Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0011

 

 

 

 

 

 

 

 

 

2023          12          26                                          128/ШШ2024/0011

    

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н******* ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгч: Э******* ХХК /РД:******* /,

Хариуцагч:Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яам,

Маргааны төрөл: Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай хэм хэмжээний актыг, уг актыг хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П*******, нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн төлөөлөгч Н.Г*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.С******* /цахим/, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Э.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоох,

2. Хууль зүй, дотоод хэргийн яам Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын” улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоох,

3. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоох,

4. Хууль зүй, дотоод хэргийн яам Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 13 дугаар тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын" улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоох,

Хоёр. Процессын үйл баримтууд.

1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаар”-ыг баталж, уг тогтоол Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4238 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2019 оны дугаар 6-д нийтлэгдэж, хүчин төгөлдөр болсон.

2. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Ковид-19 цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмээс аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, орлого тасалдаж нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл үүссэн талаарх иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг харгалзан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

3. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор дээрх 38 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосон.

4. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаар”-ыг баталж, уг тогтоол Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5066 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2021 оны дугаар 9-д нийтлэгдэж, хүчин төгөлдөр болсон.

5. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор дээрх 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоол нь хэм хэмжээний актын нэгдсэн санд 2022 оны 4 дүгээр сарын 15-нд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болсон.

6.1. Нэхэмжлэгч “Э*******” ХХК 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр  Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар, 2020 оны 13 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2019 оны 25 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 13 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлд бүртгэснийг хүчингүй болгуулахаар,

6.2. Нэхэмжлэгч Н******* ХХК 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар, 2020 оны 13 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2019 оны 25 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 13 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлд бүртгэснийг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэл гаргаж,

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н******* ХХК 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, нэхэмжлэгч “Э*******” ХХК 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тус тус Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар, 2020 оны 13 дугаар тогтоолыг болон Хууль зүй, дотоод хэргийн яамны уг тогтоолуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлд бүртгэснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж,

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н******* ХХК 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, нэхэмжлэгч “Э*******” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар, 2020 оны 13 дугаар тогтоолыг болон Хууль зүй, дотоод хэргийн яамны уг тогтоолуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлд бүртгэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, энэ шаардлагаар хэргийг шийдвэрлэв.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд буюу талуудын тайлбар:

3.1.1 Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална хэмээн заасан, 64.3 дахь хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ, 64.4 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ, 64.5.Сум, дүүргийн Засаг дарга гаргасан захиргааны хэм хэмжээний актаа ажлын 10 өдөрт багтаан дээд шатны Засаг даргаар дамжуулан Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ хэмээн тодорхой зохицуулж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ. 65.2 дахь хэсэгт Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлд хянан бүртгэх үйл ажиллагааг зохицуулж өгсөн. 66.1 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг хянуулж, бүртгүүлэхдээ дараах баримт бичгийн бүрдлийг хангасан байна, 66.1.1 дэх хэсэгт хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага дангаар баталсан бол захиргааны хэм хэмжээний актыг гурван хувь /албан ёсны эх хувь, түүнийг баталгаажуулсан хуулбар хоёр хувь, цахим хувилбар, нөлөөллийн шинжилгээний танилцуулга, хэлэлцүүлгийн талаарх мэдээлэл; 66.3 дахь хэсэгт Энэ хуулийн 66.2 дахь зааснаас бусад тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлсэн захиргааны хэм хэмжээний акт, холбогдох баримт бичгийг ажлын таван өдөрт багтаан хянаж, дараах арга хэмжээний аль нэгийг авна, 66.3.2 захиргааны хэм хэмжээний акт бүхэлдээ, эсхүл түүний аль нэг заалт энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд уг зөрчлийг арилгуулах тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж, албан бичгээр хүргүүлэх; 66.4.Захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэй байгаа тухай хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний энэ хуулийн 66.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг хүлээн авсан захиргааны байгууллага өөрийн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, түүний эрх зүйн зөрчлийг арилгасан, эсхүл зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэхээр дахин хүргүүлнэ. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр 67.1 Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ. 67.2.Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэж тус тус заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт Хууль зүйн, дотоод хэргийн яамны бүртгэлд бүртгэгдэж нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заажээ.

Тиймээс Газрын төлбөрийн тухай хуулиар эрх олгосон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 25 дугаар тогтоол, 2020 оны 13 дугаар тогтоолыг баталсан, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүртгэсэн нь хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр болох процесс байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт  заасан хэм хэмжээний актыг хүчингүй болгох эсхүл хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой гэж үзсэн. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоолохооргүй байна.

Н ХХК-ийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2006 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 1 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын хилийн зааг дотор аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж байгаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Газрын үнэлгээний зэрэглэл, /бүс/-ийн газрын төлбөрт тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" 25 дугаар тогтоолыг баталж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах хэсгийг 6 дугаар бүсэд хамааруулж, итгэлцүүрийг 1.0 байхаар тогтоосон. Үүнийгээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараагаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр "Газрын үнэлгээний зэрэглэл, /бүс/-ийн газрын төлбөрт тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" 13 дугаар тогтоолыг баталсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах хэсгийг 6 дугаар бүст хамааруулж, итгэлцүүрийг 0.5 байхаар тогтоосон.

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт  заасны дагуу "Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно" гэж заасны дагуу 1 м.кв 960 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 2880 төгрөг болсон. Ингэхээр 1 га газрын толбор 28,800,000 төгрөг болсон буюу өмнөх төлбөрөөс 7.3 дахин нэмэгдсэн. Хэм хэмжээний актыг боловсруулж батлахад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нөлөөллийн шинжилгээ хийхээр заасан, нөлөөллийн шинжилгээ хийх нарийвчилсан журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар “Захиргааны хэм хэмжээний төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал"-ыг баталсан байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам нь нөлөөллийн шинжилгээг зохих ёсоор хийгээгүй нөхцөлд бүртгэхгүй байх үүрэгтэй.

Гэтэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоол, 2020 оны 13 дугаар тогтоолуудад зохих ёсны дагуу нөлөөллийн шинжилгээ хийгээгүй байхад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хуульд заасан шаардлагын дагуу ажиллаагүй байгаа нь хууль бус гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Бидний зүгээс Хууль зүй, дотоод хэргийн яаманд гомдол гаргаж хандсан боловч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" 13 дугаар тогтоолыг баталж, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтад заасан бүрдлийг ханган хүргүүлсэн тул тус яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 5066 дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд санд бүртгэлтэй актыг хүчингүй болгох эрх хэмжээг тус яаманд дээрх хууль болон бусад хуулиар олгоогүй байна" гэсэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2427 дугаар хариуг бидэнд хүргүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам нь тус хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх үүрэгтэй. Хэм хэмжээний акт гаргасан, санаачилсан, баталсан эрх бүхий байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасны дагуу нөлөөллийн шинжилгээг хийж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар баталсан "Захиргааны хэм хэмжээний төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал"-ын дагуу бэлтгэж, танилцуулахаар тусгасан. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасны дагуу 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй хэм хэмжээний актыг бүртгэхгүй байх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлд хэм хэмжээний актыг хянан бүртгэх процессыг нарийвчлан тусгаж өгсөн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас хариуцагчаас гаргуулахаар шаардсан сонсох ажиллагаа, хэлэлцүүлгийн уулзалтын бичлэгүүдийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргаж өгөөгүй болохыг та бүхэн мэдэж байгаа.

Шүүхээс томилсон шинжээч нарын дүгнэлттэй танилцахад нөлөөллийн шинжилгээ, танилцуулгыг зохих ёсоор хийгдээгүй нь тодорхой харагдаж байна. Эрх зүй, эдийн засгийн систем, төрийн байгууллагууд хуулиа бүрэн хэрэгжүүлж, иргэн, аж ахуйн нэгжүүдээс хэм хэмжээний актыг шаарддаг байх, зүй ёсны практик тогтох ёстой гэж үзэж байгаа. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. Эрх мэдлээ хэтрүүлсэн нөхцөл байдлаас хамаарч олон аж ахуйн нэгжүүд хохирох нөхцөл байдлууд үүссэн. Ийнхүү бодит нөхцөл байдалд тохирохгүй, хэрэгжихгүй, үндэслэлгүй, хуулиас давсан, маргаан бүхий Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоол, 2020 оны 13 дугаар тогтоолын дагуу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж буй иргэн, аж ахуйн шууд зардал газрын төлбөрийг эрс нэмэгдүүлж, эдийн засгийн ноцтой хохирол учруулан улмаар хэвийн ажиллаж байсан аялал жуулчлалын бизнесийг дампууруулах нөхцөл бүрдүүлж, газар ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэжээ.

3.1.2 Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “2019 оны 25 дугаар тогтоол батлагдахаас өмнө 396 төгрөг буюу 132 төгрөг байсан. Тусгай хамгаалалттай газар нутагт 3 дахин нэмэгдүүлж авдаг хуулийн зохицуулалттай. 132 төгрөг байсныг 2019 оны 25 дугаар тогтоолоор 2880 төгрөг болгосон. 2 га газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн зуны улиралд ажиллуулдаг хэдэн жижигхэн цайны газартай түүнийгээ өвөл ажиллуулдаггүй.  2 га газрыг 396 төгрөгөөр 7,920,000 төгрөгөөр жилд төлдөг байсныг 25 дугаар тогтоолоор 2880 төгрөгөөр тооцож 57,600,000 төгрөг төлөхөөр болсон.  2020 онд газрын асуудалтай холбоотойгоор дүүргийн газрын албаар явсан. Гэтэл тус тогтоолыг үндэслэн хүчингүй болгочихсон. Улмаар сонгуулийн үеэр 2020 онд 13 дугаар тогтоолыг гаргаж 2 га газрын төлбөр 28,800,000 төгрөг болгосон. 

Засгийн газрын 182 дугаар тогтоолын дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүртгэж хүчин төгөлдөр болсон. Засгийн газар нь хуулиа зөрчиж, тус тогтоолыг гаргасан. Засгийн газар тус тогтоолыг гаргахдаа Барилга, хот байгуулалтын яамтай хуралдсан байсан. Тогтоолоор газрын төлбөрийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэхээр 2019 оноос 2020 оныг хүртэлх хугацаанд газрын төлбөрийг 15-25 хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл Улсын Их Хуралд өргөн барьж батлуулах ёстой байтал мэдэж байсан хүмүүс нь өөрчлөгдчихсөн. Засгийн газарт газрын төлбөрийг нэмэгдүүлэх шаардлага байсан уу гэвэл байсан. Нөлөөллийн шинжилгээ нь өнөөдөр гарч ирж байна. Нөлөөллийн шинжилгээний “Ялгаварлан гадуурхсан уу, хүний эрхийг хязгаарласан уу” гэсэн асуулгад “үгүй” гэсэн. “Жендерийн эрх тэгш байдлыг хангасан уу” гэсэн “тийм” гэсэн. “Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид нөлөөлөл үзүүлсэн үү” гэсэн “үгүй” гэсэн. “Зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болсон эсэх” гэсэн “үгүй” гэсэн. “Төрийн байгууллагад нэмэлт ачаалал бий болгосон уу” гэхэд “тийм” гэсэн. “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх” гэхэд “үгүй” гэсэн. 2 га газрын 7,900,000 төгрөг байсан татвар 57,000,000 төгрөг болсон байхад яагаад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоохгүй гэж үзэв ээ. Үүнийг нь боловсруулж байгаа хүмүүс болон бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас яагаад ийм байдлаар тайлбарлаж байгаа вэ. “Эдийн засгийн болон нийгмийн бусад үйл ажиллагаанд  ямар нэгэн саад учруулах эсэх”, “хэрвээ тийм бол хуульд нийцсэн эсэх” гэхэд “үгүй” гэсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 13 дугаар тогтоолыг бүртгэх ёстой хугацаандаа бүртгээгүй. Учир нь бүрдэж ирэх ёстой байсан зүйлс байгаагүй. Бид удаа дараа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргасан боловч дэмжигдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэсэн хугацаа буруу бөгөөд энэ нь хууль болж батлагдаад иргэдийг хохироож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэдгээ үүгээр илэрхийлэх гэсэн юм” гэв.

3.1.3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл гаргахдаа Хууль зүй, дотоод хэргийн яамыг ямар үндэслэлээр хариуцагчаар татан оруулсан талаар хэлье. Маргаан бүхий захиргааны акт нь үндсэндээ хэм хэмжээний акт байгаа. Хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дангаар баталснаар хүчин төгөлдөр болохгүй гэж үзсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж байгаа. Эрх олгосон буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлд бүртгэх гэсэн хоёр шат дамжсанаар хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болж байгаа. Тус хоёр байгууллагын шийдвэрүүд хамтарч хүчин төгөлдөр байх процесс явагдаж байгаа учраас тус тусдаа шийдвэрүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт зааснаар тодорхойлж байна. Хэм хэмжээний акттай холбогдуулж нийт 4 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох байдлаар гаргасан гэдгийг Н.Г******* төлөөлөгчөөс хэлсэн. Анх нэхэмжлэл гаргаж байхад 2020 оны 13 дугаар тогтоол хүчин төгөлдөр байсан. 2022 онд өөр хэм хэмжээний акт гарсантай холбогдуулж хүчингүй болсон. Бидний одоо маргаж байгаа хоёр хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчлэхгүй байгаа гэж үзэж байгаа. Мөн хэрэгт авагдсан баримтаас харагдана.

Бид ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа гэхээр Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгэл хийхдээ, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолыг батлахдаа анхнаасаа Захиргааны ерөнхий хуулийн хэлбэрийн болон агуулгын шаардлагыг огт хангалгүйгээр гүйцэтгэсэн. Энэ хүрээнд илт хүчин төгөлдөр бус болох ёстой гэдэг нь харагдаж байна. Яагаад гэхээр хоёрдугаар хавтаст хэргийн 219 дугаар хуудаст Хууль зүй, дотоод хэргийн яам, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн актын бүртгэлийг буцаах тухай тодорхой дурдсан байгаа. Энэ хоёр асуудлыг маш тодорхой зөрчсөн гэж үзсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан нөлөөллийн шинжилгээ боловсруулах журмыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019, 2020 онд 25, 13 дугаар тогтоол батлахдаа баримтлаагүй.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүртгэхтэй холбоотой урьдчилсан шаардлагын хувьд хэрэгжүүлэх, зохион байгуулах, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг нарийвчлан тодорхойлох гэсэн шалгуур тавигдсан байдаг. Энэ талаар сайдын албан бичигт маш тодорхой дурдаж өгсөн байдаг. Нөлөөллийн шинжилгээг захиргааны хэм хэмжээ акт, эдийн засаг нийгмийн амьдралд үзүүлэх үр нөлөө, үр дагавар, өмчилснөөс үүсэх үр дагавар юм. Энэ ажиллагааг хийгээгүй, хавсаргаж ирүүлээгүй. Хэлэлцүүлэгтэй оролцсон, зохион байгуулсантай холбоотой ямар ч баримтыг ирүүлээгүй байна. Зөрчлийг арилгаж, тогтоолыг дахин баталж ирүүл гэх хариуг өгч байсан. Гэхдээ дахин хүсэлт гаргахад нь баталчихсан. Бодит байдалд зөрчлийг арилгасан зүйл байхгүй. Хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулахад оролцсон боловч холбогдох баримтууд нь хавтаст хэрэгт авагдаагүй.

Тэмдэглэл байгаа, тус тэмдэглэлд нэхэмжлэгч хоёр компани болон миний бие оролцсон. Нөлөөллийн шинжилгээг хармаар байна, ямар үндэслэлээр итгэлцүүрийг тогтоосон талаарх асуулт, хариултыг удаа дараа тавьсан. Гэтэл бүртгэлтэй холбоотой асуудлын талаар огт дурдагдаагүй. Холбогдох баримтууд байгаа гэдэг нь маш эргэлзээтэй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ч харагдаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны буцаагдсан албан бичигт мөн адил дурдагдсан байдаг.

Хэлэлцүүлгийг зохион байгуулсан, нөлөөллийн шинжилгээг Захиргааны ерөнхий хууль болон журмын дагуу боловсруулаагүй. Нөлөөллийн шинжилгээнд үндэслэн тогтоолын төслийг боловсруулаагүй. Тогтоолын төсөл боловсруулагдсаны дараа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргэх явцдаа хэлбэрийн шаардлагыг хангах зорилгоор 1, 2 тайлан ч юм уу нэг зүйлийг бичиж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Тиймээс бүртгэх, батлах үйл явц бүхэлдээ хууль бус, хуульд нийцэж явагдаагүй учраас хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоож өгөх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг тодруулж тайлбарлаж байна” гэв.

3.2.1 Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын үнэлгээний зориулалт, зэрэглэл, бүс, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай газрын суурь үнэлгээг шинэчлэн баталсан ба  уг тогтоолд зориулж газрын суурь үнэлгээг 16-17 төрлөөр харилцан адилгүй байхаар зохицуулсан. Уг тогтоолын гуравдугаар хавсралтаар Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан хайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүргийн газрын суурь үнэлгээг тус бүрээр баталсан. Нэхэмжлэгч нарын газар аялал жуулчлалын зориулалтаар буюу  худалдаа үйлчилгээний төрөлд хамаарч байгаа.  Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу баталсан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь байна гэж заасныг үндэслэн баталсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай тогтоол 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоолуудыг батлан гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг хянуулах, бүртгүүлэх, хуульд заасан баримт бичгийн бүрдлийг хангаж, нөлөөллийн шинжилгээ хийлгэж хуульд заасан үндэслэлийн дагуу хийгдсэн. 

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэж, бусад хэлэлцүүлэг болон нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд цахим болон хэсэгчилсэн уулзалтуудын төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 28 хороо тус бүрээр уулзалтуудыг зохион байгуулсан.  Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/55 дугаартай тогтоолоор ажлын хэсэг байгуулагдаж, тухайн ажлын хэсгийн тайлан нь хавтаст хэргийн 132 дугаар хуудаснаас 197 дугаар хуудаст нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс итгэлцүүрийн тоон хэмжээг хэрхэн тогтоосон талаарх баримтууд хэрэгт авагдаагүй гэх боловч хавтаст хэргийн 122-182 дугаар хуудаст 28 хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагч, тухайн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг хамруулсан гарын үсэг, илтгэх хуудас зэрэг холбогдох баримт бичгийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. 

Уг тогтоолууд нь 2019 оны 25 дугаар тогтоол болон 2020 оны 13 дугаар тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, нөлөөллийн шинжилгээ, итгэлцүүр зэргийг хуульд заасны дагуу ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсэгт заасан бүрдлүүдийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Тус яамнаас ирүүлсэн баримтууд нь шаардлага хангасан байна гэж үзээд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 238 дугаартай эмхэтгэлд нийтэлсэн байдаг. 

Тэгэхээр эдгээр үндэслэл болон хуульд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг баталсан тул үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөх нь зүйтэй гэж Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үзэж байна. Мөн өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн” гэв.

3.2.2 Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э тайлбартаа:  “Захиргааны ерөнхий хуулийн 64 дугаар зүйлийн 64.3 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж бүртгэхээр заасан. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэм хэмжээг мөрдөхдөө энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэг.  Дээрх хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам хууль тогтоомжид нийцсэн гэж үзээд 2019 оны 25 дугаар, 2020 оны 13 дугаар тогтоолуудыг бүртгэсэн. 60 дугаар зүйлд юу гэж заасан гэхээр захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага гэж байгаа.  Хуулиар нийт 9 зүйлийг заасан. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, энэ хуульд нийцсэн байх, тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилгод нийцсэн байх, тэмдэглэх хэсэгт үндэслэж байгаа хуулийн заалтыг заасан байх, шийдвэрийн заалт хоорондоо болон эрх зүйн бусад этгээдийн гаргасан шийдвэртэй зөрчилдөхгүй байх, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх, хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх, тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх, бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх, баталсан байгууллага, албан тушаалтны болон захиргааны хэм хэмжээний актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх гэж тус тус заасан. Хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь зохион байгуулах бэлтгэл ажлыг хийсэн. Холбогдох баримтууд нь хавтаст хэрэгт байгаа. Үүнд юуг дурдах вэ гэхээр  61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6 дахь хэсэгт заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ гэж заасан. Нөлөөллийн шинжилгээг нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс тайлан ч юм шиг гээд хэлсэн.  Гэтэл тус заалтад зохицуулахдаа танилцуулга байдлаар бэлтгэнэ гэсэн. Хэрхэн бэлтгэх вэ гэхээр асуулт байдлаар бичигдэнэ. Ямар асуултад хариулагдах вэ гэхээр 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан акт гаргах үндэслэл, шаардлага, зорилт. 61.4.2 дахь хэсэгт тухайн актын ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, 61.4.3 дахь хэсэгт акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох, 61.4.4 дэх хэсэгт хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн харилцаанд болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх, 61.4.5 дахь хэсэгт тухайн асуудлыг зохицуулж байгаа хүчин төгөлдөр хууль, хэм хэмжээний акт байгаа эсэх, 61.4.6 дахь хэсэгт актыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоог гаргасан байна. 

Дээрх 6 асуултад хариулагдсан байдлаар бичигдсэн танилцуулга хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нөлөөллийн шинжилгээг 2018 оны сайдын 147 дугаар тогтоолоор баталсан. Захиргааны хэм хэмжээний актын төсөлд нөлөөллийн шинжилгээ хийх ажлыг шийдвэр  гаргах эрх бүхий этгээд удирдан зохион байгуулах бөгөөд нөлөөллийн шинжилгээний үнэн, зөвийг хариуцна гэж заасан. Тэгэхээр Баянзүрх дүүрэг нь танилцуулга, хороодын хэлэлцүүлэг, гэрчээр оролцсон н.Х, н.Б нар нь зарим нэг аж ахуйн нэгжүүдийг тусгайлан авч үзэж хэлэлцүүлэг хийсэн гэх тайлбарыг өгсөн байсан. Тиймээс огт тайлбар, хэлэлцүүлэг хийгээгүй гэж хэлэх нь үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах талаар зохицуулсан. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт хэлэлцүүлэг зохион байгуулж оролцох боломжоор хангах гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хуулийн заалтыг харахад хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангасан уу гэвэл хангасан. Эсэргүүцэж байгаа саналыг тусгасан талаарх холбогдох баримтууд байгаа.  Мөн гэрчээр оролцсон хоёр хүний тайлбарт ч тодорхой дурдагдсан. Эдгээр баримтууд байгаа учраас хуулийн шаардлагыг хангаагүй тогтоолыг бүртгэсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч бичгээр гаргасан дүгнэлтээ: “Нэхэмжлэгчийн шаардлагыг зөв гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э******* ХХК, Н ХХК нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаар”-ыг баталсан тогтоолуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор, Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан дээрх тогтоолуудыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэснийг мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нарын субьектив эрхийн хүрээгээр буюу маргах эрхийн хүрээгээр зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг. Нэхэмжлэл гаргах эрх, маргах эрхийн хүрээ.

1. Нэхэмжлэгч Э******* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Залаатын зүүн богинын аманд 1,6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй[1], нэхэмжлэгч Н ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Бага тэнгэрийн аманд 62 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй[2] бөгөөд эдгээр нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаардаг байна.

2. “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаар”-ыг баталсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлснээр хүчин төгөлдөр болсон, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлснээр хүчин төгөлдөр болсон, уг тогтоол 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоол /2022 оны 4 дүгээр сарын 15-нд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болсон/-оор хүчингүй болох хүртэл үйлчилсэн байна.

Тодруулбал маргаан бүхий тогтоолууд шүүхэд маргаж байх хугацаанд хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй байсан хэдий ч 2019 оны 25 дугаар тогтоол 2019 оны 2 дугаар сарын 20-ноос 2021 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл, 2020 оны 13 дугаар тогтоол 2021 оны 3 дугаар сарын 01-нээс 2022 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн хугацааны газрын төлбөрийн ногдлыг нэхэмжлэгч компаниудад үүсгэсэн[3], нэхэмжлэгч нар “газрын үнэлгээний бүсийг буруу тогтоосон, газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утгыг судалгаагүйгээр хэт өндөр тогтоосон” хэмээн маргаж байх тул ийнхүү хүчин төгөлдөр байх хугацаанд үүсгэсэн сөрөг үр дагаврыг арилгуулах зорилгоор маргах эрхтэй байна.  

3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон, үүнд 3 дугаар хавсралтаар нийслэлийн 6 дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээг тогтоосон, уг хавсралтын тайлбарт аялал жуулчлалын үйлчилгээний зориулалттай газар “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” гэсэн газар ашиглах зориулалтад хамаарахаар заасан.

4. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25, 2020 оны 13 дугаар тогтоолуудаар тус дүүргийн нутаг дэвсгэрт газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг байршлаар нь 16 бүсэд, газар ашиглах зориулалтаар нь 17 ангиллаар тогтоосон.

5. Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн ашиглах эрхтэй 1.6 га газар байрших Залаатын зүүн богинын ам, нэхэмжлэгч Н ХХК-ийн ашиглах эрхтэй 62 га газар байрших Бага тэнгэрийн ам нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд багтах бөгөөд аялал жуулчлалын зориулалттай уг газар маргаан бүхий 2019 оны 25, 2020 оны 13 дугаар тогтоолуудаар 6 дугаар бүсэд, “худалдаа бүх төрлийн үйлчилгээ” ангилалд хамаарч, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор тогтоосон 1 м.кв газрын суурь үнэ 960 төгрөгөөс газрын төлбөр тооцох итгэлцүүр нь 2019 оны 25 дугаар тогтоолоор 1.00, 2020 оны 13 дугаар тогтоолоор 0.5 байхаар тогтоогдсон.

6. Тиймээс маргаан бүхий актууд, тэдгээрийг хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үйлдэлтэй холбогдуулж нэхэмжлэгч нарын маргах эрхийн хүрээ үүгээр хязгаарлагдах тул захиргааны үйл ажиллагааны бусад хэсэгт маргах, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаар”-ыг баталсан тогтоолуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.

1. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдээс хураах газрын төлбөрийг тооцох газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг баталсан.

2. Газрын төлбөрийн хэмжээг тогтоох эрх зүйн үндэслэлийг тогтоосон хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл,

2.1. Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2-т “Газрын суурь үнэлгээг “хот, тосгон, бусад суурины газрын зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалт, газар зүйн байршил, газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзан тойрог бүрээр Засгийн газар тогтоох”-оор, 3-т “Газрын нэгдмэл санг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцлөөр хуваасан үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийг Засгийн газар тогтоох”-оор, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг ... нэг га газрын суурь үнэлгээний хувиар тооцож тодорхойлох”-оор, 3 дахь хэсэгт “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр хуульд заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болохоор, итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох”-оор /энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 07-нй өдрийн хуулиар өөрчлөлт орсноор 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор болсон/, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс дээрх үзүүлэлтээр эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн 0,1-1,0 хувь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтоох”-оор, 2-т “Газрын төлбөрийн хэмжээг дээрх хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтоох”-оор тус тус хуульчилсан.

2.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д-д “сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох” асуудлыг онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх”-ээр заасан.

2.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоосон, үүнд 3 дугаар хавсралтаар нийслэлийн 6 дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээг тогтоосон.

2.4. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргаж дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдээс хураах газрын төлбөрийг тооцох газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийг, газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг баталсан нь эрх хэмжээний хүрээнд байна.

3. Газрын төлбөрийн тухай хуулиар ийнхүү эрх олгосноор дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдээс хураах газрын төлбөрийг тооцох газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг батлах шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр захиргааны байгууллагаас гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний акт байна.

3.1. Тиймээс хэм хэмжээний актын төслийг бэлтгэх, санал авах, батлах, бүртгүүлэх захиргааны үйл ажиллагаа мөн хуулийн 61, 62, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдах учиртай.

3.2. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар баталсан Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг хэрэглэхээр байна. 

3.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар нийслэлийн зургаан дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 16 бүсээр, газар ашиглалтын зориулалт бүрээр 1 га газрын суурь үнэлгээг шинэчлэн тогтоосон[4] ба аялал жуулчлалын үйлчилгээний зориулалттай газар “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” гэсэн газар ашиглалтын зориулалтад хамаарахаар тайлбарласан. Тодруулбал энэ тогтоолоор газрын үнэлгээний зэрэглэлийн 6 дугаар бүсэд байрлах худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газарт 1 га газрын суурь үнэлгээг өөрчилж тогтоосон, өмнө 1 м.кв газрын суурь үнэлгээ 440 төгрөг байсныг 960 төгрөг болгож нэмэгдүүлснээр Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно.” гэж зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглах эрхтэй 1 м.кв газрын суурь үнэлгээ 960 төгрөгийг гурав дахин өсгөж 2880 төгрөгөөр, 1 га газрын суурь үнэлгээ 28,800,000 төгрөг болж нэмэгджээ.

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дахь заалтаар хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувиар тогтоосон. 

3.4. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг “инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах” шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр хуульд заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болох”-оор байна. Мөн “итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг дээрх шаардлага, нөхцлийг харгалзан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох”-оор байна.

Өөрөөр хэлбэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын төлбөрийн хэмжээг буюу итгэлцүүрийн тоон утгыг Засгийн газрын тогтоосон суурь үнэлгээний 0.1-ээс 1.0 хувийн хооронд газрын инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тогтооно.

3.5. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор дүүргийн нутаг дэвсгэрт газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийг батлахдаа тус дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх аялал жуулчлалын зориулалтаар аж ахуйн нэгжид ашиглах эрх олгогдсон газрыг 6 дугаар бүсэд оруулсан, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор 6 дугаар бүсийн газар ашиглалтын “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” ангиллын газрын хувьд Засгийн газрын тогтоосон 1 м.кв газрын төлбөр 960 төгрөгөөр буюу 1.0 хувиар төлбөр тооцох итгэлцүүрийг баталсан,  2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор 6 дугаар бүсийн “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” ангиллын газрын төлбөрийг 1 м.кв газрын төлбөр 960 төгрөгийн 0.5 хувиар төлбөр тооцох итгэлцүүрийг баталсан.

3.6. Нэхэмжлэгч компаниуд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тус дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх аялал жуулчлалын зориулалтаар аж ахуйн нэгжид ашиглах эрх олгогдсон газрыг газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 6 дугаар бүсэд оруулахдаа, уг бүсийн итгэлцүүрийн хувь хэмжээг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д заасан нөлөөллийн шинжилгээг зохих журмын дагуу хийгээгүйгээс үндэслэл бүхий гараагүй гэж маргасан.

3.7. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолсон нөлөөллийн шинжилгээг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан аргачлалын дагуу хийх ёстой бөгөөд нөлөөллийн шинжилгээнд дээрх хэсгийн 61.4.1-61.4.6-д заасан “акт гаргах үндэслэл, шаардлага, зорилт, актын ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох, хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн харилцаанд болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх, тухайн асуудлыг зохицуулж байгаа хүчин төгөлдөр хууль, захиргааны хэм хэмжээний акт байгаа эсэх, актыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоо” зэрэг нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэхээр байна.

3.8. Нөлөөллийн шинжилгээг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар баталсан “Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахад олон нийтийн оролцоог хангах, эерэг болон сөрөг талуудыг харьцуулан судалж, шийдвэрийн эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн харилцааг зохицуулах үр дүнтэй зохицуулалт бүхий зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөлийг тодорхойлох” зорилго бүхий Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалын дагуу хийнэ.

3.8.1. Энэ аргачлалд нөлөөллийн шинжилгээнд тусгах Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т заасан дээрх нөхцөл байдлыг нэг бүрчлэн тайлбарлаж хэрхэн дүн шинжилгээ хийхийг зааж өгсөн, тухайлбал, аргачлалын 2.1.1 “акт гаргах үндэслэл, шаардлага, зорилтыг тодорхойлох” хүрээнд хэм хэмжээний акт гаргах хууль зүйн үндэслэл, практик шаардлага, бодит нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэснээр гарах үр дүн, зорилгодоо хүрэх эсэхийг тодорхойлохыг, 2.1.3 “акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох” хэсэгт хэм хэмжээний актын улмаас нийгмийн ямар бүлэг, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодорхойлж, тэдгээрийн оролцоог хангах, санал авах, хэлэлцүүлэг хийхийг, 2.1.4.1-2.1.4.11 “өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх” буюу “дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэх эсэх”, “хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөрөгдөл бий болох эсэх”, “аль нэг аж ахуйн нэгжид, ялангуяа зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болох эсэх”, “төрийн байгууллага болон бусад иргэн, хуулийн этгээдэд захиргааны шинж чанартай нэмэлт ачаалал бий болох эсэх”, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх”, “эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд ямар нэгэн саад хориг тогтоох эсэх, хэрэв тийм бол тэр нь хуульд нийцсэн эсэх”, “хүнд суртал, авлига гарах нөхцөл, боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт байгаа эсэх, байгаа бол тэр нь хуульд нийцсэн эсэх”-ийг тодорхойлохыг, 2.1.6 “актыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоо” хэсэгт тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэн, хуулийн этгээдэд нэмэлт зардал үүсэх, эсхүл буурах эсэхийг судалж тогтоох шинжилгээ хийхээр нарийвчлан журамлажээ. Түүнчлэн аргачлалд заасан асуултаар хязгаарлалгүй, судалж байгаа асуудлын онцлогоос хамааран нэмэлт асуулт гаргаж болохоор заасан.

3.8.2. Нөлөөллийн шинжилгээгээр тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн  62.1-д заасны дагуу актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авч, 62.2, 62.3, 62.4 дэх хэсэгт заасны дагуу нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор, мөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд, мөн эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд, тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд хэлэлцүүлгийг уулзалт, ярилцлага, өдөр тутмын сонин хэвлэлд төслийг нийтэлж санал авах, цахим хуудас, харилцаа холбооны хэрэгслээр санал авах зэрэг хэлбэрээр зохион байгуулж, 62.5-д зааснаар хэлэлцүүлгийн явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны хэм хэмжээний актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэхээр байна.

Дээрхээс дүгнэвэл, хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад эхлээд эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолсон нөлөөллийн шинжилгээг хийж, энэ шинжилгээгээр тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь /нөлөөллийн шинжилгээг эрх бүхий этгээд танилцаж/ тогтоогдсон  тохиолдолд санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулж,  уг саналуудыг тогтоолын төсөлд хэрхэн тусгаснаа танилцуулсан мэдээлэл бэлтгэж, тогтоолын төслийг батлуулахаар Хуралд оруулахаар байна.

4. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 25 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхдээ хүргүүлсэн гэх хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд,

4.1. Тус хурлаас байгуулсан ажлын хэсэг хороодын Засаг дарга, хороо хариуцсан газар зохион байгуулагч нарт мэдээлэл өгөх уулзалтыг 2019 оны 1 дүгээр сарын 03-нд зохион байгуулж[5], 2019 оны 1 дүгээр сарын 07-ноос 10-ны өдрүүдэд дүүргийн хороодын иргэний танхимд хэлэлцүүлэг, 1 дүгээр сарын 14-ний өдөр 28 хорооны аж ахуй нэгж, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг[6] зохион байгуулсан, тогтоолын төслийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл дүүргийн Газар зохион байгуулалтын албаны веб сайт болон байгууллагын мэдээллийн самбарт байршуулсан боловч санал хүсэлт ирээгүй хэмээн нөлөөллийн шинжилгээний танилцуулгад дурдсан.

Маргаанд хамаарах 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 68 иргэнийг оролцуулан 1 дүгээр сарын 11-ний өдөр тус хорооны иргэний танхимд хэлэлцүүлэг хийсэн талаарх илтгэх хуудас үйлдсэн /хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй тэмдэглэл ирүүлээгүй/,  илтгэх хуудсаас[7] үзвэл хэлэлцүүлэгт оролцсон 68 иргэн /хэлэлцүүлэгт оролцсон гэх иргэдийн төлөөллийн нэрс, бүртгэл ирүүлээгүй/-ий дийлэнх олонх нь газрын үнэлгээний зэрэглэл, бүсийн газрын төлбөр тооцох тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тогтоолын төслийг “дэмжээгүй” санал гаргасан байна.

4.2. Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Хы гэрчээр мэдүүлснээс[8] үзэхэд 2019 оны 25 дугаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үед тогтоолын төслийн танилцуулга хийгдсэн, тэмдэглэл хөтлөөгүй, 11 дүгээр хороонд хийгдсэн хэлэлцүүлэгт тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглагч 3-4 аж ахуйн нэгж оролцсон, тогтоолын төслийг дэмжээгүй санал гаргасан байна.

4.3. Иргэдээс “Засгийн газрын 2018 оны тогтоолоор газрын үнэлгээний тойрог, зэрэглэл бүс, суурь үнэлгээ, төлбөрийн хэмжээг шинэчилж баталсныг мэдэх үү”, “газрын төлбөр төлдөг үү”, “газрын үнэлгээний зэрэглэл бүсийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, хэрэглэх зааг хязгаарыг тогтоох асуудлыг дэмжих эсэх”, “дэмжих, дэмжихгүй шалтгаан” гэсэн 4 асуулга бүхий саналын хуудсаар санал авсан гэх боловч нийт хэдэн иргэнээс санал авсан нь тодорхойгүйгээс санал өгсөн иргэдийн хэдэн хувь хэрхэн хариулсанд дүн шинжилгээ хийгээгүй, мэдээллийн шинжтэй асуултад өгсөн хариултын дүнг нөлөөллийн шинжилгээний танилцуулгад дурдсан, харин газрын үнэлгээний зэрэглэл бүсийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, хэрэглэх зааг хязгаарыг тогтоох асуудлыг дэмжих, дэмжихгүй шалтгааны талаарх хариултад огт дүн шинжилгээ хийгээгүй байна.

4.4. Тогтоолын төсөлд нөлөөллийн шинжилгээ[9] хийсэн гэх боловч нөлөөллийн шинжилгээ, түүний 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн танилцуулгад[10] “санал авсан, хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэх тоон мэдээг тусгаж, “газрын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь төсвийн орлого бүрдүүлэлт нэмэгдэх сайн талтай” гэснээс өөрөөр нийгэм, эдийн засагт үүсэх эерэг, сөрөг үр дагавар, тооцоолол судалгаа дүгнээгүй, эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдүүдээс гаргасан саналыг тусгаагүй, харгалзаагүй, ийнхүү харгалзаагүй үндэслэлээ ч тусгаагүй, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрших аялал жуулчлалын зориулалттай газрыг 6 дугаар бүсэд хамааруулсан үндэслэлийг, 6 дугаар бүсийн “бүх төрлийн худалдаа, үйлчилгээний” зориулалттай газрын төлбөрийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталсан итгэлцүүрийн хамгийн дээд хэмжээгээр 1.0 гэж тогтоосон үндэслэл, бүс болон төлбөрийн хэмжээг тогтооход газар зүйн байршил, инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байдал, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагааны зориулалттай эсэхийг  буюу нөлөөллийн шинжилгээгээр дүгнэгдэх ёстой хариулт өгөгдөөгүй. Өөрөөр хэлбэл нийгэм, эдийн засгийн нөлөөлөлд дүн шинжилгээ хийгээгүй байна.

4.5. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд “2019 оны 25 дугаар тогтоолыг батлахдаа нийгэм, эдийн засгийн нөлөөллийн шинжилгээг хийгээгүй” болохыг хүлээн зөвшөөрсөн[11] нь тэмдэглэлд тусгагджээ.   

5. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 13 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхдээ хүргүүлсэн гэх хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд,

5.1. Тус Хурлаас байгуулагдсан ажлын хэсэг эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй бүлгийг “дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд” болон “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч иргэн, хуулийн этгээд” гэх ангиллаар тодорхойлж, тогтоолын төслийг сонсгох, санал авах 8 удаагийн хэлэлцүүлэг хороодын Засаг дарга нар, иргэн, хуулийн этгээдийг оролцуулан зохион байгуулж, тогтоолын төслийг албаны цахим мэдээллийн хуудаст 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 30 хоногийн хугацаатай байршуулан санал авсан, цахимаар болон хэлэлцүүлгээр 232 иргэн, аж ахуйн нэгж, нутгийн захиргааны 31 байгууллагаас санал ирүүлснийг тогтоолын төсөл хэлэлцэхэд танилцуулсан,

5.2. Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Х, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Залаатын ам хариуцсан байгаль орчны улсын байцаагч Г.Б нар шүүхэд гэрчээр мэдүүлснээс[12] үзвэл 2020 оны 13 дугаар тогтоолын төслийг 2020 оны 12 дугаар сарын 15-нд 11 дүгээр хорооны иргэд, аж ахуйн нэгжүүдийг оролцуулан цахимаар зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцогчдоос “газрын төлбөрийг багасгах, бүсчлэл, ангиллыг өөрчлүүлэх” санал гаргаж байжээ.

5.3. Энэ тогтоолын төсөлд нөлөөллийн шинжилгээг[13] хэлбэрийн хувьд хийсэн, нөлөөллийн шинжилгээнд газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, хэрэглэх зааг хязгаарыг шинэчлэн тогтоох хууль эрх зүйн үндэслэлийг тодорхой тусгасан, мөн Засгийн газраас 2018 онд газрын суурь үнэлгээг 16 бүс, 17 зориулалтаар өөрчлөлт оруулснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 25 дугаар тогтоолоор газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, хэрэглэх зааг хязгаарыг шинэчлэн тогтоосон ч “ковид-19 цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлого тасалдаж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл үүсгэсэн” тул өөрчилж тогтоох шаардлага үүссэн гэх энэ нөхцөл байдлыг л тусгасан.

5.4. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзаж, газрын үнэлгээний зарим бүс, газар ашиглалтын зарим ангилалд өөрчлөлт оруулж, зарим бүсийн тоон итгэлцүүрийг бууруулах замаар зарим бүс, зориулалтын хувьд газрын төлбөрийн хэмжээ багасч, газар ашиглагч, эзэмшигчдэд эдийн засгийн хувьд татварын дарамт багасах таатай нөхцөл бүрдүүлэхээр байгааг дүгнэсэн ч 25 дугаар тогтоолоор тогтоосон бүсийн зааг хязгаарыг, газрын төлбөрийн хэмжээг үндэслэлгүй гэж үзсэн болон хэрхэн өөрчлөх шаардлага үүссэнийг нийгмийн судалгаа, эдийн засгийн тооцоололд үндэслээгүй байх тул нөлөөллийн шинжилгээг хуульд заасан агуулгаар хийсэн гэж үзэхээргүй байна.

5.5. Энэ өөрчлөлтөөр маргаанд хамаарах байршилд бүсийн хувьд өөрчлөлт ороогүй 6 дугаар бүсэд хамаарах хэвээр, харин 6 дугаар бүсийн “бүх төрлийн худалдаа, үйлчилгээ” ангиллын газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утгыг 1.0 байсныг 0.5 болгож бууруулсан байдаг.

5.6. Гэхдээ Нөлөөллийн шинжилгээнд нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөөг аргачлалд заасан асуулгад хариулах байдлаар тодорхойлохдоо “тийм”, “үгүй” гэх байдлаар товч хариулт өгч, “аль нэг аж ахуйн нэгжид, ялангуяа зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болох эсэх”, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх”, “эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд ямар нэгэн саад хориг тогтоох эсэх, хэрэв тийм бол тэр нь хуульд нийцсэн эсэх”-ийг агуулгын хувьд тодорхойлоогүй. Тодруулбал, нөлөөллийн шинжилгээний “Зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болсон эсэх” гэсэн асуулгад “үгүй” гэж, “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх” гэсэн асуулгад “үгүй” гэж,  “Эдийн засгийн болон нийгмийн бусад үйл ажиллагаанд  ямар нэгэн саад учруулах эсэх” гэсэн асуулгад “үгүй” гэж хариулсан, яагаад ийнхүү үзсэн үндэслэлээ тусгаагүй, тухайн хэм хэмжээ тогтоосон акт нь нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг шинжлэх асуулгын хариултыг эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслээгүй нь хэм хэмжээний актыг гаргахад хуулиар тавигдах шаардлагыг агуулгын хувьд хангасан гэж үзэх боломжгүйд хүргэж байна.

5.7. Нөлөөллийн шинжилгээнд тусгагдаагүй ч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолын төслийг хэлэлцэж баталсан хуралдаанд “Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын төлбөр хэт өндөр болсон, Газрын төлбөрийн тухай хуулиар газрын төлбөрийг 3 дахин өсгөж тооцдог, энэ тооцооллоор 1 га газрын төлбөр 3,960,000 төгрөг төлдөг байсныг 28,880,000 төгрөг болгож 7.2 дахин өсгөсөн талаар, ингэснээр газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 2019, 2020 онд тасалдсан” талаар танилцуулагдаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 6 дугаар бүсийн итгэлцүүрийн тоон утгыг 0.2-0.3, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 0.5-аар батлуулах санал оруулж, 0.5-аар баталсан[14] байдаг.

6. Эндээс үзэхэд 2019 оны 25 дугаар тогтоолыг батлахад тухайн асуудлаар эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолсон нөлөөллийн шинжилгээг хийгээгүй.

7. 2020 оны 13 дугаар тогтоолыг батлахад хороодын Засаг дарга, газар зохион байгуулагч нарт мэдээлэл өгч, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар нөлөөллийн шинжилгээнд дурдсан байх тул эхлээд “эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолсон нөлөөллийн шинжилгээг хийж, энэ шинжилгээгээр тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон /нөлөөллийн шинжилгээг эрх бүхий этгээд танилцаж/ тохиолдолд санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулж,  уг саналуудыг тогтоолын төсөлд тусгах” талаарх нийгэм, эдийн засгийн үр дагавар бүхий хэм хэмжээний актыг батлан гаргах захиргааны үйл ажиллагаа хууль болон аргачлалд заасан процессын дагуу явагдаагүй гэж үзэхээр байна.  

8. 2020 оны 13 дугаар тогтоолыг батлахад нөлөөллийн шинжилгээг зохих аргачлалын дагуу хийгээгүйн дээр асуулт бүрт үндэслэл бүхий хариулаагүй, “өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх” буюу “аль нэг аж ахуйн нэгжид, ялангуяа зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болох эсэх”, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх”, “эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд ямар нэгэн саад хориг тогтоох эсэх, хэрэв тийм бол тэр нь хуульд нийцсэн эсэх”-ийг агуулгын хувьд тодорхойлоогүй, асуулга бүрт “тийм”, “үгүй” гэх байдлаар товч хариулт өгч, яагаад ийнхүү үзсэн үндэслэлээ тусгаагүй, тухайн хэм хэмжээ тогтоосон акт нь нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг шинжлэх асуулгын хариултыг эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслээгүй нь хэм хэмжээний актыг гаргахад хуулиар тавигдах шаардлагыг агуулгын хувьд хангасан гэж үзэх боломжгүйд хүргэж байна.

9. Тухайлбал, маргаанд хамаарах тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь тусгай хамгаалалттай буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ямар хэмжээнд хамаардаг болох, тухайн бүсэд газар эзэмших хууль зүйн боломжгүй талаар, газар ашиглах эрх нь эзэмших эрхээс ямар хязгаарлалттай болох, газар ашиглалтын зориулалт буюу ямар үйл ажиллагаа явуулах боломжтой, уг үйл ажиллагааны онцлог, хэдэн хуулийн этгээдэд хэдий хэмжээний газар ашиглах эрх олгогдсон, төвийн инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байдал, түүний шалтгаан нөхцөл, тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрхтэй газрын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлж тооцоход газрын төлбөр хэд болох зэрэг хууль эрх зүйн орчин, газрын ашиглалтын төлөв байдал, нийгэм, эдийн засгийн тооцоо судалгаа нөлөөллийн шинжилгээнд тусгагдаагүй байна.

10. 2019 оны 25 дугаар тогтоолыг батлан гаргасны дараа, 2020 оны 13 дугаар тогтоолыг батлах явцад болон баталсны дараа хүчингүй болгуулахаар аж ахуйн нэгжүүд, тухайлбал нэхэмжлэгч компаниуд “тухайн газар нь инженерийн дэд бүтцэд /цахилгаан, дулаан, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, холбооны шугам сүлжээ/  холбогдоогүй, төрийн болон нийгмийн суурь үйлчилгээнээс алслагдмал, нөгөө талаас газрын хэвлийд халдах байдлаар байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй, аялал жуулчлалын үйл ажиллагаа улирлын шинжтэйгээс орлого тогтмол бус” зэрэг газрын үнэлгээний бүс, газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утгыг тогтооход харгалзах нөхцөл, шаардлагын талаар тайлбарлаж байсан ч хүсэлт, гомдлыг хүлээж аваагүй, нөлөөллийн шинжилгээнд эдгээр нөхцөл шаардлагыг харгалзаагүй байдаг. 

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2019 оны 25, 2020 оны 13 дугаар тогтоолуудад хавсаргасан нөлөөллийн шинжилгээ нь нөлөөллийн шинжилгээний аргачлалд нийцсэн эсэхийг тогтоолгох”-оор шүүх Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан, шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр,

11.1. 25 дугаар тогтоолыг боловсруулах явцад хийсэн нөлөөллийн шинжилгээ нь хэт хураангүй, аргачлалд заасан бүрдэл хангагдаагүй,

11.2. 13 дугаар тогтоолыг боловсруулах явцад хийсэн нөлөөллийн шинжилгээ аргачлалд заасан хэлбэрийн шаардлага хангасан, гэвч актын төслийн нөлөөллийг тооцох хүчин зүйлүүдийн цөөнгүй шалгуур “тийм”, “үгүй” гэсэн товч хариулттай, нөлөөллийн шалгуурын дагуу иж бүрэн шинжилгээ хийсэн гэж дүгнэх боломжгүй. Тухайн бүс төвлөрсөн ус, дулаан хангамжид холбогдоогүй, цахилгаан хуваарилах байгууламж шинээр барихаар төлөвлөсөн, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүждэг, инженерийн дэд бүтэц хөгжөөгүй, засаг захиргааны байгууллага ажилладаггүй, төрийн үйлчилгээ огт нэвтрээгүйг дүгнэсэн байна.      

12. Ийнхүү нөлөөллийн шинжилгээг хийгээгүй, зохих ёсоор хийгээгүйгээс газрын төлбөрийн бүс, төлбөрийн хэмжээг тогтоосон хэм хэмжээний актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй байх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж дүгнэх үндэслэл боллоо.

13. Иймд эдийн засгийн ихээхэн үр дагавар үүсгэсэн хэм хэмжээний актыг хууль эрх зүйн орчин, газрын ашиглалтын төлөв байдал, нийгэм, эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д заасан нөлөөллийн шинжилгээг аргачлалын дагуу хийлгүйгээр “нөлөөллийн шинжилгээ хийх, хэлэлцүүлэг хийх, санал авах” зэргээр хэлбэрийн бүрдүүлбэр ханган баталсныг Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасанд нийцсэн гэж, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэх боломжгүй.

14. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын төлбөрийн тухай хуулиар олгогдсон “газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр хуульд заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулах, итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох” эрхээ хэрэгжүүлэхдээ “олон нийтийн оролцоог хангах, эерэг болон сөрөг талуудыг харьцуулан судалж, шийдвэрийн эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн харилцааг зохицуулах үр дүнтэй зохицуулалт бүхий зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөлийг тодорхойлох” Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг нэхэмжлэгч нарын субьектив эрхийн хүрээгээр хангаж шийдвэрлэлээ.

15. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.” 6 дугаар зүйлийн 4-т “Газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно.”, 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно.” гэж зааснаар ашиглах эрхтэй газрын хэмжээгээр төлбөр төлөх нь газар ашиглагчийн үүрэг байна.

16. Хэдийгээр нэхэмжлэгч нар газрын төлбөр тооцох бүс, төлбөрийн хувь хэмжээг тогтоосон шийдвэртэй маргаж байсан ч энэ үндэслэлээр тусгай хамгаалалттай бүс нутагт ашиглах эрх авсан газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

17. Иймд тухайн бүсийн Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор тогтоосон “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” зэрэглэлд тогтоосон суурь үнэлгээний доод “0.1” хэмжээгээр тухайн /маргаанд хамаарах 2019 оны 25, 2020 оны 13 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан/ хугацааны төлбөрийг тооцон төлүүлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

18. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолоор 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоо хүчингүй болгосон нь “ковид-19 цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлого тасалдаж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл үүсгэсэн”-ээс буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах шалтгаан үндэслэл биш, уг 38 дугаар тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор илт хууль бус болохыг тогтоосон тул энэ шийдвэрийн үйлчлэл хэргийг шийдвэрлэхэд төдийлөн хамааралгүй байна.

 

Гурав. Хууль зүй, дотоод хэргийн яам Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25,  2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлагын тухайд.

1. Захиргааны хэм хэмжээний актыг хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа нь уг актыг хүчин төгөлдөр болгох нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэж буй шинжээрээ захиргааны үйл ажиллагаа бөгөөд, маргаан бүхий тогтоолуудыг хянаж бүртгэсэнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна. Энэ талаар дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 499 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байна.

2. Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж буй Хууль зүй, дотоод хэргийн яамны үйлдлийг ийнхүү бүртгэснээр хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр болгож буй үр дагавраар нь хэм хэмжээний актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай ижил шаардлага, шүүхээс гарах шийдвэрийн төрлөөр шийдвэрлэх боломжгүй юм, тодруулбал нэхэмжлэгч нарын тодорхойлсон шаардлагад заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалт нь зөвхөн хэм хэмжээний актад хамаарах юм.

3. Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж буй Хууль зүй, дотоод хэргийн яамны үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад хамаарах захиргааны үйл ажиллагаа бөгөөд хэм хэмжээний актыг шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн төрөлд хамаарахгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг маргах эрхийнх нь хүрээнд агуулгын хувьд хангаж шийдвэрлэсэн болно.

4. Нэхэмжлэгч нар Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулсан “тогтоолуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн” үйлдэлд холбогдох энэ шаардлагаа анх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэрийн төрөлд хамааруулан “хүчингүй болгуулах” агуулгаар тодорхойлж байсан ч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоо 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоо 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хүчингүй болгосныг хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж тухайн актууд эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон, “тухайн хугацааны газрын төлбөрийн ногдол үүсгэх, тэр хэмжээгээр төлөх үүрэг нэхэмжлэгч нарт үүсгэх” байдлаар нэхэмжлэгч нарын ашиг сонирхол /шүүхээр шийдвэрлүүлэх/ байх тул “тогтоолуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн” үйлдэлд холбогдох шаардлагыг мөн зүйлийн 106.3.3 дахь “хууль бус байсан болохыг тогтоолгох” заалтаар шийдвэрлэх нь зүйтэй, энэ нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүй гэж шүүх үзлээ.

5. Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан эсэх, актын төслийг бэлтгэх, нөлөөллийн шинжилгээг зохих аргачлалын дагуу хийсэн эсэх, актын төсөлд санал авах ажиллагааг зохих журмын дагуу хийсэн эсэхийг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхээр, дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүйг Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл яам хуулиар тогтоосон журмын дагуу батлагдсан эсэхийг хянасны үндсэн дээр бүртгэх эсэхийг буюу тухайн хэмжээний акт хүчин төгөлдөр болох эсэхийг шийдвэрлэхээр байна. Тиймээс хэлбэрийн бүрдүүлбэр хангуулсан байдлаар хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж хуульд заасан шаардлага хангаагүй хэм хэмжээний актуудыг хүчин төгөлдөр болгосон хууль зүйн үр дагавар бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийн үйлдлийг шүүх шийдвэрлэсэн болно.

6. Иймд хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй, нөлөөллийн шинжилгээ хийгээгүй 2019 оны 25 дугаар тогтоолыг, нөлөөллийн шинжилгээг зохих ёсоор хийгээгүй 2020 оны 13 дугаар тогтоолыг улсын нэгдсэн бүртгэж хүчин төгөлдөр үйлчлэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны үйлдлийг нэхэмжлэгч нарын маргах эрхийн хүрээгээр “хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.8, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2, дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5, 61.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э******* ХХК болон Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын 6 дугаар бүсийн “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” ангиллын газрын төлбөрийн итгэлцүүрийг “1.0” гэж тогтоосныг, 2020 оны 13 дугаар тогтоолын 6 дугаар бүсийн “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” ангиллын газрын төлбөрийн итгэлцүүрийг “0,5” гэж тогтоосныг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудын энэ хэсгийг хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар, 2020 оны 13 дугаар тогтоолын бусад хэсэгт хамаарах шаардлагыг, Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийн мөн хамаарах хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 140,400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч тус бүрт 70,200 төгрөг олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА

 

                                                       ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                    

    ШҮҮГЧ                               Ц.ОДМАА

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 7-13, 5 дугаар хавтсын 111, 112 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 70, 5 дугаар хавтсын 111, 113 дугаар хуудас

[3] Хэргийн 5 дугаар хавтсын 23-33, 37-41 дүгээр хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 71 дүгээр хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 136-138 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 139-142, 148-196 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 169 дүгээр хуудас

[8] Хэргийн 6 дугаар хавтсын 1-7 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 123-125 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын126-127 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 221-230 дугаар хуудас

[12] Хэргийн 6 дугаар хавтсын 1-7, 15-17 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 208-220 дугаар хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 221-230 дугаар хуудас