Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 144/ШШ2024/00055

 

 

   2024             04                 02                                              144/ШШ2024/00055

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *** даргалж,

          Нэхэмжлэгч: ****ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ***д холбогдох,    

         *** болон ***ийн хооронд ***дугаартай ***г цуцлуулж, ***ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол болох 4,397,231,485.45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631,690,015.81 төгрөг, нийт 5,028,921,501.26 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, хариуцагч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, ***, гуравдагч этгээд ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…**** нь *** дугаартай албан бичигтээ нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийн хамтаар худалдан авахад 30,261,700 юаньтай тэнцэх хэмжээний иенийн санхүүжилт олгохыг хүсэж холбогдох баримтуудын хамт ***д ирүүлсэн.

Хүсэлтийн дагуу ***нь санхүүгийн түрээс олгох боломжтой эсэх судалгааг холбогдох журмын дагуу хийж хүсэлт болон ***ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу *** болон ***ийн хооронд ***дугаартай ***г байгуулж, холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Түрээслэгч *** нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг худалдан авахаар нийлүүлэгчдийг сонгож ***тэй 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр *** дугаартай Худалдах, худалдан авах 3 талт гэрээ, ***тэй 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *** дугаартай Худалдах, худалдан авах 3 талт гэрээг тус тус байгуулан ***иас 30,261,700 иенийн санхүүжилтийг дээрх 2 компанийн данс руу шилжүүлж. “*** нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг хүлээн авсан.

*** нь 2018 оны 12 дугаар сараас *** дугаартай ***ний Хавсралт 2-т заагдсан ***ийн төлбөрийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нь хэвийн төлж байсан. “***иас ирүүлсэн хүсэлтүүдийн хүрээнд *** нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эргэн төлөлтийн хуваарийг 3 удаа хойшлуулж. түрээслэгчийн валютын ханшийн эрсдэлээс гаргах зорилгоор ***нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлж, эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Гэтэл *** нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн санхүүгийн түрээсийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх хуваарьтай байсан ч төлөлт хийгээгүй тул төлбөрийн зөрчил үүссэн. *** ***ний 2.6-д "'Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 /Тэг аравны таван/ хувьтай тэнцэх алдангийг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцон төлнө.” гэж заасны дагуу алданги зөрчил үүссэн өдрөөс эхлэн тооцогдож эхэлсэн. Төлбөрийн зөрчил үүсэн өдрөөс хойш 3 удаагийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөлт хийгдэх үед алданги 1,478,975,785.47 төгрөг, хуримтлагдсан хүү 617,198,881.21 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 2,957,951,570.94 төгрөгийн төлбөр хуримтлагдсан байсан.

***дугаартай ***ний 6 дугаар зүйлийн 6.5-д "Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр. үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө" гэж заасны дагуу ***ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн төлбөрийг гэрээнд заасан дарааллын дагуу буюу алдангид суутган тооцсон.

Улмаар ***нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 удаагийн төлөлт хийж төлбөрийн зөрчил бүрэн арилсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуваарьт төлөлтөө хийгээгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуваарьт төлөлтүүдийг бүрэн гүйцэтгээгүй ба 3 удаагийн дараалласан төлбөрийн зөрчил үүсгэсэн.

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрийн зөрчил 1,585.589,390.91 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 86,161,109.06 төгрөг, хуримтлагдсан алданги 385,743,666.61 төгрөг буюу нийт зөрчлийн дүн 2,057,494,166.58 төгрөг байхад зөрчлийг заасан хугацаанд арилгах талаар ***д мэдэгдэхэд зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ***д *** тоот албан бичгээр мэдэгдсэн.

*** нь төлбөрийн зөрчлийн талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байх тул *** дугаартай ***ний 10 дугаар зүйлийн 10.1-д “Хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба эвийн журмаар маргааныг шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах талаар манай талаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ***тоот албан бичгээр мэдэгдсэн.

*** нь ***тай байгуулсан *** дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.4-д “Түрээслэгч дараах нөхцөл үүссэн тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй. Үүнд:", 8.4.4-д “Түрээсийн толбор 3 удаа төлөөгүй ба Түрээслүүлэгчээс хүргүүлсэн хуанлийн 14 хоногийн хугацаатай мэдэгдлийн хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд" гэж заасны дагуу гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх үүссэн.

Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д “нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол ногоо талын санаачилгаар", Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална" гэж тус тус зааснаар гэрээг шүүхийн журмаар цуцлуулах үндэслэлтэй байна.

Тиймээс *** дугаартай ***ний 3.1.12-т “Түрээслэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нь тогтоогдвол Гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах зэрэг болно" гэж зааснаар ***ийн биелүүлээгүй гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 4,397,231,485.45 төгрөгийг түрээслэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд *** дугаартай ***г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3,557,557,104.87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 120,956,941.57  төгрөг, хуримтлагдсан алданги 718,717,439.01 төгрөг, нийт 4,397,231,485.45 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.144,107.43 төгрөгийг түрээслэгч ***аас гаргуулахаар байх тул ***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ***болон ***ийн хооронд *** дугаартай ***г цуцлуулж. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол болох нийт 4.397.23 1.485.45 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.144.107.43 төгрөгийг түрээслэгч ***иас гаргуулахаар нэхэмжилсэн. *** нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу хуримтлагдсан хүү 64.620.831.76 төгрөг, хуримтлагдсан алданги 567.069.184.64 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд нийт 631.690.015.81 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж тооцох тул нэхэмжлэлийн шаардлагад заасан хуримтлагдсан хүүгийн төлбөр 120.956.941.57 төгрөг байсныг 185.577.773.33 төгрөг, хуримтлагдсан алданги 718.717.439.01 төгрөг байсныг 1.285.786.623.65 төгрөг болгон нэмэгдүүлж хариуцагч ***иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд ***ийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 4.397.231.485.45 төгрөг байсныг 631.690.015.81 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 5.028.921.501.26 төгрөгийг хариуцагч ***иас гаргуулахаар нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэсгээр бүхэлд нь хангуулж өгнө үү. Нэхэмжлэгч ***ийн *** дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх эрхийг олгосон бөгөөд итгэмжлэлийн хугацаа хүчин төгөлдөр байна.

Мөн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “… *** нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Өөрчилсөн шаардлагын агуулга: *** дугаартай гэрээний зүйл болох түрээсийн зүйл 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогчоор үүргийн гүйцэтгэл хангуулах, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон ***, *** болон *** хооронд байгуулсан ****, *** дугаар, ***, *** дугаартай барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлтэй байна.

Барьцаалуулагч ***д барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар ***ийн зүгээс *** дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 24- ний өдрийн хүртэлх хугацаанд мэдэгдэлтэй холбоотой хариу ирүүлээгүй.

Иймд *** дугаартай ***г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3.557.557.104.87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 185.577.773.33 төгрөг, хуримтлагдсан алданги 1.285.786.623.65 төгрөг нийт 5.028.921.501.26 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.302.557.51 төгрөгийг *** нь төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болох 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ***, *** дугаар, *** дугаар, *** дугаар, *** дугаартай барьцааны гэрээнүүдийн доорх хөрөнгүүдийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар ***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэмэлт тайлбар болон нэмэлт тодруулга байна. Шүүхээс сая уншиж танилцуулсан. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар танилцуулж байна. Манайхаас 2023 оны 07 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх, өөрчлөх тухай хүсэлт гаргасан бөгөөд тухайн үедээ 08 сарын 29-нд шүүхээс хүлээж авч шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 5,028,921,501,26 төгрөг гэж тодорхойлсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас гадна өөрчилсөн шаардлага байгаа. Энэ нь хариуцагч*** төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Тухайн үед яагаад нэмэгдүүлсэн бэ гэхээр нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 05 сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг *** болон ***ийн хооронд *** дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг цуцлуулж, 2023 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол болох нийт 4,397,231,485.45 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,144,107.43 мөнгийг түрээслэгч “***иас гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. ***нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2023 оны 07 сарын 24-ний өдрийг өдрийг хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу хуримтлагдсан хүү 64,620,831.76 төгрөг, хуримтлагдсан алданги 567,069,184.64 төгрөгийг нэмэгдсэн бөгөөд нийт 631,690,015.81 мөнгө олох байсан орлого гэж тооцох тул нэхэмжлэлийн шаардлагад заасан хуримтлагдсан хүүгийн төлбөр 120,956,941.58 мөнгө байсныг 185,577,773.33 мөнгөн төгрөг, хуримтлагдсан алданги 718,714,439,1 байсныг 1,285,786,623.65 төгрөг болгон нэмэгдүүлж хариуцагч ***иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. ***ийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 4,397,231,485.45 төгрөг байсныг 631,690,015.81 мөнгөөр нэмэгдүүлж нийт 5,028,921,501.28 мөнгийг хариуцагч ***иас гаргуулахаар нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэсгийг бүхэлд нь гаргасан бөгөөд үүнийг шүүх хүлээж авсан байдаг. 2 дахь шаардлагын тухайд хариуцагч *** төлбөрөө төлөөгүй, түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчилсөн байдаг. 2018 оны өөрчилсөн шаардлагын агуулга нь 2018 оны 08 сарын 15-ны өдрийн дугаар гэрээний зүйл болох түрээсийн зүйл 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүл холбогчоор үүргийн гүйцэтгэл хангуулах, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон ***, *** болон ***хооронд байгуулсан 2019 оны 10 сарын 31-ний өдрийн *** дугаар мөн 09,10,11,12 дугаартай барьцааны гэрээнүүдэд заасны хөрөнгүүдээр Иргэний хууль, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус заасны дагуу үүрэг гүйцэтгэл хангуулах үндэслэлтэй байна гэж үзсэн. Барьцаалуулагч *** нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар ***ийн зүгээс компанийн зүгээс *** дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд 2023 оны 07 сарын 24-ний өдрийн хүртэл хугацаанд мэдэгдэлтэй холбоотойгоор ***аас ямар нэгэн хариу ирүүлээгүй байдаг. Иймд ***ны өдрийн дугаар гэрээтэй санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 07 сарын 24-ний өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил нийт 5,028,921,501.26 мөнгө, улсын тэмдэгтийн хураамж төлсөн 25,302,557.51 мөнгө, ***төлөөгүй тохиолдолд түрээсийн 40 ширхэг толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогч, 2019 оны 10 сарын 31-ний өдөр байгуулсан 5,9,10,11,12 дугаартай хөрөнгүүдийг шүүхийн журмаар худалдан борлуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар ***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн байдлаар тодорхойлсон байдаг. Тодорхойлсонтой холбоотой түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдийн мэдээллүүдийг хавсралтаар оруулсан байгаа” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас давхардуулахгүйгээр дараах хууль зүйн дүгнэлт хэлбэрээр тайлбарыг гаргая. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хууль болон Санхүүгийн түрээсийн тухай хуулиар зохицуулагддаг гэрээний эрх зүйн харилцаа. Үүнтэй холбоотой талуудын хооронд байгуулсан гэрээг 2021 онд иений валют байсныг төгрөгт шилжүүлээд 2021 оны 06 сараас эхлүүлээд хариуцагчийг төлбөрөө төлөхийг графикаар талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талуудын гэрээ байгуулах үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж тухайн хуваарийг тохирсон байгаа. Үүнээс харахад нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулснаас хойш гэрээ валютын төгрөгт хөрвөснөөс хойш хариуцагчийн зүгээс 2021 оны 12 сараас, 2022 оны 12 сарын 13 хүртэл нийтдээ 8 удаагийн эргэн төлөлтийг хийсэн байдаг. Нийтдээ 10,842,285,481.74 мөнгийг шилжүүлсэн. Бид нар өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа үндэслэл нь юу вэ гэхээр тухайн шилжүүлсэн төлбөр зөрчлийг барагдуулахтай холбоотой зөрчлийг буюу гэрээний үүргийн гүйцэтгэлийн зөрчлийг бүрэн барагдуулахтай холбоотой асуудлыг үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангаж чадаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 6.5-д хариуцагч буюу түрээслэгч талаас шилжүүлсэн төлбөрийг эхний ээлжид алдангид тооцоод, дараа нь хүүд тооцоод үндсэн төлбөрт тооцдог үүргийн гүйцэтгэлийн дарааллыг гэрээгээрээ талууд харилцан тохиролцсон. Энэ дарааллаар бид тухайн өмнө дурдсан хугацаанд шилжүүлсэн төлбөрүүдийг суутгаж тооцоход нийтдээ алдангийн төлбөрт 3,339,603,955.02 мөнгийг алдангид суутгаад, үлдсэн төлбөрөөс 1,200,400,61 төгрөгийг хүүд суутгаад үлдсэн 6,302,281,465 төгрөгийг үндсэн төлбөрт тус тус суутгаж байгаа. Цаана нь 2022 оны 12 сарын 13-ны байдлаар 3,557,000,104 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэл үлдэж байгаа. Үүнээс хойш гэрээний хугацаа 2023 оны 09 сарын 12-ны өдөр дуусаж байгаа. Энэ хугацаа хүртэл бид гэрээнийхээ дагуу анз болоод хүүг тооцоод явж байгаа. Өнөөдрийн нэхэмжлээд байгаа 5 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдож байгаа. Үүнд үндсэн төлбөрийн зөрчлийг 3,5 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийн зөрчил, бусад нь хүү алдангийн асуудал буюу анзын асуудлыг бид нар нэхэмжлээд байгаа юм. Хууль зүйн талаасаа бид нар юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр Иргэний хуулийн 232-д анз авах гэж байгаа бол гэрээн дээрээ талууд тусгасан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Санхүүгийн түрээсийн гэрээний 2.2 дугаар зүйлд анзын буюу алдангийн асуудал зохицуулагдсан, бичгээр байгуулагдсан. Үүний хүрээнд бид нар 2021 оны 06 сараас хойш эргэн төлөлтийн зөрчил үүсгээд байгаа асуудал дээр анзыг тооцоод, 2022 оны 12 сарын 13-ны өдөр хүртэл хариуцагч талаас эргэн төлөлтийг гүйцэтгэсэн ч гэсэн цаана нь анз, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар суутгаад авчихаар 3,5 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэл үлдсэн. Эндээс нь гэрээний хугацаа дуустал хүү, анз тооцоод тухайн нэхэмжлэлийн шаардлага 5 тэрбум төгрөгөөр тодорхойлогдоод явж байгаа асуудал байгаа юм. Хүү тодорхой эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдсаны хүрээнд хүү тооцох хууль зүйн үр дагавар үүсэх ёстой. Энэ санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлд санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийг тодорхойлсон байдаг. 7.1-д санхүүгийн түрээсийн зүйл болоод тухайн түрээсийн зүйлийг түрээслэгч хүлээж авах хүртэлхтэй холбоотой бүхий л зардлыг санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр гээд тооцсон. 7.2-д хүү гээд тусгаад заасан. Энэ асуудлууд нийлээд санхүүгийн түрээсийн гэрээний нийт дүнг буюу түрээслүүлэгчийн шаардах шаардлагын хэм хэмжээг тодорхойлоод байгаа. Үүний хүрээнд бид нар хүү тооцоод байгаа юм. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд дурдаад байгаа үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар хангуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Үүн дээр хариуцагч бид нарын нэхэмжлээд байгаа 5 тэрбум төгрөгийг зохих ёсоор нь төлөөгүй буюу гүйцэтгээгүй тохиолдолд нэмэлтээр барьцаалсан, үл хөдлөх хөрөнгүүд болон тухайн санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох техникүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бид нар өөрчилж гаргасан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан. 175.1 дэх хэсэгт зааснаараа тухайн шаардлагын эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээг тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***, ***иуд 2018 онд санхүүгийн түрээсийн гэрээг байгуулаад нүүрс тээврийн чиргүүлээр уртын тээврийг эхлүүлсэн байгаа. Манай компани 15 жилийн түүхтэй, туршлагатай компани гэдгээрээ сонгон шалгаруулалтад тэнцээд уртын нүүрс тээврийг төслийг эхлүүлсэн. Санхүүгийн түрээсийн гэрээ нь 2018 оны 08 дугаар сард хийгдэж байсан бөгөөд хийгдэж байх үед талууд корона вирусийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан. Хэдийгээр төсөөлөхгүй байсан ч гэсэндээ санхүүгийн түрээсийн гэрээний 9.1-д л давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон тохиолдолд алданги тооцохгүй гэж тохиролцсон байдаг. 2019 оны 12 дугаар сард анх корона Хятад улсад бүртгэгдээд, 2020 оны 01 дүгээр сар гэхэд Монгол Улс хилээ хаах шийдвэрээ гаргаж байсан. Үүнээс хойш корона вирустэй холбоотой Өмнөговь аймгаас удаа дараа олон тооны шийдвэрүүдийг гаргаж байсныг нотлох баримтын шаардлага ханган хүргүүлсэн байгаа. 2021 онд Монгол Улсад корона вирусийн давлагаа тасралтгүй үргэлжилсэн он байсан. Ялангуяа 2021 онд ээлж дараалан манай ажилчид халдвараар халдварлаад хатуу горим дүрэмд бид нар ажиллаж байсан. Санхүүгийн түрээсийн гэрээ нүүрсний экспортын тээвэрлэлтийн төсөлд зориулж уртын тээврийн хэрэгсэл, чиргүүлийг захиалгаар хийлгэж байсан бөгөөд ковидоос болж зогссон байсан уртын тээврийг *** уурхайгаас 2022 оны 05 сарын 25-нд уртын тээврийг албан ёсоор нээж байна гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллээр цацаж, цахим орчинд нээлттэйгээр мэдээлэл өгч байсан. Эндээс харах юм бол корона вирусээс улбаатайгаар ***ийн хагас чиргүүлүүд сул зогсоод, ***ийн хувьд зогсчихлоо гээд зүгээр суугаагүй. Тухайн үед өнөө маргаашгүй тээвэр эхэллээ гэсэн шийдвэр гарахад бид нар олон тооны жолооч нараа хадгалсан хэвээрээ байх хэрэгтэй юм байна. Нийгмийн даатгал, тэдгээрийн сул зогсолтын цалинг хариуцлагатайгаар төлөөд явж байх хэрэгтэй юм байна гэдэг талаас энэ асуудалд хандаж байсан. Бэлэн байдлаа хангаж хичээж ажиллаж байсан. ***ийн хувьд ч гэсэн Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, сумын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг нотлох баримтаар хүргүүлсэн. Энэ талаар дашрамд хэлэхэд *** энэ хүнд үеийн талаар ***д байнга мэдээлэл хүргэж, албан бичиг мэйлээр харилцаа холбоо сайтай байсан. Анхнаасаа ***иас ч гэсэн нэхэмжлэлүүдээ мэйлээр ирүүлээд харилцаа холбоотой байх үедээ компанид үүссэн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг хүлээн зөвшөөрч байсан. Тухайн үед алданги 0 гэж яваад, сүүлд нь гэнэт өмнөх төлбөрүүдийг алдангид суутгасан гэж ярьж байгаа нь иргэний хууль болон бизнесийн шударга ёсны зарчимдаа харшилж байна. Өнөөдөр бид шүүх дээр байгаа шалтгаан нь ***иас ***ийг 2021 онд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн шалтгаанаар энд байж байна гэж ойлгож байгаа. Энэ маргааны гол шалтгаан. Гэтэл Монгол Улс байтугай дэлхий дахинд энэ халдварт өвчинд нөлөөлөөд олон бизнес сул зогсолт хийгээд цомхотгол хийж байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-д нийтэд илэрхий үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн зүйл заалт ч байдаг. Харин ******* өөрсдийн зүгээс үүнийг зөвшөөрөхгүй байна гээд байгаа. “Хаан Шоргоолж” компанийн зүгээс санхүүд нөлөөлсөн үү гэдэг асуудлаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6.2.6-д заагдсаны дагуу Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх хуулиар олгогдсон бүрэн эрхтэй байдаг. Тухайн бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийнхаа дагуу манай компанийн мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд гэрчилгээг олгосон байхад ******* маргаж байгаа нь Монгол улсынхаа хууль тогтоомжийг үл ойшоож байгаа явдал юм уу гэж харж байна. “Хаан Шоргоолж” компанийн хувьд худалдаа аж үйлдвэрийн танхимын гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авсан даруйдаа ***д хүлээлгэн өгсөн байдаг. Гэрчилгээг авахын тулд санхүүгийнхээ баримт мэдээллүүдийг өгч байсан. ******* 2020 оны 12 дугаар сараас татан буугдах гэж байгаа тухай мэдээллийг хүргүүлж байсан. Эндээс асуудал хүндэрч эхэлсэн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр манай компанийн хувьд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орчхоод байдаг, тээвэр сул зогсолттой байгаад байдаг. Нөгөө талаас ********* нь татан буугдах гэж байна гэдэг асуудал яригдаад тодорхойгүй байдлууд удаан үргэлжилсэн. Эдгээр асуудлууд юунаас үүдэлтэй юм бэ гэвэл яах аргагүй ковид-19 гэсэн халдвараас болсон.*********иас 2021 оны 06 дугаар сараас эхлээд манай компанийг төлбөрөө төлөөгүй гээд алданги тооцож эхэлсэн гээд маргаад байгаа нь үндэслэлгүй байна. 2021 оны 03 дугаар сард гэрээг байгуулсан боловч гэрээ байгуулснаас хойш 03 сарын дараа компанийн нөхцөл байдал дээрдэнэ, ковидын нөхцөл байдал дээрдэнэ гэсэн итгэл найдвар, таамагтайгаар гэрээ байгуулсан боловч коронагийн нөхцөл байдал улам дордоод компанийн хувьд 2021 он дуустал давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд бүрэн нэрвэгдсэн. *********иас санхүүгийн түрээсийн гэрээний 2, 3, 6, 10 гээд зүйлүүдийг дурдаж, эш татаж баримталж гэрээгээ хэрэглэж байгаа. Гэхдээ зөвхөн энэ санхүүгийн түрээсийн гэрээний 9.1 дэх заалт буюу давагдашгүй хүчин зүйлийн тухай заасан заалтаа огт хэрэглэхгүй гээд маргаж байгаа, мөн энэ заалтыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй гэсэн тодорхойлолтыг өөрийн компаниас гаргаж байгаа нь иргэний эрх зүй болон гэрээний эрх зүйн суурь зарчмууддаа илт харш байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, *********ийн барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2018 оноос эхлэн нүүрс тээврийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн **************тай 30,261,700 юаньтай тэнцэх хэмжээний 491,823,848 иен буюу 60 симийн дүн бүхий ******** тоот санхүүгийн түрээсийн гэрээ болон бусад дагалдах гэрээг байгуулан хамтын ажиллагааг эхлүүлж удаан хугацаанд хамтран ажиллаж байсан. Тус гэрээг хэрэгжүүлэхэд тухайн үеийн ханшаар 15,991,949,368 төгрөгийн дүн бүхий тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад зардлууд нэмэгдэн, тээврийн үйл ажиллагааг эхлүүлэхэд санхүүгийн түрээсийн санхүүжилтээс гадна********** нь урьдчилгаа 2,368,428,761 төгрөг, мөн гааль, нэмэгдсэн өртгийн албан татварт 2,478,752,152 төгрөг, бусад зардалд 39,183,200 төгрөг, нийт 4,886,364,113 төгрөг буюу 35,8%-ийг өөрийн эх үүсвэрээр төлж тээврийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнээс хойш 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтөөр бид 3,229,792,823 төгрөгийг хугацаандаа төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж байсан. 2020 оноос эхлэн дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд бүрэн автсан цаг үед хамтын ажиллагааны гэрээний үүргийн биелэлтийг хангахыг зорин 2019 оны 12 сарын 13-наас, 2021 оны 03 сарын 11 хүртэлх хуримтлагдсан зээлийн хүү болох 1,016,793,323.49 мөнгийг *********аас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 2021 оны 03 сарын 11-нд төлж барагдуулж тооцоог баталгаажуулсан байдаг. Санхүүгийн түрээсийн гэрээний 2 тал хамтран ярилцаж тохиролцсоны дагуу 2021 оны 03 сарын 22-нд Санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 368,867,885 иен Монгол банкны тухайн үеийн ханшаар хөрвүүлэн тооцож 9,859,838,569.79 төгрөгт шилжүүлэн үндсэн гэрээнд өөрчлөлтийг оруулсан байна. Санхүүгийн түрээсийн гэрээний 2 тал хамтран ярилцаж шийдвэрлэсний дагуу дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын өндөр тархалтын үе буюу Монгол Улсад хүн амын дийлэнх хувь нь өвчилж, хатуу дэглэмтэй, эдийн засгийн хүндрэл, бүх нийт орсон үе буюу 2021 оны 03 сараас 12 сар хүртэлх хугацааны хуримтлагдсан хүүгийн төлбөрт *********** нь 700,318,671 төгрөгийг,” **********аас ирүүлсэн нэхэмжлэх номер 1, 92 тоот нэхэмжлэхийн дагуу 12 сарын 28-нд төлж хуримтлагдсан зээлийн хүү бүрэн төлж, өр төлбөргүй болохыг 2 талаасаа хамтран баталгаажуулсан байдаг. 2022 оноос эхлэн ковид цар тахлын тархалт бага зэргээр буурч, компанийн тээврийн үйл ажиллагаа багахан хэмжээгээр явагдаж, сэргэж эхлэнгүүт нэн тэргүүнд санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ хангахын тулд 2022 оноос 01 сарын 01-нээс, 02 сарын 25 хүртэлх хугацааны зээл, үндсэн санхүүгийн төлбөр буюу зээлийн хүүг *********ээс” ирүүлсэн 1.44 тоот нэхэмжлэхийн дагуу 1,530,243,086.99 мөнгийг төлсөн. Үүнийг тус нэхэмжлэлд дурдсаны дагуу зээлийн үндсэн төлбөр нь 1.403,3985,522.82 мөнгө, хүү нь 126,257,564,17 мөнгөнд тус тус суутган төлбөл төлсөн. Тухайн 1.44 тоот нэхэмжлэхэд үндсэн төлбөр, хүү гэсэн зүйл заалтын дагуу төлсөн учраас алданги тэг дүнтэй байсан. Тухайн төлөлтийг бид нар хийсний дараа манайд үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 8,453,556,920.19 мөнгөний үлдэгдэлтэй байна. Үүний дараа мөн 2 тал хамтран ярилцаж **********нд ирүүлсэн нэхэмжлэлд 1.50 тоотын дагуу түрээсийн төлбөр 1,461,359,283.29 мөнгийг төлсөн. Үүнээс санхүүгийн түрээсийн үндсэн төлбөрт 1,421,986,552.43 төгрөг төлж, хүүгийн төлбөрт 39,372,730.86 мөнгийг төлсөн. Энэ мөнгө тухайн нэхэмжлэхэд алданги тэг гэсэн заалттай байгаа. Тухайн төлбөрийг хийсний дараа бидний үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,031,570,367.76 мөнгөний үлдэгдэлтэй байгаа. Үүнээс хойш “************** бид нар тодорхой хэмжээний орлого орж ирж байна. Гэрээний үүргээ биелүүлэхийн тулд түрээс төлөх нэхэмжлэх ирүүлэхийг утсаар буюу мэйлээр хүссэн боловч бид нарт ирүүлээгүй. Бид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2022 оны 03 сарын 19-нөөс, 04 сарын 22 хүртэлх 34 хоногийн санхүүгийн түрээсийн хүүг тооцоолон 04 сарын 22-нд 3,080,364,437 төгрөгийг төлсөн. Үүний үндсэн төлбөрт нь 3,024,689,811.35 мөнгө, хүүгийн төлбөрт 55,674,625.65 мөнгийг төлсөн байгаа. Тухайн 3 дахь төлөлтийг хийсний дараа үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,680,556.41 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 4 дүгээрт 2022 оны 04 сарын 23-наас, 05 сарын 13-ны хооронд 20 хоногийн хүүг тооцон санхүүгийн гэрээний төлбөрт нийт 05 сарын 13-нд 2 тэрбум төгрөг төлсөн. 20 хоногийн хүүгээ тооцоолоод тухайн мөнгөнөөс үндсэн төлбөрт нь 1,981,337,816.59 мөнгө, хүүгийн төлбөрт 18,662,183.41 мөнгийг төлсөн байгаа. 4 дэх төлөлтийг хийсний дараа гэрээний үндсэн төлбөр 2,025,542,739.82 мөнгөний үлдэгдэлтэй байна. 5 дугаарт 2022 оны 05 сарын 13-наас, 06 сарын 28-ны хооронд 45 хоногийн хүүг тооцон санхүүгийн гэрээний төлбөрт 06 сарын 28 1,500.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 1,478,773,421,97 мөнгө, хүүгийн төлбөрт 21,226,578,03 мөнгийг тус тус төлсөн. 5 дахь төлөлтийг хийсний дараа гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 546,769,317.85 мөнгөний үлдэгдэлтэй байгаа. 2022 оны 06 сарын 29-нөөс, 12 сарын 13-ны хооронд нийт 167 хоногийн хүүг тооцон санхүүгийн түрээсийн үндсэн төлбөрт 570.000.000 төгрөгийг 12 сарын 13-нд төлсөн. Үүнээс үндсэн төлбөрт 548,735,916.53 мөнгө, хүүгийн төлбөрт 21,264,083,47 мөнгийг төлснөөр бид дээрх хугацаанд ******** санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 9,861,805,168,47 мөнгө, гэрээний хүүгийн төлбөрт 980,480,309.92 мөнгийг тус тус төлж гэрээний үүргийн биелэлтээ 100% хангасан гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 итгэмжилсэн төлөөлөгчийн хэлснийг давхцуулахгүйгээр хэлье. Талуудын хооронд 2018 оны 08 сарын 15-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний 9.1 зүйлд давагдашгүй хүчин зүйл болсон тохиолдолд хүү, алданги болон торгуулиас чөлөөлөгдөх үндэслэл болно гэсэн заалттайгаар талууд харилцан тохиролцох тус гэрээг байгуулсан. Давагдашгүй хүчин зүйл гэдэг тухайн гэрээ хэлцэл байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл тухайн нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, түүнийг даван туулах боломжгүй нөхцөл байдал болсон асуудлыг давагдашгүй хүчин зүйл гээд байгаа юм. Энэ нэр томьёог ихэнх улс орнууд гэрээний заалт болгон хэрэглэдэг юм байна лээ. Талуудын хүсэл зоригоос үл хамааран гэрээний үүргийг биелүүлэх, даван туулах боломжгүй үйл явдлыг давагдашгүй хүчин зүйл гэж нэрлээд байгаа. Давагдашгүй хүчин зүйлийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйл, 221.2 дахь хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдал, эсвэл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж хэлдэг. Иргэний хуулийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. Тухайн заалтыг 221-ээс бататгаж өгсөн иргэний хуулиар зохицуулсан заалт байдаг юм. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 6.5 дахь заалт буюу санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр, үндсэн төлбөр гэсэн заалтын дагуу алдангиас суутгаж авсан гэсэн заалтыг голчлон яриад байгаа. Гэрээнийхээ 6.5-ыг ярьж байгаа бол гэрээний 9.1-ийг ярих нь зүйтэй юм болов уу. Тэгж байж талуудын хүсэл зориг, аливаа тал эрх ашгаа хамгаалсан байх юм болов уу гэж бодож байна. 6.5 дугаар зүйл заалт нь хуульд нийцсэн тийм заалт мөн үү гэхээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэх дарааллын талаар тодорхой зааж өгсөн байна. Үүргийн гүйцэтгэлийн төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид үндсэн зардлыг, дараа нь үндсэн хөрөнгө, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн заалт байдаг. Энэ хуулийн зохицуулалтаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэхээр заасан байна. Хуулийн гол агуулга өрийн хэмжээ багасвал үүргийн хэмжээ мөн дагаад багасна гэсэн логик харагдаад байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.5 дахь заалт нь иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дарааллыг тодорхой зааж өгсөн байдлаас илтэд гуйвуулсан, үүрэг гүйцэтгэгчийн эрх ашгийг ноцтой зөрчөөд байгаа заалт юм болов уу гэж харж болохоор байна. ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль 2020 оны 04 сарын 29-нөөс хэрэгжиж эхэлснээр 2022 оны 12 сарын 30-ыг хүртэл тус хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсныг харвал Монгол Улсад ковид цар тахал 2022 оныг дуустал үргэлжилсэн гэдгийг тухай хуулиас харагдаж байна. Үүнийг бид нотлоод давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг албан ёсны хуульд заасан дүрэм журмын дагуу авч хэрэгт нотлох баримтаар хүргэгдсэн байгаа. Хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн шаардлага болон үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, санхүүгийн гэрээнд барьцаалагдсан эд зүйлсийг чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

 

Гуравдагч этгээд ********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** нь ********* газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. 2020 оноос, 2023 оны хооронд газар тариалангаа хөгжүүлэх, үр ашигтай ажиллахын тулд төсөл хэрэгжүүлэх зорилгоор *********ийн газруудыг чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг *********** удаа дараа **********д өгсөн байдаг. *********** нь хуулийнхаа хүрээнд үүргээ биелүүлсэн ч *********ийн газрууд чөлөөлөгдөхгүй байсаар өдий хүрсэн нь бидний ажилд сөргөөр нөлөөлж байгаа. *******ийн зүгээс *********иас гаргаж байгаа тайлбаруудыг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, **********ийн газруудыг чөлөөлж өгнө үү гэдэг санал оруулж байна” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            1. *********, ********тай ********* дугаартай “ Санхүүгийн түрээсийн гэрээ”, ********* дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” ************ дугаартай “ ********** дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ”-г тус тус байгуулсан байна.  

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ түрээслэгч удаа дараа биелүүлээгүй учраас төлбөрийн зөрчил үүсгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

   3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ************ дугаартай “ Санхүүгийн түрээсийн гэрээ”, 2019 оны ************ дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” ************дугаартай “ ******** дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн буюу санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 9,861,805,168,47 мөнгө, гэрээний хүүгийн төлбөрт 980,480,309.92 төгрөг, нийт 10,842,285,478.03 төгрөгийг төлж гэрээний үүргийн биелэлтээ 100% хангасан учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

4. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

            5. ***********, *********ийн ***********дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”, ************ дугаартай ************** оруулах тухай гэрээ, ************* дугаартай **********дугаартай ************* тухай гэрээг талууд байгуулжээ. / 1-р хх-ийн 11-20-р хуудас/

            5.1. Энэхүү гэрээний  гол нөхцлөөр түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгаар түрээсийн зүйлийн шилжүүлэн авч, гэрээнд заасан нөхцлөөр түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх, түрээсийн төлбөрийн үүрэг бүрэн хангагдсан нөхцөлд түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд бүрэн  шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

          5.2. Талууд *********** дугаартай өөрчлөлт оруулах гэрээгээр үндсэн гэрээний 2.1 дэх хэсгийг “ Санхүүгийн түрээсийн хэмжээ нийт: 491,823,848. 64/ Дөврөн зуун ерэн нэгэн сая найман зуун хорин гурван мянга найман зуун дөчин найман иен арван дөрвөн сэн/ иен ба санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөр 368,867,885.14/ гурван зуун жаран найман  сая найман зуун жаран долоон мянга найман зуун наян таван иен арван дөрвөн сэн/ иен буюу 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны ханшаар хөрвүүлж тооцсон 9,859,838,596.79/ есөн тэрбум найман зуун тавин есөн сая найман зуун гучин найман мянга таван зуун ерэн зургаан төгрөг далан есөн мөнгө/ төгрөг болон түүнээс тооцсон хүүгийн төлбөрийн хамт  төлөхөөр тохиролцжээ. /1-р хх-ийн 18-20-р хуудас/

            5.3. Зохигчид ************ дугаартай *********** байршилтай 25 үр тарианы зориулалттай газрыг ********** дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Газар эзэмших эрх барьцаалах гэрээг байгуулжээ. /1-р хх-ийн 40-43-р хуудас/

            5.4. Нэхэмжлэгч талаас хариуцагч талд ********* дугаартай  санхүүгийн түрээсийн  гэрээний эргэн төлөлтийг хугацаанд нь төлж байх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн байна. /1-р хх-ийн 50-58-р хуудас/

            5.5. Хариуцагч *********-аас нэхэмжлэгч “************д ***** дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар буюу “Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж тохиролцсоны дагуу COVID-19 гэх халдварт өвчний улмаас хил хаагдсан, бизнесийн үйл ажиллагаа түр зогссон гэх шалтааны улмаас СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний хугацааг тодорхой хугацаанд зогсоох, хойшлуулах тухай хүсэлтүүдийг хүргүүлсэн байна. /1-р хх-ийн 60-66-р хуудас, 3-р хх-ийн 6-30-р хуудас/

            6. Талуудын хооронд байгуулагдсан  ********* дугаартай ********* дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” ********* дугаартай “ *****дугаартай ****** гэрээ”-***** дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний харилцааны тухайд:

            а.  ********нь 2021 оны 06 сарын 12-ны өдрөөс эхлэн санхүүгийн түрээсийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх хуваарьтай байсан ч COVID цар тахлын улмаас  2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 10,842,285,472 төгрөгийн төлөлт хийж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэсэн тайлбарыг гаргасан.  

            б. Нэхэмжлэгч  Санхүүгийн түрээсийн гэрээний 6.5-д заасны дагуу *******аас гүйцэтгэсэн дээрх төлөлтүүдийг алданги, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар тооцон суутгасан. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрийн зөрчил 1,585,589,390.91 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 86,161,109.06 төгрөг, хуримтдлагдсан алдангий 385,743,666.61 төгрөг, нийт зөрчлийн дүн 2,057,494,166.58 төгрөг, санхүүгийн түрээсийн гэрээний нийт үлдэгдэл 4,029,461,879.94 төгрөг байна гэжээ./1-р хх-ийн 56-р хуудас/

            в. Хариуцагчаас  “…бид Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн  биелэлтийг ханган ажиллахын тулд 2022 оны 02 сарын 23-ны нэхэмжлэх №1-44 тоотын дагуу 2022 оны 25-нд түрээсийн төлбөр 1,408,548,367.11 төгрөг, зээлийн хүү 52,810,916.18 төгрөг нийт 1,530,243,086.99 төгрөг, 2022 оны 03 сарын 18-ны нэхэмжлэх №1-50 тоотын дагуу санхүүгийн түрээсийн төлбөр 1,408,548,367.11 төгрөг, хүүгийн төлбөр 52,810,916.18 төгрөг, нийт 1,461,359,283.29 төлсөн. Үүнээс хойш “******аас зээл төлөх нэхэмжлэх ирүүлэхийг утсаар, и-мэйлээр хүссэн боловч ирүүлээгүй. Гэхдээ бид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2022 оны 04-р сарын 22-ны өдөр 3,080,364,437 төгрөг, 06-р сард 1,500,000,000 төгрөг, 12-р сард 570,000,000 төгрөг тус тус төлсөн талаар мэдэгдэж байжээ. /1-р хх-ийн 62-66-р хуудас/

            6.1.********аас *********** дугаартай албан бичгээр *********ийг татан буулгах хороонд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийдвэр гарсантай холбогдуулан хамтын ажиллагааг хэвээр үргэлжлүүлэх тухай хүсэлтээ мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *********  татан буугдсан,  үйл ажиллагааг өөр байгууллагад шилжүүлэх тухай  үйл баримт тогтоогджээ. / 1-р хх-ийн 114-115, 3-р хх-ийн 16-17-р хуудас/

            6.2. *********аас ********** дугаартай албан бичгээр “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд” 2020 оны 01 дүгээр сард Хятад улсад гарсан Ковид-19 халдварт өвчний улмаас хорих цээр тогтоох тухай Засгийн газар, Улсын Онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй, байгууллагын бизнесийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учраад байгаа тул давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлж, “Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгох хүсэлт гаргасан байна. Дээрх хүсэлтийн дагуу *********** тоот дугаартай “ Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ”-г  олгожээ. / 1-хх-ийн 128-130-р хуудас,3-р хх-ийн 3-5-рхуудас/

6.3.  Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хариуцагч ************ийн үйл ажиллагаа явуулдаг *************** бүсэд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2022 оны 02 сар хүртэл хязгаарлалт тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх  тухай *************Засаг даргын захирамжууд гарчээ. /3-р хх-ийн 31-167-р хуудас/

6.4. ********* нь 2021 оны 12 сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны хүртэл гэрээний үүргийн биелэлтэд нийт 10,842,285,472 төлсөн талаар зохигч хэн аль нь маргаагүй болно.

6.5.  Нэхэмжлэгч  “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 6.5 заасны дагуу алданги, хүү, үндсэн төлбөр гэж суутгасан. Үүнд:

- 2021 оны  12 дугаар сарын 28-ны өдрийн 700,318,674.46 төгрөгийг бүхэлд алдангид,

- 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1,530,243,086.99 төгрөгийг төлөлтөөс 1,478,975,785.47 төгрөгийг алдангид, 51,267,301.52 төгрөгийг хүүнд,  

- 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1,461,359,283.29 төгрөгийн төлөлтөөс 340,164,430.66 төгрөгийг алдангид, 823,557,005.55 төгрөгийг хүүнд, 297,637,847.08 төгрөгийг үндсэн төлбөрөөс,

- 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3,080,364,437.00 төгрөгийн төлөлтөөс 638,102,076.65 төгрөгийг алдангид, 77,938,485.34 төгрөгийг хүүнд, 2,364,323,875.01 төгрөгийг үндсэн төлбөрөөс,

- 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1,500,000,000 төгрөгийн төлөлтөөс 35,021,230.22 төгрөгийг алдангид, 57,500,402.02 төгрөгийг хүүнд, 1,407,478,366.96 үндсэн төлбөрөөс,

- 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 570,000,000 төгрөгийн төлөлтөөс 12,414,518.45 төгрөгийг алдангид 154,936,290.15 төгрөгийг хүүнд, 402,649,191.40 төгрөгийг үндсэн төлбөрөөс суутгаж тооцсон. Дээрх дарааллаар тооцоход 2023 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 1,585,589,390.91 төгрөг, хуримдлагдсан хүүгийн төлбөр 86,161,109.06 төгрөг, хуримтлагдсан алданги 385,743,666.61 төгрөг буюу нийт зөрчлийн дүн 2,057,494,166.58 төгрөг, санхүүгийн түрээсийн нийт үлдэгдэл 4,029,461,879.94 төгрөг  байна гэж 2023 оны 03 сарын 28-ны өдрийн -03/74/23 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгджээ. /1-р хх-ийн 55-57-р хуудас/

7. Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 9.1 дүгээр зүйлд “ Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл/ тухайлбал: газар хөдлөлт, үер, мөндөр, аянга, гал түймэр, бусад аюулт үзэгдэл, төрийн шийдвэр, оролцоо, дайны байдал үүссэн гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас/ алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно” гэсэн заалтад заасан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас ********** дугаартай “Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн Гэрчилгээ”, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, талуудыг хооронд байгуулсан СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 9.1-д зааснын баримтлан  **********ийн гэрээний үүргийн биелэлтэд төлсөн төлбөрөөс 2021 оны  12 дугаар сарын 28-ны өдрийн 700,318,674.46 төгрөгийн алданги,  2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1,530,243,086.99 төгрөгийг төлөлтөөс 1,478,975,785.47 төгрөгийн алданги,   2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1,461,359,283.29 төгрөгийн төлөлтөөс 340,164,430.66 төгрөгийн алданги, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3,080,364,437.00 төгрөгийн төлөлтөөс 638,102,076.65 төгрөгийг алданги, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1,500,000,000 төгрөгийн төлөлтөөс 35,021,230.22 төгрөгийг алданги, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 570,000,000 төгрөгийн төлөлтөөс 12,414,518.45 төгрөг, нийт 3,193,055,613.67 төгрөгийг алдангид  тооцон суутгасныг гэрээний үндсэн төлбөрт оруулан тооцох үйл баримт тогтоогдож байна  гэж дүгнэв.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдал, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн өөрсдийн эрх ашгийн хүрээнд буюу хариуцагч *********аас гаргасан гэрээнд өөрчлөлт оруулах, алдангийг чөлөөлүүлэх, үндсэн төлбөр хүүг хойшлуулах хүсэлтийг удаа хүргүүлж байсан боловч шийдвэрлээгүй үйл баримт тогтоогдож байна. Мөн  Иргэний хуулийн 32 дугаар зүйлд  заасан үндэслэлээр буюу 2020 оны 02 дугаар сард ********** нь татан буугдсан. 2021 оны 11-р сараас эхлэн 2022 оны 08 дугаар сар хүртэл удаа дараа хүсэлт хүргүүлсэн байхад шийдвэрлээгүй байна. Харин ***********хэдий давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний биелэлт хангагдсан,  байна гэж дүгнэв.

Иймд **********ийн ********** дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алдангид 4.397.231.485,45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631.690.015,81 төгрөг нийт 5.028.921.501,26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,302,557.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасныг баримтлан ***********ийн нэхэмжлэлтэй ***********д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4.937.231.485,45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631.690.015.81 төгрөг, нийт 5,028,921,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,302,557.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

        4. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    ***