| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
| Хэргийн индекс | 128/2017/0183/з |
| Дугаар | 221/МА2017/0608 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2017/0608
2017 оны 08 сарын 24 өдөр Дугаар 221/МА2017/0608 Улаанбаатар хот
С.Ш-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0465 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А-н гаргасан давж заалдах гомдлоор, С.Ш-н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0465 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш-н гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн З.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “С.Ш-н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
С.Ш нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын гудамж, 2 тоот хаягт орших ... м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар шийдвэрээр эзэмшиж байгаад хуульд заасны дагуу газар өмчлөх хүсэлтээ гаргахад “... м.кв газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй учир өмчлүүлэх боломжгүй” гэж ... м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 352 дугаар захирамжаар өмчлөх эрхтэй болсон.
Гэвч уг газрыг оролцуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар захирамжаар ... м.кв газрыг иргэн Ч.А-д хууль бусаар эзэмшүүлсэн байсныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тус шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 240 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл дахин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжаар З.Э-т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 10 жилийн хугацаатайгаар уг газрыг эзэмшүүлсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрт энэхүү газрыг “...өндөр хүчдэлийн болон дулааны шугам сүлжээ бүхий газар бөгөөд өмчлөлийн газартаа орох, гарах боломжтой байх нийтийн эзэмшлийн газар...” гэж тодорхойлсон байдаг ба “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 263 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.3, Нийслэлийн Засаг даргын “Дулааны шугамын хамгаалах зурвас тогтоох” тухай 76 дугаар захирамжийг зөрчсөн тул дулааны шугамын хамгаалах зурвасын талбайг чөлөөлөхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас шаардсан байдаг.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайн газар, явган хүний замыг таглан, авто машины замд тулган барьж аюулгүй байдлын норм стандартыг илт зөрчсөн, инженерийн шугам сүлжээ бүхий дулааны шугам байрлаж байгаа газарт ийнхүү хууль бусаар газар эзэмшүүлснээс миний өмчлөлийн газартаа эрхэлдэг автомашины засвар болон агуулахын үйл ажиллагаагаа урьдын адил хэвийн явуулахад саад учруулж, орц, гарц хаагдаж, газраа хэвийн ашиглах боломжгүй болж, бизнесийн үйл ажиллагаанд хохирол амсаж байхад шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
З.Э нь Г.Г-с маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэж хариуцагч, гуравдагч этгээд нараас тайлбарладаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Г-г гэрчээр дуудан мэдүүлэг авахад “тухайн газрын талаар мэдэхгүй, уг газрыг эзэмшихээр ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, газар эзэмших эрхтэй байгаагүй, түүнийгээ бусдад шилжүүлэх хүсэлт гаргаагүй” гэж мэдүүлсэн байдаг.
Мөн Г.Г-т олгосон гэх газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2007 онд хэрэглэгдэж байгаагүй нь тогтоогдсон.
Дээрх байдлаар шүүхээс бусдын бичиг баримтыг ашиглан газар эзэмших эрхийг хийсвэрээр үүсгэн улмаар З.Э-т шилжүүлэн тухайн үйл ажиллагаа халхавчилсан Баянзүрх дүүргийн Засаг дарга, газрын албаны илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа нотлогдон, тогтоогдсон байхад үүнийг Газрын тухай хуулийн 35, 38 дугаар зүйлд заасан журмын дагуу явагдсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд дүгнэх шаардлагагүй гэсэн атлаа Г.Г-с З.Э-т “газар эзэмших эрх шилжүүлснийг буруутгах боломжгүй” гэсэн нь шүүхээс маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж дүгнэсэн ойлгомжгүй болсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч С.Ш нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 захирамжийн З.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/95 дугаар захирамжаар гуравдагч этгээд З.Э-т Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут ... тоот, ... м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь З.Э болон Г.Г нарын хооронд хийсэн хэлцэл байх бөгөөд энэхүү хэлцлийн үндсэн дээр дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу гуравдагч этгээдэд тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн байрлах газартай давхцаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.
Тодруулбал, гуравдагч этгээд З.Э-т ... дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх бүхий гэрчилгээг олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс “маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/95 дугаар захирамж хууль бус болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон” гэж маргаж байгаа боловч уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул захиргааны хэргийн шүүхээс энэ тухайд дүгнэлт хийх боломжгүй байна.
Тиймээс маргаан бүхий актаар гуравдагч этгээд З.Э-т дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь анхнаасаа нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийг хөндөөгүй байх тул маргаан бүхий актын З.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 240 дугаар магадлалд дурдсан газар нь энэхүү маргааны тухайд өөр байршилтай газар болохыг дурдах нь зүйтэй.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР