Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 535

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй                                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/00267 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.А-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18 835 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, хариуцагч Р.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.А-тай 2016 онд танилцаж 3 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа Драгон дээр лангуу түрээслэж ор хөнжлийн даавуу зардаг байсан. Намайг ажлаар хөдөө яваад ирсэн хойгуур өөр хүнтэй болж бид салах болсон. 2019 оны 10 сарын 18-ны өдөр 3.400.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж мөнгө өгнө гэсэн боловч хугацаандаа өгөхгүй, мөнгөө нэхэхээр 2 удаа цагдаад зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр өгөх зэрэг байдлаар байнга намайг дарамталж сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна. Мөн мөнгөө нэхэхэд нөгөө залуутайгаа хамт ирж цагдаа шүүхээрээ яваад мөнгөө ав гэж хэлдэг болсон. Энэ хүнтэй ойлголцоход маш бэрх байна. Р.А- нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээнээсээ татгалзаж байна. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 3.400.000 төгрөгийг Р.А-гаас гаргуулж өгнө үү. Лангуун дээр бараа эргэлтийн мөнгө Солонгос явна 5.000.000 төгрөгийг банкинд байршуулах хэрэгтэй байна гээд хүмүүсээс болон ломбард, ББСБ зэргээс мөнгө зээлүүлдэг байсан. Намайг баахан өрөнд оруулаад зээлээ төлөхгүй машин байрыг маань барьцаанд тавиулаад алга болсон. Р.А-д ХААН банкны 5752094533 дугаартай данснаас Р.А-гийн ХААН банкны 5057091225 дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн байдал: 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 40.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 10.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 35.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 20.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 400.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 925.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 40.000 төгрөг, нийт 2.070.000 төгрөг. Барааны эргэлтийн мөнгө хэрэгтэй гэж Б.Наранцэцэгээс 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 9.800.000 төгрөгийг 2 удаа тэтгэврийн зээлийг нь авахуулж зээлсэн. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр найз н.Алтаншагайгийн ээж Шуурайгаас 1.500.000 төгрөг зээлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Төв хөгжил” ХХК-аас 10.000.000 төгрөг зээлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 10-нд “Авто прайм” ХХК-аас 3.500.000 төгрөгийг зээлж 10.000.000 төгрөгийн хүүнд өгсөн. “Начин заан” ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийн эргэн төлөлт хийх гээд монетон гинжээ 1.100.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр монетон бугуйвч 800.000 төгрөгт, Сайн ломбарданд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр монетон бөгж тавиад 600.000 төгрөг авахуулсан. Р.А- нь дансаар болон хүмүүс байгууллагаас 30.870.000 төгрөгийг авсан. Бид 2 энэ авсан мөнгөө хуваахад 15.435.000 төгрөг 1 хүнд ноогдож байна. Р.А-гийн зээлсэн болон дансаар авсан 15.435.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийт 18.835.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2019 оны 10 дугаар 18-ны өдөр 3.400.000 төгрөгийг өгнө гэх бичгийг нотариатаар орж баталгаажуулсан. Р.А- надад энэ мөнгийг өгнө гэж хэлсэн. Р.А-гийн дансны хуулгыг харахад болно. Р.А-гийн 2017, 2018, 2019 онуудын дансны хуулга яаж өссөн байна. Р.А- дахиад өөр нэг данс гаргаж ирсэн. Тэр нь бас байгаа. Үлдэгдэл нь 5 сая гаран төгрөг байгаа. Үнэхээр энэ хүн мэдэхгүй байгаа бол надтай амьдарснаас хойш дансны мөнгө нь яагаад ингэж өссөн юм. Дансны хуулгыг нь аваад ирсэн. 2016 онд 6.800.000 төгрөг, 2017 онд 17.605.000 төгрөг, 2018 онд 20.293.000, 2019 онд дансны орлого нь буугаад 4.000.000 төгрөг болсон. 5057510271 данс лангуу ажиллуулахад нээсэн данс. Энэ дансанд 28.913.000 төгрөгийн гүйлгээ орсон. Энэ бүх мөнгийг аваагүй гээд байгаа хүний дансны орлого өссөн байгаа нь нотолгоо болж байна. Ээжээр тэтгэврийн зээлийг нь авахуулсан. Р.А-д 9.800.000 төгрөгөөс 4.980.000 төгрөгийг 5057510271 тоот дансаар шилжүүлсэн гэжээ.

Хариуцагч Р.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би Б.Б-той 2016 оноос өмнө танилцаж, улмаар 1 жил гаруй хугацаанд хамт амьдарсан. Б.Б- нь намайг байнга дарамталж, айлган сүрдүүлж, хамт амьдрах боломжгүй байдаг учир 2018 оноос хойш тусдаа амьдарсан. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хийсэн 3.400.000 төгрөг өгнө гэсэн бичгийг Б.Б- намайг дарамталж байгаад хийсэн. Би яагаад чамд мөнгө өгөх ёстой юм бэ гэсэн чинь байран дээр хамтран зээлдэгчээр орсон биз дээ гээд хийсэн гэрээ байгаа юм. Би Б.Наранцэцэгээс мөнгө зээлж авч байсан удаагүй. Би өөрөө хувийн лангуу ажиллуулж орлого олдог хүнээс мөнгө зээлэх шаардлага байдаггүй байсан. Дансаар орсон 2.070.000 төгрөгийг Б.Б- надаас зээлж байсан. Би тухайн үед бэлнээр өгч байсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баяр тэмдэглэж байхад Б.Б- над руу 2 удаа мессеж бичсэн. Би чамаас мөнгө зээлнэ гэсэн. Чи данс руу хийчихдээ гэж хэлсэн. 2 хоногийн дараа эргүүлж хийхдээ бас зээл гээд байгаа юм. 9.800.000 төгрөг гээд байгаа нь би Солонгос улс явах гээд Элчингийн дансанд 5.000.000 төгрөг байршуулсан байж байгаад бүтэхгүй болохоор нь эргүүлээд Б.Б-ын данс руу 4.400.000 төгрөгийг нь хийгээд үлдсэн 600.000 төгрөгийг нь миний дүү түр зээлсэн байсан. Миний дүү зээлсэн 600.000 төгрөгөө Б.Б-ын данс руу эргүүлээд хийсэн. Шуурай гэх хүнээс зээлсэн 5.000.000 төгрөгийг би мэдэхгүй. Миний орлого Б.Б-ын барааны мөнгийг тусад нь байлгах гэж өөр данс нээсэн. Бид хоёрын тооцоо 1 жил гаран тусдаа байсан. Миний данс руу миний охины аав нь хүүхдийн тэтгэлэг хийдэг байсан. 5057091225 гэх данс руу миний ээж, аав, ах, дүү, хамаатан садан, охины аав эмээ нар ганц хүүхэд нь болохоор мөнгө төгрөг хийдэг байсан данс. Тэрийг би барааны мөнгөтэй хольдоггүй байсан. Энэ данс руу надтай хамааралтай хүмүүс мөнгө хийдэг байсан. 5057510271 данс бол Б.Б-той хамт бараа нийлүүлж суухдаа нээсэн данс. Тэрийг жилийн үлдэгдлээр нь дүгнээд надаас орсон мэтээр ярьж болохгүй. Б.Б-ын нэхээд байгаа мөнгө бол Б.Б- надаас авсан мөнгөө зээлсэн гээд байгаа юм. Түүнтэй нь адилхан миний данснаас 7 сая гаран төгрөг Б.Б-ын данс руу орсон байдаг. 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 50.000 төгрөг орсон. Б.Б- уурхайд ажиллаж байгаад хөлөө гэмтээгээд би зээлийг нь төлж байсан 2018 онд Б.Б- нь Төв хөгжил ББСБ-аас 10.000.000 төгрөг зээл авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж өгч туслаач гэж гуйсан учир хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би 10.000.000 төгрөгөөс нэг төгрөг ч аваагүй. Бусад 3.500.000 төгрөг, ломбарданд эд зүйл тавьж  авсан зээл зэргийг би мэдэхгүй, энэ мөнгөнөөс би аваагүй болно. Энэ үед бид тусдаа амьдарч байсан учир би мэдэхгүй хариуцах боломжгүй. гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.А-гаас 5.565.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.271.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304.475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 103.990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-од олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Р.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    Нэхэмжлэгчийи зүгээс Б.Наранцэцэгээс 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 9.800.000 төгрөгийг 2 удаа тэтгэвэрийн зээлийг нь авахуулж, зээлсэн гэдэг. Хүү Б.Б- нь дээрхи Б.Наранцэцэгийг төлөөлж мөнгийг нэхэмжлэх эрхгүй учир Б.Б- авах ёстой гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Би Б.Б-ын ээжээс зээлсэн 5.000.000 төгрөгийг бүрэн төлсөн.    Мөн нэхэмжлэгч Б.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад энэ 4.980.000 төгрөгийг агуулга байдаггүй ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, талуудын гаргасан шаардлагын хэмжээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Р.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15.435.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Р.А- нар нь 2016-2018 онд хамтран амьдарч байсан, Драгон худалдааны төвд лангуу түрээслэн бараа зарж байсан, өөр хоорондоо ХААН банкан дах харилцах дансаар барааны эргэлтийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан, банк бус санхүүгийн байгууллагаас хамтран зээл авч байсан зэрэг үйл баримт зохигчдын тайлбар, тэдний банкин дахь харилцах дансны хуулгууд, тэмдэглэлийн дэвтэр, “Төв хөгжил” ББСБ-тай  байгуулсан зээлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдож байна. /хх-ийн 18-23,38,39, 69-80,89-130,152-199/

 

Мөн зохигчдын хооронд хийгдсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр 3.400.000 төгрөгийг 17 сарын хугацаатай, хүүгүй, зээлдэгч нь сар бүрийн 25-ны өдөр 200.000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Б-ын ХААН банкны 5752094533 тоот дансанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх талаар тохиролцжээ. /хх-ийн 4/

 

Гэвч дээрх зээлийн гэрээний дагуу  Б.Б- нь Р.А-д гэрээнд заасны дагуу 3.400.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгөөгүй боловч зохигчид “Төв хөгжил” ББСБ-тай  2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд  хамтран зээлдэгчээр оролцсон, уг гэрээний хугацаа дуусаагүй байгаатай холбоотойгоор зээлийн үлдэгдэл төлбөрөөс хариуцагчид ногдох  3.400.000 төгрөгийг сар бүр 200.000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна./хх 4/

“Төв хөгжил” ББСБ-тай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2019 оны 8  сарын байдлаар 6.822.350 төгрөг байсан  бөгөөд уг гэрээтэй холбоотойгоор 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 38-39/

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.12 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй байдаг.

 

 Б.Б-, Р.А- нар нь зээлийн гэрээ байгуулах замаар нөгөө хамтран  үүрэг гүйцэтгэгчийн үүргийг тодорхой болгосон байхад шүүх ач холбогдол бүхий дээрх баримтуудыг  буруу үнэлж, 3.400.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгөөгүй байдлыг нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь буруу  байна.

Иймд хариуцагч Р.А-гаас 3.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-од олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 242 дугаар зүйлийн 242.1, 242.12 дах хэсэгт тус тус нийцнэ.

Мөн Б.Б-, Б.Наранцэцэг нарын хооронд хийгдсэн “...2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, Р.А- нарт 5.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 9.800.000 төгрөгийг зээлдүүлсэн...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн баримтанд нэхэмжлэгч Б.Б- гарын үсэг зурсан боловч хариуцагч Р.А- гарын үсэг зураагүй байхад уг баримтыг үндэслэн 4.980.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. /хх-ийн 40/

Б.Наранцэцэгээс авсан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс Р.А-д шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхаас гадна 4.980.000 төгрөгийг хариуцагч Р.А-гийн ХААН банкны 5057510271 тоот данс руу 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн байх боловч Р.А- нь 4.400.000, 600.000 төгрөгөөр тус тус буцаан Б.Б-ын 5752094533 тоот данс руу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар болон дансны хуулгаар тогтоогджээ. /хх-ийн 72, 79/

Нэхэмжлэгч нь  Шуурайгаас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр авсан  1.500.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Төв хөгжил” ББСБ-ийн 10.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Авто прайм” ХХК-ийн Сайн ломбард барьцаалан зээлдүүлэх газраас авсан 3.500.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр монетон бөгж тавьж 600.000 төгрөг, Начин заан ломбардаас 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр монетон бугуйвч тавьж 800.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр монетон гинж тавьж 1.100.000 төгрөг тус тус зээлдэн авснаас хариуцагчид оногдох хэсгийг  гаргуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

“Шуурай” болон “Сайн” ломбард, “Начин заан” ломбардаас эд зүйл тавьж мөнгө зээлдэж авсанд хариуцагч Р.А- оролцсон болох нь нотлогдоогүй, нэхэмжлэгч Б.Б- эдгээр мөнгийг зээлдэж авсан үйл баримтыг шүүх зөв дүгнэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид  2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд зээлдүүлсэн гэх 2.070.000 төгрөгөөс 585.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангав.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/00267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.12, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Р.А-гаас 3.985.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.850.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “103.990” гэснийг “78.710” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                    Н.БАТЗОРИГ