Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/001125/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......... аймаг, ......... сум, ......... баг, ....... байр, .. тоотод оршин суух Х овогт Т-ын О /РД:........., утас: ........../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... аймаг, ......... сум, ....... баг, ....... хороолол, ........байр, ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ...... сум, ....... баг, ..... хороолол, ...... тоот Б овгийн У-ын Э /РД:.........., утас: .........../,

 

“У.Э-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 29,483,800 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2019 оны У.Э- надруу залгаад 06 дугаар сарын 20-ны өдөр ажил дээр орж ирээд “...бараа татах гэсэн юм мөнгөний хэрэг боллоо 3.000.000 төгрөг зээлээч Х банк-наас 80.000.0000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа...” гэж хэлэхээр нь 3.000.000 төгрөгийг 15 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Дараа нь 2019 оны 7 сарын 3 өдөр нэмээд 17.000.000 төгрөг зээлээч банкны зээл бүтэхээр хамтад нь өгье гэхээр нь өмнө нь мөнгө зээлсэн учир нэмэлт гэрээ гэж бичээд өмнөхтэй ижил нөхцөлтэй зээлдүүлсэн. Э-гаас энэ хугацаанд 700000 төгрөг буцааж авсан. Авсан зээлээ буцааж төлөхгүй байгаа учир одоо үндсэн зээл, түүний хүү, алданги гээд нийт 29453500 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Хариуцагчийн тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Зээлийн гэрээ байгуулагдаагүй гэсэн агуулгаар татгалзаад байгаа боловч зээлийн гэрээ хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд бичгээр байгуулагдсан учир хүү алданги тооцох эрхтэй, 2019 оны 6 сарын 20 өдөр 3.000.000 төгрөгийн гэрээ байгуулагдсан. Түүнээс хойш 2019 оны 7 сарын 3 өдөр дахин 17.000.000 төгрөг хэрэг боллоо гэхээр нь нэмэлт гэрээ сунгалт гээд гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь Шинжээчийн дүгнэлтээр Э-гийн  гарын үсэг мөн тогтоогдсон. Гэрээний дагуу алданги 2019 оны 10 сарын байдлаар гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжтой байсан ч нэмээгүй. Төлөх ёстой хугацаандаа төлөөгүй учир гэрээнд заасны дагуу алданги тооцсон. Мөн эвлэрүүлэн зуучлалд хандсан гээд 30,000 төгрөг нэмээд нэхэмжилсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээний хүү алдангийг нэхэмжлэх үндэстэй байгаа учир хүү, алданги нэхэмжилж байна...” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...У.Э- Т.О-ээс 20.000.000 төгрөг зээлж авсан асуудал яригдаад байна. Эхлээд 3.000.000 төгрөг авахдаа гэрээ байгуулсан. Дараа нь 17.000.000 төгрөг авахдаа зээлийн гэрээг байгуулаагүй. Нэмэлт гэрээ гэх зүйл байгаа боловч түүнийг зээлийн гэрээ гэж үзэхгүй байна. Э-г хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан. Э-гийн виза картыг Т.О- авсан гээд байдаг. Голомт банкны АТМ-аас У.Э-гийн виза картаас Т.О- нийт 3.600.000 төгрөг авсан байдаг. Тэгэхээр 3.600.000 сая төгрөг төлөгдсөн.

Хариуцагч хүү алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Үлдэгдэл 16,400,000 төлөхийг зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О- хариуцагч У.Э-д холбогдуулан  “29 483 800 төгрөг гаргуулах “ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ

Хариуцагч У.Э-  “...3,000,000 төгрөг, 17,000,000 төгрөг дансаар авсан. Мөнгийг авах үед албан ёсоор гэрээ байгуулаагүй, тухайн үед амаар тохиролцон гэрээ хийсэн. 2019 оны 09 дүгээр сарын үед хоосон цаасан дээр, дарамталж гарын үсэг зуруулсан. 700,000 төгрөг Голомт банкны картаар ордог, миний орлого 2,900,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 16,400,000 төгрөгийг төлнө...” гэж маргажээ.

            Талууд  2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  3,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 17,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээний зүйл 3,000,000 төгрөг, 17,000,000 төгрөгийг зээлдэгч У.Э-гийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч Т.О- биелүүлсэн, зээлдэгч У.Э- зээлийн гэрээний хугацаа дуусмагц шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч У.Э- зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги төлөх үүрэг хүлээхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар  зүйлийн 282.1-т “...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно...”, 282.3-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...”,  мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “...анзын гэрээг бичгээр хийнэ...”, 232.4-т “...анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй...” гэж хуульчилжээ.

Талуудын бичгээр байгуулсан гэрээнд хэлэлцэн тохиролцсон хүү, зээлийг буцаан  төлөх хугацаа, гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс хүлээх хариуцлага болох нөгөө талдаа төлөх мөнгөн төлбөр буюу анзын талаар тохиролцсон байна. /хэргийн 68, 69 дүгээр хуудас/

Дээрхи гэрээний зээл авагч гэсэн хэсэгт У.Э- гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн энэ талаар томилогдсон шинжээчийн дүгнэлт гарсан, харин хэлэлцэн тохирсон хүү, хүлээх хариуцлагын талаар тохиролцсон хэсгийг бичээгүй, хоосон цаасан дээр зурсан гэж маргаж байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.1-т “...нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нөгөө этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийлэлийг гэрээ байгуулах санал гэнэ...” гэснээр талууд зээлийн гэрээний зүйл болох 3,000,000 төгрөг, 17,000,000 төгрөгийг хэнээс, хэнд ямар хугацаанд, ямар эрх үүрэг хүлээхээр шилжүүлж байгаагаа ойлгож байсан нь гэрээний хугацаанд хүү 700,000 төгрөг төлсөн байдлаар тогтоогдож байна.

Гэрээний агуулга, томьёолол буюу бичвэрийг талуудын хэн ч үйлдэж болох бөгөөд гэрээнд энэ талаар тусгасан заалтыг бичээгүй байх үед У.Э-гаар гарын үсэг зуруулсаны дараа нөхөн бичсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 3,000,000 төгрөг, 2 сарын хүү 900,000 төгрөг, алданги 838,500 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 17,000,000 төгрөг, хүү 5,100,000 төгрөг, алданги 3,315,000 төгрөг, үүнээс төлсөн 700,000 төгрөгийг хасаад нийт 29,453,500 төгрөгийг хариуцагч У.Э-гаас гаргуулж нэхэмжлэгч Т.О-т олгох нь зүйтэй

Нэхэмжлэгч Т.О- эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн тэмдэгтийн хураамж 30,300 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа ч тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид У.Э-д холбогдуулан өргөдөл гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өмнө шүүхийн бус журмаар маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаад улсын тэмдэгтийн хураамж төлөөд гаргаагүй шүүхэд хандсан бол хүсэлт гарган төрийн сангийн орлогоос буцаан гаргуулах боломжтой болно.

Харин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаад талуудын хүсэл зориг нэгдээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноос төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах гэж байгаа бол үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлал өргөдөл гаргагч, уригдсан талыг дуудан уулзалт зохион байгуулсан, харин хүсэл зоригоо нэгдэн эвлэрлийн гэрээ байгуулах нь талуудын эрх тул амжилтгүй дуусгавар болсон нь улсын тэмдэгтийн хураамжийг буцаах үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 305,369 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Э-гаас 305,217 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.О-т олгох нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч У.Э-гаас 29,453,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.О-т олгож, 30,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 305,369 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Э-гаас 305,217 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.О-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ