Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 0710

 

                                            Б.Б, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б, Баянхонгор аймгийн

                                    Жаргалант сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

                                              сумын Засаг дарга нарын нэхэмжлэлтэй

                                                           захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, Н.Б, өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээд “М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2017/ШШ2017/0448 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, “М А/” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0448 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2, 49 дүгээр зүйлийн 49.10, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Б.Б, Х.Э, Д.Б, Н.М, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон MY-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэр, MY-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нар нь анх 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “О” ХХК-ийн MY-015651 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, улмаар захиргааны хэрэг үүссэн байдаг. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон MY-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр биш, өөрчилснөөр 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэрт шинээр маргаж эхэлж байгаа юм. Захиргааны ерөнхий хууль болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэрт хийгдээгүй, үүнтэй холбоотой нэхэмжлэлийг хүлээн авах ёсгүй байсан нь үүнээс харагддаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0760 магадлалд ч энэ талаар дүгнэж, үүнийг шалгаж тодруулах шаардлагатай гэж үзсэн байдаг.

Мөн MY-015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бусад тооцуулах гэдэг шаардлага нь ч өөрөө үндэслэлгүй. Учир нь MY-015651 тоот тусгай зөвшөөрөл нь захиргааны акт биш. Захиргааны акт нь уг тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн тушаал, шийдвэр болно. Захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гэж байхаас ямар нэгэн тусгай зөвшөөрлийн илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гэж байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ үндсэн буюу хэрэг анх үүсгэсэн үндэслэл, шаардлагаас огт өөрөөр өөрчлөөд түүн дээрээ хуучин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлүүлэх ёстой, нэгэнт хэрэг үүсчихсэн бол яаж ч нэхэмжлэлээ өөрчилж болно гэж үзэх нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл санаатай харшилна. Эндээс харахад шүүхээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авахаас татгалзах байсан.

“Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн /1998/ 3.1.1, 4.1, 5.4.8 дахь заалтуудыг харвал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь иргэдийн эрхээ хамгаалуулах үндсэн баримт бичиг мөн” гэсэн дүгнэлт хийж байгаа нь маргааны зүйлтэй холбоогүй гэж үзэхэд хүргэж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давуу эрхийнхээ дагуу уг зөвшөөрлөө ашиглалтынх болгоход Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай эсэх дээр л гол нь маргаж байгаа. Анхан шатны шүүхийн дурдсан 1998 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.4.8 нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэд, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал тусгах ёстой гэсэн заалтууд байгаа юм. Эдгээр зүйл заалтууд дурдаж, дүгнэлт хийснээрээ чухам маргааны аль асуудлыг шийдэж, тодорхойлж байгаа нь ойлгомжгүй.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль нь 2009 оны 7 сарын 16-ны өдөр батлагдсан хэдий ч энэ хуулийн хүрээ хязгаарт ямар талбай орохыг, хилийн заагийн солбицлыг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу Засгийн газар тогтооно гэж маш тодорхой заасан. Энэ дагуу 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 174 дүгээр тогтоол гарч, анх удаа дээрх хуулийн хүрээ хязгаарт орох талбайн хилийн зааг тодорхой болсон.

Тэгэхээр геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 930 тоот шийдвэр нь урт нэртэй хууль зөрчиж гарсан байх ямар ч боломжгүй юм. Засгийн газраас тусгай баг, ажлын хэсэг гарган, тооцоо судалгаа, газар дээрх хэмжилтийг нь хийж, шав тэмдэг тавьж, нэгдсэн бүртгэл системд оруулан баталгаажуулдаг солбицол, хилийн зааг, хүрээ хязгаарыг шүүх өөрийн үзэмжээр тогтоож, 2010 онд энэ талбай нь урт нэртэй хуульд орсон байсан гэж үзсэн нь хариуцлагагүй явдал болжээ. Энэ логикоор бол 2009 оноос хойш ямар ч тусгай зөвшөөрөл Монгол Улсын хэмжээнд олгогдох ёсгүй байж. Нэмж тодруулахад урт нэртэй хууль зөрчсөн тул 2010 оны Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 930 дугаар шийдвэр илт хууль бус гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Маргаан бүхий акт буюу хариуцагчийн 2010 оны 930 дугаар шийдвэр гарах үед Байгаль орчны үнэлгээний тухай 1998 оны хууль үйлчилж байсан. Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ гэсэн 2 үнэлгээ байгаа. Хариуцагч болоод гуравдагч этгээдүүдийн зүгээс ерөнхий үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрлийн өмнө зөөвөл хийлгэнэ, нарийвчилсан үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа хийлгэнэ гэж үзэж байгаа. 1998 оны Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 4.2-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна” гэж заасан. Эндээс чухам аль үнэлгээг нь лиценз авахын өмнө хийсэн байхыг тодорхой хуульчилсныг харж болох ба хуулийн заалтыг шууд утгаар ойлгоно.

Анхан шатны шүүхийн дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалт нь өөрөө “Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг” юм. Анхан шатны шүүхийн логикоор бол “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших ёсгүй байсан” гэхээр байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.6-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ батлагддаг болох нь мөн харагдана.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр “М А” ХХК орж ирж, улмаар “М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн маргаанд нарийвчилсан үнэлгээ байгааг хэлж, улмаар Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхээс үнэлгээг нотлох баримтаар авуулсан болно. Уг нарийвчилсан үнэлгээ нь гуравдагч этгээдүүдийн захиалгаар хийгдэж, үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баталсан бөгөөд хавтаст хэрэг дэх баримтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч Д.Энхбат, Б.Саран нар баталж, тус яамны тамга тэмдэг дарагдсан байгаа нь тодорхой харагдана. Мөн энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Х.Буянтүмэнгийн нэхэмжлэгч нарын нэг болох Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гантөмөрт явуулсан өргөдөл, гомдлын талаар явуулсан ажиллагааны үндсэн дээр өгсөн мэдэгдэлд нарийвчилсан үнэлгээ хийгдсэн байгаа, архивлаагүй байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох хүмүүсийн хариуцлагагүй байдалтай холбоотой байгаа талаар ч дурджээ.

Анхан шатны шүүх 2010 оны 930 дугаар шийдвэр илт хууль бус болохыг нэгтгэн дүгнэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 26.3.2. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн. 4.1, 4.5 дахь хэсгийг зөрчсөн тул илт хууль бус гэсэн байх бөгөөд хариуцагч эдгээр заалтуудаас алийг нь ч зөрчөөгүй. Ашигт малтмалын тухай хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлсэн болно.

2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 294 дүгээр шийдвэрийг илт хууль бус гэж үзсэн үндэслэлийн тухайд юун түрүүнд шүүх ямар ч боломжгүй зүйлийг хүчээр, худлаа дүгнэсэн нь тодорхой харагдана. Цаг хугацааны хувьд шүүхийн дурдсан Засгийн газрын 194 дүгээр тогтоол 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гарсан байна. Харин энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг Засгийн газрын тухайн үед гараагүй байсан тогтоолуудыг хэрэгжүүлэх гэж гаргасан байна гэж дүгнэжээ. Нөгөө талаас “Алт олборлолтын үйл ажиллагааг зогсоох тухай”, “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” эдгээр тогтоолууд нь үйл ажиллагаа явуулахгүй байх талаар гаргасан актууд бөгөөд тусгай зөвшөөрөл хүчингүй болох, илт хууль бус болохтой ямар ч хамааралгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг хэрхэн шилжүүлэх талаар дурдсан бөгөөд энд орон нутгаас зөвшөөрөл авах, иргэдээс зөвшөөрөл авах талаарх хуулийн шаардлага огт байхгүй. Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасныг үндэслэн шилжүүлэх ба энэ дагуу шилжүүлсэн. Ямар учраас илт хууль бус гэж байгаа нь үнэхээр ойлгомжгүй. Урт нэртэй хуультай холбоотойгоор хил заагт нь байгаа, хэсэгчлэн давхцал байгаа гэх асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-аар шийдэгдэх буюу давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасах байдлаар зохицуулагдана. Мөн шүүхийн шийдвэрт дурдагдсан Засгийн газрын 289 дүгээр тогтоол нь 2015 оны 7 дугаар сард буюу 294 дүгээр шийдвэр гарсны дараа батлагдсан байдаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоогүй маш олон асуудлыг энд тэндээс хамж нэгтгэн, хүчээр нэхэмжлэлийн шаардлагатай нь уяж холбож, алдаатай буруу дүгнэлтүүдийг хийж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-ийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн анхан шатны шүүх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 930 дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй” байхад гаргасан акт тул илт хууль бус гэж үзсэн байна. Энэ нь алдаатай ойлголт бөгөөд энэхүү заалтыг сөрөг нөлөөлөл бүхий актын тохиолдолд хэрэглэхээс биш тодорхой компанийн өөрийнх нь хүсэлтээр тусгай зөвшөөрөл олгосон захиргааны актад хэрэглэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл 930 дугаар шийдвэр гарснаар “М А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр халдсан асуудал байхгүй.

Онолын хувьд захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь тухайн актыг гаргах эрх хэмжээ тухайн албан тушаалтанд хуулиар олгогдоогүй байхыг ойлгох бөгөөд энэхүү маргааны хувьд Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга нь өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд 930 дугаар шийдвэрийг гаргасан болно” гэв.

Гуравдагч этгээд “М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж давж заалдах гомдолдоо: “...Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нар зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо “нутгийн иргэдийн эрхгэж тодорхойлсон ба нутгийн иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх итгэмжлэлээр олгогдоогүй байна. Мөн тэдэнд Ашигт малтмалын тухай хуулийн  дагуу олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрх хуулиар тусгайлан олгогдоогүй. Гэтэл анхан шатны шүүхээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй мэт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэдийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч захиргааны актын улмаас тэдний ямар хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх нь чухал.

Нэхэмжлэгч нарын Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд хариуцагчаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаснаар халдаж буй явдал биш байтал шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах эрхтэй гэсэнд халдсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгоход орон нутгийн саналыг авч, улмаар тус талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад хуульд заасан онцгой эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогддог. Өмнө үйлчилж байсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж буй нь уг төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрч буй агуулга, нөгөө талаас аливаа төсөл байгаль орчинд ямар нэг байдлаар нөлөөлөл учруулдаг тул хор хохирлыг багасгах арга замыг нарийвчилсан үнэлгээний дүгнэлтээр гарган тавихыг шаарддаг.

Нэхэмжлэгч Ю.Бизьяа нэхэмжлэлдээ хөндөгдөж буй эрх, ашиг сонирхлоо газар эзэмших эрх гэж тодорхойлоогүй, мөн түүнчлэн тусгай зөвшөөрлийн талбай болон эзэмшил газрууд давхцалтай эсэх нь тодорхойгүй байхад шүүх өөрийн санаачилгаар хаваржааны газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх баримт нотолгоогүй дүгнэлт хийжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.7-д заасны дагуу 2010 онд MY-015651 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон гэдгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон нутгийн иргэд бүрэн мэдэж байсан. Тодруулбал энэ нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, болон иргэдийн Нийтийн Хурлын захирамж, тогтоолуудаас тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээргүй байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Үүнд:

  1. Нэхэмжлэгч нар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж байсан.
  2. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010.08.31-ний 930 дугаартай шийдвэр гарах үед 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байсан тул 2016 оноос дагаж мөрдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх ёсгүй байсан.
  3. Шинэ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны үйл ажиллагааны хэлбэр болон нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс хамааран тодорхой тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар заасан. Гэвч хэрэглэх ёстой хууль буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны үйл ажиллагааны хэлбэр болон нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс хөөн хэлэлцэх хугацаа хамаардаггүй.

Түүнчлэн шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхдээ “... эрх зүйн үндэслэлгүй хууль бус акт гаргасан. Улмаар дараа дараагийн эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт гаргах үндэс суурийг тавьсанд нэхэмжлэгч нарын зүгээс өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах нь шударга ёсонд нийцэхгүй...” гэжээ. Энэхүү дүгнэлтээс үзвэл хуулийн тодорхой заалтыг хэрэглэхгүй гэсэн тайлбар гэж ойлгогдож байна. Зүй нь бол шударга ёс тогтоох, нийтийн дэг журам, нийтийн ашиг сонирхлын төлөө хууль баталж, хэрэгжүүлж, мөрдүүлж байгаа атал шүүгчээс хуулийг хэрэглэх нь шударга ёсонд нийцэхгүй гэж ойлгогдож байна.

Нэхэмжлэгч нарын хувьд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн боловч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.3-д ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох газрын хилийг Засгийн газраас тогтоохоор заасан. 2010 онд манай компанид MY-015651 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үед Засгийн газраас ашигт малтмал хайх, ашиглах газрын хилийг тогтоогоогүй байсан ба бүр сүүлд Засгийн газраас ашигт малтмал хайх, ашиглахыг 2012 оны 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглах газрын хилийн солбицлоор тогтоосон.

Манай компани Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт 4352Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж ихээхэн хэмжээний эрэл, хайгуулын ажил гүйцэтгэн нөөцийг батлуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан шийдвэрлэхээр заасан. Иймээс Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн гэх дүгнэлт нь үндэслэлгүй төдийгүй, хариуцагчийг Засгийн газрын тогтоол гарах хүртэл тусгай зөвшөөрөл олгохгүйгээр түдгэлзүүлэх, хүлээх ёстой байсан, яаравчлан олгосон гэж буруутгах боломжгүй юм.

Мандалын голын адаг нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг “Тулга трейд” ХХК-аар хийлгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж ажилласан байдаг. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтын зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч бичиг баримтын хувьд зөрчилгүй. Ашигт малтмалын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулсан байх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид ногдуулаагүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьсан, зөрүүтэй дүгнэлт хийжээ.

“Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг дахь Мандал, Тэвшийн алтны шороон ордоос олборлолт явуулах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”-г зохих журам буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвлөл хурлаар хэлэлцэж батлан эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэргийн материалд авагдсан. Тус нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй эсхүл холбогдох журмын дагуу батлуулаагүй гэдгийг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс нарийвчилсан үнэлгээний тайланг холбогдох журмын хүрээнд батлуулаагүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэснийг зөрчсөн.

Анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг үндэслэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа. Хариуцагч байгууллага ирээдүйд гарах хуулийн шаардлагыг урьдчилан мэдэх, түүнд нийцүүлэх боломжгүй юм.

Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9 дэх заалтыг хэрэглэсэн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн  24, 25, 26 дугаар зүйлүүд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн талбайдаа онцгой эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах, түүнийг нь хариуцагчаас шийдвэрлэх талаар маш тодорхой заасан. Иймд шүүх захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэснийг үндэслэл болгосон нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэл болж байна.

Шүүх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт хийгдээгүй, холбогдох хууль журмын хүрээнд батлуулаагүй болох нь тогтоогдож байна гэсэн дүгнэлтийг эрүүгийн хууль тогтоомжийн журмаар авагдсан этгээдүүдийн мэдүүлэгт үндэслэн Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 31, 32, 34, 37 дахь зүйлүүдтэй зөрчилдөж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1.6, 49 дүгээр зүйлийн 49.3-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж болох талаар заасан ба тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн өргөдөл гаргасныг хариуцагч хянан тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх үед тус тусгай зөвшөөрөлтэй холбоотой шүүхийн ямар нэгэн маргаан шийдвэрлэгдэж байсан зүйл байхгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 49.10 дахь заалтыг зөрчсөн зүйл гэсэн нь үндэслэлгүй.

Шүүхээс 1998 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6.3 дахь хэсэгт заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх гэснийг зөрчсөн гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт өгч, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үед хилийн заагийг тогтоосон Засгийн газрын тогтоол гарсан байсан эсэх, Засгийн газраас тогтоосон хилийн заагт хамаарсан эсэхийг тодруулаагүй тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

“М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч нар “М А” ХХК-д 2010 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэдгийг мэдсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ...Нэхэмжлэгч нарын хувьд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн боловч 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй байна...”, “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц давж заалдах гомдолдоо “...Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ үндсэн буюу хэрэг анх үүсгэсэн үндэслэл, шаардлагаас огт өөрөөр өөрчлөөд түүн дээрээ хуучин урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх ёстой, нэгэнт хэрэг үүсчихсэн бол яаж ч нэхэмжлэлээ өөрчилж болно гэж үзэж байгаа нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл санаатай харшилсан...” гэж дурджээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9465 дугаар захирамжаар “...Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргаж зохих хариу авсан эсэх талаарх баримт ирүүлээгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй” хэмээн үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д заасны дагуу ““М А” ХХК-иас “О” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 294 дүгээр шийдвэрээр шилжүүлснийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газрын дарга, тус газрын Кадастрын хэлтсийн даргад гомдол гаргасан ба Ашигт малтмалын газрын дарга уг өргөдлийг судлан хариу өгөхийг хариуцагчид даалгасан бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/8921 дүгээр албан бичгээр хариу өгсөн талаарх баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсний дагуу тус захиргааны хэргийг үүсгэжээ.

Нэхэмжлэл болон холбогдох баримтаас үзэхэд “О” ХХК-д 2015 оны 4 дүгээр сард тусгай зөвшөөрөл шилжүүлснийг тухайн талбай дээр үйл ажиллагаа явуулж эхэлснээр нэхэмжлэгч нар мэдсэн байх бөгөөд 294 дүгээр шийдвэрийг хариуцагч нь нэхэмжлэгч болох иргэд болон Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт мэдэгдээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-д заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсаны дараа хуулийн хугацаанд нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ““М А” ХХК-д холбогдох Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон MY-015651 дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах”, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр олгогдсон MV-020624 дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлжээ.

Энэ хэргийн хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар өгч байгаа тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн үйл баримттай холбоотой нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд “урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой” гэж үзэхгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандалын голын адаг” нэртэй 1130.73 га уурхайн эдэлбэр газарт MY-015651 дүгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “М А” ХХК-нд олгосон бөгөөд мөн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг “О” ХХК-д шилжүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр “О” ХХК-ийн MV-015651 дүгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон 1130.73 гектар талбайгаас 5.82 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 870.59 гектар талбайг 015651 дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн хавсралтад, 254.32 гектар талбайг MV-020624 дугаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тус тус бичиж тэмдэглэжээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /1998 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж иргэн, аж ахуй нэгж байгууллагын эрхлэх үйлдвэр, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах арилгах арга хэмжээ тогтоохыг”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “...бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана”, 4.6-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг шинжээч ажлын 12 өдөр багтаан хийж дараах дүгнэлт гаргана”, 4.6.1-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх”, 4.6.3-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд байгалийн нөөц ашиглах тохиолдолд урьдчилан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэх бөгөөд шинжээч байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тэрхүү үнэлгээг хийлгэж, баталгаажуулсны дараагаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсарган өгөх ба Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д заасны дагуу өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь шаардлага хангаж байгаа эсэхийг хариуцагч нягтлах үүрэгтэй байна.

 Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор газрын хилийн заагийг тогтоожээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг”, 3.1.3-д “усны сан бүхий газрын хамгаалалтын бүс” гэж Усны тухай хуулийн 31.3-т заасныг”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй”, Усны тухай хууль /2004 он/-ийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж тус тус заасан бөгөөд ашигт малтмалын ашиглалтын MY-015651 дугаар тусгай зөвшөөрлийн хувьд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүсэд хамаарч байгаа болох нь баримтаар нотлогджээ.

Тухайлбал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09/893 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар, лавлагаа, тусгай зөвшөөрлийн талбайн солбилцлыг агаарын зурагтай давхцуулсан зураг зэргээс үзвэл MY-015651, MY-020624 дугаар тусгай зөвшөөрлийн талбайнууд нь Баянхонгор аймгийн нутгаар урсах Байдраг голын эхэнд Мандалын гол, Бөөргийн гол, Цагаан сайрын гол цутгадаг хэсэгтэй давхцалтай байх бөгөөд MY-015651 дугаар талбайн дундуур ертөнцийн зүгээр баруун хойноос урагш чиглэн Мандалын гол дайран урсаж байна. Өөрөөр хэлбэл урсаж буй голыг дамнан тусгай зөвшөөрөл олгосон болох нь илэрхий байна.     

Иймд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдсан, хилийн заагийг 2012 онд тогтоосон тул, 2010 онд тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчөөгүй, шүүх “...тусгай зөвшөөрөл олгохгүйгээр түдгэлзүүлэх, хүлээх ёстой байсан...” гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй” гэх гомдол нь үндэслэлгүй байна.     

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1, 2-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж заасан.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хуулиар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох эрх хэмжээтэй этгээд мөн боловч, төрийн захиргааны байгууллагын хувьд үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэн гаргасан хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй.

Монгол Улс нь газар, газрын хэвлий, түүн дотор усны нөөц, усыг хамгаалж, зохистой хэрэглэж ирсэн бөгөөд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрөх мэтээр ойлгож, хариуцагч 2010 онд гол дээр дамнуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг зөвтгөх үндэсгүй байхын зэрэгцээ Байгаль орчныг хамгаалах тухай хууль зөрчигдөж, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд ноцтой хохирол учирсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн шаардлага энэхүү тохиолдолд хамаарахгүй гэж үзлээ.           

Түүнчлэн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2012 оны 16/02 дугаар “Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор “М А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай хамарсан газрыг тусгай хэрэгцээнд авсныг эс зөвшөөрч “М А” ХХК нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр шийдвэр гарч, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 131 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 122 дугаар тогтоолын дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Үүнээс үзвэл тухайн газар нутаг нь аймгийн тусгай хэрэгцээнд авагдсан газар байх тул 2015, 2016 онуудад тусгай зөвшөөрлийг шилжүүлэн, талбайн зарим хэсгийг буцаан авч, олгох шийдвэрүүдийг хариуцагч гаргаж байгаа нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах түүний баялгийг зохистой ашиглах, биелэлтэд хяналт тавих, 2.4-д сумын Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байна.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нар усны сан бүхий газрын эх ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор, хуулиар хүлээсэн байгаль орчноо хамгаалах үүргээ хэрэгжүүлэн мөн тухайн суманд оршин сууж байгаа иргэд байгалийн тэнцвэр алдагдахаас сэргийлж нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.

Гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-ын “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын хувьд хэрэглэнэ... MY-015651 тоот тусгай зөвшөөрөл нь захиргааны акт биш...”, “М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж-гийн “...2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг үндэслэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна” гэх гомдлуудын тухайд:

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр MY-015651 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг “М А” ХХК-д олгож шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээд “М А” ХХК нь ашигт малтмалын MY-015651 дүгээр тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг явуулж, үр дагавар үүсгэж байгаа тул MY-015651 дугаар тусгай зөвшөөрлийг захиргааны акт биш гэж үзэх боломжгүй юм.

Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно”, 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж тус тус заасан ба захиргааны акт нь эерэг болон сөрөг нөлөөлөл бүхий байх бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж зааснаас үзвэл энэ хуулийн зохицуулалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын хувьд хэрэглэгдэх ёстой гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр олгогдсон” гэдгийг орхигдуулж бичсэн тул түүнийг зөвтгөж, зохих өөрчлөлтийг оруулан, гуравдагч этгээд “М А” ХХК, “О” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0448 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “..020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоосугай” гэснийг  “...“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр олгогдсон MY-020624 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                             ШҮҮГЧ                                                                    Э.ХАЛИУНБАЯР

                            ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

                            ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА