Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 38

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01264/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн 139 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох   

“Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2000 оны 01 сарын 05-ны өдөр “М-” ХХК-ийг Б-ийн Б- миний бие Х-ын Э-тай хамтран үүсгэн байгуулсан. Манай компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь нийт 155.000.000 төгрөгийн хөрөнгөтэй ба энэхүү хөрөнгийн 50 хувь болох 77.500 ширхгийн /нэг бүр нь 1000 төгрөг/ нэрлэсэн үнэ бүхий хувьцааг миний бие эзэмшдэг ба уг компанийн үүсгэн байгуулагч юм. Миний бие Улаанбаатар хотод амьдардаг учраас компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож чадахгүй байсан тул бид ярилцаад Х.Э-ыг Дархан-Уул аймагт амьдардаг гэдэг утгаар нь захирлаар томилсон. Тус компаниа байгуулахад миний зүгээс маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал: Улаанбаатар хотод байрлах өөрийн хувийн орон сууцаа зарж борлуулан компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэн явуулах зорилгоор өөрийн компанидаа хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл Х.Э- нь захирлынхаа эрх хэмжээг хэтрүүлэн ашиглан компанийн хөрөнгө болох ГД-000130263 гэрчилгээний дугаартай, Ү-2003004402 улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 15-р байр, 18 тоот 29.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр 2014.04.28-ны өдөр Хас банктай Зээлийн гэрээ болон Баталгаат ипотекийн гэрээ, Барьцааны гэрээ зэргийг байгуулж, 80.000.000 төгрөгийн зээл авч, хувьдаа ашигласан байна. Үүгээр зогсохгүй барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрөл дээр Б.Б- миний нэрийн ард Х.Э- нь гарын үсэг зурж, миний нэрийн өмнөөс баталгаажуулсан байна. Уг асуудлыг миний бие найз нөхдөөрөө дамжуулж 2019.11.29-ний өдөр олж мэдсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад надад огт мэдэгдээгүй, танилцуулаагүй, уг ажиллагаанд намайг оролцуулаагүйн улмаас Б.Б- миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар бие даасан шаардлага гаргах гуравдагч этгээдийн хувиар шүүхэд гомдлоо гаргаж байгааг минь хүлээн авч, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Базарсад, шийдвэр гүйцэтгэгч Б.Энхцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр Х.Э-, Б.Б- нараас 60.074.788,38 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2003004402 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг, 6-р хороолол, 15-р байрны 18 тоотод байрлах 29.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд нь албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнийг 90.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон тул үнэлгээний мэдэгдлийг 2018.05.29-ний өдрийн 03/1240, 03/1241, 03/1239, 03/1238 дугаартай албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар “М-” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Х.Э- нь 2018.05.31-ний өдөр өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хөрөнгө худалдан борлуулах ажиллагааг 2018.06.21-ний өдрийг хүртэл буюу 15 хоногоор хойшлуулсан. Төлбөр төлөгч нь хөрөнгөө ШШГтХуулийн 62.2-т заасан хугацаанд борлуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтоон 2018.08.31-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тооцон 2018.09.13-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд, гуравдагч этгээд болох иргэн Д.А- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2018.09.27-ны өдрийн 53 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.29-ний өдрийн 1240 дугаартай шийдвэрээр 2018.09.13-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 09 сарын 12-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад, дуудлага худалдааны оролцогчоос 49.000.000 төгрөгөөр үнийн санал гарган, дуудлага худалдааны ялагч тодорсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, 38 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “М-” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Х.Э- нарт хүргүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7-т заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 139 дүгээр шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 77 дугаар зүйлийн 77.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг бүхэлд хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нь: ...“М-” ХХК-д мэдэгдэх үүрэггүй буюу “М-” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны нэг тал биш учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг заавал мэдээлэх үүрэггүй гэж тайлбарласан байна. Уг тайлбараас дүгнэхэд шүүх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл “М-” ХХК-ийн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хурааж, битүүмжилж, дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явуулсан атлаа үнийн санал авах, дуудлага худалдааны талаар мэдэгдэх, дуудлага худалдаанд оролцох зэрэг гуравдагч этгээдийн оролцох эрхийг хязгаарласанд холбогдуулж гомдлын шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс төлбөр төлөгч иргэн Э-ыг ажиллагаанд оролцуулсныгаа “М-” ХХК-ийг оролцуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байхад шүүх үүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хариуцагчийн “...Х.Э-, “М-” ХХК-д мэдэгдсэн” гэж тайлбарлах боловч “М-” ХХК-нд мэдэгдэж хүргүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байтал анхан шатны шүүх энэ асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй.

2. 2016.05.18-ны өдрийн 809 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэг маргаан шийдвэрлэгдсэн байтал Гүйцэтгэх хуудас болон Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол, бусад холбогдох битүүмжлэх, хураах дуудлага худалдаа явуулах зэрэг тогтоол, баримтуудад 2015.05.18-ны өдрийн 809 дугаартай шүүхийн шийдвэрт ажиллагаа явуулсан ноцтой алдаа гарсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, алдааг залруулаагүйд гомдолтой байна.

3. Шүүхийн шийдвэрт “М-” ХХК-ий өмчлөлийн Ү-2003004402 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15-р байр, 18 тоот 29.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасан тул “М-” ХХК энэхүү ШШГ ажиллагааны оролцогч мөн юм. Уг компани нь 2 адил эрхийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй. Компанийн захирлаар Х.Э- бүртгэлтэй боловч түүний эдлэх эрх, үүрэг нь компаний дүрмээр хязгаарлагдаж тодорхойлогдох ёстой. Компаний дүрмийн 10 дугаар зүйлд Захирлын эрх хэмжээг тодорхойлж өгсөн бөгөөд 10.2-т “... Хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд компаний өмч хөрөнгийг захиран зарцуулах” гэж заасан. Гэтэл энэхүү эрхийг буюу “М-” ХХК-ий өмчлөлийн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд захиран зарцуулах, төлөөлж оролцох эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас Х.Э-ад олгоогүй, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад ямар нэгэн баримт авагдаагүй юм.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 677 дугаартай Гүйцэтгэх хуудасны дагуу явагдсан тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн /2015.05.18/ 809 дугаартай шийдвэртэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй.

Б.Б-, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид  холбогдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах  нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх нэхэмжлэлийн үйл баримт нь төлбөр төлөгч Х.Э-тай холбоотой  байна.

Төлбөр төлөгч  Х.Э-, Б.Б- нар нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 809 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Хас банк ХХК-ийн Дархан салбарт 60.074.788,38 төгрөг төлөх, энэ үүргийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны  хөрөнгө  Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байр, 18 тоот 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2003004402 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх  эд хөрөнгийг  худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг  хангуулахаар  шийдвэрлэсэн  ба  тус  шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги явуулж, төлбөр төлөгч Х.Э-, “М-” ХХК-ийн өмчлөлийн, барьцааны орон сууцыг битүүмжлэн хурааж,  дуудлага худалдаагаар  худалдахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч Х.Э-ын өгсөн үнийн саналын 70 хувиар тогтоон анхны дуудлага худалдаанд оруулж, худалдан борлогдоогүй учир хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагааг  явуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг “...Х.Э-  захирлын эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж, компанийн хөрөнгө..., ...орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр..., ...Хас банктай гэрээ байгуулж..., ...хамтран өмчлөгчийн зөвшөөрөл дээр Б.Б- миний нэрийн ард Х.Э- гарын үсэг зурж..., ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  надад мэдэгдээгүй,  танилцуулаагүй,  уг ажиллагаанд намайг оролцуулаагүй..., ...миний өмчлөх эрх ноцтой зөрчигдсөн...” гэж  гомдол гаргасан байна.

Х.Э-ыг \төлбөр төлөгч\ “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар  томилсныг 2010 оны  06 дугаар сарын 18-ны өдөр улсын  бүртгэлд бүртгэж, компанийн дүрэмд  гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг  тодорхойлсон байна.

Х.Э-ын Хас банктай байгуулсан зээлийн гэрээний барьцааны гэрээг байгуулахдаа хамтран өмчлөгчийн гарын үсгийг өөрөө зурсан гэж дурдсан  үндэслэлүүд нь  шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагааг  хүчингүй болгох  үндэслэлтэй холбоогүй  юм.

Учир нь  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газар нь  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр,  гүйцэтгэх хуудсанд бичигдсэн ажиллагааг явуулдаг тул  зээл авахад болсон үйл явдал нь  шийдвэр гүйцэтгэлийн  процесст  ач холбогдолгүй.

“М-” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар  байр  18 тоотод байрладаг ба  тус хаягаар “М-”  ХХК-д гэж  хаяглан  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлж  байсан  учир  Б.Б-д мэдэгдээгүй гэж буруутгах үндэслэлгүй болно.

Компанийн тухай хууль 83 дугаар зүйлийн 83.8 дахь заалт болон “М-” ХХК-ийн дүрмийн 10.2-т зааснаар гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх хэмжээтэй байна. Б.Б- нь хувь нийлүүлэгчийн хөрөнгийг зөвшөөрөлгүй барьцаалж, уг барьцааны зүйлээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гүйцэтгэлийн ажиллагааг хийхдээ компанийн хувь нийлүүлэгч, хөрөнгөний тал хувийг эзэмшигч миний эрх ашиг хөндөгдөж байхад надад мэдэгдээгүй гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газар нь дээрх ажиллагааг явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т  заасныг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн  21.1, 32 дугаар зүйлийн  32.1, 36 дугаар зүйлийн  36.344 дүгээр зүйлийн  44.1,44.2.1, 49 дүгээр зүйлийн 49.18, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг зөрчөөгүй байна.

Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор гаргасан гомдлыг хангах  үндэслэл тогтоогдоогүй, тийм нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр  үлдээж  байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.5 нь   шийдвэрт заасан тодорхой хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид  шилжүүлэх, эсхүл  гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгүүлэх” гэсэн заалт Б.Б-ын гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхэд  хамааралгүй байна. 

Иймд  шүүхийн  шийдвэрт дээрх дүгнэлтийг үндэслэн өөрчлөлт оруулж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 139 дүгээр шийдвэрийн  ТОГТООХ хэсгийн  1 дэх заалтыг,

“Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн  122.5-д заасныг баримтлан  Б.Б-ын  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар хорих ангид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж  өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                            ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                               С.ЭНХЖАРГАЛ