Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 27

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00946/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Э- нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 17-ны өдрийн 101 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Б.Э-,

            Д.Г- нарт холбогдох

"Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Д.Г- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Д.Г-ын өмгөөлөгч Ж.Батмөнх, хариуцагч Б.Э-ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нар онлайнаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, Ө.Өлзиймаа, хариуцагч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Б- нь хариуцагч Д.Г-тай 2001 онд гэрлэлтээ батлуулж дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн эхнэр нөхөр хоёр юм. Бидний хамтын амьдралаа эхлүүлсэн цагаас бий болсон Дархан-Уул аймаг, Дархан сумын 3-р баг, Угалз 2 тоотод байрлалтай хүнсний дэлгүүр, гараашийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө юм. Дээрх эд хөрөнгө анх миний өмчлөлд бүртгэлтэй байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Д.Г-ын нэр дээр бүртгэгдсэн байсан.

Гэтэл нөхөр Д.Г- намайг дэлгүүрт суугаад гэрийн бараа харахгүй байна дэлгүүрээ зарна гээд яриад байсныг би дэмжихгүй дургүй байхад 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Э- гэж хүнд 140.000.000 төгрөгөөр надаас зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулж борлуулсан байна. Би энэ талаар худалдан борлуулсны дараа мэдэж 3 хоногийн дараа худалдсан талд дэлгүүрээ буцааж авч мөнгийг чинь өгнө гэж хэлэхэд зөвшөөрөөгүй хэрэв үнэхээр буцаах бол зарсан 140.000.000 төгрөг дээр нэмж 60.000.000 төгрөг өгч 200.000.000 төгрөг өг тэгвэл буцаана гэсэн.

Дэлгүүр буцаах нэхэмжлэл гаргавал би хариуцагч болох юм байна гээд уурлаад байсан ба нэгэнт хийсэн наймаа буцаахгүй гээд байсан. Тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө Г- миний зөвшөөрлийг авалгүй дэлгүүрээ зарсан асуудлаас болж зодож бие эрх чөлөөнд халдсан.

...би мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж дуусахыг хүлээж улмаар анхан шатны шүүхээр нөхөр Г-ын гэм бурууг шийдсэний дараа нотлох баримт эрүүгийн хэргээс хуулбарлан авч дахин өмчлөх эрх хөндөгдсөн маргааныг шүүхэд гаргаж байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

...Иймд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, Т- Г- ХХК-ий 1000 ширхэг хувьцааг 1.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон Компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээг тус тус Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Э- нь шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед  гаргасан тайлбартаа:

...миний бие Д.Г-ын гэрээ байгуулах саналын дуудлага болох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт зарна гэсэн зарыг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан хамгийн том зарын групп зарын сайтаас уншиж танилцан 7 сарын эхээр нөхрийн хамт Д.Б-той очиж уулзаж дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцан, гэрээний үнийн талаар ярилцахад Д.Б- нь 150.000.000 төгрөгөөс дэлгүүрийн складны дээврийн засварын ажлын хөлсийг хасаад харилцан тохиролцож болно гэж хэлж байсан. Дараа нь Д.Б- дэлгүүрээ, гарааш, газрын хамт 140.000.000 төгрөгөөр авах уу гэж залгасан.

Ингээд миний хувьд хувийн бизнес эрхэлж, дэлгүүр ажиллуулах хүсэл сонирхолтой байсан бөгөөд тухайн дэлгүүрийн байршил бусад нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Д.Г-, Д.Б- нартай харилцан тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 140.000.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсний үндсэн дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болно.

Д.Г- бид хоёрын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.3, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл юм.

...Намайг нөхөр У.А-ын хамт Д.Г-тай очиж уулзаж, дэлгүүрийн үйд ажиллагаатай танилцахад эхнэр Д.Б- нь дэлгүүртэй байсан бөгөөд дэлгүүр болон газрын гэрчилгээнүүд бүгд Д.Г-ын нэр дээр байсан тул миний хувьд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан шударга өмчлөгч юм. Учир нь тухайн үед Д.Г-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгүүд нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан эсэх, Д.Б-ын зөвшөөрөл шаардлагатай байсан зэргийг шударга өмчлөгч миний хувьд мэдэх боломж байгаагүй болно.

... Б.Э- миний бие нь Д.Г-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр нийт 140,000,000 төгрөгөөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Угалз, 2 дугаар гудамж 2 тоот, 168.0 м.кв дэлгүүр, гарааш мөн 531 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг Т- Г- ХХК-ийн хувьцааны хамт худалдан авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуульд нийцсэн, мөн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г- нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... Д.Г- миний бие Д.Б-той 2000 онд гэр бүл болж бидний дундаас 4 хүүхэд төрж өнөөдрийг хүртэл гэр бүлийн амьдралтай байгаа болно. Бид 2 бусдын адил аль аль талаасаа хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг гаргаж 2010 онд Дархан сумын 3 дугаар баг Угалз 2-2 тоот Үүрийн туяа нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг байгуулж, ажиллуулж ирсэн. Дэлгүүрийн ажил маш их, байнга 2 хүнийг цаг наргүй ажил болдог бөгөөд эхнэр Д.Б- маань голчлон дэлгүүрээ хариуцаж ажиллуулдаг байсан.

Харин А-, Э- хоёртой нэгэнтээ ярьж тохирсон байсан тул 140.000.000 төгрөгөөр дэлгүүр, гараашийн үл хөдлөх хөрөнгийг газрын хамт мөн дэлгүүрийн тусгай зөвшөөрөл бүхий компанийг гэрээний дагуу тэдэнд 2019 оны 07 дугаар сарын 25-нд шилжүүлж өгсөн. Үүний талаар эхнэртээ хэлсэн бөгөөд эхнэр бид 2 тус асуудлаас болж 2019 оны 08 дугаар сарын 06-ны орой маргалдаж Д.Б- дэлгүүрээ зарахгүй гэхэд нь би одоо нэгэнт өнгөрсөн бүх гэрээ хэлцэл хийгдсэн тэгэх боломжгүй гэж дэлгүүрээ маргааш тоолж хүлээлгэж өг гэдэг шаардлага тавьсан юм. Нэхэмжлэлд дурдагдсан зүйл бол үнэн би Б.Э-тай гэрээ хэлцэл хийж, дэлгүүр, гарааш, газар, компаниа шилжүүлэхдээ эхнэр Б.Б- зөвшөөрөхгүй байгааг мэдсээр байж өөрөө дур мэдэн эхнэр, хүүхдийнхээ санал хүсэлтийг үл тоож бичиг баримт нь өөрийн нэр дээр байгааг ашиглаж бусдад худалдаж, шилжүүлсэн нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Миний бие дур мэдэж энэ наймааг хийснээс болж ийм асуудал үүсгэсэндээ туйлын их харамсаж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 128 дугаар зүйлийн 128.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын гаргасан хариуцагч Д.Г-, Б.Э- нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Т- Г- ХХК-ний хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч Д.Г- анхан шатны шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...дээрх хөрөнгүүд нь гэр бүлийн дундын хөрөнгө, би эхнэртээ мэдэгдэлгүйгээр дур мэдэн бусдад худалдсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж тайлбараар надад мэдэгдэлгүйгээр захиран зарцуулсан болох нь нотлогддог.

Хариуцагч Д.Г-, Б.Э- нар нь манай гэр бүлийн хөрөнгө, гэр бүлийн дундын өмчийг худалдаж, худалдан авах гэрээ байгуулахдаа 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нотариатч Д.Гантулга дээр 140.000.000 төгрөгийн үнээр худалдсан гэрээг байгуулсан атлаа мөн өдрөө нотариатч Б.Болорчулуун дээр 50.000.000 төгрөгөөр худалдсан гэж “хуурамч” хэлцэл байгуулж улмаар уг хуурамч хэлцлээрээ Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийг бодит үнийг “худал” үнээр мэдүүлж мэдүүлэг гаргасан. Энэ нь хариуцагч Б.Э- Улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж улсын бүртгэлийн гэрчилгээг өөртөө шилжүүлж авсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т “Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасан хуулийн зохицуулалтыг баримтлан гэр бүлийн гишүүн хэргийн хариуцагч Д.Г-ыг хариуцагчаар татаж, гэр бүлийн дундын өмчийг дур мэдэн захиран зарцуулах үедээ хариуцагч Б.Э-тай байгуулсан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэлцлүүд болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлснийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан миний шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү  гэв.

Хариуцагч Д.Г- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шуух хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.4-т заасан хуулийн зохицуулалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг ба гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай болохоос гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Д.Б-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байсныг 2016 онд Д.Г- би бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад хялбар байх зорилгоор шилжүүлж авсан. Үндсэндээ бол тус хөрөнгө нь манай эхнэрийн өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл анхан шатны шүүх маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дунд хөрөнгө мөн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй. Зөвхөн Д.Г- миний өмчлөлийн хуваарьт хөрөнгө мэтээр үзсэн нь өрөөсгөл юм. Д.Г- миний бие хэрэв бусдад худалдахаар бол эхнэр, хүүхдүүдтэйгээр тохиролцож, тэдний зөвшөөрлийн дагуу шийдвэрлэх ёстой байтал дур мэдэн захиран зарцуулсан нь хуульд нийцээгүй. Энэ талаар Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 болон 128.3 дахь хэсэгт тодорхой зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэхүү зохицуулалтыг огт анхаарч хэрэглээгүй.

Хоёр. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, унэн зөв, эргэлзээгүй талаас нь унэлээгүй талаар

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүх аль гэрээний дагуу Б.Э-ын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжсэн талаар огт дурдаагүй. Мөн хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 331 дүгээр шийтгэх тогтоол болон түүнд хамаарах эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг шүүхээс хэрхэн үнэлсэн талаар огт дурдаагүй.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч болон хариуцагч  Д.Г- нарын  давж заалдах гомдлыг  хангах  үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлтийг бүрэн гүйцэт хийгээгүй, хуулийг оновчтой хэрэглээгүй байгааг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Д.Г-, Б.Э-  нарын байгуулсан “Дархан сумын 3 дугаар баг, Угалз 2 дугаар гудамж, 2 тоот, 168 м.кв талбайтай дэлгүүр, гаражийн зориулалттай улсын бүртгэлийн-2003014491 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, газар, “Т- Г-” ХХК-ийн  хувьцааг худалдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг хариуцагч Б.Э-, Д.Г- нарт холбогдуулан  гаргасан байна.

Хариуцагч Д.Г- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч  Б.Э- эс зөвшөөрчээ.

Хариуцагч Д.Г-, Б.Э- нар харилцан тохиролцож 2019 оны  07 дугаар сарын 25-ны өдөр Д.Г-ын  өмчлөлийн  дэлгүүр, гаражийн  зориулалттай  үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх, “Т- Г-” ХХК-ийн  хувьцааг 140.000.000 төгрөгөөр худалдаж, гэрээний талууд  гэрээгээр хүлээсэн  үүргээ  биелүүлжээ.

Нэхэмжлэгч  Д.Б-, хариуцагч Д.Г- нар нь нэг гэр бүлийн \эхнэр, нөхөр\ хүмүүс байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нөхөр Д.Г- эхнэр Д.Б- намайг зөвшөөрөөгүй байхад гэр бүлийн дундын хөрөнгөө дур мэдэн бусдад  шилжүүлсэн  гэж  тайлбарлажээ.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө  хамаардаг, дундын өмчлөлийнх мөн болохыг тогтоолгохоор бие биендээ шаардлага  гаргах эрхтэйгээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Дархан сумын 3 дугаар баг, Угалз 2 дугаар гудамж, 2 тоот 168 м.кв талбайтай, дэлгүүр гаражийн  зориулалттай  үл хөдлөх хөрөнгийг Д.Г-ын нэр дээр 2016 оны 02 дугаар сарын 03-нд,  Дархан сумын 3 дугаар баг 7-ын  буудлын хажууд байх  531 м.кв  газрыг  2011 оны 11 дүгээр сарын 04 нд, “Т- Г-” ХХК-ийг 2011 оны  10 дугаар сарын  19-ний  өдөр тус тус улсын бүртгэлд  бүртгүүлсэн байна.

Харин 2019 оны  07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр гуравдагч этгээд Б.Э-д шилжүүлснээр Д.Г-ын  өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх  дуусгавар болсон.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд тусгагдсан өмчлөгчийн талаарх бүртгэл аливаа гуравдагч этгээдэд чиглэгдсэн байдаг тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно”  гэсэн  байна.

Нэхэмжлэгч Д.Б-  бүртгэл  буруу  ташаа болох  талаар эсэргүүцсэн  зүйл  байхгүй  ба Б.Э- нь  улсын бүртгэлийг  үнэн зөв  гэж  итгэж  зохих журмын дагуу  эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авч улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг хэлцлийн үндсэн  дээр шилжүүлэн авч буй   этгээд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй тул үл хөдлөх эд хөрөнгийг  шилжүүлж буй этгээд тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх бүхий гэр бүлийн гишүүнийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй, түүнд хэлцлийн талаар мэдэгдээгүй байх эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг  хариуцах үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв байна.

Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зохих  этгээдийн зөвшөөрөлгүй  хийсэн  тул  худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмшүүлэх гэрээ, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4-д зааснаар гаргасан  шаардлага байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёсгүй хуулийг  хэрэглэсэн учир энэ талаар  шийдвэрт өөрчлөлт оруулав.

Хариуцагч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр  гуравдагч этгээдтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм. Д.Г- нь гэрлэгч, гэр бүлийн гишүүдийнхээ өмчлөх  эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бол түүнээс  учирсан хохирлоо  шаардаж болно, харин  гуравдагч этгээдтэй байгуулсан  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч Д.Г- нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул  гомдлыг  хэрэгсэхгүй болгохоор  шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтад “Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 128 дугаар зүйлийн  128.4-т заасныг  баримтлан ...” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.8-д заасныг баримтлан...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Д.Г- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Б-оос төлсөн  140.400 төгрөг, хариуцагч Д.Г-аас төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                           АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                        ГҮЙЦЭТГЭГЧ  ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                            Л.АМАРСАНАА

                                                                                                         С.ЭНХЖАРГАЛ