Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбасүрэнгийн Мөнхзул |
Хэргийн индекс | 113/2015/0008/З |
Дугаар | 113/ШШ2016/0006 |
Огноо | 2016-08-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 113/ШШ2016/0006
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: Л.У
Хариуцагч: ГСА-ийн АЗД
Гуравдагч этгээд: Г.С
Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.У нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, гуравдагч этгээд Г.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2 дахь удаагаа үндэслэлгүйгээр халагдаад байна. Аймгийн Засаг дарга Л.О нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчин хуульд нийцээгүй захирамжаар нийтлэг бүрэн эрхээ эдэлсэн. Би бээр өмнө нь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар ажлаасаа халагдаж хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тул шат шатны шүүхэд гомдол гаргаснаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг хугацаанд буюу маргаан хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажлын байрны сонгон шалгаруулалт явуулж будлиан үүсгэсэн болохыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 1549 дүгээр албан бичгээс харж болно. Тэгэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заалтаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх санаархал нь үндэслэл болохгүй нь нотлогдож байна. Би 2005 онд аймгийн Боловсрол, соёлын газрын даргын сонгон шалгаруултад тэнцэж 5 жил ажилласан ба аймгийн ХГБХХ-ийн даргаар томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн дагуу шилжүүлэн томилогдсон. Ажлаасаа халагдсан даруйдаа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Н-тай уулзаж аймгийн Засаг дарга Л.О нь намайг ажлаас халах тухай дахин зөвшилцсөн эсэхийг лавлахад: “Утсаар ярьсан. Би хэлэхдээ: “Та нар томилохдоо зөвшилцдөггүй мөртөө халах болохоор зөвшилцөх тухай асуудлыг хөнддөг. Би оролцохгүй, Та өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэ” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр үүнийг зөвшилцсөн гэж үзэхгүй тул Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг зөрчсөн. Намайг ажилтнаа дарамтлах, бусадтай бүдүүлэг харьцах нэрээр ёс зүйн зөрчил гаргасан гэж үздэг. Үүнтэй холбоотой аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэдэх "Ёс зүйн хороо”-ны дүгнэлт гэгчийг гаргасан гэх бөгөөд өнөөг хүртэл миний гар дээр ирүүлээгүй. Дүгнэлтийг гаргахаар ажлын хэсэг ажилласан байдаг ч надтай нэг ч удаа уулзаж нөхцөл байдлыг судлаагүй байдаг. Энэ дүгнэлтийг нь үзэхээр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Д-ээс хүсэхэд нууц гээд өгдөггүй. Хэнтэй холбоотой асуудлыг хэнээс нуугаад байгаа нь ойлгомжгүй. Угтаа бол улс төрийн захиалгаар ажиллаад байгаа мэт. Тэгэхээр би өөрийгөө төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг алдагдуулаагүй гэж үзэх тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт зөрчигдөөгүй. Надтай холбоотой 3 хоногийн томилолтын зардал болох 106,500 төгрөгийн асуудлыг хувь хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрч төрийг хохиролгүй болгосон. Гэхдээ намайг ийм алхамыг хийхэд хүргэсэн этгээд нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дотоод ажил, мониторинг хариуцсан мэргэжилтэн Э.С өөрөө болно. Энэ асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба, Цагдаагийн хэлтэс шалгаад ашиглан шамшигдуулсан гэж үзээгүйгээс надтай хариуцлага тооцоогүй болно. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах атал шууд төрийн албанаас халах зүйл, заалтыг хэрэглэсэн нь төрийн албан хаагчийг хавчин гадуурхах, ялгаварлан үзэх үзэлд автсантай шууд холбоотой. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэхь заалтаар “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд нэг сарын хугацаа гэдгийг “эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно” гэснийг харгалзан үзээгүй. Дээрх үйлдлүүд нь сахилгын шийтгэл ногдуулах хэм хэмжээнд хүрээгүй, ноцтой зөрчил, дутагдалд тооцогдохгүй тул аймгийн Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1, 5.3.2, 5.3.4, 5.3.5 дугаар заалтуудад дурдагдсан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр мөрдөн ажилласан ба энэ тухай миний удирдлага доор ажиладаг ажилтнууд тодорхойлдог тул эдгээр заалтуудыг буруу хэрэглэсэн зэрэг нь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамж үндэслэлгүй болохыг нотолж байна. Дээрх хууль бус захирамжийн улмаас миний төрийн албанд ажиллах эрх зөрчигдөж, намайг төрийн албанд ажиллах боломжгүй хүн мэтээр олон нийтэд удаа дараа буруу ойлгоц төрүүлж, нэр хүндийг ил далд хэлбэрээр гутаан доромжилж буй ба үүнээс үүдэлтэй миний бие сэтгэл санааны хямралд орж биеийн хүчний эсэргүүцэл суларч бие өвдөх, гудамж талбайд тайван амгалан зорчихоос ичих зэрэг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөд байна. Мөн өмнөх болон одоогийн үйлдлүүдээс улбаатай санхүүгийн тогтвортой байдал алдагдаж, хууль ёсны ашиг сонирхол удаа дараа зөрчигдөөд байгааг харгалзан үзнэ үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамж нь хэрэглэвэл зохих хууль зүйн үндэслэлийг хэрэглэсэн шийдвэр юм. Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны албан хаагчид байж болохгүй ёс зүйгүй үйлдлийг гаргаж, байгууллагынхаа ажилтан албан хаагчдаа дарамталж, бүдүүлэг харьцан бусад албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зэргээр алдаа гаргасан үйлдэлд хариуцлага тооцож гаргасан шийдвэр юм. Л.У-ийг үүрэгт ажлаас халахдаа аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэдэх ёс зүйн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсгийн болон ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцсэн тухай" 49 дүгээр тогтоолыг хүлээн авч танилцаад зохих дүгнэлт хийсний үндсэн дээр Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөн тус шийдвэрийг гаргасан болно. Иймд хариуцагч Л.У-ийн эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн авах боломжгүй, эвлэрэн хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байх тул Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Г.С шүүхэд гаргасан тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын З дугаар багийн Хонхор хотхоны 15 дугаар байрны 54 тоотод амьдран суугч Сахалт овогт Г.С миний бие аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын сул орон тоонд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шалгалт өгч тэнцэн нөөцөд орсон байсан. Гэтэл тухайн аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Л.У халагдсаны улмаас аймгийн Төрийн албаны салбар зөвлөл Удирдах ажилтны нөөцөөс нэр дэвшүүлэх журмын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 55 дугаар тогтоолоор миний нэр дэвшигдэж аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/76 дугаар захирамжаар тухайн албан тушаалд хуулийн дагуу томилогдон ажиллаж байна. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын халагдсан, томилогдсон тухай асуудал яригдаж байгаа үед миний эрх ашиг хөндөгдөнө. Гуравдагч этгээдийн хувьд Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлагдсан сул орон тоонд төрийн албаны удирдах ажилтны шалгалт өгч тэнцэн хуулийн дагуу тухайн албанд томилогдсон. Миний бие Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын хувьд манай хэлтсийн дотоод журам, аймгийн Аудитын газрын 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 135 дугаар албан бичгийг нотлох баримтаар өгч байна. Миний бие шүүх хуралд өөрийн биеэр оролцох болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Л.У Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан «тус аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Л.У-ийг төрийн албанаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэсийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах мөн Нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх» тухай нэхэмжлэл гаргаж, 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 41 дүгээр тогтоолыг үндэслэн Л.Уранчимэгийг “...2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар эгүүлэн томилсон” байна.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.У-ийг “ажилтнаа дарамтлах, бусадтай бүдүүлэг харьцах, бусдын нэр дээр албан томилолтын зардал гаргаж зориулалтын бусаар зарцуулан бусад албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зэргээр төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халжээ.
2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/1053 дугаар албан бичгээр Хүүхдийн төлөө үндэсний газарт Л.У-ийг цаашид тус хэлтсийн даргаар ажиллуулах боломжгүй байгааг тус аймгийн Засаг дарга уламжилсан байх бөгөөд уг албан бичгийн дагуу Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Н нь Засаг даргатай утсаар ярьж “...би оролцохгүй, Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэ” гэсэнтэй хэргийн оролцогч талууд маргаагүй байх тул тухайн үед мөрдөгдөж байсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Аймаг, нийслэл, Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.С нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан гомдол гаргасныг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэл хяналтын картын 1-45 дугаарт 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бүртгэн авч, холбогдох газруудад хандан шалгуулж тогтоолгуулахаар тус газрын Хууль зүйн хэлтсийн дарга П.Н-д шилжүүлсэн[1] нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Дээрх гомдлын дагуу 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба шалгалт хийсэн тухай илтгэх хуудас[2]-т Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Л.У-ийн гаргуулсан Э.С-ийн нэр дээрхи томлолтын 106500 төгрөгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Л.У нь уг үйлдэлээ өөрөө хүлээн зөвшөөрч холбогдох тайлбар мэдүүлгүүдийг[3] өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “Албаны бус зорилгод төрийн байгууллагын ....санхүүгийн эх үүсвэр, ...ашиглан завших” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон заалтыг зөрчжээ.
Мөн тус гомдлыг дагуу Говьсүмбэр аймгийн Ёс зүйн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Говьсүмбэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны 02 дугаар дүгнэлтээр Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1, 5.3.2, 5.3.4, 5.3.5 дахь заалтуудыг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг зөрчсөн гэж үзэж тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулах тухай саналыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Л.У-ийг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзсэн ажлын хэсгийн болон ёс зүйн хорооны дүгнэлтүүдийг үндэслэлтэй” гэж үзсэн байна.
Эдгээр дээр дурдсан дүгнэлт, тогтоол болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Л.У, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлсийн мэргэжилтэн Э.С нарын хооронд болсон ярианы аудио бичлэг зэргээс үзвэл Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.С-ийн Говьсүмбэр аймгийн Засаг даргад гаргасан гомдлын дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/303 дугаар тогтоолоор Л.У-т эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Учир нь тус хэлтсийн дарга Л.У нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэргэжилтэн Э.С-ийн нэр дээр Улаанбаатар хотод томилолтоор 3 хоног ажилласан тухай хуурамч баримт бүрдүүлж 106500 төгрөг гаргаж авсан болох нь Э.С, Л.У, Д.О нарын өгсөн тайлбар, тус аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт хийсэн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байх боловч энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэжээ.
Төрийн захиргааны албан хаагчид түүнийг томилсон албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг баримталдаг бөгөөд уг журмын Хоёрын 5-ын а-д “зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан шалтгаан болон зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах” гэсэн нөхцөл заасан заалтыг хариуцагч анхаарч үзсэн байна.
Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26 дугаар зүйлийн 26.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1, 5.3.2, 5.3.4, 5.3.5 дахь заалтыг баримтлан ажлаас халсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Л.У-ийн гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Л.У-ийг төрийн албанаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэсийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах мөн Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У-ийн гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Л.У-ийг төрийн албанаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэсийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах мөн Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ
[1] Хавтаст хэргийн 91 дүгээр тал
[2] Хавтаст хэргийн 13 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 2, 109 дугаар тал