Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01471

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/00267 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 535 дугаар магадлалтай,

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Р.А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,835,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.А-тай 2016 онд танилцаж 3 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа Драгон дээр лангуу түрээсэлж ор хөнжлийн даавуу зардаг байсан. Лангуун дээрээ заримдаа хоёулаа, сүүлдээ Р.А- ганцаараа суух болсон. Намайг ажлаар хөдөө яваад ирсэн хойгуур өөр хүнтэй болж бид салах болсон. 2019.10.18-ны өдөр 3,400,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж мөнгө өгнө гэсэн боловч хугацаандаа өгөхгүй, мөнгөө нэхэхээр 2 удаа цагдаад зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр өгөх зэрэг байдлаар байнга намайг дарамталж сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна. Мөн мөнгөө нэхэхэд нөгөө залуутайгаа хамт ирж цагдаа шүүхээрээ яваад мөнгөө ав гэж хэлдэг болсон. Энэ хүнтэй ойлголцоход маш бэрх байна. Р.А- нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээнээсээ татгалзаж байна. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 3,400,000 төгрөгийг Р.А-гаас гаргуулж өгнө үү. Лангуун дээр бараа эргэлтийн мөнгө Солонгос явна 5,000,000 төгрөгийг банкинд байршуулах хэрэгтэй байна гээд хүмүүсээс болон ломбард, ББСБ зэргээс мөнгө зээлүүлдэг байсан. Мөн миний банкны картыг авдаг байсан ба би Хаан банкны дансаараа мөнгө шилжүүлдэг байсан. Намайг баахан өрөнд оруулаад зээлээ төлөхгүй машин байрыг маань барьцаанд тавиулаад алга болсон. Р.А-д Хаан банкны ...дугаартай данснаас Р.А-гийн Хаан банкны ...дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн байдал: 2017.07.28-ны өдөр 40,000 төгрөг, 2018.03.19-ний өдөр 10,000 төгрөг, 2019.03.15-ны өдөр 35,000 төгрөг, 2019.05.29-ний өдөр 20,000 төгрөг, 2019.07.05-ны өдөр 600,000 төгрөг, 2019.07.10-ны өдөр 400,000 төгрөг, 2019.07.26-ны өдөр 925,000 төгрөг, 2019.10.07-ны өдөр 40,000 төгрөг, нийт 2,070,000 төгрөг. Барааны эргэлтийн мөнгө хэрэгтэй гээд Бадарч овогтой Наранцэцэгээс 2017.03.28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018.08.08-ны өдөр 9,800,000 төгрөгийг 2 удаа тэтгэврийн зээлийг нь авахуулж зээлсэн. 2019.07.25-ны өдөр найз Алтаншагайгийн ээж Шуурайгаас 1,500,000 төгрөг зээлсэн. 2018.04.11-ний өдөр Т ХХК-иас 10,000,000 төгрөг зээлсэн. 2019.04.10-нд Авто прайм ХХК-иас 3,500,000 төгрөгийг зээлж 10,000,000 төгрөгийн хүүнд өгсөн. Начин заан ХХК-иас 2019.04.10-ны өдөр 10,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийх гээд монетон гинжээ 1,100,000 төгрөг, 2019.02.11-ний өдөр монетон бугуйвч 800,000 төгрөгт, Сайн ломбарданд 2019.04.11-ний өдөр монетон бөгж тавиад 600,000 төгрөг авахуулсан. Р.А- нь дансаар болон хүмүүс байгууллагаас 30,870,000 төгрөгийг авсан. Бид 2 энэ авсан мөнгөө хуваахад 15,435,000 төгрөг 1 хүнд ногдож байна. Р.А-гийн зээлсэн болон дансаар авсан 15,435,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийт 18,835,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2019.10.18-ны өдөр 3,400,000 төгрөгийг өгнө гэх бичгийг нотариатаар орж баталгаажуулсан. Р.А- надад энэ мөнгийг өгнө гэж хэлсэн. Энэ мөнгийг Р.А- аваагүй гэж хэлж байна. Р.А-гийн дансны хуулгыг харахад болно. Р.А-гийн 2017, 2018, 2019 онуудын дансны хуулга яаж өссөн байна. Р.А- дахиад өөр нэг данс гаргаж ирсэн. Тэр нь бас байгаа. Үлдэгдэл нь 5 сая гаран төгрөг байгаа. Үнэхээр энэ хүн мэдэхгүй байгаа бол надтай амьдарснаас хойш дансны мөнгө нь яагаад ингэж өссөн юм. ...2016 онд 6,800,000 төгрөг, 2017 онд 17,605,000 төгрөг, 2018 онд 20,293,000 төгрөг, 2019 онд дансны орлого нь буугаад 4,000,000 төгрөг болсон. 5057510271 данс лангуу ажиллуулахад нээсэн данс. Энэ дансанд 28,913,000 төгрөгийн гүйлгээ орсон. Энэ бүх мөнгийг аваагүй гээд байгаа хүний дансны орлого өссөн байгаа нь нотолгоо болж байна. Ээжээр тэтгэврийн зээлийг нь авахуулсан. Р.А-д 9,800,000 төгрөгнөөс 4,980,000 төгрөгийг 5057510271 тоот дансаар шилжүүлсэн гэжээ.

 

Хариуцагч Р.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Б-той 2016 оноос өмнө танилцаж, улмаар 1 жил гаруй хугацаанд хамт амьдарсан. Б.Б- нь намайг байнга дарамталж, айлган сүрдүүлж, хамт амьдрах боломжгүй байдаг учир 2018 оноос хойш тусдаа амьдарсан. 2019.10.18-ны өдөр хийсэн 3,400,000 төгрөг өгнө гэсэн бичгийг Б.Б- намайг дарамталж байгаад хийсэн. Би яагаад чамд мөнгө өгөх ёстой юм бэ гэсэн чинь байран дээр хамтран зээлдэгчээр орсон биз дээ гээд хийсэн гэрээ байгаа юм. Би Б.Наранцэцэгээс мөнгө зээлж авч байсан удаагүй. Би өөрөө хувийн лангуу ажиллуулж орлого олдог хүнээс мөнгө зээлэх шаардлага байдаггүй байсан. Дансаар орсон 2,070,000 төгрөгийг Б.Б- надаас зээлж байсан. Би тухайн үед бэлнээр өгч байсан. 2018.10.05-ны өдөр багш нарын баяр тэмдэглэж байхад Б.Б- над руу 2 удаа мессеж бичсэн. Би чамаас мөнгө зээлнэ гэсэн, чи данс руу хийчих дээ гэж хэлсэн. 2 хоногийн дараа эргүүлж хийхдээ бас зээл гээд байгаа юм. 9,800,000 төгрөг гээд байгаа нь би Солонгос улс явах гээд Элчингийн дансанд 5,000,000 төгрөг байршуулсан байж байгаад бүтэхгүй болохоор нь эргүүлээд Б.Б-ын данс руу 4,400,000 төгрөгийг нь хийгээд үлдсэн 600,000 төгрөгийг нь миний дүү түр зээлсэн байсан. Миний дүү зээлсэн 600,000 төгрөгөө Б.Б-ын данс руу эргүүлээд хийсэн. Шуурай гэх хүнээс зээлсэн 5,000,000 төгрөгийг би мэдэхгүй. Миний орлого Б.Б-ын барааны мөнгийг тусад нь байлгах гэж өөр данс нээсэн. Бид хоёрын тооцоо 1 жил гаран тусдаа байсан. Миний данс руу миний охины аав нь хүүхдийн тэтгэлэг хийдэг байсан. 5057091225 гэх данс руу миний ээж, аав, ах, дүү, хамаатан садан, охины аав эмээ нар ганц хүүхэд нь болохоор мөнгө төгрөг хийдэг байсан данс. Тэрийг би барааны мөнгөтэй хольдоггүй байсан. Энэ данс руу надтай хамааралтай хүмүүс мөнгө хийдэг байсан. 5057510271 данс бол Б.Б-той хамт бараа нийлүүлж суухдаа нээсэн данс. Тэрийг жилийн үлдэгдлээр нь дүгнээд надаас орсон мэтээр ярьж болохгүй. Б.Б-ын нэхээд байгаа мөнгө бол Б.Б- надаас авсан мөнгөө зээлсэн гээд байгаа юм. Түүнтэй нь адилхан миний данснаас 7 сая гаран төгрөг Б.Б-ын данс руу орсон байдаг. 2018.01.28-ны өдөр 50,000 төгрөг орсон. Б.Б- уурхайд ажиллаж байгаад хөлөө гэмтээгээд би зээлийг нь төлж байсан 2018 онд Б.Б- нь Т ББСБ-аас 10,000,000 төгрөг зээл авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж өгч туслаач гэж гуйсан учир хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би 10,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Бусад 3,500,000 төгрөг, ломбарданд эд зүйл тавьж авсан зээл зэргийг би мэдэхгүй, энэ мөнгөнөөс би аваагүй болно. Энэ үед бид тусдаа амьдарч байсан учир би мэдэхгүй хариуцах боломжгүй гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/00267 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.А-гаас 5,565,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,271,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 103,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-од олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 535 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/00267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.12, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Р.А-гаас 3,985,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 103,990 гэснийг 78,710 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Р.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2020.01.21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д-00267 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.06-ны өдрийн Д-535 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Р.А-гаас 3,400,000 төгрөг гаргуулж, Б.Б-од олгохоор шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүхээс 2019.10.18-ны өдрийн Б.Б-оос Р.А-д зээлдүүлсэн гэх 3,400,000 төгрөгний зээлийн гэрээг байгуулагдсан зээл олгосон байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 2019.10.18-ны өдрийн гэрээгээр Р.А- гэрээнд гарын үсэг зурсан боловч нэг ч төгрөг Б.Б-оос аваагүй, зээлийн гэрээ нь мөнгө шилжүүлснээр байгуулагддаг. “Т” ББСБ-аас авсан зээл 10 сая төгрөгний үлдэгдэл 6,822,350 төгрөгний талыг төлөх болж гэрээ байгуулсан гэж үзэж байгаа нөхцөлд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 3,400,000 төгрөг гаргуулахаар шаардсан байдаг. Шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх билээ. Мөн дээрх “Т” ББСБ-аас авсан зээл 10 сая төгрөгний зээлийн гэрээнд Б.Б- болон Р.А- нар нь зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тус зээлийн гэрээний хугацаа 2022 онд төлж дуусахаар байдаг. Гэрээний хугацаа дуусаагүй байхад урьдчилсан байдлаар зээлийн гэрээтэй холбогдуулж шийдвэр гаргасан нь буруу юм. 10 сая төгрөгний зээлийн гэрээтэй хобоотой асуудлаар “Т” ББСБ-аас нэхэмжлэл гаргаж Б.Б-, Р.А- нараас нэхэмжилж болох байтал Б.Б- нь дээрх нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж болох байна. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.06-ны өдрийн Д-535 тоот магадлалыг хүчингүй болгож, шүүхийн магадлал, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- “...2016 оноос Р.А-тай хамтран амьдарсан ...2019.10.18-ны өдөр 3,400,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч хугацаанд нь мөнгөө өгөхгүй дарамталсан, ...баахан өрөнд оруулаад алга болсон...” гэж марган, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 18,835,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч “...Б.Б-оос огт мөнгө зээлж аваагүй” гэсэн тайлбар гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагчаас 5,565,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 13,271,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хариуцагчаас 3,985,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 14,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Р.А- нар нь 2016-2018 онуудад хамтран амьдарч, Драгон худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж, бараа материал худалдан борлуулж байсан байх ба энэ хугацаанд бусад иргэд, банк бус санхүүгийн байгууллагаас хамтран зээл авч, мөн өөр хоорондоо ХААН банкин дахь харилцах дансаар барааны эргэлтийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж захиран зарцуулж байсан үйл баримтууд тогтоогджээ. 

 

2019.10.18-ны өдрийн зээлийн гэрээгээр Б.Б- нь 3,400,000 төгрөгийг 17 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, Р.А- нь сар бүрийн 25-ны өдөр 200,000 төгрөгийг зээлдүүлэгчийн банкин дахь дансанд шилжүүлж төлөх, гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон, гэвч энэ гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлийн 3,400,000 төгрөгийг зээлдэгчид бэлнээр болон дансаар шилжүүлж өгөөгүй байна.

 

Харин, зохигч нь “Т” ББСБ-тай 2018.04.11-ний өдөр байгуулсан 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон ба уг гэрээний хугацаа дуусаагүй, зээл бүрэн төлөгдөөгүй байгаатай холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрөөс хариуцагч Р.А-д ногдох 3,400,000 төгрөгийг, сар бүр 200,000 төгрөг төлөх байдлаар нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлэн, Б.Б-, Р.А- нар нь зээлийн гэрээ байгуулах замаар нөгөө хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг тодорхой болгож, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь 3,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, уг мөнгийг, 585,000 төгрөг /нэхэмжлэгчээс 2017.07.28-ны өдрөөс 2019.10.07-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид зээлдүүлсэн гэх 2,070,000 төгрөгөөс үлдэх/-ийн хамт, нийт 3,985,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.12, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасанд нийцжээ.

 

Иймд хариуцагчийн “...“Т” ББСБ-аас авсан зээл 10 сая төгрөгийн зээлийн гэрээнд Б.Б- болон Р.А- нар нь зээлдэгчээр гарын үсэг зурсан, гэрээний хугацаа 2022 онд дуусахаар байдаг. ...гэрээний хугацаа дуусаагүй байхад урьдчилсан байдлаар зээлийн гэрээтэй холбогдуулж шийдвэр гаргасан нь буруу. ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 535 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.30-нд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.АТАРЦЭЦЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                          Б.МӨНХТУЯА

                                                            Х.СОНИНБАЯР

                                                            Д.ЦОЛМОН