Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 36

 

Т.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01125/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.Э-д холбогдох   

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 29.483.800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч У.Э-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2019 оны У. Э- над руу залгаад 06 дугаар сарын 20-ны өдөр ажил дээр орж ирээд... бараа татах гэсэн юм мөнгөний хэрэг боллоо 3.000.000 төгрөг зээлээч Хаан банкнаас 80.000.0000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа... гэж хэлэхээр нь 3.000.000 төгрөгийг 15 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Дараа нь 2019 оны 7 сарын 3 өдөр нэмээд 17.000.000 төгрөг зээлээч банкны зээл бүтэхээр хамтад нь өгье гэхээр нь өмнө нь мөнгө зээлсэн учир нэмэлт гэрээ гэж бичээд өмнөхтэй ижил нөхцөлтэй зээлдүүлсэн. У.Э-гаас энэ хугацаанд 700.000 төгрөг буцааж авсан. Авсан зээлээ буцааж төлөхгүй байгаа учир одоо үндсэн зээл, түүний хүү, алданги гээд нийт 29.453.500 төгрөг нэхэмжилж байгаа... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагчийн тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Зээлийн гэрээ байгуулагдаагүй гэсэн агуулгаар татгалзаад байгаа боловч зээлийн гэрээ хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд бичгээр байгуулагдсан учир хүү алданги тооцох эрхтэй, 2019 оны 6 дугаар сарын 20 өдөр 3.000.000 төгрөгийн гэрээ байгуулагдсан. Түүнээс хойш 2019 оны 7 сарын 3 өдөр дахин 17.000.000 төгрөг хэрэг боллоо гэхээр нь нэмэлт гэрээ сунгалт гээд гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь шинжээчийн дүгнэлтээр У.Э-гийн гарын үсэг мөн тогтоогдсон. Гэрээний дагуу алданги 2019 оны 10 сарын байдлаар гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжтой байсан ч нэмээгүй. Төлөх ёстой хугацаандаа төлөөгүй учир гэрээнд заасны дагуу алданги тооцсон. Мөн эвлэрүүлэн зуучлалд хандсан гээд 30.000 төгрөг нэмээд нэхэмжилсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээний хүү алдангийг нэхэмжлэх үндэстэй байгаа учир хүү, алданги нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...У.Э-, Т.О-ээс 20.000.000 төгрөг зээлж авсан асуудал яригдаад байна. Эхлээд 3.000.000 төгрөг авахдаа гэрээ байгуулсан. Дараа нь 17.000.000 төгрөг авахдаа зээлийн гэрээг байгуулаагүй. Нэмэлт гэрээ гэх зүйл байгаа боловч түүнийг зээлийн гэрээ гэж үзэхгүй байна. У.Э-г хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан. У.Э-гийн виза картыг Т.О- авсан гээд байдаг. Голомт банкны АТМ-аас У.Э-гийн виза картаас Т.О- нийт 3.600.000 төгрөг авсан байдаг. Тэгэхээр 3.600.000 сая төгрөг төлөгдсөн. Хариуцагч хүү алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Үлдэгдэл 16.400.000 төлөхийг зөвшөөрч байна... гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч У.Э-гаас 29.453.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.О-т олгож, 30.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 305.369 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Э-гаас 305.217 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.О-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч У.Э- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Иргэн У.Э- би Т.О-ээс 3.000.000 төгрөг, 17.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд энэ мөнгийг авахдаа албан ёсоор зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд тухайн үед хоорондоо ярилцаж тохиролцож амаар гэрээ байгуулан дээрх мөнгийг авсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын үед Т.О- нь нөхрийн хамт манай гэрийн гадаа ирж намайг дуудан, дарамталсаар байгаад хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан.Мөн Т.О- нь миний “Голомт банк”-ны виза картыг авчихаад одоо болтол өгөөгүй бөгөөд миний виза картаар “Голомт банк”-ны АТМ-с цувуулж нийт 3.600.000 төгрөг авсан байсан. Энэ нь “Голомт банк”-с.. миний гаргуулж авсан дансны хуулгаар нотлогддог юм. Мөн надаас 700.000 төгрөг бэлнээр авсан. Одоо би төлсөн мөнгөө хасаад 15.700.000 төгрөг төлөх ёстой ба энэ нь шударга ёсонд нийцэх байхаа. Анхан шатны шүүхэд зээлийн гэрээн дээрх бичвэрүүдийг хэн бичсэн талаар шинжээч томилуулах, мөн виза картаар мөнгө авсан талаарх камерын бичлэгийг Голомт банкнаас гаргуулах тухай удаа дараа хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хангахгүйгээр шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх зээлийн хүүг хэтэрхий өндөр байвал багасгаж болно гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүй, энэ нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчжээ. Шүүх зээлийн гэрээ хийсэн гэж дүгнэсэн боловч хүү алданги дээр анхаарч үзээгүй гэж бодож байна.

Одоо банкны нэг сарын хүү 1,8%-аас 2% , ББСБ-н хүү 3%-аас 5% хүртэл байхад Т.О- нь зээлийн гэрээ гэгчийг хуурамчаар үйлдэн сарын 15%-н хүүтэй мөнгө зээлүүлж байгаа мэтээр материал бүрдүүлсэн нь надаас хүү, алданги гэж өгсөн зээлээ бараг 2 дахин нугалж авах гэсэн үйлдэл нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байна гэж үзэх үндэслэлтэй байгаа бөгөөд мөн зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар татварын албанд бүртгэлгүй, татвар төлдөггүй зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа гэж үзэж байна.

Иймд миний гаргасан хүсэлтүүдийг ханган шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагч У.Э-гийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж  үзэв.

Нэхэмжлэгч Т.О- хариуцагч У.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  29.483.800  төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

            Хариуцагч У.Э- нэхэмжлэлийн шаардлагаас 16.400.000 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг  зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч нь зээл, хүү, алданги авах эрхээ нотлохоор нотолсон баримтаар     2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл хоногт 0,5 хувийн алданги төлөх, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 17.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоногт 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тухай зээлийн хоёр гэрээг ирүүлж \хэргийн  67,68 дугаар тал\, уг хоёр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардсан  байна.

            Хариуцагч нь дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бус учир нь “...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж  тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн   38.6-д зааснаар  

1. “2019 оны 06 дугаар сарын  20-ны өдрийн  зээлийн гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, сунгалтын бичвэрийг Т.О-, Н.А- нар бичсэн эсэх,

2. “...гэрээн дээрх  гарын үсэг У.Э-гийн гарын үсэг мөн эсэх”-ийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар  шүүх хүсэлтийг хүлээн авч  шинжээч  томилж, шинжээчийн дүгнэлтээр  нэг дэх асуултад  загварууд ирүүлээгүй тул  дүгнэлт гаргах боломжгүй, хоёр дах асуултад шинжилгээнд ирүүлсэн 2019 оны  06 дугаар сарын 20-ны өдрийн огноотой “Зээлийн гэрээ”, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн огноотой “Зээлийн гэрээний нэмэлт, сунгалт”-д  зурагдсан гарын үсэг нь У.Э-гийн  гарын үсэг мөн байна. гэсэн  дүгнэлт  гарсан  байна.

            Мөн  хариуцагч тал тайлбараа нотлохоор  өөрийн  эзэмшдэг ХААН банк,  Голомт  банкны дансны хуулга  гаргуулах, гэрч С.Г-ээс мэдүүлэг авах, дахин шинжээч  томилуулахаар гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа  учраас  зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн  оролцогчийн  хүсэлтээр шүүх  бүрдүүлнэ” гэж заасан  байна.

            Харин У.Э- өөрийн эзэмшдэг ХААН банк, Голомт банкны дансны  баримтыг өөрөө авах бүрэн боломжтой байхад түүнийг шүүх бүрдүүлэх, зээлийн гэрээг бичгээр хийгээгүйг С.Г- мэднэ гэх боловч У.Э-гийн гарын үсэгтэй зээлийн гэрээ хэрэгт авагдсан байгаа, дахин шинжилгээ хийлгэхээр гаргасан хүсэлтэд дурдсан асуултыг өмнө нь шинжээч томилуулах хүсэлтээр хариу дүгнэлт гарсан тул дахин шинжээч томилуулах зэрэг нь тус тус шаардлагагүй байх тул дээрх хүсэлтүүдийг нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн захирамж нь хууль зөрчөөгүй байна.

            Шүүх зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт, сунгалтын гэрээ, депозит дансны  хуулга зэрэг нотлох баримтад үндэслэж нэхэмжлэлээс 29.453.500 төгрөгт холбогдох  хэсгийг хангаж, 30.300 төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч У.Э- гаргасан гомдолдоо  “...20.000.000 төгрөг зээлсэн нь үнэн... , ...миний виза картыг авч  Голомт банкны  АТМ-с  3.600.000 төгрөг  авсан..., ...шүүх зээлийн хүүг  хэтэрхий өндөр байвал багасгаж болно гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүй..., ...хүү, алданги дээр анхаарч үзээгүй...” гэж  дурсан  байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт, сунгалтын гэрээнүүдийг  хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул зээлийн гэрээний харилцаанаас үүссэн  маргааныг талуудын хүлээсэн  үүргийн  хэмжээгээр хүү, алданги  гаргуулжээ.

Харин  хариуцагч У.Э-  зээлийн хүү хэт их  байгаа  талаар гаргасан гомдлыг  хангах нь зөв гэж давж заалдах шатны  шүүх үзлээ.

Т.О-, У.Э- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний нэмэлт,  сунгалтын  гэрээний  зээлийн хүүг 15% гэж тохиролцсон тохиролцоо нь банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдэх журмаар зээл олгодог газраас хэт өндөр нь зээлдэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхолд  хохиролтойгоор тогтоогдсон  байх тул  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу багасгаж, зээлийн хүүг 8 хувиар  бодоход  үндсэн зээл 17.000.000 төгрөг,  2 сарын  хүү 2.720.000 төгрөг, алданги  2.958.000 төгрөг бүгд 22.678.000 төгрөгийг, мөн 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх ёстой 3.900.000 төгрөгөөс төлсөн 700.000 төгрөгийг хасч үлдэх  3.200.000 төгрөгийг алдангийн \838.500 төгрөг нэхэмжлэлд дурдсан\ хамт 4.038.500  төгрөг нийт 26.716.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт  орууллаа.

Давж заалдах гомдлын бусад үндэслэлийг хангах хуулийн үндэслэлгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр шийдвэрийн  ТОГТООХ хэсгийн

1 дэх заалтын “...29.453.500 төгрөг гаргуулан...” гэснийг “...26.716.500 төгрөг гаргуулан...” гэж, “...30.300 төгрөг гаргуулах тухай...” гэснийг “...2.706.700 төгрөг  гаргуулах  тухай...” гэж, 

ТОГТООХ хэсгийн  2 дах заалтын  “...хариуцагч У.Э-гаас  305.217 төгрөг...” гэснийг “...хариуцагч У.Э-гаас 291.532 төгрөг...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг  хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар У.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.217 төгрөгийг  төрийн сангийн орлогоос захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                      

         

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                            ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                             О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                             Л.АМАРСАНАА

                                                                                                             С.ЭНХЖАРГАЛ