Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01264/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............... хот, .............. дүүрэг, ......... хороо, ......... хэсэг, ............. тоотод оршин суух, /утас ............./, ........... регистрийн дугаартай, Б овогт Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2000 оны 01 сарын 05-ны өдөр М ХХК-ийг Б-ийн Б миний бие Х-ын Э-тай хамтран үүсгэн байгуулсан. Манай компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь нийт 155 000 000 төгрөгийн хөрөнгөтэй ба энэхүү хөрөнгийн 50 хувь болох 77 500 ширхгийн /нэг бүр нь 1000 төгрөг/ нэрлэсэн үнэ бүхий хувьцааг миний бие эзэмшдэг ба уг компанийн үүсгэн байгуулагч юм. Миний бие Улаанбаатар хотод амьдардаг учраас компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож чадахгүй байсан тул бид ярилцаад Х.Э-ыг Дархан-Уул аймагт амьдардаг гэдэг утгаар нь захирлаар томилсон. Тус компаниа байгуулахад миний зүгээс маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал: Улаанбаатар хотод байрлах өөрийн хувийн орон сууцаа зарж борлуулан компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэн явуулах зорилгоор өөрийн компанидаа хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл Х.Э- нь захирлынхаа эрх хэмжээг хэтрүүлэн ашиглан компанийн хөрөнгө болох ГД-........... гэрчилгээний дугаартай, Ү-........... улсын бүртгэлийн дугаартай, ......... аймаг, ......... сум, ......... баг, ........... хороолол, .... байр, ....... тоот .... м.кв талбайтай ....... өрөө орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр 2014.04.28-ны өдөр Х банктай Зээлийн гэрээ болон Баталгаат ипотекийн гэрээ, Барьцааны гэрээ зэргийг байгуулж, 80 000 000 төгрөгийн зээл авч, хувьдаа ашигласан байна. Үүгээр зогсохгүй барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрөл дээр Б.Б- миний нэрийн ард Х.Э- нь гарын үсэг зурж, миний нэрийн өмнөөс баталгаажуулсан байна. Уг асуудлыг миний бие найз нөхдөөрөө дамжуулж 2019.11.29-ний өдөр олж мэдлээ. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгч Б.Э- гэдэг хүнтэй утсаар холбогдож лавлахад ... танай орон сууц дуудлага худалдаанд ороод Х банк худалдаж авахаар болсон гэж ярьлаа. Ийнхүү миний бие компанийхаа бүхэл бүтэн 50 хувийн хувьцааг эзэмшдэг буюу дээр дурдсан орон сууцны хууль ёсны өмчлөгч байтал ...... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний хуулиар олгогдсон өмчлөх эрхийг ноцтой зөрчөөд байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед надад энэ талаар огт мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэгч миний өмч хөрөнгийг зарж борлуулах гэж байж надаас үнийн санал ч аваагүй, хоёр удаагийн дуудлага худалдаа явагдахад надад огт мэдэгдээгүй, хураах, битүүмжлэх тогтоол гарсан талаар ч надад тухайн үед нь мэдэгдээгүй зэрэгт миний бие маш их гомдолтой байна. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад надад огт мэдэгдээгүй, танилцуулаагүй, уг ажиллагаанд намайг оролцуулаагүйн улмаас Б.Б- миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар бие даасан шаардлага гаргах гуравдагч этгээдийн хувиар шүүхэд гомдлоо гаргаж байгааг минь хүлээн авч, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Ба-, шийдвэр гүйцэтгэгч Б.Э- нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр Х.Э-, Б.Бая- нараас 60 074 788.38 төгрөг гаргуулж, Х банкинд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаартай, ........ аймаг, ........ сумын ......... баг, ... хороолол, ..... байрны ... тоотод байрлах ...... м.кв талбайтай, ..... өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд нь албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнийг 90 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон тул үнэлгээний мэдэгдлийг 2018.05.29-ний өдрийн 03/1240, 03/1241, 03/1239, 03/1238 дугаартай албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар М ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Х.Э- нь 2018.05.31-ний өдөр өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хөрөнгө худалдан борлуулах ажиллагааг 2018.06.21-ний өдрийг хүртэл буюу 15 хоногоор хойшлуулсан. Төлбөр төлөгч нь хөрөнгөө ШШГтХуулийн 62.2-т заасан хугацаанд борлуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтоон 2018.08.31-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тооцон 2018.09.13-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэхэд, гуравдагч этгээд болох иргэн Г.А нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2018.09.27-ны өдрийн 53 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.29-ний өдрийн 1240 дугаартай шийдвэрээр 2018.09.13-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 09 сарын 12-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад, дуудлага худалдааны оролцогчоос 49 000 000 төгрөгөөр үнийн санал гарган, дуудлага худалдааны ялагч тодорсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, 38 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Х.Э- нарт хүргүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7-т заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг хураах, битүүмжлэх, дуудлага худалдаа явуулах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, М ХХК-д мэдэгдэл хүргүүлж байсан, төлбөр төлөгч Х.Э- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар үүсгэн байгуулагч Б.Б-д мэдэгдэж, хөрөнгийн өөрчлөлтийн талаар улсын бүртгэл, татварын байгууллагад мэдээлэх үүрэгтэй тул гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Гомдол гаргагч Б.Б- нь гомдлын үндэслэлийг...Миний бие М ХХК-ны үүсгэн байгуулагч, дүрмийн сангийн 50 хувийг эзэмшдэг. Компанийн үүсгэн байгуулагч, дүрмийн сангийн 50 хувийг эзэмшдэг  Х.Э-ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Гэтэл эрх хэмжээгээ хэтрүүлэн компанийн хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр Х банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьж хувьдаа зээл авч ашигласан байна. Барьцааны хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрөл дээр миний гарын үсгийн ард Х.Э- гарын үсэг зурж миний нэрийн өмнөөс баталгаажуулсан байна. Энэ асуудлыг 2019.11.29-нд олж мэдлээ. Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь компанийн 50 хувийг эзэмшдэг, орон сууцны хууль ёсны өмчлөгч надад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдээгүй, миний хөрөнгийг зарж борлуулах гэж байж надаас үнийн санал аваагүй, хоёр удаагийн дуудлага худалдаа явагдахад мэдэгдээгүй, намайг оролцуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон байна.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаартай шүүхийн шийдвэрээр Х банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй Х.Э-, Б.Бая- нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 60 074 788,38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч нар зээлийн төлбөрийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ........ аймаг, ...... сум ......... баг, ......... хороолол, ....... байрны ........ тоот ГД.........., Ү-.......... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, .....м2 1 өрөө орон сууц, М ХХК-ийн өмчлөлийн ....... аймаг, ....... сум ........ баг, ........ хороолол, ..... байрны ...... тоот, ..... м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаартай, ..... өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Х банкны Дархан салбарын захирал А.С-ийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4176 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 677 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 987 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх 221 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэрт тусгагдаж, гүйцэтгэх хуудсанд бичигдсэн ....... аймаг, ......... сум ....... баг, ...... хороолол, ...... байрны ...... тоот ГД.........., Ү-.......... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ...м2 .....өрөө орон сууц, 222 дугаартай тогтоолоор М ХХК-ийн өмчлөлийн ...... аймаг, ..... сум ... баг, ...... хороолол, .... байрны ..... тоот, ..... м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаартай, . өрөө орон сууцыг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн, төлбөр төлөгч Х.Э-ад мэдэгдэл хүргүүлсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө хураасан тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, төлбөр төлөгч Х.Э-ад төлбөр төлөгчийн эрх, үүрэг хариуцлагыг танилцуулж гарын үсэг зуруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн, төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн байна.

Хариуцагчийн дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна, 49 дүгээр зүйлийн 49.1-д Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно, 49.2-т Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно, 54 дүгээр зүйлийн 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Төлбөр төлөгч Х.Э- нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшилд байгаа ...... сум, ....... баг, ...... байрны ..... тоот .... өрөө орон сууцны зах зээлийн ханшийг 90 сая төгрөгөөр, ...... сумын ..... баг, ... байрны .... тоот ...... өрөө байрыг 45 сая төгрөгөөр үнэлж үнийн санал өгсний дагуу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Албадан дуудлага худалдааны комисст Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудын тохиролцсон үнийн 70 хувь болох 63 сая төгрөг, 31 500 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдаанд оруулах санал оруулсан байна. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 08/5 дугаартай тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/12 дугаартай тогтоолоор Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан боловч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжаар Г.А-гийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дахин Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол үйлдэн талуудад мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн төлбөр төлөгч Б.Бая-, Х.Э-, М компани, Г.А- нарт мэдэгдэл хүргүүлж, дуудлага худалдаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөрт хураагдсан ........ аймаг, ....... сум, .... баг, ..... хороолол, ...... байрны ...... тоот, ...... м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаартай, ...... өрөө орон сууц 49 сая төгрөгөөр худалдан борлогдсон байна.

Хариуцагчийн дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид “дуудлага худалдаа” гэх/-аар худалдан борлуулна, 66 дугаар зүйлийн 66.1-д Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна, 66.2-т Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна. 75 дугаар зүйлийн 75.1-д Дараах тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага худалдааг явуулна, 75.1.1-д дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн, 75.1.2-т анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй бол, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, 177.3-т Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ, 177.4-т Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэсэн хуулийн шаардлагыг хариуцагч зөрчөөгүй байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах ажиллагаа бөгөөд төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх замаар төлбөр барагдуулах буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.5-д зааснаар шийдвэрт заасан тодорхой хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэх эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгүүлэх ажиллагаа юм.

Иймд нэхэмжлэгч Б.Б-ын гомдлын үндэслэл болсон М ХХК-ийн хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалсан асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа явуулахад хамааралгүй бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэр гарч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус байгууллагад даалгасны дагуу гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тул М ХХК-д мэдэгдэх үүрэггүй байна.

Өөрөөр хэлбэл М ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны нэг тал биш тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг заавал мэдээлэх үүрэггүй юм.

           

            Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар үүсгэн байгуулагч Б.Б-д мэдэгдэж, хөрөнгийн өөрчлөлтийн талаар улсын бүртгэл, татварын байгууллагад мэдээлэх үүрэгтэй энэ үүргээ төлбөр төлөгч Х.Э- биелүүлээгүй гэж маргаж байгаа боловч иргэнээс төлбөр гаргуулах ажиллагаанд дээрх заалт нь хамааралгүй болно.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Б-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Б.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул түүнийг хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 77 дугаар зүйлийн 77.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг бүхэлд хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА