| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2023/02329/И |
| Дугаар | 184/ШШ2024/02362 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02362
2024 04 30 184/ШШ2024/02362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.******* нь нэхэмжлэгч хариуцагч нарыг таньдаг, найз нөхдийн холбоотой. Хариуцагч Н.******* 40,000,000 төгрөгийн хэрэгтэй байна мөнгө олоод өгөөч гэсэн хүсэлтийнх нь дагуу нэхэмжлэгч цалингийн зээл аваад хүмүүсээс зээлээд мөнгө олж өгсөн. 3 удаагийн давтамжаар зээлийг өгсөн. 2020 оны 07 сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 08 сарын 12-ний өдөр Н.*******ын нөхөр *******ийн данс руу 13,000,000 төгрөгийг хийсэн. 2020 оны 08 сарын 17-ний өдөр үлдэгдэл 7,000,000 төгрөгийг өөрийн найз болох Ө.*******гийн нөхрийн дансаар Л.*******өөс орлого гэсэн утгатай Б.*******ийн данс руу шилжүүлсэн байдаг. Н.******* зээлээ төлөх талаар бичгээр баталгаа бичиж өгсөн хэргийн материалд авагдсан. Анх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягт байхгүй гээд хэрэгсэхгүй болсон. 2022 оны 05 сарын 22-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* хаягийг нь тогтоож өгсөн. Тус өгсөн хаягаар нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.*******аас 40,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байгаа. Л.******* Н.******* нарын хооронд бичгээр байгуулаагүй боловч зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Зээлсэн мөнгөө зөвшөөрөхгүй байсан учир гэрч асуусан. Н.******* мөнгө хүлээн авснаа өмнөх шүүх хурлууд дээр өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд 40,000,000 төгрөгийг бүхэлд нь гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 101/ШШ2022/02230 дугаартай шүүхийн захирамж, Хаан банк дахь 2020 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн ******* тоот дипозет дансны хуулга, Голомт банк дахь 2020 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн ******* тоот дансны хуулга,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт байхгүй.
Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт байхгүй.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй, 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******т холбогдох нэхэмжлэлээс татгалзах хүсэлт гаргасныг шүүх хангаж, мөн өдрийн 184/ШЗ2023/16919 дугаар захирамжаар Б.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 112-113 тал/
4.Нэхэмжлэгч талаас 2020 оны 08 дугаар сарын 12-ний өдөр 13,000,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн, 2023 оны 08 дугаар сарын 13-ний өдөр 7,000,000 төгрөг өөр хүний данснаас Н.*******д шилжүүлэн дансаар нийт 20,000,000 төгрөг, бэлнээр 20,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөг хариуцагчид зээлдүүлсэн гэж тайлбар өгсөн.
4.1.Хэрэгт авагдсан Хаан банк дахь 2020 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 13,000,000 төгрөг шилжүүлсэн ******* тоот дипозет дансны хуулга, гэрч Ө.******* “....2020 оны 08 дугаар сарын 17-ний өдөр 7,000,000 төгрөгийг нөхрийнхөө данснаас *******өөс орлого гэж Б.*******ийн дансанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, хариуцагчаас 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн шүүх хуралдааны явцад “...би дансаар орж ирсэн 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг...” гэж мэдүүлсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс шаардсан 40,000,000 төгрөгөөс дансаар шилжүүлсэн гэх 20,000,000 төгрөгт хариуцагч маргаагүй бөгөөд мөнгийг хүлээн авсан нь тогтоогдож байна.
4.2. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Л.*******д тодорхойлолт, хүсэлт гаргах нь гээд овогтой ******* миний бие Л.*******өөс зээлж авсан 40,0 сая төгрөгөө 2021 оны 10 дугаар сарын 28-нд төлж барагдуулна” гэсэн бичиг /хэргийн 95 тал/ , 2023 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр шүүхэд гаргасан “ овогтой ******* миний бие А.*******ийн нэхэмжлэлийг дансаараа хариуцах ба Б.******* энэ үйл явдалд огт хамааралгүй,...Л.******* Н.*******ын хоорондын асуудал юм” гэсэн хүсэлт /хэргийн 78 тал/, гэрч Ө.******* мэдүүлэгтээ “...20,000,000 төгрөгийг наадмын дараа өгсөн санагдаж байна, Л.*******ийн ажил баруун 4 замд байдаг байсан. Л.*******ийн ажлын газрын менежер н.гийн хамт бид нар гараад цаасан бор уутанд бэлнээр мөнгө хийгээд Н.*******ын машинд өгсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр Н.******* нь Л.*******өөс мөн бэлнээр 20,000,000 төгрөг зээлж авсан нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй.
5. Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгчийн банк бус санхүүгийн байгууллагын зээлээс нь төлж байсан” гэх /хэргийн 245 тал/, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “..нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар ярилцаж байгаа, ..5 минут олгож өгнө үү...” /хэргийн 232 тал/ гэх тайлбаруудаас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэгтэй байсныг илтгэх бөгөөд төлбөрөөс хэдэн төгрөг буцаан төлсөн эсэх болон татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
6. Дээрх үйл баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талуудын хэн аль нь үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02230 дугаар захирамжаас үзэхэд гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д нийцсэн байна.
7. Иймд хариуцагч Н.*******аас зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
9. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 40,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас 357,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бас зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН