 891 300 төгрөгийн хохирол учруулсан, уг төлбөрөөс төлсөн 2 190 000 төгрөгийг хасч 5 701 300 төгрөг гаргуулна” гэж тайлбарлаж, нотлох баримтаар тооцоо нийлсэн акт /хх 32-33/, зарлагын баримтууд /хх 11-31/ ирүүлсэн, хариуцагч эдгээр баримтад зурагдсан гарын үсгийн талаар маргасан байна.

Шүүх хэргийн 11-31 дүгээр талд авагдсан зарлагын баримтад зурагдсан гарын үсэг хариуцагч Ч.Уын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3705 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...хэргийн 16, 17, 19, 22, 23, 24, 25, 26, 31 дүгээр хуудсанд авагдсан зарлагын баримтуудын хүлээн авагч хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь Ч.Уын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан. /хх 98-101/

 Анхан шатны шүүх дээрх баримтуудад үндэслэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 5 701 300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргаагүй талаар тодорхой дурдсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх болон талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, талуудын хооронд хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр хариуцагч нь өндөгний борлуулалт хийх, нэхэмжлэгч нь цалин, нэмэгдэл, нөхөн олговор олгохоор тохиролцсон гэрээ байгуулсан болох нь  хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ /хх 5-7/, нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0019/017 дугаар ажилд томилох тухай тушаал /хх 179/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Ч.Уын сарын үндсэн цалинг 390 000 төгрөгөөр тооцож, ажилтны нийт ажилласан хугацааны цалинд 907 000 төгрөг олгохоос түүнд олгосон 509 000 төгрөгийг хасч, 398 000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч нь “автомашиныг гараашид тавих хоногийн зардлыг 8 000 төгрөгөөр анх тохиролцсон боловч өвлийн улиралд бүх дулаан гарааш гэрээ хийгдсэн учир 12 000 төгрөгөөр нэмэлт гэрээ хийх боломжтой талаар нэхэмжлэгч компанид мэдэгдэж, зөвшөөрсөн” гэж тайлбарлажээ.  /хх 183/

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд автомашины гараашийн төлбөр, шатахууны зардлын хэмжээг тухайлан тодорхойлоогүй, харин гэрээний 3.2.2-т “цалин, нэмэгдэл, нөхөн олговрыг тогтоосон хугацаанд олгох” гэж заасан байна. Талуудын хоорондын гэрээнд заасан зардлын нөхөн олговрын хэмжээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлох боломжтой байна.

Хэрэгт ажил олгогчоос ажилтны ажлын хэрэгцээнд зориулан автомашин хүлээлгэн өгсөн баримтгүй, түүнчлэн, хариуцагч нь өөрийн эзэмшлийн 23-46 УНТ улсын дугаартай Тоёото Раш маркийн автомашинаар өндөгний борлуулалт хийж ажлаа гүйцэтгэж байсан үйл баримтыг нэхэмжлэгч тал няцаагаагүй. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр үүссэн үүргийн хүрээнд нэхэмжлэгч компаниас автомашинтай холбоотой гараашийн болон шатахууны зардлыг нөхөн олгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч компани нь гэрээгээр тохиролцсон ёсоор өндөгний борлуулалт хийсэнтэй холбоотой зардлыг хариуцагчид Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 23-46 УНТ улсын дугаартай автомашиныг өдрийн 12 000 төгрөгөөр тооцон дулаан гараашид тавьж нийт 540 000 төгрөг төлсөн гэх үйл баримт хэргийн 126 дугаар талд авагдсан “Дэлгэр СӨХ 21” СӨХ-ны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд автомашины гараашийн хоногийн зардлыг 12 000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, хариуцагч Ч.У нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд борлуулалт хийхэд нийт 875 000 төгрөгийн шатахуун худалдан авснаа нотлохоор шатахуун худалдан авсан баримтыг ирүүлсэн байна. /хх 128-131/ Нэхэмжлэгч нь “2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хугацаанд хариуцагчийн борлуулалтын орлогоос шатахууныг өдрийн 20 000 төгрөгөөр тооцож, нийт 380 000 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь хэргийн 32 дугаар талд авагдсан талуудын тооцоо нийлсэн хүснэгтээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал шатахууны зардлыг 20 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Шүүх хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд худалдан авсан шатахууны зардал 633 773 төгрөгөөс түүний хүлээн авсан 380 000 төгрөгийг хасч, зөрүү 253 773 төгрөг, автомашины гараашийн зардалд 308 000 төгрөг, нийт 561 773 төгрөгийг нэхэмжлэгч  “М” ХХК-аас гаргуулж хариуцагч Ч.Уд олгосон нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                                                     

                                                                                Ш.ОЮУНХАНД

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ