Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 181/2019/03426/и |
Дугаар | 592 |
Огноо | 2020-03-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 592
“МУХБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“МУХБ” ХХК нь “ҮХОБ” ХХК-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж, Чингис бондын хөрөнгөөр үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр зээлийг олгосон. “ҮХОБ” ХХК-д нийт 6 хөтөлбөрийн хүрээнд 48 дэд зээлдэгчид 38.2 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан олгосон бөгөөд эдгээрээс дараах зээлүүдэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар доор дурдсан дүнгээр үлдэгдэлтэй байна.
1. 2014 оны 7 дугаар сарны 24-ний өдөр байгуулагдсан З-ЭИ-С-2014-101 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээ (888 төсөл, 2 тэрбум төгрөгөөс дээш төсөл)-ний үндсэн зээлийн үлдэгдэл 571 066 694.00 төгрөг, үндсэн хүү 2 062 185.28 төгрөг буюу нийт 573 128 879.28 төгрөг,
2. 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 3-АШ-С 2015-32 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээ (Арьс шир төсөл)-ний үндсэн зээлийн үлдэгдэл 132,530,075.00 төгрөг, үндсэн хүү 478,580.82 төгрөг буюу нийт 133,008,655.82 төгрөг,
3. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан З-ЭИ-С-2016/04 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээ (Эксим 300 төсөл)-ний үндсэн зээлийн үлдэгдэл 1 974 367 561.90 төгрөг, үндсэн хүү 8 555 592.76 төгрөг буюу нийт 1 982 923 154.66 төгрөг, бүгд нийлбэр дүнгээр 2 689 060 690 төгрөг болж байна.
Талуудын хооронд байгуулсан дээр дурдсан дамжуулан зээлдүүлэх гэрээнүүдийн 3.1.2-т зээлдэгч нь Банкны тухай хууль болон Монгол банкны шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байгаа эсэхээ Монгол банкнаас cap бүр ирүүлдэг тайлангийн хариуг хавсарган, Хөгжлийн банканд улирал бүр бичгээр мэдэгдэх гэж, 5.1.3-т зээлдэгч нь Монгол банкны шаардлага, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байгаагаа улирал бүрийн эхний сард багтаан албан бичгээр баталгаажуулан Хөгжлийн банканд хүргүүлэх гэж, 8.1.5-д зээлдэгчийн үйл ажиллагаа, ... Зээлдэгчийг Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйд хүргэсэн гэж үзвэл гэж, 8.1.8-д Зээл төлөх боломжгүй болсон бусад нөхцөл байдал гэж тус тус заасныг зээлдэгч зөрчсөн гэж Монгол Улсын Хөгжлийн банк үзэж байна.
Учир нь, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх 1 000 000 000 төгрөгийг хугацаандаа төлөхгүй зөрчил үүсгэн, төлбөрийг төлөх тухай удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлсний дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийг төлсөн. Банк 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол банкны Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмыг зөрчсөн, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг ханган ажиллах чадваргүй болсон.
“ҮХОБ” ХХК-аас ирүүлсэн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тайлан мэдээллийн үзүүлэлтүүдээр дараах санхүүгийн ноцтой хүндрэл үүссэн:
-Банк 128.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, 49.3 тэрбум төгрөгөөр банкны өөрийн хөрөнгө дутагдсан. Өөрөөр хэлбэл, банк өөрийн хөрөнгөгүй болж дампуурах нөхцөл байдал үүссэн.
-Банкны цэвэр зээлийн багцын 78.4 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Энэ нь зээлдэгчийг төлбөрийн чадваргүй болох байдалд хүргэсэн гэж тооцохоор байна.
-Зээлдэгч банкны нийт активын хэмжээ 40 хувиар буурч, үйл ажиллагаа хумигдсан.
“ҮХОБ” ХХК нь санхүүгийн тайлан мэдээлэл, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ирүүлээгүй ба энэ талаар дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчсөөр ирлээ.
“ҮХОБ” ХХК нь ийнхүү дамжуулан зээлдүүлэх гэрээг зөрчсөн, мөн тус банкны санхүү төлбөрийн чадвар муудсанаас шалтгаалан цаашид гэрээгээ зөрчих өндөр магадлалтай тул “МУХБ” ХХК-аас “ҮХОБ” ХХК-д зөрчилтэй гэрээнүүдийг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлж барагдуулах тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6/1249 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх заалтууд, “МУХБ” ХХК, “ҮХОБ” ХХК-ны хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн З-ЭИ-С-2014-101 дугаартай, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3-АШ-С 2015-32 дугаартай, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн З-ЭИ-С-2016/04 дугаартай Дамжуулан зээлдүүлэх гэрээ-нүүдийг цуцалсан тул зээлийн үндсэн төлбөрт 2 677 964 330.90 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 11 096 358.86 төгрөг буюу нийт 2 689 060 690 төгрөгийг “ҮХОБ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй. Гэрээний явцад гаргасан зөрчилдөө хариуцлагаа хүлээж нэмэгдүүлсэн хүүгээ төлж ирсэн. Нэхэмжлэгч дангаар гэрээг цуцалж байгааг бидний хувьд дамжуулан зээлдэх гэрээ болон хуульд нийцээгүй гэж үзэж байна. Гэрээний харилцаа цаашид хэвийн үргэлжлэх ёстой тул мөнгө шаардах эрхгүй.
Манай банкны санхүүгийн байдал ноцтой хүндэрсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “ҮХОБ” ХХК-аас 2 689 060 690 төгрөгийг гаргуулж “МУХБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 609 253.45 төгрөгөөс 13 603 253.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 6 000 төгрөгийг, хариуцагчаас 13 603 253.45 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Ж.А нар давж заалдах гомдолдоо:
... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2 дугаар гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 132 530 075 төгрөг, 26 хоногийн хүү нь 478 580.82 төгрөг” гэж хүүгийн хэмжээг 478 580.82 төгрөг байхаар тооцоолсныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх жилийн суурийг 360 хоногоор тооцжээ. Зүй нь жилийг 365 хоногоор тооцох ёстой бөгөөд ийнхүү тооцвол (132 530 075 х 5%) : 365 хоног х 15 хоног = 272 322 төгрөг болж байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь хариуцагч “ҮХОБ” ХХК-д холбогдуулан дамжуулан зээлдүүлэх гэрээ цуцлагдсаны үр дагавар буюу зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрт нийт 2 689 060 690 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж маргажээ.
“МУХБ” ХХК болон “ҮХОБ” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр З-ЭИ-С-2014-101 тоот, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр З-АШ-С 2015-32 тоот, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр З-ЭИ-С-2016/04 тоот “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон харилцан тохиролцож тогтоосон гэрээний гол нөхцлийн талаар талууд маргаагүй.
2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр З-ЭИ-С-2014-101 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2 050 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 000 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3 000 000 000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгосон байх бөгөөд хариуцагч “ҮХОБ” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 6 478 933 306 төгрөг, зээлийн хүүд 1 134 762 706.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83.33 төгрөг буцаан төлсөн,
2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр З-АШ-С 2015-32 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 350 000 000 төгрөгийн зээлийг олгосон, хариуцагч 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 217 469 925 төгрөг, зээлийн хүүд 55 572 769.47 төгрөг буцаан төлсөн,
2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр З-ЭИ-С-2016/04 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 4 759 990 000 төгрөгийн зээлийг олгосон, хариуцагч 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2 785 622 438.10 төгрөг, зээлийн хүүд 816 987 629.46 төгрөг буцаан төлсөн үйл баримт хэрэгт авагдсан, зээлийн дансны хуулгууд, зээл, зээлийн хүү тооцооллын баримт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Гэрээг зээлдүүлэгч талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
“ҮХОБ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх санхүүгийн тайлан болон орлогын дэлгэрэнгүй тайлангаас үзвэл тус банкны хэвийн зээлийн хэмжээ 26.7 тэрбум төгрөгөөр буурсан, хэвийн бус зээлийн хэмжээ 4.8 тэрбум төгрөгөөр, муу зээлийн хэмжээ 41.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн, нийт хөрөнгийн хэмжээ 111.8 тэрбум төгрөгөөр, өөрийн хөрөнгийн хэмжээ 49.3 тэрбум төгрөгөөр, орлогын дүн 29.5 тэрбум төгрөгөөр тус тус буурсан болох нь тогтоогдсон байх бөгөөд “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-ний 8.1.8-д заасан “зээл төлөх боломжгүй болсон бусад нөхцөл байдал бий болсон” гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн байна.
Зээлдүүлэгч талаас гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгах тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6/1249 тоот албан бичгээр хүргүүлсэн ч зээлдэгч “ҮХОБ” ХХК нь гэрээний үүргийн зөрчлийг арилгаагүй, хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй байна.
Иймд зээлдүүлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцлагдсанд тооцох бөгөөд хариуцагчийн сүүлийн төлбөр төлсөн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 26 хоногийн хугацааны хүүг гэрээ тус бүрээр тооцож нэхэмжилсэн төлбөрийн дүнгийн тооцооллыг хариуцагч эсэргүүцэж маргаагүй байна.
Иймд шүүх зээлийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 26 хоногийн хүүгийн хамт тооцож, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр З-ЭИ-С-2014-101 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 571 066 694 төгрөг, хүү 2 062 185.28 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр З-АШ-С 2015-32 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 132 530 075 төгрөг, хүү 478 580.82 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр З-ЭИ-С-2016/04 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1 974 367 561.90 төгрөг, хүү 8 555 592.76 төгрөг, нийт 2 689 060 690 төгрөгийг хариуцагч “ҮХОБ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болно.
Зохигчид дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа жилийн суурийг 360 хоног гэж гэрээнд тусгасан, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан дамжуулан зээлдүүлэх гэрээг өөрөөр буюу 365 хоногоор жилийн суурийг тооцох үндэслэлгүй, мөн 15 хоногийн хүү тооцно гэх үндэслэлээ хариуцагч тайлбарлаагүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00214 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
А.ОТГОНЦЭЦЭГ