Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0200

 

 

 

 

 

 

 

 “Н” ХХК, “ Э э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК, “ Э э” ХХК

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

                   Хууль зүй дотоод хэргийн яам

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлөөлөгч Н.Г,

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. г,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж. а,

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. л, М.Ча,

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.Э, Э.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

Хэргийн индекс: 128/2021/0576/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5, 61.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “ Э э” ХХК болон “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын 6 дугаар бүсийн худалдаа, бүх төрлийн үйлчилгээ ангиллын газрын төлбөрийн итгэлцүүрийг 1.0 гэж тогтоосныг, 2020 оны 13 дугаар тогтоолын 6 дугаар бүсийн худалдаа, бүх төрлийн үйлчилгээ ангиллын газрын төлбөрийн итгэлцүүрийг 0,5 гэж тогтоосныг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудын энэ хэсгийг хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар, 2020 оны 13 дугаар тогтоолын бусад хэсэгт хамаарах шаардлагыг, Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийн мөн хамаарах хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “... Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0,1- 1,0 хувь” хэмжээгээр тогтооно гэж хуульчилж өгсөн.

2.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох” асуудлыг онцгой бүрэн эрхэд хамааруулсан. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргаж дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүдээс. хураах газрын төлбөрийг тооцох газрын үнэлгээний зэрэглэл (бүс), газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг баталсан нь өөрийн эрх хэмжээний хүрээнд байна.

2.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д заасан нөлөөллийн шинжилгээг зохих журмын дагуу хийгээгүйгээс үндэслэл бүхий гараагүй гэж маргасан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 25, 2020 оны 13 дугаар бүхий тогтоолыг батлан гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын дагуу захиргааны хэм хэмжээний актын төслийн нөлөөллийн шинжилгээний танилцуулгыг бэлтгэсэн.

2.4. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/55 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулагдан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоолыг шинэчлэн батлуулахаар ажилласан. Уг ажлын хүрээнд Ажлын хэсэг 30 удаагийн хэлэлцүүлэг, дүүргийн 28 хорооны “Иргэний танхим”, “Чуулган”-ы танхимаар зохион байгуулж, нийт 41 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, 4266 иргэнийг хамруулан ‘Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолын төслийг танилцуулж, санал хүсэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж, захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор ханган эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрзэнд хэлэлцүүлгийг зохион байгуулж /нэгдүгээр хавтаст хэргийн 128-197 дугаар хуудас/, өдөр тутмын сонин хэвлэлд төслийг нийтэлж санал авсан. Мөн цахим хуудас, харилцаа холбооны хэрэгслээр санал авч ажилласан нь танхим болон цахимаар хийсэн хэлэлцүүлгийн тэмдэглэлүүд, саналын хуудас, хэлэлцүүлэг зохион байгуулсан илтгэх хуудаснууд, ирцийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалын дагуу нөлөөллийн шинжилгээг хийгээгүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.5. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан аргачлалын дагуу нөлөөллийн шинжилгээнд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 61.4.1- 61.4.6-д заасан захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Нөлөөллийн шинжилгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагаа байна. Шүүхийн процессын асуулт, хариултын үе шатанд нөлөөллийн шинжилгээг бэлтгэхдээ хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэхийг ямар агуулгын хүрээнд авч үзсэнийг асуусан бөгөөд хариуцагч талаас ялгаварлан гадуурхсан эсхүл аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх, хүний эрхийг хязгаарласан зохицуулалт агуулж байгаа эсэх, хэрэв тийм бол хуульд нийцсэн эсэх, жендерийн эрх тэгш байдлыг хангасан эсэх, дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэх эсэх, хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөргөдөл бий болох эсэх, аль нэг аж ахуйн нэгжид, ялангуяа зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болох эсэх, Төрийн байгууллага болон бусад иргэн, хуулийн этгээдэд захиргааны шинж чанартай нэмэлт ачаалал бий болох эсэх, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд ямар нэгэн саад хориг тогтоох эсэх, хэрэв тийм бол тэр нь хуульд нийцсэн эсэх, хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх, хүнд суртал, авлига гарах нөхцөл, боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт байгаа эсэх, байгаа бол тэр нь хуульд нийцсэн эсэх зэрэг агуулгыг тодорхойлж, нөхцөл байдлыг тусгаж, хариулт өгөх байдлаар хийсэн.

2.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д тухайн бүсийг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор тогтоосон “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” зэрэглэлд тогтоосон суурь үнэлгээний доод “0.1” хэмжээгээр тухайн /маргаанд хамаарах 2019 оны 25, 2020 оны 13 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан/ хугацааны төлбөрийг тооцон төлүүлэх боломжтой гэж шүүх үзжээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоосон байх бөгөөд тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээг шинэчлэн баталж, худалдаа бүх төрлийн үйлчилгээ гэдэгт “    амралт сувилал, аялал жуулчлалын үйлчилгээний зориулалттай газар         ” гэж ойлгохыг заасан ба 6 дугаар бүсэд хамааруулсан.

2.7. Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Газрын төлбөрийн тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан онцгой бүрэн эрхийн хүрээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 0,1-1,0 хувь хэмжээгээр хуулийн хязгаарт багтаан итгэлцүүрийг тогтоосон. Газрын итгэлцүүрийг тогтоохдоо Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Газар зохион байгуулалтын албанаас саналыг авч тусган ажилласан (хэргийн хоёрдугаар хавтасны 109-160 дугаар хуудас)

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалтад “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг” тогтоож анхан шатны шүүхээс шийдвэр гаргадаг. Тус маргаан бүхий тогтоолууд нь хууль бус биш бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

2.9. Уг захиргааны хэрэг нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5783 дугаар захирамжаар үүссэн. Нэхэмжлэгч тал энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж хэд хэдэн удаа өөрчилж байсан бөгөөд энэ нь захиргааны процессын ажиллагааг удаашруулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Хариуцагчийн гаргасан дээрх тогтоолтой холбоотой нэхэмжлэлийг өмнө нь хэд хэдэн иргэн, хуулийн этгээд тус шүүхэд гаргасан байдаг бөгөөд түүнийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол гарсан байдаг. Энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх тус тус авч хэлэлцсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын /2020.12.14 №424. Хуудас 7-8/ “Маргааны үйл баримтад Газрын төлбөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулсан, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв, хууль тогтоомж зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тодорхой болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.

2.10. Дээрх нэхэмжлэлтэй холбоотой гарсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сангаас харах боломжтой.

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.20-ны өдрийн 128/ШТ2021/0052, 2021.0.25 №128/ШТ2021/0083, 2020.06.10-ны өдрийн №128/1111112020/0403

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.19-ний өдрийн 499 дүгээр магадлал

3. Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол 2020.12.14 №424

4. “” XXК, “ЭЛ” ХХК, “” ХХК, “” ХХК, иргэн О. нарт холбогдох Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.07.09-ний өдрийн 440 дүгээр магадлал

5. “м” ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.06.02-ны өдрийн 380 дугаар магадлал

6. “л” ХХК, “н” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр.

2.11. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байхад нэгэнт шийдвэрлэгдсэн захиргааны хэргийг ахин шийдвэрлэж байгаа нь шүүх ахин шийдвэрлэх шаардлагагүй маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25, 2020 оны 13 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яам Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25, 2020 оны 13 дугаар тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний акт”-ын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж байхад шүүх нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр шийдвэрлэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

2.12. Иймд “ Э э” ХХК, “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын 6 дугаар бүсийн “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” ангиллын газрын төлбөрийн итгэлцүүрийг“1,0” гэж тогтоосныг, 2020 оны 13 дугаар тогтоолын 6 дугаар бүсийн “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ" ангиллын газрын төлбөрийн итгэлцүүрийг 0,5” гэж тогтоосныг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудын энэ хэсгийг хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоосон 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0011 дугаарт анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, зарим нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “ Э э” ХХК, “Н” ХХК-аас “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаар”-ыг баталсан тогтоолуудыг, Хууль зүй, дотоод хэргийн яамны дээрх тогтоолуудыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэснийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2. Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд:

2.1. Хууль зүй дотоод хэргийн яам нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25, 2020 оны 13 дугаар тогтоолоор “Дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдээс хураах газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаар”-ыг баталсныг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэжээ. Уг бүртгэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.2. Учир нь дээрх бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан “хуулиар тусгайлан эрх олгосон, нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй” хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй.

2.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 499 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохдоо “дотогшоо чиглэсэн акт” гэж үзсэнийг буруу гэж дүгнэсэн бөгөөд үүнээс хойш Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн тайлбар, баримтууд, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зэрэгтэй холбогдуулан энэ талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр тайлбарлан хэрэглэв.

2.4. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, 65.2-т “Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй”  гэж заасан.

Уг хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам нь  зөвхөн тухайн хэм хэмжээний актад тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэхэд урьдчилсан хяналт хийж байгаа явдал бөгөөд хангаагүй тохиолдолд “бүртгэхгүй” байх нь хуулиар тусгайлан эрх олгосон этгээдийн баталсан хэм хэмжээний актыг агуулгын хувьд бүрэн хяналт хийж, хүчингүй болгох, өөрчлөх зэрэг шийдвэр гаргаж буй “бие даасан тусдаа захиргааны үйл ажиллагаа буюу “хэм хэмжээний акт” гэж үзэхээргүй байна. 

2.5. Харин Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэйн улмаас энэ хуульд заасан журмын дагуу хүчингүй болсон бол хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ тухай албан бичгийг хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актын хуулбарын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын гурван өдөрт багтаан хүргүүлнэ” гэж зааснаар хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдож хүчингүй болсон тохиолдолд баталсан этгээд нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж улсын бүртгэлд хүчингүй болсныг бүртгүүлэх үүрэгтэй.

3. Нэхэмжлэгч “ Э э” ХХК-аас гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагчаас гаргасан тайлбарыг үнэлэлгүй, ... нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

3.2. Нэхэмжлэгч “ Э э” ХХК-аас “... Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбилцол, газрын зааг хязгаарын зураг/”-ийн өөрт холбогдох хэсгийг  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 499 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 424 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлджээ.

3.3. Үүнээс үзвэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байхад “ Э э” ХХК-аас дахин уг 25 дугаар тогтоолыг “ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж маргасан нь өөр үйл баримтын талаарх нэхэмжлэл гэж үзэхээргүй байхад анхан шатны шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл ... хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасанд нийцээгүй байна.

3.4. Иймд “ Э э” ХХК-ийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч “Н” ХХК-аас гаргасан маргаан бүхий “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “Н” ХХК, “ Э э” ХХК-аас гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 13 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Анхан шатны шүүх “... 2019 оны 25, 2020 оны 13 дугаар тогтоолуудад хавсаргасан нөлөөллийн шинжилгээ нь нөлөөллийн шинжилгээний аргачлалд нийцсэн эсэхийг тогтоолгохоор шүүх Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр ... нөлөөллийн шинжилгээг хийгээгүй, зохих ёсоор хийгээгүйгээс газрын төлбөрийн бүс, төлбөрийн хэмжээг тогтоосон хэм хэмжээний актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

4.2. Хэргийн оролцогчдын маргасан нөлөөллийн шинжилгээг аргачлалд нийцүүлж хийсэн эсэх асуудал нь шүүхийн өөрийн дүгнэлт хийх боломжтой асуудал бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхимыг ямар шинжлэх ухааны мэдлэг бүхий этгээд гэж үзэж, шинжээчээр томилсон нь ойлгомжгүй байна.

4.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хэлэлцүүлэг хийсэн тухай илтгэх хуудас, хэлэлцүүлгийн тэмдэглэлүүд, ирцийн бүртгэл (1 дүгээр хавтас, 123-250 хуудас, 2 дугаар хавтас, 1-53 дугаар хуудас) зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагч нь маргаж буй захиргааны хэм хэмжээний актыг батлахаас өмнө хороодын Засаг дарга, сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч нарт мэдээлэл, танилцуулга хийсэн, иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан тэмдэглэл, илтгэх хуудас зэргээр нийтэд мэдээлсэн нь тогтоогдож байна.

4.4. Үүнээс үзвэл хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нарын энэ үндэслэлээр гаргасан ... газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжээс төлөөлөл оролцуулаагүй, энэ тухай мэдэгдээгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

4.5. Газрын төлбөрийн тухай хууль нь нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан хууль бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасан.

4.6. Үүнээс үзвэл газрын төлбөрийн итгэлцүүрийг уг хуульд заасан тодорхой шаардлагуудыг харгалзан тогтоохоор заасан, харин газар эзэмшигч, ашиглагчийн саналаар тогтоож, өсгөж бууруулахаар заагаагүй бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх тогтоолуудыг баталсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 2021 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар тухайн хуулийн заалтад өөрчлөлт орж, уг итгэлцүүрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал батлахдаа мөн адил тоон утгыг тогтоох хүртэл үйлчилж байхдаа хууль зөрчөөгүй байна.

5. Дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д (2021.07.07-ний өдрийн хуулиас өмнө үйлчилж байсан) заасныг баримтлан “Н” ХХК-ний гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, мөн компани болон “ Э э” ХХК-аас гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 13 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ар-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ Э э” ХХК-аас гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, нэхэмжлэгч “Н” ХХК, “ Э э” ХХК-иудаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан гаргасан “дээрх тогтоолуудыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэснийг мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                                 З.ГАНЗОРИГ

                    ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

                  ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ