Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 028

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 30 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00028                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК

Хариуцагч: “С” ХХК

Хариуцагч: “М” ХХК   

Хариуцагч: “Г” ХХК   

Хариуцагч: “Ш” ХХК

Хариуцагч: “Б” ХХК

Хариуцагч: Б.Г ,

Хариуцагч: М.С нарт холбогдох, 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,359,384,786 /арван найман тэрбум гурван зуун тавин есөн сая гурван зуун наян дөрвөн мянга долоон зуун наян зургаа/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, Т.Гантогтох, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхзул, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч “Монгол глобал” ХХК, түүнийг төлөөлж захирал Б.Г, /иргэн Б.Г/, “Ш” ХХК, түүнийг төлөөлж захирал М.С /иргэн М.С/ нар Хнаас 2012.12.14-ний өдөр ЗГ-12/61 тоот зээлийн гэрээ, БГҮ-12/61 тоот барьцааны гэрээ байгуулан 3,500,000 ам долларын зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, “Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх” зориулалтаар зээлсэн. Зээлдэгч “Монгол глобал” ХХК, “Ш” ХХК, “Б” ХХК, “Монгол 777” ХХК, “С” ХХК, тэдгээрийг төлөөлж захирал Б.Г, иргэн Б.Г, иргэн М.С нар нь Хнаас 2013.05.20-ны өдөр ЗГ-13/43 тоот зээлийн гэрээ, БГҮ-13/43 тоот барьцааны гэрээ байгуулан 4,300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, “Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх” зориулалтаар нэмж тус тус зээлсэн. Дээрх 2 зээлийн болон барьцааны гэрээнүүдэд дараах байдлаар хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт хийгдсэн. 2013.05.20-ны өдөр БГҮ-12/61 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ, 2013.10.29-ний өдөр БГҮ-12/61/1 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ, 2014.10.31-ний өдөр ЗГ-12/61/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ, 2016.02.29-ний өдөр ЗГ/12/61-2 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ, 2016.03.23-ны өдөр ЗГ/12/61-З тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ, 2016.11.14-ний өдөр БГ-16/80 тоот “Барьцааны” гэрээ, 2016.02.16-ны өдөр БГ-17/07 тоот “Барьцааны” гэрээ, 2016.04.18-ны өдөр БГ-16/80-1 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ, 2018.06.07-ны өдөр БГҮ-12/61-1 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ, 2014.10.29-ний өдөр ЗГ-13/43/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ, 2016.02.29-ний ЗГ/13/43-2 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах”гэрээ, 2018.06.07-ны өдөр БГҮ-13/43-1 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээ, 2018.12.12-ны өдөр БГҮ-12/61-2, БГҮ-12/61-3, БГҮ-13/43-2, БГҮ- 13/43-3 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэрээнүүдийг тус тус байгуулсан. Дээрх байдлаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан шалтгаан нь үндсэн зээлийн гэрээнд хугацаа сунгах, хүү болон эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх зэрэг янз бүрийн шалтгаан нөхцлүүд байсан, үүнтэй холбогдуулж барьцааны гэрээнд давхар өөрчлөлтүүд хийгдсэн, зээлдэгч нар зарим барьцаа хөрөнгийн талбайн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулж хэд хэдэн удаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг солиулж, дахин нөхөж барьцаалсан асуудлууд байсан. “С” ХХК-ийн эзэмшлийн Ү-2203021763 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, Нарны зам 53/2 тоото, 85%-ийн гүйцэтгэлтэй зоорийн болон 1-3 давхрын 3934.5 м2 талбайтай барилга, Д:0003318329 дугаар гэрчилгээтэй, СБД 3 хороо, 7781 м2 үйлчилгээ, конторын газар эзэмших эрх, Б.Гын Ү-2203010708 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, /14252/ Нарны зам 53/1 тоот 744,9 м2 талбайтай барилга, Ү-2203010707 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, /14252/ Нарны зам 53 тоот, 2425.5 м2 талбай, 2 давхар контор барилга,  Ү-2203002246 дугаарт бүртгэлтэй, СБД, 15 хороо, Бэлхийн задгай, үйлчилгээний зориулалттай барилга, “Бэлх зах” “Монгол 777” ХХК-ийн Д:000318328 дугаар гэрчилгээтэй, СБД, 3 хороо, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 5176 м2 газар эзэмших эрх,  “Г” ХХК-ийн Д:000323535 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 9334 м2 талбайтай газар эзэмших эрх, “Ш” ХХК-ийн Д:000323921 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 82337 м2 талбайтай, газар эзэмших эрх, “Б” ХХК-ийн Ү-2203025873 дугаарт бүртгэлтэй, СБД, 18 хороо, Дамбадаржаа /14060/ гудамж 901 тоот, 1882,5 м2 талбайтай барилга, “Бэлх плаза”, Д:000323534 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 6201 м2 талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 2 зээлийн гэрээний барьцаанд авсан. Зээлдэгч нар нь 2012.12.14-ний өдөр ЗГ-12/61 тоот зээлийн гэрээгээр авсан ам.долларын зээлээс үндсэн зээлд 273,169 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 1,100,472 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,464 ам доллар, нийт 1,397,105 ам.доллар төлж, улмаар уг ам.доллараар авсан зээлийг 2016.03.15-ны өдөр төгрөгт хөрвүүлснээс хойш үндсэн зээлээс 1,100,000,000 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2013.05.20-ны өдөр ЗГ-13/43 тоот зээлийн гэрээгээр авсан зээлээс үндсэн зээлд 554,503,699 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,308,261,183 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,311,948 төгрөг, нийт 1,890,076,830 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч, гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн. Иймд 2012.12.14-ний өдрийн ЗГ-12/61 тоот зээлийн гэрээний үүргийг 2019.04.30-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,637,485,049 төгрөг, хүүгийн үлдэгдэл 5,045,401,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 651,103,049 төгрөг, нийт 11,33,989,797 төгрөгийг, 2013.05.20-ны өдрийн ЗГ-13/43   тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,745,496,301 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3,266,642,649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,256,038 төгрөг, нийт 7,025,394,989 төгрөг буюу 2 зээлийн нийт төлбөрт 18,359,384,786 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2 гэрээний хувьд маргахгүй, харин биелүүлэх ёсгүй үүргээс нэмэгдүүлсэн хүү 100 гаруй сая төгрөг тооцсон байсан тул Монгол банкинд хүсэлт өгөхөд тооцооллыг зөв гэж дүгнэсэн. Нэмэгдүүлсэн хүүний тооцоонд маргаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Х” ХХК нь “М” ХХК, “С” ХХК, “М” ХХК, “Г” ХХК, “Ш” ХХК, “Б” ХХК, Б.Г, М.С нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,359,384,786 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээний хугацаа дууссан боловч үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан, хариуцагч нь үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох байтал биелэгдэх үүргийн хугацаа болоогүй байхад тооцсон гэж маргалаа.

 

Х” ХХК нь 2012.12.14-ний өдөр “Монгол глобал” ХХК, “Ш” ХХК, иргэн Б.Г, иргэн М.С нарт 3,500,000 ам долларыг жилийн 14,4 хувийн хүүтэй, 2013.05.20-ны өдөр “Монгол глобал” ХХК, “Ш” ХХК, “Б” ХХК, “Монгол 777” ХХК, “С” ХХК, иргэн Б.Г, иргэн М.С нарт 4,300,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, тус тус 36 сарын хугацаатай, “Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх” зориулалтаар зээлдүүлжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байх зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх зээлийн гэрээнүүдэд хугацаа сунгах, хүү, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх зэргээр 2013.05.20, 2013.10.29, 2014.10.31, 2016.02.29, 2016.03.23, 2016.11.14, 2016.02.16, 2016.04.18, 2018.06.07, 2014.10.29, 2016.02.29, 2018.06.07, 2018.12.12-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, энэ талаар маргаагүй, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, дээрх 2 зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул зээлийг хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар нь 2012.12.14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 273,169 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 1,100,472 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,464 ам доллар, нийт 1,397,105 ам.доллар төлсөн, талууд 2016.03.15-ны өдөр тохиролцон зээлийг төгрөгт хөрвүүлснээр гэрээ байгуулж, үндсэн зээлээс 1,100,000,000 төгрөгийг төлсөн, 2013.05.20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 554,503,699 төгрөг, хүүгийн төлбөрт 1,308,261,183 төгрөгийг төлжээ.

 

2019.04.30-ны байдлаар зээлдэгч нарын банкинд төлөх үүрэг нь ЗГ-12/61 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5,637,485,049 төгрөг, хүүгийн үлдэгдэл 5,045,401,699 төгрөг, ЗГ-13/43 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,745,496,301 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3,266,642,649 төгрөг байх бөгөөд хариуцагч нар энэ талаар маргахгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ.

 

Талууд 2 зээлийн гэрээний 3.1.5 дахь заалтаар 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452.2-т нийцсэн байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлтэй байна.

 

Гэрээнүүдийн дагуу зээлийн хүү төлөх үүргээ хариуцагч нар зөрчсөн тул 2012.12.14-ний өдрийн гэрээний дагуу төлөх хүүний төлбөр 5,045,401,699 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүнд 13,256,038 төгрөг, 2013.05.20-ны өдрийн гэрээний дагуу төлөх хүүний төлбөр 3,266,642,649 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүнд 651,103,049 төгрөгийг тус тус төлөхөөр байна.

 

Хариуцагч тал нэмэгдүүлсэн хүүний тооцооллын хувьд маргасан ч хэдний өдрийн хэдэн төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөхгүйгээ тодорхойлж чадахгүй байгаагаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “Монгол глобал” ХХК, “Ш” ХХК, иргэн Б.Г, иргэн М.С нараас 2012.12.14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 5,637,485,049 төгрөг, хүүгийн үлдэгдэл 5,045,401,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 651,103,049 төгрөг буюу нийт 11,333,989,797 төгрөгийг, 2013.05.20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Монгол глобал” ХХК, “Ш” ХХК, “Б” ХХК, “Монгол 777” ХХК, “С” ХХК, иргэн Б.Г, иргэн М.С нараас үндсэн зээлийн 3,745,496,301 төгрөг, хүүгийн төлбөр 3,266,642,649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,256,038 төгрөг буюу нийт 7,025,394,989 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Талууд 6 хариуцагчийн эзэмшил, өмчлөлийн 10 үл хөдлөх эд хөрөнгийг дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор барьцаалж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 153, 156 дугаар зүйлд нийцсэн байх бөгөөд мөн дээрх өдрүүдэд барьцааны гэрээнүүдэд зарим барьцаа хөрөнгийн талбайн хэмжээ нэмэгдсэн, дахин нөхөж барьцаалсан зэргээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх хөрнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэжээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,359,384,786 төгрөгийг төлөөгүй тохиолдолд тэдгээрийн эзэмшил, өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,025,100 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 92,025,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан “М” ХХК , “С” ХХК, “М” ХХК , “Ш” ХХК,  “Б” ХХК, “Г” ХХК, Б.Г , М.С нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,359,384,786 /арван найман тэрбум гурван зуун тавин есөн сая гурван зуун наян дөрвөн мянга долоон зуун наян зургаа/ төгрөг гаргуулан, “Х” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,359,384,786 төгрөг төлөөгүй тохиолдолд Ү-2203021763 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, Нарны зам 53/2 тоот, 85%-ийн гүйцэтгэлтэй зоорийн болон 1-3 давхрын 3934.5 м2 талбайтай барилга, СБД 3 хороо, 7781 м2 үйлчилгээ, конторын газар эзэмших эрх, Ү-2203010708 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, /14252/ Нарны зам 53/1 тоот 744,9 м2 талбайтай барилга, Ү-2203010707 дугаарт бүртгэлтэй, СБД, 3 хороо, 5 хороолол, /14252/ Нарны зам 53 тоот, 2425.5 м2 талбай, 2 давхар конторын барилга,  Ү-2203002246 дугаарт бүртгэлтэй, СБД, 15 хороо, Бэлхийн задгай, үйлчилгээний зориулалттай барилга, “Бэлх зах” Д:000318328 дугаар гэрчилгээтэй, СБД, 3 хороо, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 5176 м2 газар эзэмших эрх, Д:000323535 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 9334 м2 талбайтай газар эзэмших эрх, Д:000323921 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 82337 м2 талбайтай, газар эзэмших эрх, Ү-2203025873 дугаарт бүртгэлтэй, СБД, 18 хороо, Дамбадаржаа /14060/ гудамж 901 тоот, 1882,5 м2 талбайтай барилга, “Бэлх плаза”, Д:000323534 дугаар гэрчилгээтэй, СБД, 18 хороо, Бэлх, 6201 м2 талбай бүхий газар эзэмших эрх зэрэг барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,025,100 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 92,025,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ