Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/03101

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/03101

Улаанбаатар хот

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.У-д холбогдох

 

5,701,300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Уын ажлын хөлс 2,655,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ч.У, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М. ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.У нь М. ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулагч жолоочоор ажиллаж эхэлсэн. Ч.У нь компаниас гарган өгсөн зориулалт бүхий тээврийн хэрэгслээр өдөрт хоол, шатахуун, зогсоолын төлбөрийг компаниас хариуцаж, харилцагч байгууллагуудад өндөг түгээж орлогыг компанид тушааж, түүнийхээ төлөө цалин хөлс авах үндсэн үүрэгтэй ажиллаж байсан. Гэтэл Ч.У нь ажиллах хугацаандаа М. ХХК-иас өөрт нь итгэмжлэн хариуцуулан өгсөн барааг харилцагч нарт түгээхдээ орлогыг компанид оруулалгүй хувьдаа авч ашигласан бөгөөд орлого шаардахад удахгүй төлнө гэж хэлээд С ХХК-ийн өмчлөлийн 23-... УН. улсын дугаартай Тоёота раш маркийн авто машин барьцаанд үлдээж ажлаа хаяад явсан байдаг. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр уг машин нь хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсныг хүмүүс нь ирээд аваад явсан. Ингээд Ч.Утай холбогдох гэж удаа дараа үзсэн боловч холбогдоогүй өдий хүрсэн. Ч.У нь 2019 оны 01 дүгээр сарын 23-наас 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл авсан бараанд тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд 7,891,300 төгрөгийг баримт үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд М. ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б-ийн Хаан банкны дансанд 2019 оны 3 дугаар сарын 05-нд 740,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 06-нд 817,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 07-нд 633,000 төгрөг, нийт 2,190,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үлдэгдэл 5,701,300 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Ч.Уаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохирол болох 5,701,300 төгрөг гаргуулж М. ХХК-д олгож хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч Ч.У 750,000 төгрөг, 740,000 төгрөг гэж тайлбарлаад байна. Эдгээр тооцоог хасаад тооцсон. Хөвсгөлийн 15 хайрцаг өндөг гэж байнга яриад байгаа. Үүн дээр М. ХХК-ийн захирал Б.гийн шүүхэд гаргасан тайлбар нь хавтаст хэргийн 67-р хуудсанд байгаа, 15 хайрцаг өндөгний тооцоо Ч.Уын тооцоонд ороогүй. Баахан тооцоо гарахаар эндээс хас, түүнээс хас гэж толгой эргүүлсэн зүйл яриад байна. Манайх хасах зүйлээ хассан гэдгээ нэхэмжлэл дээрээ бичсэн. Манай зүгээс цалин гэх 464,500 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрдөг. Мөн тооцооноос хасахыг хүлээн зөвшөөрч байгаа. 150, 500 дээр байгаа Сувдан бөөний төв, Станбул гэх мэт тооцооны асуудлууд нь тооцоо нийлэхээс өмнөх асуудал байгаа юм. Эдгээр тооцоог хассан. Эдгээр байгууллагууд сар ганц удаа өндөг өгөөд болно гэсэн асуудал биш. Шаардлагатай бол өдөр болгон худалдан авалт хийж байгаа. Энэ тооцоонуудыг бид тооцсон. Тооцоо нийлсэн актан дээрх тооцоог хас гэж хэлээд байгаа дээр санал нийлэхгүй байна гэв.

 

Хариуцагч Ч.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 07-нд өндөгний борлуулагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Гэрээний гол нөхцөл нь өөрийнхөө машинаар борлуулалт хийх, үндсэн цалин, машины ашиглалтын, борлуулалтын урамшуулал, хоолны мөнгө нийлээд сард 10,020,000-1,050,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. 2019 оны 3 дугаар сарын 07-ныг хүртэл хугацаанд 23,121,000 төгрөгийн өндөгний борлуулалт хийсэн гэж тооцож байна. Ажиллах хугацаандаа 01 дүгээр сарын 15-нд 196,000 төгрөг 5 дугаар сарын 01-нд 313,000 төгрөг авсан. Гэрээ ёсоор 3,150,000 төгрөг авахаас авсан 500,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 2,650,000 төгрөг авах ёстой. Энэ цалингаа нэхтэл миний машиныг барьцаалан шөнийн 24 цаг хүртэл ажлын байрнаасаа гаргахгүй дарамт үзүүлж байгаад тооцоо нийлсэн актан дээр гарын үсэг зуруулж аваад намайг явуулсан. Миний өрх толгойлсон, ганцаараа амьдардаг эмэгтэй гэдгийг мэдэж байсан тул Ц.Б, эхнэр С.Б. нар нь 3 дугаар сарын 05-ны орой дур зоргоороо дарамталсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулахад иргэний журмаар шийдвэрлүүл гэж хариу өгсөн. Дарамт бол надад цалин өгөхгүй гэсэн арга заль нь юм билээ. Урьд нь ийм байдлаар 8 сая гаруй төгрөгөөр хүн хохироох оролдлого хийж байсан нь хуулийн байгууллагаар шийдвэрлэгдсэн байдаг. Би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр цалин хөлс 2,655,000 төгрөг нэхэмжилсэнд иргэний хэрэг үүсгэн хариуцагч компани хаягтаа байхгүй гээд хэрэгсэхгүй болгосон байгаа. Миний бие нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй. Харин Хөвсгөл аймагт өөрсдийнх нь даалгавраар 2019 оны 2 дугаар сарын 19-ний 18 цагт 11-.. ХӨ... дугаартай автобусанд Хөвсгөл Огэж хүлээн авагчийг нь нэрээр падан бичиж ачуулсан 15 хайрцаг өндөгний тооцоог надаас нэхэмжилсэн хүлээн зөвшөөрөх боломжгүй. 1,620,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна. 2 дугаар сарын 22-нд Сувдан бөөний төвийн захиалгаар 12 хайрцаг өндөг үйлдвэрээс ачиж урьд өдрийн борлогдоогүй үлдэгдэл 3 хайрцаг өндөгний хамт бүгд 15 хайрцаг өндгийг хүргэж өгөхөд жижиг байна стандарт шаардлагад нийцэхгүй өндөг байна гээд хүлээн аваагүй тул миний бие Сувдан бөөний төв өндгийг голоод хүлээж авахгүй байна гэж борлуулалтын менежер Байгалмаатай ярихад үйлдвэр дээр аваачиж тушаа гэсний дагуу М. ХХК-ийн нярав Ганбатад тушаасан. Үүний үнэ 1,620,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна. Гүйцэтгэх захирал С.Б.гийн Хаан банкны 50296049.. тоот дансанд 2,880,000 төгрөг оруулсныг 2,190,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлдээ бичжээ. 2019 оны 3 дугаар сарын 05-нд тооцоо нийлээд цалингаа авья гэхэд данс руу чинь цалинг чинь шилжүүлнэ гээд үлдснээ 2 цагийн дараа дуудаад тооцоо зөрсөн гээд шөнөжингөө намайг дарамталж актан дээр гарын үсэг зуруулж машин барьцаанд авч үлдсэн. Би өөрт байсан бүх баримтаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн. Иймд энэ компаниас би авлагатай болохоос өглөг төлбөр байхгүй.

Би анх энэ компанид 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилд орохдоо ахлах менежер Байгалмаа, захирал Б. нартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэрээгээр өөрийн хувийн машинаар борлуулалт хийж өдрийн 175,000 төгрөг, шатахууны мөнгө орлогоосоо, хоолны мөнгө өдрийн 5000 төгрөг, буцаалтын 70,000 төгрөг, гражийн мөнгийг тооцоход 1,020,000-1,050,000 төгрөгийн сарын цалинтай байхаар тохирсон.

Нэхэмжлэлдээ 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 740,000 төгрөгийг харилцахаар авсан, 2019 оны 03 дугаар сарын 06-ний өдөр 817,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 633,000 төгрөг буюу 2,190,000 төгрөгийг хасч надаас үлдсэн мөнгөө нэхэмжилсэн юм. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тайлбар хэлэхдээ 740,000 төгрөгөөр төлсөн нэг, 750,000 төгрөгөөр төлсөн бас нэг тооцоо байгаа гэж байсан. 740,000 төгрөгийг харилцахаараа хүлээн авсан гэдгээ нэхэмжлэлдээ дурдаж зөвшөөрсөн байдаг. 750,000 төгрөгийн хувьд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бэлэн авсан 350,000 төгрөг, 400,000 төгрөгийг бэлэн авсан талаараа тооцоо нийлсэн актандаа бичсэн боловч хасаагүй байна. Өмнөх 740,000 төгрөгийн хувьд дансаар орсон мөнгө. 9-р хуудасны 772,390 төгрөгийг би өөрөө тушаасан байна. 9-р нүүрний Б.гийн Хаан банкны дансны хуулганы 773 дугаарт 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ба 555400819..тоот дансаар Ч.У орлого гэж 390,000 төгрөг гэж тушаасан гэж бичигдсэн байна. 750,000 төгрөгийг харилцахаар авсан. Нөгөө 740,000 төгрөгийг харилцахаар авсан нь Б.гийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Бэлэн авсан 750,000 төгрөг нь бэлнээр авсан байна. 750,000 төгрөг болон 740,000 төгрөгийн тооцоо ингээд болсон.

Мөн нэхэмжлэгч тал цалингийн үлдэгдэл 464,500 төгрөгийг хасч тооцож болно гэж тайлбарлаж байсан. Бензин 785,000 төгрөгийн тооцоо Шунхлай, М-ойл шатахуун түгээх газраас авсан тооцоо хэрэгт нотлох баримтаар байгаа. Гаражийн 540,000 төгрөгийн тооцоог шүүхэд нотлох баримтаар өгсөн. Нийт 1,355,000 төгрөг болж байна. Хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буцаасан Батжаргалын өндөгнөөс 1,386,000 төгрөг хасах юм байна гээд өмнөх хуралдаан дээр хассан. Нэхэмжлэлдээ /актанд/ Станбулийн 108,000 төгрөг гэж бичсэн байна. Би Станбул дээр өөрөө очиж тооцож үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутад 54310675.. тоот То ХХК-иас Б.гийн Хаан банкны дансны хуулганаас 1-р хуудасны 2-р мөрөнд 150 дугаарт 108,000 төгрөг шилжүүлсэн байна. Сувдан бөөний төвийн 324,000 төгрөгийг 6-р нүүрний 500 дугаарт Ч.Уын орлого гэж 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ч.Уд 5 хайрцаг өндөг 540,000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Энэ 5 хайрцаг өндөгний үнийн хувьд би 15 хайрцаг өндөг Хөвсгөл явуулахаар ачуулсан. Үүнийг гэрч нотолсон. Тэгтэл хар машинтай өөр хүн ирээд нэмж 5 хайрцаг өндөг гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Тэр 5 хайрцаг өндгийг миний нэр дээр давхар бичсэн байдаг. Үүнийг миний тооцооноос хасч өгнө үү гэж байна. Ийм зөрүүтэй тооцооноос болж миний нэр дээр өр гарсан байна. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дансны хуулга дээр Шижир дэлгүүрээс 100,000 төгрөг, 52 захаас 525,000 төгрөг тус тус Б.гийн данс руу шилжүүлсэн байна. Эдгээр тооцоог оруулж тооцохоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,701,300 төгрөг таарч байна гэв.

 

Хариуцагч Ч.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2019 оны 01 дүгээр сарын 07-нд өндөгний борлуулагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Гэрээний гол нөхцөл нь өөрийнхөө машинаар борлуулалт хийх, үндсэн цалин, машины ашиглалтын, борлууллатын урамшуулал, хоолны мөнгө нийлээд сард 1020000-1050000 төгрөгийн цалин олгохоор тохиролцсон. 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд 23,121,000 төгрөгийн өндөгний борлуулалт хийсэн гэж тооцож байна. Ажиллах хугацаандаа 1 сарын 15-нд 196,000 төгрөг, 5 сарын 01-нд 313,000 төгрөг авсан. Гэрээ ёсоор 3,150,000 төгрөг авахаас 500,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 2,650,000 төгрөг авах ёстой. Энэ цалингаа нэхтэл миний машиныг барьцаалан шөнийн 24 цаг хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Дельта холдинг ХХК-ийн 204 тоот ажлын байрнаасаа гаргахгүй дарамт үзүүлж байгаад тооцоо нийлсэн актан дээр гарын үсэг зуруулж аваад намайг явуулсан.

Миний бие борлуулагч хийхдээ 18 ширхэг паданаар бараа авч борлуулалт хийсэн байдаг. Үүнээс харилцахаар 17,297,000 төгрөг, бэлнээр 2,908,000 төгрөг байгууллагын дансаар 2,916,000 төгрөг бүгд 23,121,000 төгрөг байгууллагадаа тушаасан. Гэтэл тань дээр өр гарсан гээд байдаг тооцоо нийлье гэхээр надад байгаагаас өөр баримт гаргадаггүй тэгсэн мөртлөө дарамталж байгаад 7 сая гаруй төгрөгийн актан дээр гарын үсэг зуруулсан. Иймд би ажиллаж байсан хугацааны цалин 2,655,000 төгрөгийг М. ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.

Миний машинаар 3 сар гаран ажил хийлгэчихээд би нэг ч өдөр хагас, бүтэн сайн өдрүүдэд амарч байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 196,000 төгрөг өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний 313,960 төгрөгийг дансанд хийсэн. Үүнээс хойш би цалин гэх зүйл аваагүй. Тиймээс хөдөлмөрийн гэрээ хийсэн 2,655,000 төгрөг нэхэмжилсэн. Хөдөлмөрийн гэрээ яагаад зөрчигдсөн юм бэ гэхээр анх намайг эдний байгууллага дарамталж машиныг маань надаас авахад миний машины урд талын хайрцагт миний хөдөлмөрийн гэрээ байсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргах гээд оффис дээр хөдөлмөрийн гэрээгээ авахаар очиход тийм зүйл байхгүй гэж хэлээд надад өгөөгүй. Сарын дараа өөрсдөө хөдөлмөрийн гэрээ гаргаж өгөхдөө хуурамчаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон болгож бичсэн байна. Мөн хуурамч гарын үсэг зурж, цалингаа 500,000 төгрөг болон 600,000 төгрөгөөр өөрийн машинаар өндөг борлуулахаар ажилд орсон гэж хэлээд байна. Хүн чанар байх ёстой. Би эдний байгууллагад өргүй. Харин авах ёстой 2,655,000 төгрөгөө нэхэмжилж байна.

Үүнд: өөрийн автомашинаас борлуулалт хийсэн сар бүр 175,000 төгрөгийг 3 сараар тооцоод 525,000 төгрөг, хоолны мөнгө өдөрт 5,000 төгрөг 78 хоногийн хоолны мөнгө 390,000 төгрөг, сар бүр өндөг буцаагаагүй 70,000 төгрөгийг 3 сараар тооцоод 210,000 төгрөг, гараж өдрийн 12,000 төгрөгөөр тооцоод 540,000 төгрөг, бензин 758,000 төгрөг, сарын үндсэн цалин 390,000 төгрөгийг 3 сараар тооцоод 1,170,000 төгрөг нийт 2,655,000 төгрөгийг М. ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. Бүх борлуулсан өндөгний үнийн дүнгийн 1,4 хуваарь бодож урамшуулал олгоно гэсэн. Би нийт 23,170,000 төгрөгийн өндөг борлуулсан. Түүний үнийн дүнгийн 1,4 хувийн урамшуулал надад олгох ёстой. Энэ нь 278,000 төгрөг болж байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байгаа гэв.

Нэхэмжлэгч М. ХХКболон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Борлуулагч Ч.У нь 2019 оны 1 дүгээр сарын 07-нд өндөгний борлуулагчаар №019/001 хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Гэрээний гол нөхцөл 1.3-т үндсэн цалин 260,000 төгрөг бэлэн мөнгөний орлогын 1,2 хувь, хоол 130,000 төгрөг үр дүнд үнэлгээ хийж урамшуулал нэмж олгох гэсэн заалт байгаа нь дотоод журамд дэлгэрэнгүй оруулж өгсөн. Манай компаний барьцаатай борлуулагч ажилд авдаг гэсэн боловч өөрийн унаж байгаа машинаа 2 сард барьцаална гэж хэлсэн боловч 2 сард хэд хоног хойшлогдлоо банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлөгдөнө гэж худлаа ярьж явсаар 3 сар гаргасан боловч тооцоогоор мөнгө дутсан. Урьд нь 8 сая гаруй төгрөгөөр хүн хохироох оролдлого манай компаниас хийгээгүй болохыг мэдэгдэж байна. Хууль шүүхийн байгууллагаас лавлагаа авч болно. Цалин сар бүрийн 5-10, 20-30-ны хооронд бодогддог 1 сарын 25-нд тооцоо нийлж 1 сарын 7-ноос 1 сарын 15-ны өдөр хүртэлх цалингаа 1 сарын 25-нд авсан, 1 сарын 16-наас 1 сарын 31 хүртэлх цалин болох 313,792 төгрөг 2 сарын 1-д тус тус авсан. 2 сарын 4-нөөс цагаан сарын баярын амралт эхэлсэн, ажил 2 сарын 8-нд ажил эхэлсэн. Борлуулагч Ч.У нь 2 сарын 11-с ирж ажилдаа ороод өндөг авч яваад зараад байгааг зээлээр өгсөн гэж өдөр бүр мөнгөө дутуу тушааж байсан тооцоог 3 сарын 5-нд ажлыг нь зогсоож байж дуудаж нягтлан бодогч Оюундэлгэртэй тооцоо хийж захирал Б. миний бие хамт хянаж тооцоог хийж дуусгасан. Ц.Б нь дутсан мөнгөө хэрхэн төлөх талаар тохиролцон өөрөө өргөдөл бичиж машинаа үлдээж 10 хоногийн дотор дутаасан мөнгийг төлж барагдуулаад ирж машинаа авна гэж хэлээд гарсан ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй гэрчлэх нягтлан бодогч Оюундэлгэр хамт байсан. Хөвсгөл аймгийн Отгон гэж хүлээн авагчийн өндөгийг өөрөө хот руу хоосон явж байхаар хүргэлтийн цалинг бодуулаад авья хүргэлт 1 хайрцаг өндөг 500 төгрөг гэж тохироод би хүргээд өгье гэж хэлээд нярав 2 сарын 19-нд Г нь Хөвсгөл О гэсэн падан бичиж гаргасан тул борлуулагч Ч.Уын тооцоонд 15 хайрцаг өндгийг тооцоогүй. 2 сарын 18-ны орой ачилтаар орж ирсэн өндөгнөөс 2 сарын 19-ний өглөө эрт 5 хайрцаг өндөг авсан. Сувдан бөөний төв нь их хэмжээгээр нэг дор авдаггүй бага багаар авдаг 2 сарын 22-ны гээд байгаа өндөг нь 2 сарын 19-нд буцааж өгсөн 1,386,000 төгрөгийн өндөгний тооцооноос хасч тооцсон. 3 сарын 5-нд мөнгө дутаж тооцоогоо дуусга гэж хэлсэн боловч бидний зөвшөөрөлгүй үйлдвэрээс өндөг ачсан байсныг араас нь нягтлан бодогч утсаар яриад ажил руу дуудаад тооцоогоо дуустал хийе гэж хэлээд ажил дээр ирж тооцоог нь хийж цалинг нь бодож 464,500 төгрөг бодогдсон боловч өөрөө дутаасан орлогоосоо хасуулна гэж хэлээд хасуулсан. Ч.У нь өөрөө тооцоогоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж өргөдөл бичиж 10 хоногийн дотор дутаасан төлбөрийг төлж компанийг хохиролгүй болгоно гэж хэлээд гарсан. Машинаа бичиг баримттай нь үлдээгээд явья гэж өөрөө хэлсэн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хэргийн материалын 5-р талд байна. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар урамшууллыг 1,2 хувиар тооцож олгоно гэж заасан байгаа. Үндсэн цалин 390,000 төгрөг гэж тооцсон. Хариуцагч Ч.Уын нэхэмжлээд байгаа хоол, шатахуун, гаражийн мөнгийг тооцоо нийлсэн актнаас тооцоод хассан. Өмнөх шүүх хуралдаан дээр сайн тайлбарлаж чадахгүй байсан. Одоо сайн тайлбарлаж чадна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2,655,000 төгрөгийг хаанаас ямар тооцооллоор гарсан нь тодорхойгүй байна. Хэргийн 43-р талд байгаа. Надад сард 1,020,000 төгрөг болон 1,050,000 төгрөг өгсөн гэж хэлсэн гээд байдаг. Хариуцагчийн хүсэлтээр оролцсон гэрч Байгальмаагийн мэдүүлгээр борлуулалтаар тооцоход 1,000,000 төгрөг өгч болно гэж хэлсэн үгийг өөрөө 1,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн юм шиг яриад байгааг ойлгохгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М. ХХКнь хариуцагч Ч.Уд холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохиролд 5,701,300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ч.Уын ажлын хөлс, унаа, шатахуун, грашийн зардалд 2,655,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

Шүүх талуудын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

Ч.У нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр М. ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан жолооч борлуулагчийн ажил албан тушаалд ажилласан байна. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ, 135 дугаар зүйлийн 135.3-д ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.У нь тус компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл авсан бараанд тооцоо нийлэхэд 7,891,300 төгрөгийн орлогыг компанид оруулаагүй дутагдуулсан бөгөөд акт үйлдэж төлөхөөр зөвшөөрч гарын үсэг зурсан, үүнээс хойш 2,190,000 төгрөг төлснийг хасч 5,701,300 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардагын үндэслэлээ тодорхойлж байна.

Харин хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...намайг дарамталж байж акт дээр гарын үсэг зуруулсан..., ... зарим зарлагын баримт дээрх гарын үсэг минийх биш..., ... 740,000 төгрөгөөр, 750,000 төгрөгөөр, 772,390 төгрөгөөр төлсөн мөнгө хасагдаагүй байна..., ...нэхэмжлэгч цалингийн үлдэгдэл 464,500 төгрөгийг хасч тооцож болно гэж тайлбарлаж байсныг хасуулах ..., ... бензин 785,000 төгрөгөөр, гаражийн 540,000 төгрөгийн тооцоо хэрэгт нотлох баримтаар байгаа, ...2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буцаасан Ба-ын өндөгнөөс 1,386,000 төгрөг хасах юм байна гээд өмнөх хуралдаан дээр хассан..., актад бичигдсэн Станбулийн 108,000 төгрөг, То ХХК-иас Б.гийн Хаан банкны дансны хуулганаас 1-р хуудасны 2-р мөрөнд 150 дугаарт 108,000 төгрөг шилжүүлсэн байна. Сувдан бөөний төвийн 324,000 төгрөг, мөн 5 хайрцаг өндөг Хөвсгөл явуулахаар ачуулсан. Үүнийг миний тооцооноос хасч, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дансны хуулга дээр Шижир дэлгүүрээс 100,000 төгрөг, 52 захаас 525,000 төгрөг тус тус Б.гийн данс руу шилжүүлсэн байна. Эдгээр тооцоог оруулж тооцохоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,701,300 төгрөг таарч байгаа учир төлөх төлбөргүй... гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хэргийн 32, 33 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн акт, тооцооллын хүснэгтийг нэхэмжлэлийн шаардлагыг нотлож буй гол нотлох баримт гэж үзэж уг баримтыг үндэслэн хариуцагчаас 5,701,300 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд уг актаар тогтоосон төлбөрийг хариуцагч эс зөвшөөрч шахалт үзүүлсэн, дарамталж байж гарын үсэг зуруулсан гэсэн тайлбарыг гаргадаг ч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн уг актыг гаргахдаа талууд өндөг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэх хэргийн 11-31-р талд авагдсан зарлагын баримтуудыг үндэслэсэн гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд эдгээр баримтуудын зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч зарлагын зарим баримтаар өндөг хүлээн аваагүй, хүлээн авсан гарын үсэг биш гэж эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсгийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Шүүх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд тус байгууллагаас 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 3705 дугаартай шинжээчийн дүгнэлт гарган ирүүлсэн. Уг дүгнэлтээр дээрх Зарлагын баримтуудаас 16, 17, 19, 22, 23, 24, 25, 26, 31-р хуудаст авагдсан зарлагын баримтуудын хүлээн авагч хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь Ч.Уын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг гарган ирүүлсэн байдаг. Уг шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй болно. Уг дүгнэлтэд дурдагдсан зарлагын баримтууд буюу хэргийн 16-р талд авагдсан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн С-1 өндөг 12 хайрцаг, 17-р талд авагдсан 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн С-1 өндөг 12 хайрцаг, 19-р талд авагдсан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн С-1 өндөг 15 хайрцаг, 22-р талд авагдсан 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн С-1 өндөр 14 хайрцаг, 23-р талд авагдсан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн С-1 өндөг 12 хайрцаг, С-0 өндөг 1 хайрцаг, 24-р талд авагдсан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн С-1 өндөг 14 хайрцаг, 25-р талд авагдсан 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн С-1 өндөг 14 хайрцаг, 26-р талд авагдсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн С-1 өндөг 10 хайрцаг, 31-р талд авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн С-1 өндөг 13 хайрцаг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хэсэгт зурагдсан хариуцагч Ч.Уын гарын үсэгтэй тохирохгүй гэсэн шинжээчийн дүгнэлт, уг өдрүүдэд ийм өндөг аваагүй гэсэн тайлбарыг хариуцагч гаргадаг ба үүнийг няцаасан баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иймд дээрх баримтуудыг үндэслэн гаргасан тооцоо нийлсэн акт нь хариуцагч Ч.Уд уг өндгийг хүлээлгэн өгсөн, хариуцагч Ч.У дээрх өдрүүдэд хүлээн авсан өндгөөс орох ёстой борлуулалтын орлогыг дутаасан болохыг шууд нотолж чадахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн дээрх тооцоо нийлсэн акт буюу хэргийн 32-р талд авагдсан хүснэгтийн 2-р багана буюу эхний үлд гэх багана, ачсан өндөг гэх баганад бичигдсэн хүлээлгэн өгсөн өндөгний төрөл, тоо ширхэгийг шинжлэн судлахад С-1 өндгийг 4320 ш, 5040 ширхэгээр тус тус ачуулж байсан гэх боловч адил стандарттай, тоо ширхэгтэй өндөгнүүд нь өөр өөр үнийн дүнтэйгээр ачуулсан, хоорондоо зөрүүтэй, тухайн өдөр 1 ширхэг өндгийг хэдэн төгрөгөөр тооцон борлуулалтад гаргасан нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байх тул уг акт болон зарлагын баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн уг актад 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны тооцооны үлдэгдэл 645,000 төгрөгийн үлдэгдэл гэж гаргасан байх бөгөөд уг төлбөр нь юуг үндэслэн тогтоосон төлбөр болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай байгууллага 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны баримтыг үндэслэн тооцоо нийлж акт үйлдсэн, өмнөх тооцоо дууссан, байхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох ба нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь дээрх тооцооны үлдэгдэл гэх 645,000 төгрөгийн шаардлагыг үгүйсгэж байх ба энэ нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг давхар нотолж байна гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Иймд дээрх бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн М. ХХК-ийн 5,701,300 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Ч.У нь нийт 2,655,000 төгрөгийг цалин, борлуулалтын урамшуулал, автомашины ашиглалтын зардалд, хоолны мөнгө, грашийн төлбөр, бензин шатахууны зардалыг оруулан тооцож нэхэмжилдэг бөгөөд нэхэмжлэгч үүнээс цалингийн үлдэгдэлд 464,500 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гарган сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргадаг. Хариуцагч дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нарийвчлан нэг бүрчлэн тооцон гаргаж шүүхэд ирүүлээгүй боловч шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Үүнийг нэг бүрчлэн тооцож үзвэл хариуцагч Ч.У нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилд орсноос хойш 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд М. ХХК-д жолооч борлуулагчаар ажиллаж, ажиллах хугацаандаа өөрийн эзэмшлийн 23-.. УН.. улсын дугаартай Тоёото Раш /Toyoto Rush/ маркийн автомашиныг ашиглан өндөгний борлуулалт хийж байсан талаар талууд маргадаггүй. Харин нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ байгуулан уг гэрээгээр талууд байгууллагын автомашинаар борлуулалт хийхээр тохирсон, хувийн машинаар борлуулалт хийж автомашины ашиглалтын зардалд сар тутам 175,000 төгрөг өгөхөөр тохиролцоогүй гэсэн тайлбар татгалзлыг гаргадаг боловч хариуцагч Ч.Уд байгууллагаас ямарваа нэгэн автомашиныг ажлын хэрэгцээнд хүлээлгэн өгсөн гэх баримт байдаггүй бөгөөд Ч.У нь өөрийн эзэмшлийн автомашинаар өндөгний борлуулалт, түгээлт хийж байсан болохыг үгүйсгэж, няцааж чаддаггүй тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

Мөн талууд хариуцагч Ч.Уын үндсэн цалин болон нэмэгдэл цалингийн талаар зөрүүтэй баримт, тайлбарыг гаргадаг бөгөөд нэхэмжлэгчийн гарган ирүүлсэн хөдөлмөрийн гэрээгээр сарын үндсэн цалин 260,000 төгрөг, бэлэн мөнгөний орлого-1,2 хувийн нэмэгдэл олгохоор тохиролцсон /хх-ийн 5-р тал/, нэхэмжлэгч М. ХХК-ийн шүүхэд гарган ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тус компанийн гүйцэтгэх захирлын 0019/017 дугаартай Ч.Уыг ажилд томилсон тушаалаар түүний үндсэн цалин 390,000 төгрөг байхаар тогтоосон /хх-ийн 178-р тал/ байх бөгөөд хариуцагч нийтдээ 1,020,000-1,050,000 төгрөгийн цалин авахаар тохирсон гэсэн тайлбарыг гаргадаг ч энэ нь баримтаар тогтооддоггүй тул нэхэмжлэгч талын ирүүлсэн баримтууд, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн Ч.Уын сарын үндсэн цалинг 390,000 төгрөгөөр тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар Ч.У нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд тус байгууллагад ажилласан, энэ хугацаанд 1 сард 24 хоног, 2 сард 21 хоног, 3 сард 5 хоног ажилласан, ажилласан хугацааны цалинд Ч.Уд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 196,000 төгрөг, 2019 он 5 дугаар сарын 01-нд 313,000 төгрөг өгсөн үйл баримтын талаар талууд маргадаггүй. Иймд М. ХХК-д Ч.У нийтдээ 50 хоног ажилласан байх бөгөөд нэг өдрийн авах ёстой цалин хөлсийг түүний сарын үндсэн цалингаас тооцон үзвэл 1 өдөрт 18,140 төгрөгийн цалин, нийт ажилласан хугацааны цалин 907,000 төгрөгийг ажил олгогчоос олгохоор байх бөгөөд үүнээс Ч.Уын авсан 509,000 төгрөгийн цалинг хасч тооцвол үлдэх 398,000 төгрөгийг ажил олгогч буюу М. ХХК-иас гаргуулан Ч.Уд олгох үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох хоолны мөнгийг хоногт 5,000 төгрөгөөр тооцон борлуулалтын орлогоос хасч тооцох ёстой гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй, нэхэмжлэгчийн гарган ирүүлсэн тооцоо нийлсэн акт, түүний хавсралт хүснэгтээс үзвэл хариуцагч Ч.У нь дээрх ажилласан хугацаанд өдрийн 5,000 төгрөгөөр тооцон хоолны мөнгө олгогдсон, үүнийг хасч тооцсон байгаа болно. Иймд хоолны мөнгө олгогдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1 хэсэг болох грашийн мөнгийг хариуцагч өдрийн 12,000 төгрөгөөр тооцон зөрүү төлбөрт 540,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилдэг бөгөөд нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч грашийн мөнгийг 8,000 төгрөгөөр тооцон олгосон гэж тайлбарладаг. Автомашины дулаан грашийн төлбөрийг өдрийн 8,000 төгрөгөөр тооцон борлуулалтын орлогоос хасч тооцсон талаар хариуцагч маргадаггүй бөгөөд зөрүүг тооцон нэхэмжилдэг боловч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны тооцоог хийхэд ямар нэгэн өр төлбөр тооцоо гараагүй гэсэн тайлбарыг талууд шүүх хуралдаанд гаргадаг. Иймд дээрх 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд грашийн төлбөрийн үлдэгдэл тооцоогүй байсан гэж үзэн энэ хугацаанаас хойш 2019 он 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны ажилласан өдрөөр тооцон нийт 37 хоногийг өдрийн 12,000 төгрөгөөр тооцож үзэхэд 444,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн орлогоос хасч тооцсон 17 хоногийн 8,000 төгрөг буюу 136,000 төгрөгийг хасч үлдэх зөрүү 308,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М. ХХК-ийн гарган ирүүлсэн тооцоо нийлсэн актад граж зөрүү 262,000 төгрөг гэж тэмдэглэсэн байгаагаас үзвэл талуудын хооронд гаражийн төлбөрийг 12,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх төдийгүй, хариуцагч Ч.Уын гарган ирүүлсэн Дэлгэр СӨХ 21 СӨХ-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолтыг үндэслэн 12,000 төгрөгөөр тооцон дээрх төлбөрийг гаруулахаар шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ч.Уыг сөрөг нэхэмжлэлийн шаардагад шатахууны үнийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 875,000 төгрөгийн шатахууныг өөрийн автомашинд хийж өндөг түгээх ажлыг хийсэн гэж тайлбарлан нэхэмжилдэг. Нэхэмжлэгч М. ХХКуг шаардлагыг эс зөвшөөрч хариуцагчтай өдрийн 20,000 төгрөгөөр бензин шатахууны зардлыг борлуулалтын орлогоос хасч тооцохоор тохиолцсоны дагуу хассан гэж тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актад дурдсанаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгч 19 өдрөөр түгээлтэд гарсан гэж тооцон тухай өдрүүдэд 20,000 төгрөгөөр тооцон нийт 380,000 төгрөгийг борлуулалтын орлогоос хасч тооцсон байна. Харин хариуцагч Ч.У 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04-ний хооронд 22 удаа буюу нийт 875,000 төгрөгийн шатахуун авсан гэх тооцоог гарган үүнийгээ нотлосон баримт болох Мон суль ХХК, Шунхлай Трейд ХХК-ийн шатахуун түгээх станцуудын төлбөрийн баримтуудыг гарган ирүүлдэг. Эдгээр баримтуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч М. ХХКнь дээрх хугацаанд Ч.Уын ажиллах хугацаанд түүний автомашины шатахууны зардалд өдрийн 20,000 төгрөгөөр тооцон орлогоосоо хасч тооцсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд үүнээс гадна шатахууны үлдэгдэл тооцоо буюу 107,997 төгрөгийг зөрүү байгаа гэж тооцоо нийлсэн актад дурдсан байгаа зэргийг үндэслэн хариуцагч Ч.Уын гаргасан шатахууны тооцооноос 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны шатахуунд 633,773 төгрөг зарцуулсан байх бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн тухайн үеийн борлуулалтын орлогоос хасч тооцсон 380,000 төгрөгийг хасч үлдэх зөрүү 253,773 төгрөгийг нэхэмжлэгч М. ХХК-иас гаргуулж хариуцагч Ч.Уд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд эдгээр хэрэгт авагдсан баримт талуудын тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 959,773 төгрөгийг хангаж, нэхэмжлэгч М. ХХК-иас гаргуулан хариуцагч Ч.Уд олгохоор шийдвэрлэсэн болно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу борлуулалтын урамшуулал, нэмэгдэл урамшуулал болон 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнөх хугацааны шатахууны үнийн зөрүү, грашийн төлбөрийн зөрүү зэрэг нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн нийт 1,695,227 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч М. ХХК-иас 959,773 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Уд олгож, М. ХХК-ийн Ч.Уаас 5,701,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Ч.Уын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,695,227 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,171 төгрөг, хариуцагчаас төлсөн 57,430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М. ХХК-иас 27,585 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Уд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН