Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00946/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгаламаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч:  ......... аймаг, ............. сум, ................ баг, ...... хороолол, ....... тоотод оршин суух Б овогт Д-ийн Б /утас ............../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......... аймаг ........... сум, ........ баг, ....... хороолол, ........ байрны ..... тоотод оршин суух Ц овогт Б-ийн Э /утас .........../,

 

Хариуцагч: ......... аймаг, ........... сум, .......... баг, .......... хороолол, ..... тоотод оршин суух Ш овогт Д-ийн Г /утас ............/ нарт холбогдох,

 

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, Ө.Өлзиймаа, хариуцагч Д.Г-, Б.Э-, хариуцагч Б.Э-ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч Д.Г-ын өмгөөлөгч Ж.Батмөнх, гэрч Г.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Д.Б- нь хариуцагч Д.Г-тай 2001 онд гэрлэлтээ батлуулж дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн эхнэр нөхөр хоёр юм. Бидний хамтын амьдралаа эхлүүлсэн цагаас бий болсон ....... аймаг, ......... сумын ....... баг, ......... тоотод байрлалтай хүнсний дэлгүүр, гараашийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө юм.

Дээрхи эд хөрөнгө анх миний өмчлөлд бүртгэлтэй байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Д.Г-ын нэр дээр бүртгэгдсэн байсан.

Гэтэл нөхөр Д.Г- намайг дэлгүүрт суугаад гэрийн бараа харахгүй байна дэлгүүрээ зарна гээд яриад байсныг би дэмжихгүй дургүй байхад 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Худалдах худалдан авах гэрээгээр иргэн Б.Э- гэж хүнд 140,000,000 төгрөгөөр надаас зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулж борлуулсан байна. Би энэ талаар худалдан борлуулсны дараа мэдэж 3 хоногийн дараа худалдсан талд дэлгүүрээ буцааж авч мөнгийг чинь өгнө гэж хэлэхэд зөвшөөрөөгүй хэрэв үнэхээр буцаах бол зарсан 140,000,000 төгрөг дээр нэмж 60,000,000 төгрөг өгч 200,000,000 төгрөг өг тэгвэл яахав буцаана гэсэн. Ингээд дэлгүүр зарснаас болж нөхөр Д.Г- бид хоёр хэрүүл хийж өмгөөлөгч нараас хүртэл зөвлөгөө авахаар хамт найз Э-ыг дуудаж авч явж байсан. Тэгсэн чинь дэлгүүр буцаах нэхэмжлэл гаргавал би хариуцагч болох юм байна гээд уурлаад байсан ба нэгэнт хийсэн наймаа буцаахгүй гээд байсан. Тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө Г миний зөвшөөрлийг авалгүй дэлгүүрээ зарсан асуудлаас болж маргалдан намайг гэрээс явах гэхэд зодож бие эрх чөлөөнд халдсан. Тэр шөнө цагдаад хэлж чадахгүй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний маргааш буюу 2019 оны 08 дугаар сарын 07-нд дэлгүүр худалдаж авсан тал дэлгүүрээ хүлээж авна, бараа тоолох хэрэгтэй байна гээд Г руу яриад нөхөр Г намайг чи дэлгүүрийн бараанд тооллого хийж хүлээлц гэсэн. Би тэр үед нь зодуулчихсан хүчирхийлэлд өртсөн байсан учир дэлгүүрт очиж бараа тоолсон. Тэр үед миний бие маш их өвдөж зовиурлаж байсан учир өөрийн төрсөн дүү О-ыг ирж туслаач гэж утсаар дуудаж дүү ирж тоолсон. Энэ үед нөхөр Г надаас огт салахгүй байгаад байсан учир би цагдаад дуудлага өгч чадахгүй л байсан. Тэгэхээр нь нойл орлоо гэж зугтаж гараад дүүрүүгээ утсаар ярьж багийн гадаа хүлээж байя цагдаа дуудаад дагуулаад ир Г-ын хажууд цагдаа дуудаж чадахгүй байна. Гурд шөнө намайг дэлгүүр зарсныг дургүйцэж улмаар гэрээс явах гэхэд зодсон одоо бие муу байна гэж хэлж би цагдаагийн газарт хүргэгдэж улмаар хохирогч түр хамгаалах байранд эмнэлгийн тусламж авч эмчлүүлсэн. Гэхдээ түр хамгаалалтад байхдаа дүү О-аар дамжуулан 2019 оны 08 дугаар сарын 09-нд гэр бүлийн дундын өмч болох дэлгүүр, гараашийн зориулалттай эд хөрөнгийг худалдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасаныг Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай холбоотой нотлох баримт дутуу гэх үндэслэлээр 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3415 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул би мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж дуусахыг хүлээж улмаар анхан шатны шүүхээр нөхөр Г-ын гэм бурууг шийдсэний дараа нотлох баримт эрүүгийн хэргээс хуулбарлан авч дахин өмчлөх эрх хөндөгдсөн маргааныг шүүхэд гаргаж байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасны дагуу ....... аймаг, ........... сум, ....... баг, ........ дугаар гудамж ...... тоот, ..... мкв дэлгүүр, гараашийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-........... дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, ..... сум ....... баг, ......... хажууд ...... мкв үйлчилгээний зориулалттай ........... гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгийн “газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Манай нөхөр Г дэлгүүрээ зарна гэж ярьж байсныг зарахаас өмнө надад хэлж байсан боловч арай ч надаас албан ёсоор зөвшөөрөл аваагүй зарчина гэж би огт санаагүй. Бид хоёрын гэр бүлийн дундын эд хөрөнгийг зарах талаар худалдах, худалдан авах гэрээг Э гэж хүнтэй хийж байх үедээ намайг оролцуулаагүй надаас бичгийн зөвшөөрөл аваагүй зарснаас болж гэр бүлийн дотор хэрүүл маргаан үүсч улмаар би гэр бүлийн хүчирхийлэлд өртөж зодуулсан.

...Иймд ........ аймаг, .......... сум, ........ баг, ......... гудамж ....... тоот, ....... мкв дэлгүүр, гараашийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-........... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, ...... сумын ........ баг .......... хажууд ....... м.кв газар болон ТГ ХХК-ий хувьцаа зэргийг хариуцагч Д.Г- надаас зөвшөөрөл авалгүйгээр Б.Э-д худалдсанаар өмчлөх эрх хөндөгдсөн тул 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн худалдагч Д.Г- худалдан авагч Б.Э- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, ТГ ХХК-ий 1000 ширхэг хувьцааг 1,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон Компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээг тус тус Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т заасан үндэслэлээр  хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Э- нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... миний бие Д.Г-ын гэрээ байгуулах саналын дуудлага болох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт зарна гэсэн зарыг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Дархан хамгийн том зарын групп” зарын сайтаас уншиж танилцан 7 сарын эхээр нөхрийн хамт Д.Б-той очиж уулзаж дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцан, гэрээний үнийн талаар ярилцахад Д.Б- нь 150,000,000 төгрөгөөс дэлгүүрийн складны дээврийн засварын ажлын хөлсийг хасаад харилцан тохиролцож болно гэж хэлж байсан. Дараа нь Д.Б- дэлгүүрээ, гарааш, газрын хамт 140,000,000 төгрөгөөр авах уу гэж над руу залгасан.

Ингээд миний хувьд хувийн бизнес эрхэлж, дэлгүүр ажиллуулах хүсэл сонирхолтой байсан бөгөөд тухайн дэлгүүрийн байршил бусад нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Д.Г-, Д.Б- нартай харилцан тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 140,000,000 төгрөгөөр ......... аймаг, ........ сум, ........ баг, ........ гудамж ...... тоот, ......... мкв дэлгүүр, гараашийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон ...... мкв үйлчилгээний зориулалттай ........... дугаар гэрчилгээтэй газрыг худалдан авсан бөгөөд ........ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсөний үндсэн дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болно.

Д.Г- бид хоёрын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.3, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл юм.

Өөрөөр хэлбэл бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсч, талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр дээрх гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн болно. Мөн дээрх гэрээнүүдийг нотариатч дээр очиж батлуулахдаа Д.Б-, Д.Г- нар нь гэрээний үр дагавар сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа талаар тайлбарлаж өгсөн байдаг. Миний бие нь дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Голомт банкнаас 45,000,000 төгрөгийн, Онч энх ББСБ-аас 10,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоогоор 2 ажилтан авч ажиллуулан дэлгүүрийн үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл нэхэмжлэгч Д.Б- нь нөхөр Г-тай үүсгэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас дээрх гэрээнүүдийг зохих этгээдүүдийн буюу өөрийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.Э- миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөд хүргэж байна. Намайг нөхөр У.А-ын хамт Д.Г-тай очиж уулзаж, дэлгүүрийн үйд ажиллагаатай танилцахад эхнэр Д.Б- нь дэлгүүртэй байсан бөгөөд дэлгүүр болон газрын гэрчилгээнүүд бүгд Д.Г-ын нэр дээр байсан тул миний хувьд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан шударга өмчлөгч юм. Учир нь тухайн үед Д.Г-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгүүд нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан эсэх, Д.Б-ын зөвшөөрөл шаардлагатай байсан зэргийг шударга өмчлөгч миний хувьд мэдэх боломж байгаагүй болно.

... Б.Э- миний бие нь Д.Г-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр нийт 140,000,000 төгрөгөөр ........ аймаг, ........ сум, ......... баг, .........  гудамж ..... тоот, ...... мкв дэлгүүр, гарааш мөн ...... мкв үйлчилгээний зориулалттай газрыг “ТГ” ХХК-ийн хувьцааны хамт худалдан авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуульд нийцсэн, мөн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Г- нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Д.Г- миний бие Д.Б-той 2000 онд гэр бүл болж бидний дундаас 4 хүүхэд төрж өнөөдрийг хүртэл гэр бүлийн амьдралтай байгаа болно. Бид 2 бусдын адил аль аль талаасаа хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг гаргаж 2010 онд ...... сумын ........ баг ....... тоот “ҮТ” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг байгуулж, ажиллуулж ирсэн. Дэлгүүрийн ажил маш их, байнга 2 хүнийг цаг наргүй ажил болдог бөгөөд эхнэр Д.Б- маань голчлон дэлгүүрээ хариуцаж ажиллуулдаг байсан. Үүнээс шалтгаалж ар гэрт эмэгтэй хүний, хүүхдүүдэд эхийн орон зай их дутагдах болсон. Учир нь эхнэр маань үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл дэлгүүртээ зогсож, үйлчилгээний байгууллага тул худалдан авагч, үйлчлүүлэгчийнхээ тоо, итгэлийг алдахгүйн тулд хичээж ажилладаг байсантай холбоотой юм. Сүүлийн жил гаруйн хугацаанд миний бие гэрийн эзэн, өрхийн тэргүүн хүний хувьд яаж энэ байдлаас эхнэрээ салгаж, гэр орон, үр хүүхдэдээ цаг нар гаргаж, аз жаргалтай амьдрах вэ? гэдэг дээр маш их толгой гашилгаж бодох болсон. Ер нь дэлгүүрээ зарах тухай ярихад эхнэр маань огт зөвшөөрөхгүй тийм зүйл байхгүй, бид энэ дэлгүүрийн буянаар өдий зэрэгтэй амьдарч байгаа битгий зарах талаар бод гэж хэлдэг байсан. Гэтэл 2019 оны 07 дугаар сард манай том охин Г.Н маань зуны амралтаар гэртээ байж байхад бие нь өвдөж Саранклиник эмнэлэгт үзүүлэхэд Улаанбаатарт нарийн шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн хариу өгсөн. Тухайн үед эхнэр бид 2 сандралдаж Улаанбаатар хот руу охиноо дагуулж явах гэхэд хоёулаа ч хамт явж чадахгүй хэцүү байсан. Энэ үед надад ерөөсөө энэ дэлгүүрийг заръя тэгж байж л бид амар тайван, аз жаргалтай амьдрах юм байна. Охин маань өвдөхөд хүртэл хамтдаа чөлөөтэй, хамтдаа явж болохгүй хэцүү юм гэх бодол төрсөн.  Азаар охин минь Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу эрүүл гэж гарсан. Би дэлгүүрээ зарахаар хувьдаа шийдсэн байсан тул өөрийн төрсөн ахын эхнэр Э.Л-тэй утсаар ярьж FB-ын зар дээр дэлгүүр зарна гэсэн зар тавиад өгөөч гэж гуйсан. Тус зарын дагуу хүмүүс ярьсан бөгөөд зар тавьсаныг эхнэр маань мэдэж дэлгүүрээ зарахгүй шүү гэж байсан бөгөөд миний хувьд бэлэн мөнгөө тоолоод өгөх хүн нь хүрээд ирвэл зарж л таарна гэсэн бодлоор нэг их тоохгүй байсан. Тус дэлгүүрийн болон гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын гэрчилгээ, дэлгүүрийн тусгай зөвшөөрөл бүхий компанийн нэр манай эхнэр Д.Б-ын нэр дээр анхнаасаа байж байгаад 2016 оноос миний нэр дээр шилжсэн байсан юм. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А гэх залуу ярьж дэлгүүрийг үзье гэсэн. Энэ өдрөөс хойш эхнэр Д.Б- бид хоёрын дунд маргаан үүсэх болсон. Ингээд бид 2 маргалдаж А эхнэр Б.Э-ын хамт ирж дэлгүүрийг минь үзэж харсан. Тэгээд надтай үнэ мөнгөө ярилцаад би дэлгүүрээ худалдах талаар тэр 2 хүнтэй ерөнхийдөө харилцан тохиролцсон. Д.Б- бөөн уур уцаар болж бид маргалдах үед би уурлаж нэг, эвлэж нэг хэлсэн боловч огт зөвшөөрөхгүй байсан. Харин А, Э хоёртой нэгэнтээ ярьж тохирсон байсан тул 140,000,000 төгрөгөөр дэлгүүр, гараашийн үл хөдлөх хөрөнгийг газрын хамт мөн дэлгүүрийн тусгай зөвшөөрөл бүхий компанийг гэрээний дагуу тэдэнд 2019 оны 07 дугаар сарын 25-нд шилжүүлж өгсөн. Ингээд бид гэрээ бичиг баримт зэргээ албан ёсоор байгуулсан тул дэлгүүрийг хүлээлцэх асуудал үлдсэн бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээлцэхээр болсон. Үүний талаар эхнэртээ хэлсэн бөгөөд эхнэр бид 2 тус асуудлаас болж 2019 оны 08 дугаар сарын 06-ны орой маргалдаж Д.Б- дэлгүүрээ зарахгүй гэхэд нь би одоо нэгэнт өнгөрсөн бүх гэрээ хэлцэл хийгдсэн тэгэх боломжгүй гэж дэлгүүрээ маргааш тоолж хүлээлгэж өг гэдэг шаардлага тавьсан юм. Энэ асуудлаас болж би эхнэртээ гар хүрч, суран ташуураар ороолгож биед нь гэмтэл учруулсан бөгөөд энэ асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэж би зохих хариуцлагаа хүлээсэн. Үүний дараа тус дэлгүүрийг дур мэдэж зарсан асуудлаас болж гэр бүлийн уур амьсгал муудаж, эхнэрээ гомдоож байгаагаа ойлгосон тул Б.Э-ын нөхөр А-тай удаа дараа уулзаж эр улсууд бие биенийхээ нөхцөл байдлыг ойлгож наймаагаа буцаачих байх гэж бодож янз бүрээр ярилцсан боловч амжилт олоогүй. Нэхэмжлэлд дурдагдсан зүйл бол үнэн би Б.Э-тай гэрээ хэлцэл хийж, дэлгүүр, гарааш, газар, компаниа шилжүүлэхдээ эхнэр Б.Б зөвшөөрөхгүй байгааг мэдсээр байж өөрөө дур мэдэн гэр бүлийн дундын эд хөрөнгийг эхнэр, хүүхдийнхээ санал хүсэлтийг үл тоож бичиг баримт нь өөрийн нэр дээр байгааг ашиглаж бусдад худалдаж, шилжүүлсэн нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Миний бие дур мэдэж энэ наймааг хийснээс болж ийм асуудал үүсгэсэндээ туйлын их харамсаж байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Э-, Д.Г- нарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ” тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Б.Э-, Д.Г- нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “ТГ” ХХК-ний хувьцааг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

 

 Хариуцагч Д.Г- нь “...дээрх хөрөнгүүд нь гэр бүлийн дундын хөрөнгө. Би эхнэртээ мэдэгдэлгүйгээр дур мэдэн бусдад худалдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Хариуцагч Б.Э- нь “...дээрх гэрээнүүд нь хуульд заасны дагуу байгуулагдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Д.Г- нар нь 2000 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гэр бүл болж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан гэрлэгсдийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Д.Б-, Д.Г- нарыг гэр бүл болсноос хойш хугацаанд хариуцагч Д.Г-ын нэр дээр ...... сумын ..... баг ........ хажууд ......м.кв талбайтай газар эзэмших эрх, ....... аймгийн ........ сумын ....... баг ............ гудамж, ...... тоот, Улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэгдсэн ..0 мкв талбайтай дэлгүүр, гражийг  өмчлөх эрх улсын бүртгэлд  бүртгэгдэж,  эрх бүхий байгууллагаас Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ........... дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000428966 дугаартай гэрчилгээг тус тус олгосон байна.

 

Хариуцагч Д.Г- нь 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “ТГ” ХХК-ний ганц гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн, Улсын бүртгэлийн 000010579 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

 

Хариуцагч Д.Г- нь дээрх өөрийн эзэмшил, өмчлөлийн ...... сумын ........ баг ..... хажууд ......м.кв талбайтай газар, ...... аймгийн ........ сумын ...... баг ...... гудамж, ........ тоот, Улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэгдсэн ....... мкв талбайтай дэлгүүр, граж зэрэг үл хөдлөх хөрөнгүүд  болон ТГ ХХК-ний хувьцаа зэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “ТГ ХХК-ний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр Б.Э-ын өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Г-, Б.Э- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар өмнөх өмчлөгч Д.Г-ын өмчлөх эрх дуусгавар болж, өмчлөх эрх шинэ өмчлөгч Б.Э-д үүсчээ.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу дээрх дэлгүүр, граж, газар зэрэг үл хөдлөх хөрөнгө болон “ТГ” ХХК зэрэг нь гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т зааснаар гэр бүлийн гишүүд нь өмчлөх эрх эдлэнэ. Нөхөр Д.Г- нь дээрх гэр бүлийн дундын хөрөнгийг хариуцагч Б.Э-д худалдахдаа надаас болон гэр бүлийн насанд хүрсэн гишүүдээс зөвшөөрөл аваагүй, дур мэдэн худалдсан тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т заасан үндэслэлээр хариуцагч Д.Г-, Б.Э- нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг, “ТГ” ХХК-ний хувьцааг худалдах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргаж байна” гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 126.4-д “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ”, 128 дугаар зүйлийн 128.4-т “Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж тус тус заасан боловч энэхүү хуулийн зохицуулалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг ба гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай болохоос гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй юм.

 

Гэр бүлийн гишүүд үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх нь бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн адил Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсэх ёстой.

Энэ утгаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмчлөл байх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Д.Б- нь гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн дундын хөрөнгийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй, дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд тусгагдсан өмчлөгчийн талаарх бүртгэл аливаа гуравдагч этгээдэд чиглэгдсэн байдаг тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д заасан ”эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэх зохицуулалтыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4.-т заасан “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн  хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэх зохицуулалт үгүйсгэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд болох Б.Э- нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд Д.Г-аас өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй.

Тиймээс хариуцагч Д.Г- нь тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх бүхий гэр бүлийн гишүүнийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түүнд хэлцлийн талаар мэдэгдээгүй байх эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг хариуцагч Б.Э- хариуцах үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                        

ТОГТООХ нь:

  

1. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 128 дугаар зүйлийн 128.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын гаргасан хариуцагч Д.Г-, Б.Э- нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “ТГ ХХК-ний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 З.ТУНГАЛАГМАА