Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 538

 

“Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах               даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00028 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х банк”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК, "СГ" ХХК, "МДЗДД" ХХК, "ГА" ХХК, "Ш" ХХК, "БИТ" ХХК-ууд болон Б.Г-, М.С- нарт холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 359 384 786 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Х.Содном-Иш, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа             нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, Т.Гантогтох нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч "Монгол глобал" ХХК, түүнийг төлөөлж захирал Б.Г-, /иргэн Б.Г-/, "Ш" ХХК, түүнийг төлөөлж захирал М.С- /иргэн М.Сэлэнгэ/ нар Х банкнаас 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ-12/61 тоот зээлийн гэрээ, БГҮ-12/61 тоот барьцааны гэрээ байгуулан 3.500.000 ам долларын зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, "Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх" зориулалтаар зээлсэн. Зээлдэгч "М" ХХК, "Ш" ХХК, "БИТ" ХХК, "Монгол 777" ХХК, "СГ" ХХК, тэдгээрийг төлөөлж захирал Б.Г-, иргэн Б.Г-, иргэн М.С- нар нь “Х банк” ХХК-аас 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-13/43 тоот зээлийн гэрээ, БГҮ-13/43 тоот барьцааны гэрээ байгуулан 4.300.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, "Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх" зориулалтаар нэмж тус тус зээлсэн. Дээрх 2 зээлийн болон барьцааны гэрээнүүдэд дараах байдлаар хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт хийгдсэн. 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр БГҮ-12/61 тоот "Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр БГҮ-12/61/1 тоот "Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-12/61/1 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/12/61-2 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/12/61-3 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БГ-16/80 тоот "Барьцааны" гэрээ, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр БГ-17/07 тоот "Барьцааны" гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр БГ-16/80-1 тоот "Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр БГҮ-12/61-1 тоот "Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-13/43/1 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ, 2016 оны 2 дугаар сарын 29-ний ЗГ/13/43-2 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр БГҮ-13/43-1 тоот "Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БГҮ-12/61-2, БГҮ-12/61-3, БГҮ-13/43-2, БГҮ- 13/43-3 тоот "Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах" гэрээнүүдийг тус тус байгуулсан. Дээрх байдлаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан шалтгаан нь үндсэн зээлийн гэрээнд хугацаа сунгах, хүү болон эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх зэрэг янз бүрийн шалтгаан нөхцлүүд байсан, үүнтэй холбогдуулж барьцааны гэрээнд давхар өөрчлөлтүүд хийгдсэн, зээлдэгч нар зарим барьцаа хөрөнгийн талбайн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулж хэд хэдэн удаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг солиулж, дахин нөхөж барьцаалсан асуудлууд байсан. "СГ" ХХК-ийн эзэмшлийн Ү-2203021763 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, Нарны зам 53/2 тоото, 85%-ийн гүйцэтгэлтэй зоорийн болон 1-3 давхрын 3934.5 м.кв талбайтай барилга, ДЮ003318329 дугаар гэрчилгээтэй, СБД 3 хороо, 7781 м.кв үйлчилгээ, конторын газар эзэмших эрх, Б.Г-ын Ү-2203010708 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, /14252/ Нарны зам 53/1 тоот 744.9 м.кв талбайтай барилга, Ү-2203010707 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, /14252/ Нарны зам 53 тоот, 2425.5 м.кв талбай, 2 давхар контор барилга, Ү-2203002246 дугаарт бүртгэлтэй, СБД, 15 хороо, Бэлхийн задгай, үйлчилгээний зориулалттай барилга, "Бэлх зах" "Монгол 777" ХХК-ийн Д:000318328 дугаар гэрчилгээтэй, СБД, 3 хороо, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 5176 м.кв газар эзэмших эрх, "ГА" ХХК-ийн ДЮ00323535 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 9334 м.кв талбайтай газар эзэмших эрх, "Ш" ХХК-ийн Д:000323921 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 82337 м.кв талбайтай, газар эзэмших эрх, "БИТ" ХХК-ийн Ү-2203025873 дугаарт бүртгэлтэй, СБД, 18 хороо, Дамбадаржаа /14060/ гудамж 901 тоот, 1882,5 м.кв талбайтай барилга, "Бэлх плаза", Д:000323534 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 6201 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 2 зээлийн гэрээний барьцаанд авсан. Зээлдэгч нар нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ-12/61 тоот зээлийн гэрээгээр авсан ам.долларын зээлээс үндсэн зээлд 273.169 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 1.100.472 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23.464 ам.доллар, нийт 1.397.105 ам.доллар төлж, улмаар уг ам.доллараар авсан зээлийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төгрөгт хөрвүүлснээс хойш үндсэн зээлээс 1.100.000.000 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-13/43 тоот зээлийн гэрээгээр авсан зээлээс үндсэн зээлд 554.503.699 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.308.261.183 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27.311.948 төгрөг, нийт 1.890.076.830 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч, гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн. Иймд 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-12/61 тоот зээлийн гэрээний үүргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.637.485.049 төгрөг, хүүгийн үлдэгдэл 5.045.401.699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 651.103.049 төгрөг, нийт 11.333.989.797 төгрөгийг, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-13/43 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3.745.496.301 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3.266.642.649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13.256.038 төгрөг, нийт 7.025.394.989 төгрөг буюу 2 зээлийн нийт төлбөрт 18.359.384.786 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 гэрээний хувьд маргахгүй, харин биелүүлэх ёсгүй үүргээс нэмэгдүүлсэн хүү 100 гаруй сая төгрөг тооцсон байсан тул Монгол банкинд хүсэлт өгөхөд тооцооллыг зөв гэж дүгнэсэн. Нэмэгдүүлсэн хүүний тооцоонд маргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан "М" ХХК "СГ" ХХК, "МДЗДД" ХХК, "Ш" ХХК, "БИТ" ХХК, Балдан-Очир заан овогтой Баасанжавын Ганбаяр, Бор овогтой Мандалын Сэлэнгэ нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.359.384.786 төгрөг гаргуулан, "Х банк" ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.359.384.786 төгрөг төлөөгүй тохиолдолд Ү-2203021763 дугаарт бүртгэлтэй, СБД, Зхороо, бхороолол, Нарны зам 53/2 тоот, 85%-ийн гүйцэтгэлтэй зоорийн болон 1-3 давхрын 3934.5 м.кв талбайтай барилга, СБД 3 хороо, 7781 м.кв үйлчилгээ, конторын газар эзэмших эрх, Ү-2203010708 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, /14252/ Нарны зам 53/1 тоот 744,9 м.кв талбайтай барилга, Ү-2203010707 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, /14252/ Нарны зам 53 тоот, 2425.5 м.кв талбай, 2 давхар конторын барилга, Ү-2203002246 дугаарт бүртгэлтэй, СБД, 15 хороо, Бэлхийн задгай, үйлчилгээний зориулалттай барилга, "Бэлх зах" ДЮ00318328 дугаар гэрчилгээтэй, СБД, 3 хороо, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 5176 м.кв газар эзэмших эрх, Д:000323535 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 9334 м.кв талбайтай газар эзэмших эрх, Д:000323921 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 82337 м.кв талбайтай, газар эзэмших эрх, Ү-2203025873 дугаарт бүртгэлтэй, СБД, 18 хороо, Дамбадаржаа /14060/ гудамж 901 тоот, 1882,5 м.кв талбайтай барилга, "Бэлх плаза", Д:000323534 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 6201 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.025.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 92.025.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “М” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Х банк нь анх Монгол глобал ХХК болон иргэн Б.Г- нартай 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ/44 тоот зээлийн гэрээг байгуулсан ба тус гэрээгээр 4.500.000.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэвч Х банк нь “М” ХХК болон иргэн Б.Г- нартай байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ/44 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл болоод буй №ЗГ-13/43 тоот зээлийн гэрээг байгуулсан ба тус 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ-13/43 тоот зээлийн гэрээгээр гэрээнд заасан 4.300.000.000 төгрөгийг зээлдэгч /”М” ХХК болон иргэн Б.Г-/ нарт бодитойгоор шилжүүлээгүй. Х банкны зүгээс дээрх байдлаар 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ/44 тоот зээлийн гэрээний үлдэгдлийг хаах зорилгоор 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ-13/43 тоот зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус заасныг зөрчсөн. Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх үйл баримтыг нуун дарагдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Х банкны зүгээс ийнхүү 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ/44 тоот зээлийн гэрээний үлдэгдлийг хаахдаа Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасныг зөрчиж нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29.000.000 төгрөгийг илүү тооцож, зээлийг хаасан байдаг. Хариуцагч нарыг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ-13/43 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 7.025.394.989 төгрөг төлөх үүрэгтэй хэмээн нэхэмжлэлд дурдсан атлаа нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг болох 11.333.989.797 төгрөгийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ-13/43 тоот зээлийн гэрээний дагуу төлөх ёстой хэмээн бичсэн ба анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.5 дахь хэсэгт нь дээрх хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн тул тус заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээний заалт юм. Дээрх байдлаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон нөхцөл нь хууль зөрчсөн/тул талуудыг нэмэгдүүлсэн хүүг тохиролцсон гэж үзэхгүй бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг үндэслэн хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 664.359.087 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад "...”М” ХХК, “СГ” ХХК, “МДЗДД” ХХК, “Ш” ХХК, “БИТ” ХХК, Б.Г-. М.С- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.359.384.786 төгрөг гаргуулан, “Х банк” ХХК-д олгосугай" хэмээн дурьдсан байх ба хариуцагч “ГА” ХХК алга болсон байна. Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар ГА ХХК-ийг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн хувь гардуулсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг шилжүүлж буй буюу нэхэмжлэл гаргах эрх олгож буй Жон Белл-д олгосон итгэмжлэлийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор ТУЗ-ийн 12 тоот тогтоолд заасан байтал Жон Белл нь ТУЗ-өөс олгосон итгэмжлэлийн  хугацаанаас илүү хугацаатай итгэмжлэлийг Э.Хосбаярт олгосон нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.6 дах хэсэгт заасныг зөрчсөн. Ийнхүү Жон Белл-ээс Э.Хосбаярт, Э.Хосбаяраас Х.Содном-Ишид олгосон итгэмжлэлүүд нь хууль бус тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой юм. Нэхэмжлэгч нь нийт 8 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нараас ямар үндэслэлээр, хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаагаа тодорхойлоогүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж буй нэхэмжлэлийн тодорхойгүй шаардлагыг тодруулалгүйгээр, хэт нэг талыг барьж 18.359.384.786 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагч нар хэрхэн хариуцах талаар дүгнэлт хийгээгүй. Нөгөөтэйгүүр хариуцагч нарын зүгээс талуудын хооронд үүссэн зээлийн харилцаа /2011 оноос эхэлсэн/ болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэргийг харгалзан үзэж, эвлэрэхээр удаа дараа санал солилцож, эвлэрлийн гэрээний төслийг батлуулахаар шүүхэд хандсан боловч анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталгаажуулаагүй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Х банк”  ХХК нь хариуцагч “М” ХХК, "СГ" ХХК, "МДЗДД" ХХК, "ГА" ХХК, "Ш" ХХК, "БИТ" ХХК-ууд болон Б.Г-, М.С- нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.359.384.786 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилснийг  хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгчийн 2019 оны 7  дугаар сарын 25 өдрийн 183/ШЗ2019/08775 тоот захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн ба энэ хугацаанд хэрэгт цугларсан нотлох баримт буюу  147 хуудас хэргийн материалыг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр танилцуулснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хариуцагч талаас гаргасан зээлийн бүртгэлийн карт зэрэг нотлох баримтуудыг хэргийн оролцогчдод танилцуулаагүй хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчжээ. /хх-ийн 148/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангах нь шүүхийн үүрэг. Энэхүү үүргийг бүрэн биелүүлээгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт  зааснаар мэтгэлцэх үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн, хэргийн талууд аль аль нь шүүх хуралдааныг хойшлуулж, эвлэрэн хэлэлцэх боломж олгох хүсэлт гаргасан байхад шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр хүсэлтийг хангахгүй болгож хэргийг хянан шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. /хх-ийн 170/

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өөрчлөлт оруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 92 025 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.НАРМАНДАХ

                                         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ