Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 14

 

 

 

2016 оны 08 сарын 16-ны өдөр          Дугаар 14                                          Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, шүүгч Г.Баясгалан, шүүгч Б.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

         Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хорооны дарга Ж.Батсуурийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

 

          Нэхэмжлэлийн шаардлага: “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хорооны дарга Ж.Батсуурь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, гуравдагч этгээд З.Энхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Д.Амарбаясгалан, гуравдагч этгээд З.Энхтөрийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, ардчилсан намаас сонгогдсон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрбат, гуравдагч этгээд М.Төмөрчулуун, Ш.Мандахнар, Ш.Батбилэг, С.Ганбат, Д.Болдбаатар, Э.Өлзийтогтох, иргэдийн төлөөлөгч Э.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Ж.Батсуурь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийг сонгох 7 дахь удаагийн сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болж өнгөрлөө. Тус сонгуулиар АН 16, МАН 17 суудал авсан тухай урьдчилсан дүн гарсан. Гэвч МАН-аас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Болдбаатар нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай гомдол гарч холбогдох нотлох баримтууд хууль шүүхийн байгууллагад хүргэгдсэн байсан. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 тоот шийтгэврээр Д.Болдбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.4 дэх хэсэгт “Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн... дайллага, цайллага.. зохион байгуулах, ивээн тэтгэх”-ийг хориглосон заалтыг зөрчсөн байна гэж үзэж, захиргааны хариуцлага хүлээлгэсэн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 159.2 дахь хэсэгт “ Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах энэ хуулийн... 70.1, ...-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу нэрсийн жагсаалтаас хасаж, хуулийн 160.3 дахь хэсэгт зааснаар “дахин сонгууль явуулах” нөхцөл байдлыг үүсгэсэн. Ингээд тус маргаан эцэслэн шийдвэрлэгдтэл Сонгуулийн хороо Д.Болдбаатарын түр үнэмлэхийг олгоогүй болно. 

Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 07 сарын 05-ны өдөр МУЗЗНДНТУТХуулийн 23.4 дэх хэсэгт “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрх нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, ... зарлан хуралдуулна” гэж заасны дагуу анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагт хуралдуулахаар товлосон. 

Ингээд Д.Болдбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн тухай маргааныг шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хурал 2016 оны 7 сарын 19-ний өдөр 11 цагт товлогдсон байсан тул тус маргаан эцэслэн шийдвэрлэгдтэл анхдугаар хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг Сүхбаатар аймгийн Ардчилсан намаас 2016 оны 07 сарын 18-ны өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд гаргасан. Ингээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 сарын 19-ний өдрийн хуралдаанаар 1-рт тус маргаан эцэслэн шийдвэрлэгдэх нь  сонгуулийн дүнд нөлөөлөх, 2-рт дээрхи хурлууд давхардаж байгаа нь Сонгуулийн хорооноос гарах шийдвэрт нөлөөлөх тул 36 дугаар тогтоолоор анхдугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Энэхүү үйл ажиллагаа нь МУЗЗНДНТУТХуулийн дагуу явагдсан байсан. 

Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 19-ний өдрийн хуралдаанаар Д.Болдбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.1 дэх хэсэгт заасан “мөнгө, эд зүйл тараах”-ыг хориглосон заалтыг зөрчсөн болохыг тогтоож шүүхийн 10 дугаартай магадлал гарсан. Энэ нь аймгийн ИТХ-ын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Болдбаатар нь сонгуулийн хууль зөрчсөнийг нотолсон, нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл болсон шүүхийн эцсийн шийдвэр юм. 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нэгэнт анхдугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, намуудад мэдэгдсэн байхад МАН-ын хэсэг бүлэг хүмүүс ИТХ-ын нарийн бичгийн  дарга Ж.Жаргалсайханыг хурлын танхимруу хүчээр оруулж, түр үнэмлэхээ аваагүй Д.Болдбаатарыг оролцуулан ирц танилцуулсан байна. Ингээд бүрэн эрх нь дуусгавар болоогүй Хурлын дарга, Сонгуулийн хороог оролцуулахгүйгээр өөрсдөө сонгуулийн хорооны тогтоолыг өөрчлөн уншиж хурал эхлүүлсэн байна. Улмаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж хурлын дарга сонгох, Засаг даргыг сонгож уламжлах, хурлын тэргүүлэгчид сонгох зэрэг илт хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, МУЗЗНДНТУТХууль, Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Анхдугаар хуралдаан нь хуульд заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болж буй хурлын дарга хуралд оролцон нээж, Сонгуулийн хуулийн дагуу Сонгуулийн хорооны дарга шинээр сонгогдсон хуралд сонгуулийн дүнг танилцуулан, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр Сонгуулийн хуулийн 161 дүгээр зүйлд заасан. Ингээд хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсний дараа энгэрийн тэмдэг зүүх ёстой. Үүний дараа МУЗЗНДНТУТХуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу шинээр сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад нь хуралдааныг даргалж, хуучин хурлын дарга тамга, тэмдгийг хүлээлгэн өгч хурал үргэлжлэх ёстой. Үүний дараа хуульд заасны дагуу зохион байгуулалтын асуудал хэлэлцэж намууд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдах хуультай. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326.1 дэх хэсэгт “ Давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлнэ” гэж заасныг МАН зөрчиж, шүүхийн шийдвэрийг үл биелүүллээ. Өнөөдрийн хуралдаан гэх зүйл дээрх бүх хуулийн заалтуудыг зөрчиж бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй 16 төлөөлөгч, Сонгуулийн хууль зөрчиж нэрсийн жагсаалтаас хасагдах зөрчил гаргасан түр үнэмлэхээ аваагүй 1 хүн оролцож МУЗЗНДНТУТХуулийн заалтыг зөрчин ирц бүрдүүлж хуралдсан. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Сонгуулийн хорооны шийдвэргүйгээр хуралдсан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо. Энэ нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж МУ-ын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, МУЗЗНДНТУТХуулиар олгогдсон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого байлаа. Энэхүү хууль бус анхдугаар хуралдаан гэх үйл ажиллагаа, түүнээс гарсан тогтоолууд нь Сүхбаатар аймгийн ардчилсан намаас сонгогдсон 16 төлөөлөгч, манай намд саналаа өгсөн нийт сонгогчдын эрх ашгийг хохироосон үйл ажиллагаа боллоо. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 

1. 2016 оны 07 сарын 19-ний өдрийн түр үнэмлэхээ авсан 16 төлөөлөгч, түр үнэмлэх аваагүй, сонгуулийн хууль зөрчиж, нэрсийн жагсаалтаас хасагдсан 1 төлөөлөгч оролцож ирц бүрдүүлж хуралдсан хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах 

2. тус хурал гэхээс гарсан бүх тогтоол, бусад шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэв.  

 

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул доорхи тайлбарыг гаргаж байна. 

2016 оны аймгийн ИТХ-ыг сонгох ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр МАН-аас 17, Ардчилсан намаас 16 төлөөлөгч сонгогдсон. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн ИТХ-ын 2016.07.05-ны өдрийн хуралдааны тов тогтоох тухай 34 тоот тогтоол гарч 2016.07.19-ний өдрийн 14 цагт анхдугаар хуралдааныг хийхээр тогтоож, хэлэлцэх асуудлыг батлан, хурлын 2016.07.08-ны өдрийн 01/77 албан бичгээр МАН-д мэдэгдсэн. 

2016.07.19-ний өдрийн 14 цагт МАН-аас сонгогдсон төлөөлөгчид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцохоор аймгийн Нутгийн удирдлагын ордонд очиход хуралдааны танхимыг бэлтгэж зассан байсан боловч 14.25 цаг гэхэд ардчилсан намын төлөөлөгчид хуралдаанд ирээгүй, Сонгуулийн хорооныхон ч орж ирээгүй тул төлөөлөгчдийн бүрэлдэхүүн болон хурлын ажлын албанаас сонгуулийн хороог хуралдаанд орж ирэхийг амаар шаардаж, улмаар албан бичиг хүргүүлсэн боловч хуралдаанд орж ирээгүй 15.25 цаг хүртэл хүлээсэн. Харин энэ үед аймгийн Сонгуулийн хорооныхон хаалгаа түгжээд ажлын өрөөндөө байсан.

15 цаг 25 минутад аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Ж.Жаргалсайхан орж ирэн хуралдаанд 33 төлөөлөгч ирэхээс 17 төлөөлөгч оролцож, 51,5 хувийн ирцтэй байгааг танилцуулснаар анхдугаар хуралдааны үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “ ... хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 23.8-д “ хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-д “хуралдаанд зориудаар оролцоогүй... тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг  санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасан тул хуралдааны ирц бүрдсэн. Харин ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориудаар хуралдаандаа ирж оролцоогүй нь хуралдааныг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчийн насаар хамгийн ахмад нь нээж удирдах”-аар заасан тул төлөөлөгч Б.Гансүх хуралдааныг удирдаж явуулсан...

Аймгийн Сонгуулийн хорооны 2016.07.03-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Д.Болдбаатарт төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгахаар шийдвэрлэсэн аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.18-ны өдрийн 10 тоот шүүгчийн захирамжийг уншиж танилцуулан нэр бүхий 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоолыг гаргасан.

Үүний дараа тооллогын комисс, тогтоол шийдвэр хянан боловсруулах комиссыг томилж, хэлэлцэх асуудлын дарааллын дагуу зохион байгуулалтын асуудал хэлэлцэж аймгийн ИТХ-ын даргад хурлын төлөөлөгч Б.Гансүхийн нэрийг дэвшүүлэн өөр нэр дэвшигч гараагүй тул төлөөлөгчдийн саналыг илээр хурааж 100 хувийн саналаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 01 тоот тогтоол гаргаж, Б.Гансүхийг хурлын даргаар сонгосон.  

Ардчилсан нам төлөөлөгчийн түр үнэмлэх аваагүй Д.Болдбаатарыг анхдугаар хуралдаанд оролцуулан ирц танилцуулсан гэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “ захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан боловч аймгийн Сонгуулийн хороо хууль шүүхийг үл хүндэтгэн шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй анхдугаар хуралдааныг гацаах оролдлого хийж Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т “ сонгуульд оролцож байгаа аль нэг нам нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Д.Болдбаатарт түр үнэмлэхийг олгоогүй боловч энэ нь аймгийн ИТХ-аас төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. 

Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан П.Мөнхжаргал нь ард түмний сонголтыг үл хүндэтгэн, шинээр байгуулагдсан хурлын үйл ажиллагаанд саад хийж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах, хуулийг дээдлэн хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулан, тамга тэмдэг ашиглах, хадгалах журмыг зөрчин байгууллагын тамгыг хүлээлгэж өгөлгүй нуух, албан өрөөг чөлөөлөхгүй байх, өрөөнд дайрч орж ирэн бусдыг элдвээр доромжлон хэрүүл маргаан үүсгэх зэргээр төрийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах үйлдлийг гаргаж, дураараа аашилж байна. 

Аймгийн иргэдийн хурлын тамгыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд тамга ажлын албанд албан өрөөнд хадгалагдах ёстой боловч Ж.Жаргалсайханд байхгүй гэдэг тул төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс шинээр тамга хийлгэн ашиглаж байгаа болно. 

Дээрхи үндэслэлүүдээр аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй. 2016 оны аймаг орон нутгийн Сонгуулийн дүн гарсны дараа 2016.07.19-ний өдрийн 14 цагт анхдугаар хуралдааныг хуралдуулахаар товлосон. Үүнээс үүдэн хэн нь олонхи болох вэ гэдэг асуудал хөндөгдсөн. Захиргааны зөрчилтэй холбоотой хэргийн 2016.06.30-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр гарч, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн завж заалдах шатны шүүхээр 2016.07.19-ний өдрийн 14 цагт эцэслэн шийдвэрлэгдсэн. Нийт 32 төлөөлөгчид түр  үнэмлэх олгосон. Тухайн өдөр анхдугаар хуралдааныг хойшлуулах тогтоол гаргасныг МАН, АН-д албан ёсоор мэдэгдсэн. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хэзээ дуусах вэ гэдгийг зааж өгсөн. 

Ардчилсан намд энэ хуралдааны бэлтгэл ажлын талаар ямар нэг байдлаар мэдэгдээгүй. Хурлын зохион байгуулалтын асуудал яригдаж байна. Сонгуулийн хороо, сонгогдсон төлөөлөгчдөө мэдэгдэх ёстой байтал энэ үйл ажиллагаа огт хийгдээгүй. Сонгогдож байгаа төлөөлөгч нар өөрсдөө Сонгуулийн хорооны эрхийг эдлээд явсан. Ардчилсан намд мэдэгдэлгүй хуралдсан учраас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар шинээр сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад нь хуралдааныг даргалж, хуучин хурлын дарга тамга, тэмдгийг хүлээлгэн өгч хурал үргэлжлэх ёстой. 

          Энэ хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол гэсэн хуулийн заалт байна. Энэ бол зохион байгуулалтын асуудал биш. Анхдугаар хуралдаанаараа хамгийн олон төлөөлөгч сонгогдсон нам иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгодог. Эндээс үзэхэд өөрсдийнхөө бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн асуудал яригдаж байна. Ардчилсан намаас сонгогдсон тэргүүлэгчдийн эрхэд халдсан. нэгжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан. Тэгш эрх, шударга байх боломжийг хангаагүй. 

Нэхэмжлэлийн шаардлагаа “анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулах, хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах” гэж тодруулж байна гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 Нэгжийн тухай хуулийн 23.4-т зааснаар үзвэл 2016.07.19-ний өдрөөс өмнө хуралдах ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу тайлбараа хэлье

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.30-ны өдрийн 44 тоот шийтгэврийг үндэслэн Сонгуулийн хороо түр үнэмлэх олгохыг хойшлуулсугай гэсэн тогтоол гаргасан. 

Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоож, тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно гэж заасан. Сонгуулийн хороо бол Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүй байж эрхээ сайн мэддэг. 

2016.07.19-ний өдөр Д.Болдбаатарын асуудлыг ярихаас өөр аргагүй. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэж заасан. Тийм учраас 16:17 гэдэг асуудал яригдана. Нийтийн эрх ашгийн асуудал ярьж байгаа бол анхдугаар хуралдаандаа оролцоод явах боломж нь байсан. Д.Болдбаатарын асуудлаар хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасныг хүлээн авалгүй үргэлжлүүлсэн гэв.

 

Гуравдагч этгээд З.Энхтөрийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Ардчилсан намаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016.06.29-ний өдрийн Сонгуулийн санал хураалтын дүнгээр Монгол ардын намаас 17 төлөөлөгч, Ардчилсан намаас 16 төлөөлөгч сонгогдсон. МУЗЗНДНТУТХуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь хэрэгжиж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулах үүрэгтэй. Анхдугаар хуралдаан хуралдах сүүлийн хугацаа бол 2016.07.19-ний өдөр дуусахаар байсан. Үүнээс 2016.07.19-ний өдөр 34 тоот тогтоол гарсан. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр мэдэгдсэн. 

Монгол ардын намд 01/77 дугаартай албан тоот , Ардчилсан намд 01/78 тоот албан бичгээр хүргүүлсэн. Үүний өмнө Д.Болдбаатарын захиргааны зөрчил гаргасан асуудлыг хэлэлцэхээр байсан. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.18-ны өдрийн 10 тоот шүүгчийн захирамж хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгах гэж гаргасан. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн. 

2016.07.19-ний өдөр анхдугаар хуралдаан хийхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсан учраас төлөөлөгчийн бүрэн эрхтэй гэж үзсэн. Сонгуулийн тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.3-т аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно. 

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.10-т сонгуулийн хороо аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлнэ гэж заасан. 

Сонгуулийн хороо 2016.07.03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор түр үнэмлэх олгоогүй. Төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд үүрэг болгохыг заасан. Төлөөлөгчийн түр үнэмлэх аваагүй учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөх эрхтэйгээр оролцох эрхгүй гэж маргаж байгаа бол төлөөлөгчийн түр үнэмлэх олгох асуудал Д.Болдбаатараас шалтгаалаагүй. Сонгуулийн хороо үүргээ биелүүлээгүй асуудал байгаа. 

Ийм учраас Д.Болдбаатар санал өгөх эрхтэйгээр оролцсон. Төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахгүй гэж үзэж байна. Ийм учраас 2016.07.19-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон. Ардчилсан намын зүгээс анхдугаар хуралдаанд төлөөлөгчөөр ирээгүй. 2016.07.19-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас анхдугаар хуралдааныг хойшлуулах шийдвэр гарсан. 

Энэ тогтоол бол Ардчилсан намын хүсэлтээр гэж анхдугаар хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан байдаг. Анхдугаар хуралдааныг хойшуулах тухай тогтоолоо Монгол ардын намд ирүүлсэн. Мөн анхдугаар хуралдааныг зарласан тухай албан бичиг ирүүлснийг хүлээн авах боломжгүй гэж Монгол ардын нам албан бичгээр хариу өгсөн. Нэхэмжлэгч тал хойшлуулсан товоор анхдугаар хуралдаан явагдах ёстой гэж үздэг ч хойшлуулах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Тухайн өдөр хуралдааны бэлтгэл ажил бүрэн хангагдсан байсан ч ардчилсан намын төлөөлөгчид ирээгүй удаан хугацаанд хүлээсэн. Анхдугаар хуралдаанд ажлын албаны дарга Ж.Жаргалсайхан 51.5 хувь гэсэн ирцийг танилцуулсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол баталж асуудлыг хэлэлцсэн. 

Үүнд: Зохион байгуулалтын болон шинээр иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудал байсан. 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тогтоол гаргасан. Сонгуулийн хороо төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тогтоолоо танилцуулах үүргээ биелүүлээгүй. Гэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд Сонгуулийн хороо тогтоолоо хүлээлгэж өгсөн байсан.

 МУЗЗНДНТУТХуулийн 23 дугаар  зүйлийн 23.7, 23.8, 23.9-т заасан зохицуулалтыг үндэслэн хуралдааныг явуулсан. 

Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад төлөөлөгч удирдана гэсэн хуулийн заалтын дагуу Б.Гансүх удирдан явуулсан. 

Дараагийн нэг асуудал бол зохион байгуулалтын асуудал хэлэлцэж иргэдийн Хурлын тогтоолуудыг гаргасан. Нэр дэвшүүлэх эрхийн хувьд МУЗЗНДНТУТХуулийн 11 дүгээр  зүйлийн 11.3-т хамгийн олон суудал авсан нам нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасныг үндэслэн Монгол ардын нам нэр дэвшүүлсэн. 

Ардчилсан намын зүгээс хуралдаанд оролцоогүй учраас нэр дэвшүүлэх эрхээ эдлэх боломжоо алдсан. Хэрэв хуралдаанд оролцсон бол нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байсан. Хурлаас гарсан тогтоолууд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хууль бус хүчингүй болгуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Анхдугаар хуралдааныг хүчингүй болгосноор Монгол ардын намын төлөө саналаа өгсөн олон мянган иргэд, сонгогчдын эрх ашиг хөндөгдөнө гэдгийг хэлэх нь зүйтэй байна гэв.  

 

Ардчилсан намаас сонгогдсон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016.07.03-ны өдөр түр үнэмлэхийг гардаж авсан. Анхдугаар хуралдаан хуралдах товыг ардчилсан нам руу явуулсан байсан. Гэтэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан шийдвэрийг намд хүргүүлсэн байсан. Гэтэл МАН-ын зүгээс өөрсдийн бүлгийн хувьд анхдугаар хуралдааныг явуулсан. Энэ хуралдаанд оролцох эсэх асуудлаар манай нам оролцох уу гэдэг асуудлыг ярилцсан. Процессын хувьд алдаатай учраас хуралд оролцохгүй гэдэг асуудал яригдсан. Сонгуулийн хуулиа дагаад ялалт байгуулсан уу гэдэг нь чухал. Нэг төлөөлөгч нь сонгуулийн тухай хууль зөрчсөн учраас төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгохыг хойшлуулсан шийдвэр гаргасан. 

ИТХ-аас нам руу албан бичиг явуулсан. 2016.07.20-ны өдрийн 14 цагт анхдугаар хуралдааныг хуралдахаар болсон гэдэг товыг хүргүүлсний дагуу төлөөлөгчид ирсэн боловч Монгол ардын намаас сонгогдсон төлөөлөгчид ирээгүй.

 Аль аль хурлыг хүчинтэй хурал гэж үзэхгүй байна. Тийм учраас манай намын бүлгээс сонгогдсон төлөөлөгчдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна. 

МУЗЗНДНТУТХуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т санал хураалт явагдсанаас хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдааныг хуралдуулах, хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлж чадаагүй бол хурлыг тарсанд тооцно гэж заасан. Манай намын бүлгийн төлөөлөгч, МАН-аас төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчийн эрх хөндөгдөж байна гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Сонгуулийн түр үнэмлэхээ авсан төлөөлөгч, сонгогчдын эрх ашиг хөндөгдөж байна. Төлөөлөгчид болон сонгогчдын эрх ашиг ойлгомжгүй байдалд хүрээд байна. Сонгуулийн дүнгээр 32 төлөөлөгч бүрэн эрхээ авсан. Сонгогдсон төлөөлөгч нарыг хэвийн үйл ажиллагаа явуулах эрхийг хангаж өгөөч гэдгийг хүсэж байна гэв.   

 

Гуравдагч этгээд Д.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхдугаар хуралдаан өөрийн гэсэн дэгтэй. МУЗЗНДНТУТХуульд заасны дагуу анхдугаар хуралдаан явагдсан гэж Монгол ардын  намаас сонгогдсон төлөөлөгчид үзэж байна. Хурлын ажлын алба хурлын бэлтгэл ажлыг хангаж, товыг хүргэсэн. Өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хурлын товыг хойшлуулах эрх байхгүй, зарласан цаг хугацаандаа хийх ёстой. Хаана болохыг мэдээгүй гэж байна. Тухайн үед Ардчилсан нам засаглал эрх барьж байсан. 17 төлөөлөгч олонхоороо ирж хуралдсан. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байсан учраас 17 төлөөлөгч ирж хуралдсан. Түр үнэмлэх олгосон сонгогдсонд тооцсон гэж үзэж байна. Тэнд ажиллаж байсан төрийн алба хаагчид үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна гэв. 

 

Гуравдагч этгээд М.Төмөрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч болон гуравдагч этгээдүүд, хариуцагчийн өмгөөлөгч нартай санал нэг байна. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн 2000 гаруй сонгогчийг төлөөлж 800 гаруй сонгогчийн санал авч сонгогдсон. Ийм учраас миний төлөө саналаа өгсөн иргэд сонгогчдын эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэн гуравдагч этгээдээр оролцож саналаа ирүүлсэн. 

Ж.Батсуурь дарга иргэдийн нийтлэг эрх ашиг хөндөгдөж байна гэж байна. Яагаад Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч, иргэд сонгогчдын эрх ашиг хөндөгдөж байна гэж ярьж байна вэ? Нийт Сүхбаатарчуудын нийтлэг эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хурлын бэлтгэл ажил хангагдаагүй байсан гэж  байна. 

МУЗЗНДНТУТХуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар бүрэн эрх нь дуусч байгаа Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг сонгуулийн санал хураалтын дүн зарласнаас хойш 20 хоногийн дотор хуралдуулна гэж заасан. Монгол ардын намд анхдугаар хуралдааны дэг, дотоод журам, хэлэлцэх асуудлыг хүргүүлсэнтэй танилцаад, 2016.07.19-ний өдрийн 14.00 цагт нутгийн удирдлагын ордны хурлын танхимд анхдугаар хуралдаан явагдсан. 

Ажлын албаны зүгээс хурлын бэлтгэл ажил бүрэн хангасан байсан учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаатай санал нийлэхгүй байна. 

Бүх 33 төлөөлөгчийн нэрийг байрлуулж, хуралдааны бэлтгэл ажил хангагдсан байсан. Хэт нэг талыг барьж, улс төржсөн зүйл хандлага гаргаж байна.

 Анхдугаар хуралдааныг дуусгаад 16-17 цагийн орчимд Монгол ардын намын ажлын албанд өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс анхдугаар хуралдааныг хойшлуулсан албан ёсны бичиг ирсэн байна гэсэн зүйл яригдаж байсан. 

МУЗЗНДНТУТХуулийн 25 дугаар зүйлийн 25.8, 25.9 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Гуравдагч этгээд Ш.Мандахнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар бүрэн эрх нь дуусч байгаа Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг сонгуулийн санал хураалтын дүн зарласнаас хойш 20 хоногийн дотор хуралдуулна гэж заасан. Хамгийн сүүлийн хугацаа 2016.07.19-ний өдөр байсан. Анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр байсан гэж үзэж байна. Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түр үнэмлэхийг олгоогүйгээс энэ асуудал үүссэн. Сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд төлөөлөгчдийн түр үнэмлэх олгох тогтоолыг хүргүүлсэн байсан учраас төлөөлөгчөөр сонгогдсонд тооцоод уншиж танилцуулаад явсан. Ажлын албаны хувьд хурлын бэлтгэл ажлыг хангасан байсан учраас хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байна гэв.

 

Гуравдагч этгээд Э.Өлзийтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Мандахнар, М.Төмөрчулуун болон бусад хариуцагч талтай санал нэг байна. Аливаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гардаг. Анхдугаар хуралдааныг хойшлуулах тухай тогтоол гараагүй, албан тоотоор мэдэгдсэн байсан. Хойшлуулах тухай мэдээллийг хурал тарж ирсний дараа авсан. Намын эрх ашгийг зөрчиж, төрийн ажлыг цалгардуулдаг, ийм ажил үйлчилгээг зогсоох хэрэгтэй. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс ёс зүйтэй үнэнч зарчмаар хариуцлагатай хандах хэрэгтэй. Хариуцагч талтай санал нэг байна гэв.  

 

Гуравдагч этгээд Д.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярих хэрэгтэй байна. Нэхэмжлэгч талын ярьж байгаагаар миний хувь хүний эрх ашиг хөндөгдөх шинжтэй байна. Нэхэмжлэгч талын зүгээс мэдээгүй байсан гэх зүйл ярьж байна. Хэн хэндээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах хэрэгтэй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус эсэхийг тогтоолгох асуудал яригдаж байна. Миний хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах гомдол гаргах эрхгүйгээр шүүхийн эцсийн шийдвэр гарсантай холбоотой асуудлыг ярих хэрэгтэй. Сонгуулийн хороонд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан ч ирц бүрдээгүй, сүүлдээ хаалгаа хаадаг, түгждэг болсон. 

Тийм учраас албаар улс төржиж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж байна. Сонгуулийн дүн зарласнаас хойш 20 хоногийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдах ёстой. 2016.07.19-ний өдөр хамгийн сүүлийн хугацаа байсан. Тийм учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.18-ны өдрийн 10 тоот шүүгчийн захирамжийг үндэслэн хуралдаанд оролцож, дийлэнх олонхоороо таслах эрхтэйгээр оролцсон гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Э.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хурлыг хууль бус,  хурлаас гарсан шийдвэр тогтоол хууль бус гэсэн нь үндэслэлгүй байна гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хорооны дарга Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн түр үнэмлэхээ авсан 16 төлөөлөгч, түр үнэмлэх аваагүй, сонгуулийн хууль зөрчиж, нэрсийн жагсаалтаас хасагдсан 1 төлөөлөгч оролцож ирц бүрдүүлж хуралдсан хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус хурал гэхээс гарсан бүх тогтоол, бусад шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах ”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан нутгийн өөрөө удирдах байгууллагад холбогдуулан гаргасан маргаан тул хэргийн харъяаллыг, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “ нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана ” гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан нь нутаг дэвсгэрийн харъяаллыг тус тус зөрчөөгүйн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хүлээн авч хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа “ анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулах, хуралдаанаас гарсан “ Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай ” 01, “ Тооллогын комисс байгуулах тухай ” 02, “ Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай ” 03, “ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай ” 04, “ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай ” 05, “ Аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай ” 06 тоот тогтоолуудыг хүчингүй болгох гэж тодруулсан.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлийг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас гарсан 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “ Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай ” 01, “ Тооллогын комисс байгуулах тухай ” 02, “ Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай ” 03, “ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай ” 04, “ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай ” 05, “ Аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай ” 06 дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох 7 дахь удаагийн сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болж Ардчилсан нам 16, МАН 17 суудал авч сонгуулийн дүн гарсан.

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “ анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор өмнөх хурлын тэргүүлэгчид зарлан хуралдуулна ” гэсний дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид  2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 34 тоот тогтоолоор шинээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагт хуралдуулж, аймгийн сонгуулийн хорооны санал хураалтыг нэгдсэн байдлаар танилцуулж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг МАН, Ардчилсан намын хороонд хүргүүлжээ.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин хуралдаж 36 дугаар тогтоолоор анхдугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэж Ардчилсан нам, МАН-д  мэдэгдэж, мөн өдрийн 37 тоот тогтоолоор 07 дугаар сарын 20-ний өдөр  хуралдааныг хуралдуулахаар шийдвэрлэж хурлын товыг тогтоосон байдаг. Хурлын товыг мэдэгдсэн асуудалд талууд маргаагүй болно.

 

Ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуульд заасан бүрэн эрхийн дагуу анхдугаар хуралдааныг хойшлуулж, товыг дахин тогтоон Ардчилсан нам, МАН-д мэдэгдсэн байхад МАН-аас нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон 17 төлөөлөгч 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр анхдугаар хуралдааныг  хуралдуулж  төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулан, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

 

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт  орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлэх эрхийг сонгуулийн хороонд олгосон байдаг. Аймгийн сонгуулийн хороо хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлээгүй байхад МАН-аас нэр дэвшиж сонгогдсон 17 төлөөлөгч анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж,  хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, анхдугаар хуралдааны тэмдэглэл, хуралдааны бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд анхдугаар хуралдаан процессын хувьд алдаатай болсон байна гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаас Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсэгт “ аймаг, нийслэл ... сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно ” гэж заасан. 

 

Аймгийн сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 03-ний 15 дугаар тогтоолоор төлөөлөгчийн түр үнэмлэх олгохдоо тогтоолын нэг дэх заалтаар 32 төлөөлөгчид түр үнэмлэх олгож, хоёр дахь заалтаар Дарьганга сумын 3 дугаар тойрогт нэр дэвшиж олонхийн санал авсан Д.Болдбаатарт түр үнэмлэх олгохыг шүүхийн шийдвэр эцэслэн гартал хойшлуулж шийдвэрлэсэн.

 

Д.Болдбаатар нь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, түр үнэмлэх олгохыг сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгчийн энэ захирамжийг аймгийн сонгуулийн хороо шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэсэн үндэслэлээр хянуулах хүсэлт гаргаж Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 08 сарын 01-ний 03 тоот тогтоолоор захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр  шийдвэрлэсэн байдаг.

 

Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэврээр Д.Болдбаатарт сонгуулийн хуулиар хориглосон заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр захиргааны арга хэмжээ авсан.

 

Д.Болдбаатар нь шүүгчийн 44 тоот шийтгэвэрт гомдол гаргаж, Сүхбаатар аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний 10 дугаар магадлалаар Д.Болдбаатарыг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан болохыг тогтоож, эцсийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

 

Тодруулвал, цаг хугацааны хувьд авч үзвэл: Сүхбаатар аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2016 оны 07 дугаар сарын 19-ний 11 цагт товлогдсон байсан бөгөөд хурал товлосон цагтаа эхэлж 15 цаг 05 минутад дууссан болох нь давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Харин анхдугаар хуралдаан 15 цаг 30 минутад эхэлсэн болох нь хуралдааны тэмдэглэлд “ 15 цаг 30 минутад Б.Гансүх би бүрэн эрх нь дуусгавар болж байгаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгч учир энэхүү хурлыг удирдан эхлүүлж байна ” гэж тэмдэглэгдсэнээс харагдаж байх бөгөөд ийнхүү анхдугаар хуралдаан хуралдаж эхлэхэд  Д.Болдбаатарыг сонгуулийн хуулиар хориглосон заалтыг зөрчиж, зөрчил гаргасан гэдгийг тогтоосон эцсийн шийдвэр болох магадлал гарсан байжээ. 

 

Ийнхүү  Сонгуулийн хороо магадлалыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, 20 дугаар тогтоолоор Дарьганга сумын 3 дугаар тойрогт дахин сонгууль зарлаж МАН, Ардчилсан нам  дахин сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлж, нэр дэвшигчид нь тодорсон байгаа нь тэд дахин сонгуульд оролцохоо зөвшөөрсөн байна гэж дүгнэж болохоор байна.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “ аймаг, нийслэл . . .  Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно ” гэсэн байх тул дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт өгөхөд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан анхдугаар хуралдаанд төлөөлөгчийн түр үнэмлэх олгогдоогүй Д.Болдбаатарыг оролцуулсан нь хууль бус болсон байх бөгөөд ийнхүү анхдугаар хуралдаанд төлөөлөгчдийн олонхи нь оролцоогүй байна гэж дүгнэлт өгч шийдвэрлэж байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулах, хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах   ”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас гарсан 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01, “Тооллогын комисс байгуулах тухай” 02, “Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай” 03, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 04, “аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 05, “аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосугай. 

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ЭРДЭНЭТУЯА

              ШҮҮГЧИД                                     Г.БАЯСГАЛАН

 

                                                                       Б.ЦЭРЭНХАНД