Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 193

 

Э.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Э.Э-т холбогдох 1814001230134 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Э-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Э-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 3 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна.   

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээс тус хэрэгт бодитой дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэргийн эзэн холбогдогчийг бүрэн тогтоож чадаагүй байна. Учир нь хохирогч Б.Д, гэрч С.О, Э, шүүгдэгч нарын удаа дараагийн мэдүүлгүүдээр хохирогч Б.Д-гийн биед хэн гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй байдаг. Мөн анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Б, Б.О нарын өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй, тухайн газарт байгаагүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлж дүгнэлт гаргаагүй, нотлох баримтыг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа үйл баримт нь хохирогч Б.Д, гэрч С.О нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Гэрчүүд болох Г.Э, О.Г, Г.О, Г.Б, Г.Н нар нь мэдүүлэг өгсөн хэдий ч хохирогч Б.Д, гэрч С.О нарын удаа дараагийн өгсөн тогтвортой мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэрэгт авагдсанаар Г.Э, О.Г, Г.О, Г.Б, Г.Н нар нь байнгын тогтвортой мэдүүлдэг атал анхан болон давж заалдах шатны шүүхийн үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Б.Д, С.О нарын мэдүүлэг нь тогтвортой бус, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй байдаг. Хэрэг болох үед гэрт байсан гэрчүүд болох Г.Б, Б.О нарын мэдүүлэг нь хууль ёсны дагуу авагдсан нотлох баримт байхад үүнийг үнэлээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл яллах талыг баримталсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар хууль зөрчиж авсан мэдүүлэг болон бусад нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар л заасан байхад хууль зөрчиж аваагүй гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэг гарах өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Б.Д хамт явсан гэх О хаана байсан, хоорондоо маргаж зодолдсон эсэх талаар шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байхад энэ байдлыг шалгаагүй нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна. Хамт байсан бүх гэрчүүд холбогдогч Э.Э-ийг зодоонд оролцоогүй гэж гэрчилсэн, мэдүүлгийг үнэлэх боломжтой байхад үнэлэлгүйгээр зөвхөн Б.Д, О нарын зөрүүтэй худал мэдүүлгийг үнэлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэргийн нөхцөл байдлаас харахад Б.Д нь хэнд цохиулснаа мэдэхгүй байж сүүлд нь эзэн олж, хохирол төлүүлэх зорилгоор Э.Э-ийг цохисон гэж хэлсэн байх хардлагыг төрүүлдэг. Харин Э.Э нь гэмт хэрэг үйлдээгүй болохыг бусад гэрчүүд нотолдог юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Э.Э-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Энхжаргал хэлсэн саналдаа “Шүүгдэгч Э.Э-ийг гэрт байхгүй болохыг хоёр гэрч нотолсон бөгөөд гэрчлээд байгаа гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн дүгнэсэн талаар шийтгэх тогтоолд тусгаагүй ба цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлээгүй. Хохирогч нь удаа дараа тогтворгүй мэдүүлэг өгсөн. Хохирогч өмгөөлөгчгүй 2 удаа мэдүүлэг өгөхдөө хэн цохисныг мэдээгүй талаар мэдүүлсэн атлаа  өмгөөлөгчтэй болмогц цохисон хүнийг шууд нэр зааж хэлсэн байдаг. Эдгээр эргэлзээтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан. Мөрдөн байцаалтын шатанд удаа дараа тухайн айлаас гараад явсан маршрутыг тогтоож өгөх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Тухайн айлаас гараад гэрт очихдоо хэнд цохиулсан талаар мэдэхгүй байсныг гэрчилсэн гэрч О-ийн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Үүний дагуу шалгалт явуулах хүсэлт гаргасан боловч шалгаагүй бөгөөд шалгаагүй гол үндэслэлээ хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан, үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж дүгнээд байгаа юм. Гэтэл О нь хохирогчийг цохисон байх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэхээр заасан байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон, энэ хэрэгт хохирогч Б.Д- болон гэрч С.Очирхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг, хэрэг учрал болох үед тэнд байсан гэрчүүдийн мэдүүлгүүд болон 3 сарын дараа хохирогч Б.Д-гээр шүүгдэгчийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар Э.Э хохирогчид гэмтэл учруулсан болох нь нотлогдсон байна. Энэ хэрэгт Г.Б, Б.О нарыг 3 сарын дараа анх гэрчээр асуусан байх бөгөөд тэдний мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлээгүй нь үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүхээс Э.Э-т ял оногдуулахдаа 3 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсэн нь ойлгомжгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс үүнийг анхаарч үзэхийг хүсч байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид гаргуулах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг багасгаж, цаашид иргэний журмаар шийдвэрлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан хууль зөрчсөн зөрчлийг гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн Э.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цагаан чулуут” 6 дугаар багийн 11-26 тоот хашаанд иргэн Б.Д-г зодож эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол хохирол санаатай учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх шинжлэн судалсан байдалд дүгнэлт хийхэд хэдийгээр гэрчүүд шүүгдэгч Э.Э-ийг хохирогч Б.Д-г зодож, цохьсон тухай мэдүүлээгүй боловч тухайн үед хэргийн газарт байсан Г.Э, О.Г, Г.О, Г.Б, Г.Н, С.О нар хаана, ямар байдалтай байсан талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байгаагаас уг гэмт хэрэгт О.Г, Г.Б, С.О нар оролцоогүй талаар дүгнэлт хийх боломжтой байна. Тэдний энэ талаар өгсөн мэдүүлгүүд хоорондоо болон хохирогчийн мэдүүлэгтэй зөрүүгүй, хохирогч Б.Д-г Э.Э нь зодсоныг шууд нотлон мэдүүлээгүй боловч үгүйсгэхгүй байдлаар дам баталсан байх тул Э.Э-ийн хохирогчийг зодож хүнд гэмтээсэн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

Хохирогч Б.Д-гийн хувьд өөрийг нь цохьсон хүний байсан байршил, гадна төрх шинж тэмдгийг мэдүүлсэн нь Э.Э-ийн талаар тогтоогдсон байдалтай тохирч байх ба нэрийг О.Г гэж андуурснаа дахин мэдүүлэг өгөхдөө залруулсныг хууль зөрчиж өгсөн учир зүй, шалтгааны зөрчилтэй мэдүүлэг гэж үзэхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэхээс гадна гэм буруутай хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. Гэхдээ шүүх албадлагын арга хэмжээ хэрэглэх болсон үндэслэлээ тайлбарлах шаардлагатай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-т хуульд заасан хорих ял оногдуулснаас гадна 3 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэсэн атлаа уг арга хэмжээг хэрэглэх болсон үндэслэл нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Иймд дээр үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгчид үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгон, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                                   ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН