Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0500

 

2016 оны 7 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0500

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам-27, өөрийн байранд байрлах Мөнхийн үсэг групп ХХК,

Хариуцагч: Татварын ерөнхий газар,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, Д.Жамсранжав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Шинэтуяа, Д.Баттулга, иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мөнхийн үсэг групп ХХК ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнхийн үсэг групп ХХК нь 2014 онд Татварын ерөнхий газраас зарласан онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерт оролцсон боловч Татварын ерөнхий газраас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн. Компаний зүгээс Сангийн яаманд гомдол гаргаснаар тус яамны 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/5898 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хууль бус, журамд нийцүүлж дахин хийх үүргийг захиалагчид өгсөн ч Татварын ерөнхий газраас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай компанийг дахин тендерт шалгараагүй болох талаар мэдэгдсэн.

Компаний зүгээс Сангийн яаманд дахин гомдол гаргасан боловч тус яамнаас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзжээ.

Татварын ерөнхий газраас 2014 онд зарласан тендерт 2 аж ахуйн нэгж оролцсон бөгөөд Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт 2 багцад үнэлгээ хийхэд тендерт оролцогчид бүх шаардлагад нийцсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т зааснаар хамгийн бага харьцуулах үнийн саналаар Үндэсний үнэт цаас ХХК-ийг шалгаруулсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Захиалагчийн зарласан тендерийн техникийн тодорхойлолтыг авч үзвэл онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх чиглэлээр төрийн бодлого чиглэгдэж, улмаар энэ төрлийн бараа бүртээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг шинэ техник, технологийн дагуу дахин давтагдахгүй дугаарлалттай, хяналтын систем бүхий иж бүрэн программ хангамжтай, суурилагдсан төхөөрөмжөөр онцгой албан татварын тэмдэг наах цогц байдлаар үйлдвэрлэгч, хэрэглэгч нарыг холбосон иж бүрдэл системтэй үйлчилгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэж ойлгож байгаа ба тендерт шалгарсан гэх аж ахуйн нэгжийн тендерийн 2 багцад өгсөн нэгж үнээр тендерийн техникийн тодорхойлолтын дагуу онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, наах төхөөрөмж суурилуулах, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэхэд үйлдвэрлэлийн өөрийн бодит өртгөө ч нөхөхгүй, хэрэгжих боломжгүй үнийн саналыг захиалагч хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хэрэв уг нэгж үнээр 2 багц тус бүрт тендерт шалгарагч онцгой албан татварын тэмдэг хэвлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх тохиолдолд Сангийн яамнаас 2009 онд зарласан тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх тендерт Үндэсний үнэт цаас ХХК шалгарсны дагуу энгийн оффсет хэвлэлийн аргаар онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлж байгаа тохиолдолд дахин давтагдах нөхцөл байдал үүсээд байгаа төдийгүй онцгой албан татварын тэмдгийн талаарх төрийн бодлого хэрэгжих боломжгүй болж байна.

Мөн Үндэсний үнэт цаас ХХК нь өмнө нь тамхины онцгой албан татварын тэмдгийг үйлдвэрлэхдээ хуулиа зөрчин нэг ижил дугаартай кодоор үйлдвэрлэж байсан. Энэ талаар бид гомдол гаргасан. Үүний дагуу гуравдагч этгээд нь тамхины онцгой албан татварын тэмдгийг дугаарлаж эхэлсэн. Импортын тамхины хувьд өнөөдрийг хүртэл хуулиа зөрчиж нэг тэмдэгтэйгээр явж байна. Уг тендерт шалгарлаа гэхэд дахиад хуулиа зөрчөөд байх уу. Өнөөдрийн байдлаар хариуцагчийн төлөөлөгчид өмнөх тендерийн шаардлагатай холбоотой үндэслэлгүй, худал мэдээллийг хийж байна.

22 архи, дарсны үйлдвэр байгаа бөгөөд эдгээр үйлдвэрт наадаг төхөөрөмжийг байршуулна гэж техникийн нөхцөлд заасан байдаг. Уг төхөөрөмж нь маш их өртөгтэй, манай компани дээрх үйлдвэрүүдийг судалж үзээд том үйлдвэр дээр том төхөөрөмж, жижиг үйлдвэр дээр гар аргаар хийдэг төхөөрөмж санал болгосон. Уг үнийг тендерийн үнэндээ оруулсан. Үндэсний үнэт цаас ХХК нь уг үнийг зардалдаа оруулаагүй гэж үзэж байна.

Дээр дурьдсан нөхцөл байдлын талаар болон хуульд заасны дагуу тендер зарласан эсэх, тендер шалгаруулалт хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэх талаар захиалагч болон төрийн захиргааны төв байгууллагад удаа дараа гомдол, тайлбар гаргах зэргээр хандсан боловч тодорхой үндэслэлтэй хариу өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Техникийн тодорхойлолтын 3.1.4-т кодчилол тавигдах ёстой. Эх орны үйлдвэрийн архи дарсны онцгой албан татварын тэмдэгт давтагдашгүй дугаартай мэдээлэл авах кодтой байна гэж заасан. Манай 2 компани ч QR код тэмдэг дээрээ тавиад үүнийг ухаалаг утсаар уншаад интернетээр серверийн мэдээлэл аваад зөв хариуг нь гаргах ёстой систем юм. Гэтэл Үндэсний үнэт цаас компани кодыг шифрлэлт хийгээгүй. Зүгээр код тавиад түүнийг нь дэлгүүрийн машин уншиж үнэ гаргаж ирдэг юм хийсэн. Манай компани үүнийг шифрлэсэн. Үүнийг уншихаар үсэг тоо нийлсэн код гарч ирээд серверт явуулахаар мөн бишийг нь ялгаад гаргаад ирнэ. Цаасан дээр цавуутай болон цавуугүй өлзий хээтэй цаас байна гэж заасан. Тэгсэн мөртлөө цавуугүй нь байгаа ч цавуутай нь хуучин хэвлэж байсан цаасан дээрээ хэвлэсэн. Энэ нь маш их мөнгө хэмнэж, ямар ч шинэчлэлт явагдахгүй. Манай дээр илүү зүйл маш их байсан ч тендерийн холбоо огт ойлгоогүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах: 27 дугаар зүйлийн 27.4-т маш тодорхой заасан байгаа. Энэ шаардлагаа Тендерийн хороо биелүүлээгүй. Бүрэлдэхүүний шүүгчийн асуултанд хариуцагч талаас зөрүүтэй тайлбар өгч байна. Тендер шалгаруулалтыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хугацаанд аль ч талд хохирол учрахгүй. Яагаад гэвэл иж бүрдэл 2 багц тендерийн нэгийг Үндэсний үнэт цаас ХХК нөгөөг нь Мөнхийн үсэг ХХК хэвлэж байгаа. Шүүхээр шийдсэний дараа ялагч нь тодорхой болоход гэрээ байгуулаад үнэн зөвөөр хэвлээд явахад нэг компаний хувьд энэ дээр маргаад байх асуудал байхгүй байх. Хэд хэдэн удаа тендер зарласан гэж байна. Монгол улсанд энэ талаарх тендер 3 удаа болж байгаа. 2009 оны тендерт 1 дүгээр багцад Мөнхийн үсэг ХХК 2 дугаар багцад Үндэсний үнэт цаас ХХК шалгараад 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хуучин загвараар хэвлэсэн. 2011 онд зарлагдсан тендерийн хувьд нэхэмжлэгч шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч болох Татварын Ерөнхий газар өөрөө хүлээн зөвшөөрсөн. Одоо бид удаа дараа биш 2 дах удаа маргаж байна. Хуулийн дагуу зохион байгуулагдаагүй учраас Мөнхийн үсэг групп компаний эрх ашиг хөндөгдөөд байна. Зөвхөн үнийн саналыг үндэслэсэн. Тендерийн шаардлагад нийцсэн эсэх дээр дүгнэлт өгөөгүй тэнцсэн гээд шийдвэрлэсэн. Үнэлгээний хорооны хуралд оролцсон байдал нь хурлын протокол дээрээс харагдана. Мөнхзул гэх хүн хуралд оролцсон гэх боловч гарын үсэг зураагүй. Бид Үндэсний үнэт цаас ХХК тендерийн шаардлага хангаагүй байсан гэж маргаж байгаа. Энэ тоног төхөөрөмжийг энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдаад нийлүүлэх байх гэж тайлбар өгч байна. Тендер шалгаруулалт шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тохиолдолд тус 2 компани хуучин загвараар тамхиа Үндэсний үнэт цаас ХХК архиа Үндэсний үнэт цаас ХХК хэвлэнэ. Наах тоног төхөөрөм, иж бүрдэл хяналтын систем бүхий программ хангамж, цаасны байдал, нууц бүхий кодчлол байхгүй байхад шаардлага хангасан гэж байгаа хууль бус болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газраас онцгой албан татварын тэмдгийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд бүрэн нийцүүлж явуулсан.

Татварын ерөнхий газраас тендерийн техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа онцгой албан татварын тэмдгийн нууцлалыг сайжруулах, орчин үеийн нууцлалын технологуудыг нэвтрүүлэх, тэмдгийн бүртгэл, ашиглалт, зарцуулалтад бүрэн хяналт тавих систем, программ хангамжийг бий болгосны үр дүнд хуурамч тэмдгийг ашиглахгүй болгох, онцгой албан татврын тэмдгийн бүртгэл, зарцуулалтыг Татварын албанаас шууд хянах чиглэлийг баримталсан.

Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан. Энэхүү тендерийн материалыг 4 компани авч, тендерт Мөнхийн үсэг групп ХХК, Үндэсний үнэт цаас ХХК-иуд оролцож, материалаа ирүүлснийг Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо архи, дарсны тэмдгийн багц болон тамхины тэмдгийн багц тус тус 2 багцад үнэлгээ хийхэд тендерт оролцогчид тендерийн бүх шаардлагыг хангасан. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасныг үндэслэн хамгийн бага харьцуулах үнийн саналаар Үндэсний үнэт цаас ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргасан бөгөөд энэ тухай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2а/2785 тоот албан бичгээр Үндэсний үнэт цаас ХХК тендерт шалгарсан болохыг, мөн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2а/2786 тоот албан бичгээр Мөнхийн үсэг групп ХХК-д тендерт шалгараагүй болохыг тус тус мэдэгдсэн.

Мөнхийн үсэг групп ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/5583 тоот албан бичгээр гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлэх, холбогдох материалыг Сангийн яаманд ирүүлэх тухай мэдэгдсэн. Үнэлгээний хороо холбогдох бүх бичиг баримтыг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2а/2864 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/898 тоот албан бичгээр дээрх тендерийн материалыг хянан үзэж, дахин үнэлгээ хийх чиглэлийг ирүүлсэн. Үүний дагуу Үнэлгээний хороо Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 дугаар тендерийн шаардлагууд болон техникийн тодорхойлолтын шалгуур тус бүрээр үнэлгээг дахин нарийвчлан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээ хийхэд тендерт оролцогч 2 компанийн тендерийн материал шаардлага хангасан тул өмнөх шийдвэрээ хэвээр үлдээх шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлсэн. Энэ талаар Мөнхийн үсэг групп ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2а/3100 тоот албан бичгээр тендерт шалгараагүй тухай болон тендерт шалгараагүй үндэслэлийн хамт хүргүүлсэн. Мөн Үндэсний үнэт цаас ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2а/3099 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацаанд гэрээ байгуулахыг дахин мэдэгдэж, ТЕГ-ТШ-2014/04-SP14058, ТЕГ-ТШ-2014/04-SP14049 дугаар гэрээг байгуулаад байна.

Захиалагч болон үнэлгээний хороо тендерийн үнийг тогтоох эрхгүй бөгөөд үнийг тендерт материалаа ирүүлж байгаа компани ирүүлдэг учраас тухайн компани хариуцлагаа хүлээгээд явна.

Үндэсний үнэт цаас ХХК-ийн санал болгосон тэмдгийн загвар Мөнхийн үсэг групп ХХК-ийн санал болгосон тэмдгийн загвараас орчин үеийн мөнгөн дэвсгэртүүдийн гол нууцлал болох тусгай OVI будаг ашиглах, бар кодын шинэ системийг бий болгосон, голограмм нь нано технологиор хийгдсэн, ухаалаг гар утсаар шалгах боломжтой, дан оффсет хэвлэлийн аргаар бус оффсет хэвлэлээс гадна торгон хэвлэл, өндөр хэвлэл, дижитал хэвлэлийн аргуудыг хавсаргасан зэрэг хэд хэдэн давуу талтай байсан.

Сангийн яамнаас 2009 онд зохион байгуулсан ТШ01/2009 тендерийн гэрээний хугацаа дуусч Онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлэх тендерийг 2011 оны 06 дугаар сарын 29, 2011 оны 12 дугаар сарын 07, 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус 3 удаа зарлаж, 1 удаад Адмон ХХК, 2 удаад нь Мөнхийн үсэг групп ХХК-ийн гомдол нэхэмжлэхээр хүчингүй болгож байсан.

Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй согтууруулах ундаа, тамхинд 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл 4 жил 8 сар онцгой албан татварын 2009 оны загвартай тэмдэг нийлүүлэн наалгаж ирснээр Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих ажиллагаа цаг үеэ даган шинэчлэгдэж чадахгүй, татвар төлөгчийн үйл ажиллагаанаас хоцрогдсон зэрэг нь онцгой албан татварын хяналтын тогтолцоог алдагдуулж байна.

Бид Монгол Улсын ард, иргэдийн нийтийн ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах, улсын төсвийг бүрдүүлэх, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч импортлогчдод хяналт тавих зорилгоор онцгой албан татварын тэмдгийг хэвлүүлэн, согтууруулах ундаа, тамхинд нааж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэхэд үйлдвэрлэгч, импортлогч худалдаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавихаар ажиллаж байна. Иймд Мөнхийн үсэг групп ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны дарга А.Энхболд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсранжав нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо онцгой албан татварын тэмдгийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн явуулсан гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан. Энэхүү тендерийн материалыг 4 компани авч, тендерт Мөнхийн үсэг групп ХХК, Үндэсний үнэт цаас ХХК-иуд оролцож, материалаа ирүүлснийг Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо архи, дарсны тэмдгийн багц болон тамхины тэмдгийг тус тус 2 багцад үнэлгээ хийхэд тендерт оролцогчид тендерийн бүх шаардлагыг хангасан. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасныг үндэслэн хамгийн бага харьцуулах үнийн саналаар Үндэсний үнэт цаас ХХК-г шалгаруулж, захиалагчид зөвлөмжийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн.

Мөнхийн үсэг групп ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/5583 тоот албан бичгээр гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлэх, холбогдох материалыг Сангийн яаманд ирүүлэх тухай мэдэгдсэн. Үнэлгээний хороо тендерийн холбогдох бүх бичиг баримтыг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2а/2864 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/898 тоот албан бичгээр дээрх тендерийн материалыг хянан үзэж, дахин үнэлгээ хийх чиглэлийг ирүүлсэн. Үүний дагуу Үнэлгээний хороо Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 дугаар тендерийн шаардлагууд болон техникийн тодорхойлолтын шалгуур тус бүрээр үнэлгээг дахин нарийвчлан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээ хийхэд тендерт оролцогч 2 компанийн тендерийн материал шаардлага хангасан тул өмнөх шийдвэрээ хэвээр үлдээх шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлсэн. Үүний дагуу Мөнхийн үсэг групп ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2а/3100 тоот албан бичгээр тендерт шалгараагүй тухай болон тендерт шалгараагүй үндэслэлийн хамт хүргүүлсэн. Мөн Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газраас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5/6313 тоот албан бичгээр дахин үнэлгээ хийсэн тендерийн материалыг хянан шалгахад захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн.

Үндэсний үнэт цаас ХХК болон Мөнхийн үсэг групп ХХК-иуд нь онцгой албан татварын тэмдгийг олон жил үйлдвэрлэсэн. Тендер шалгаруулалтыг 2 удаа явуулахад хоёулаа шаардлагад нийцэж байсан, гагцхүү үнийн хувьд ялгаатай байсан.

Үндэсний үнэт цаас ХХК-ийн санал болгосон тэмдгийн загвар Мөнхийн үсэг групп ХХК-ийн санал болгосон тэмдгийн загвараас орчин үеийн мөнгөн дэвсгэртүүдийн гол нууцлал болох тусгай OVI будаг ашиглах, бар кодын шинэ системийг бий болгосон, голограмм нь нано технологиор хийгдсэн, ухаалаг гар утсаар шалгах боломжтой, дан оффсет хэвлэлийн аргаар бус оффсет хэвлэлээс гадна торгон хэвлэл, өндөр хэвлэл, дижитал хэвлэлийн аргуудыг хавсаргасан зэрэг хэд хэдэн давуу талтай байсан.

Иймд Мөнхийн үсэг групп ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Үндэсний үнэт цаас ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түмэнжаргал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Шинэтуяа, Д.Баттулга нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний үнэт цаас ХХК нь Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан ТЕГ-ТШ-2014/04 дугаар тендерт шалгарч гэрээ байгуулсан бөгөөд уг шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Үндэсний үнэт цаас ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...2009 онд зарласан тендерийн дагуу энгийн оффсет хэвлэлийн аргаар онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлж байгаа тохиолдолд дахин давтагдах нөхцөл байдал үүсээд байгаа төдийгүй онцгой албан татварын тэмдгийн талаарх төрийн бодлого хэрэгжих боломжгүй гэжээ. Гэтэл Үндэсний үнэт цаас ХХК нь 1996 онд үнэт цаасны хэвлэлийн үйл ажиллагаа явуулахаар дэлхийд хамгаалалттай хэвлэлийн технологиор тэргүүлэгч Англи улсын Де Ла Руе компанитай хамтран байгуулагдаж байсан Монгол Улсын анхны үнэт цаасны иж бүрэн үйлдвэр. Манай компани нь Англи улсад дадлагажсан хэвлэгч, дизайнер, шалгагч дэвтэрлэгч зэрэг мэргэжлийн чадварлаг туршлагатай ажиллагсадтай, хэвлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх ХНБГУ-ын Хейделберг компанийн өндөр хүчин чадалтай оффсет хэвлэлийн SM74, SORMZ, GTO машинтайгаас гадна өндөр хэвлэлийн халуун аргаар холограмм дарах том болон жижиг форматын Хейделбергийн Платен болон Цилиндер прессийг суурилуулж ажилчдаа сурган үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Ингэснээр халуун даралтын холограммын нууцлалыг ихэнх бүтээгдэхүүндээ нэмсэн.

Мөн манай компанид 2009 оноос шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд дараах технологиудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн. Үүнд: Үнэт цаасны программ хангамжийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч компанийн нэг болох Австрийн Jura компаниас иж бүрэн програм хангамж, тоног төхөөрөмж худалдан авснаар хэвлэлтийн өмнөх дамжлага бүрэн шинэчлэгдэж дэлхийн түвшинд хүрсэн, торгон хэвлэлийн автомат болон хагас автомат хоёр шугамыг суурилуулснаар торгон хэвлэлийн аргыг бусад аргуудтай хослуулан хэрэглэснээр нууцлалын өндөр түвшинд хүрч, соронзон өнгө хувирдаг, тусгай будгийг ашиглах боломжтой. Японы Riso-ийн өндөр хурдны дижитал хэвлэлийн машиныг нэмж, шугаман болон QR бар кодыг хэвлэх, хувьсах мэдээллийг хуудас болгонд өөрөөр хэвлэх зэрэг мэдээллийн технологи, дэвшилтэт аргуудыг нэвтрүүлсэн, мөн АНУ-ын Cronite компаниас Интаглио машин худалдан авч суурилуулснаар ердийн үнэт цаас төдийгүй Монгол Улсад мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх боломж бүрдсэн. Энэхүү хүчин чадлын хүрээнд тендерт тавигдсан техникийн шаардлагын дагуу хэвлэлийн олон төрлийн аргуудыг дамжиж хэвлэгдэх оффсет хэвлэлээс гадна өндөр хэвлэлийн холограм, торгон хэвлэлийн гэрлийн ойлт хугарлаар өнгө солигдож харагдах дүрслэлтэй, давтагдахгүй дугаарлалттай, дижитал хэвлэлийн бар код бүхий онцгой албан татварын тэмдгийг санал болгосон нь хуурамчаар үйлдэх боломжгүйгээс гадна дэлхийн стандартад нийцсэн онцгой албан татварын тэмдэг юм.

Манай компаний 2 багцад өгсөн нэгж үнээр техникийн тодорхойлолтод тусгагдсан систем нэвтрүүлэхэд үйлдвэрлэлийн өөрийн бодит өртгөө нөхөхгүй гэжээ. Гэвч Үндэсний үнэт цаас ХХК нь дээр дурдсанчлан 2009 оноос эхлэн шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, программ хангамжийг шинэчлэн сайжруулж үйлдвэрт нэвтрүүлснээр үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний нэгж өртгийн үнэ буурсан, түүнчлэн 2 багцад санал болгосон үнийг бодит өртгөө нөхөх эсэхийг нэхэмжлэгч үнэлэх, дүгнэх ямар ч боломжгүй юм. Манай компаний үнийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтуудыг зөрчиж хамгийн бага үнэ, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг орхигдуулан өндөр үнэ санал болгосон тендерийг захиалагч Татварын ерөнхий газар сонгон шалгаруулах хууль зүйн үндэслэлгүй.

Зах зээлд адилхан үйл ажиллагаа явуулаад 20 жил болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс манай компанийг санал болгосон үнээр бүтээгдэхүүнийг хийж чадахгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Өөрсдийн хийж чадахгүй гэх хардлагаар бичсэн, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Манай компаний зүгээс тендерийг амжилттай хийх туршлагатай гэж үзэж байна.

Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2014/04 тоот тендерийн техникийн тодорхойлолтод тусгагдсан орчин үеийн нууцлалын технологиудыг нэвтрүүлсэн, тэмдгийн бүртгэл, ашиглалт зарцуулалтад бүрэн хяналт тавих, хуурамч тэмдгийг ашиглах боломжгүй болгох зорилгод нийцсэн онцгой албан татварын тэмдгийг худалдан авах нь захиалагч Татварын ерөнхий газрын үүрэг юм. Харин энэхүү үүрэгт нийцсэн онцгой албан татварын тэмдгийг нийлүүлэхэд захиалагч Татварын ерөнхий газар аль болох боломжит бага үнийг санал болгон хамгийн хямд үнээрээ шалгарч, нийлүүлэх эрх авахаар оролцох нь нийлүүлэгч компаниудын зорилго юм. Ийм ч учраас захиалагч нь манай компанийг 2014/04 тоот тендерт хамгийн бага үнэ, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан гэж үзэж байна.

Манай компанийн санал болгосон тэмдгийн загвар нь тендерийн тодорхойлолтод бүрэн нийцсэн дээд зэргийн нууцлалтай, орчин үеийн мөнгөн дэвсгэртүүдийн гол нууцлал болох тусгай OVI будаг ашиглах, бар кодын шинэ системийг бий болгосон, тэмдэг бүр нь давтагдахгүй дугаартай, тусгай мэдээлэл агуулсан программ хангамж, ухаалаг утсаар шалгах боломжтой төдийгүй торгон хэвлэл, өндөр хэвлэл, дижитал хэвлэлийн аргуудыг хэрэглэхээр бэлтгэл ажлаа дуусгаад байна.

Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерт шалгарч гэрээ байгуулснаар тусгай зориулалтын цаас, будаг, тоног төхөөрөмж худалдан авахад таван зуу орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Татварын ерөнхий газраас онцгой албан татварын загварыг баталсны дагуу гэрээг дахин байгуулж, ирүүлсэн загварын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс онцгой албан татварын тэмдгийг хэвлэж эхэлсэн.

Иймд Мөнхийн үсэг групп ХХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3, 28.7.3, 28.7.4-т зааснаар шаардлага хангасан тендер байсан. Хамгийн өндөр үнийг санад болгосон компанийг сонгох эрх зүйн орчин байхгүй. Өмнөх шүүх шийдэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Ямар цаасыг хаанаас авч байгаа гэдгийг мэргэжлийн байгууллага мэдэж байгаа. Энэ цаас өнөөдөр мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх боломжтой цаас юм. Ийм цаас байна гэдгийг нэхэмжлэгч тал сайн мэдэж бйах ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд тэдгээрийн итгэмждэгдсэн төлөөлөчгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлээгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Мөнхийн үсэг групп ХХК нь тус шүүхэд Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн имтгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тендерт шалгарах компаниудын хувьд үнийн асуудал эхэлж яригдахгүй Үндэсний үнэт цаас ХХК-нь тавигдах шаардлагад заагдсан техникийн тодорхойлолт болон Тендерийн тухай хуульд заасан ерөнхий шаардлагад хамааралтай хэд хэдэн шаардлагыг хангаагүй байсан байна. Өнөөдөр Үндэсний үнэт цаас ХХК архи, тамхи, дарсны онцгой албан татварыг хэвлэж байгаа боловч нэхэмжлэгч талаас цуглуулсан нотлох баримтаас авч үзхэд архи дарс үйлдвэрлэдэг компани дээрээ онцгой албан татварын тэмдэг наах тоног төхөөрөмжийг суурилуулаагүй. Мөн тендерт шалгарсан компанийг зориулалтын дагуу хэвлэж байгаа эсэхийг хянаж байх ёстой мэдээллийн программ хангамжийн асуудал огт байхгүй гэж тайлбарлажээ.

Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 дугаар тендерт Мөнхийн үсэг групп ХХК, Үндэсний үнэт цаас ХХК-иуд материалаа ирүүлж оролцсон байх бөгөөд тендерийн Үнэлгээний хороо 2014 оны 10 дугаар 06-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжөөр Архи, дарсны онцгой албан татварын тэмдгийг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх 1 дүгээр багц, тамхины онцгой албан татварын тэмдгийг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх 2 дугаар багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр Үндэсний үнэт цаас ХХК-г шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон байна.

Хариуцагч Үнэлгээний хороо нь дээрх тендерийг шалгаруулахдаа техникийн тодорхойлолтод заагдсны дагуу Мөнхийн үсэг ХХК болон Үндэсний үнэт цаас ХХК-ыг хооронд нь 33 шаардлагаар харьцуулан шалгаж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасаны дагуу тендерт оролцогч Мөнхий үсэг групп ХХК, Үндэсний үнэт цаас ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, тендерт үнэлгээ хийж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан Шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үндсэн шалгуур болох тендерийн үнэ-ийг харгалзан Мөнхийн үсэг групп ХХК-иас /2 багцад/ 3.088.800.000 төгрөгийн бага үнийн санал гаргасан Үндэсний үнэт цаас ХХК-ийг шалгаруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь энэхүү тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ, 28.7.3-т бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай нийцжээ.

Хариуцагч Үнэлгээний хорооноос дээрх 2 компаний ирүүлсэн тендерийг хуульд заасан захиалагчаас тогтоосон чадавхийн шаардлага, мөн техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагыг нэгэн зэрэг хангасан гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан Үндэсний үнэт цаас ХХК-ийг техникийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх үүрэгтэй байх бөгөөд хуульд заасан үүргийнхээ дагуу шаардлагад нийцсэн энэхүү 2 тендерийг харьцуулан үнэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн ...үйлдвэрлэлийн өөрийн бодит өртгөө ч нөхөхгүй, хэрэгжих боломжгүй үнийн саналыг захиалагч хамгийн сайн тендер гэж үзсэн ....техникийн үзүүлэлт, хүчин чадал хүрэлцэхгүй, архи дарс үйлдвэрлдэг компани дээрээ онцгой албан татварын тэмдэг наах тоног төхөөрөмжийг суурилуулаагүй, мэдээллийн программ хангамжийн асуудал огт байхгүй..... гэх үндэслэл, тайлбар нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас гэрээний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй мэт тайлбарладаг бөгөөд уг гэрээг үнэлэх дүгнэх үүрэг нь тендерийн хороонд болон тендер сонгон шалгаруулалтад огт хамааралгүй юм.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байх тул энэхүү тендер шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг баримтлан Мөнхийн үсэг групп ХХК-ийн Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх,иж бүрдэл хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандахын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧИД Б.АДЪЯАСҮРЭН

Д.ЧАНЦАЛНЯМ