Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 315

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0261/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т,
Улсын яллагч И,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б,
Хохирогчийн өмгөөлөгч О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М,
Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Г-ийн Эд холбогдох эрүүгийн 201709000325 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, Б овогт Г-ийн Э, *****-ний өдөр ****** төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, ******ажилтай байсан, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** 
Холбогдсон хэргийн талаар: 
Э нь “А” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд борлуулалтын орлогоос 403.148.256 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э нь “А” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт борлуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд борлуулалтын орлогоос 403.148.256 төгрөгийг завшсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Э-ийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс анх “bet365” гэх интернетийн бооцоот сайтад бүртгүүлэн тоглож эхэлсэн. Эхэн үедээ би бага мөнгөөр бооцоо тавьж тоглодог байсан. Дараа нь алдсан мөнгөө олж авахаар том бооцоотой тоглоод алдсан. Борлуулатын орлогын мөнгөөр тоглоод алдсан. Тэгээд төлж чадахгүй болоод А ХХК -ийн төв болох Улаанбаатар хотын бөөний төвийн нягтлан руу өөрийн биеэр залгаж энэ байдлаа мэдэгдсэн. ** 2017 оны 01 дүгээр сард 60 сая, 3 дугаар сард 100 сая төгрөг зээлж А ХХК  данс руу хийсэн. 5 сарын борлуулалтын орлогоос Л-д  буцааж төлсөн. Одоогоор би ажилгүй байгаа. Эхнэр бас ажилгүй байгаа учраас хохирол төлөх боломжгүй байгаа. Ажил хийгээд хохирлыг төлнө. Маш их гэмшиж, харамсаж байна... гэх мэдүүлэг, 
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б-ийн өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай Дархан салбар дээр 400 гаран сая төгрөгийн асуудал үүссэн. Аудитын компани 403 сая төгрөгийн хохирол учирсан байна гэж гаргасан. Иймд  төгрөгийг нэхэмжилж байна. Мөн иргэн Л-н дансанд байгаа мөнгийг хохиролд тооцон гаргуулж өгнө үү. Манай байгууллагын орлогын мөнгөнөөс авч Лхамсүрэн гэх хүн өгсөн болох нь нотлогдсон байгаа... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Л-ийн өгсөн: “...Захиалагчаас орж ирж байгаа мөнгийг байгууллагын данс руу шилжүүлэх эсвэл бэлнээр өгсөн тохиолдолд борлуулагч биш нягтлан бодогч өөрөө очиж авах ёстой. Гэтэл Э өөрийн Хаан банкны данс руу шилжүүлж авахаас гадна өөрөө бэлнээр авдаг байснаас үүдэн борлуулалтын мөнгийг өөрт ашиглаж үрэгдүүлсэн байгаа юм ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35/,
Гэрч Л-ийн өгсөн: “... Э нь эхний 60 сая төгрөгийг сарын сүүл болоод орлогоо өгөх хэрэгтэй байна хэдхэн хоног түр зээлээч гэж гуйхаар нь зээлсэн. Сүүлийн 100 сая төгрөгийг бас сарын сүүл гээд орлогоо хийж төлөвлөгөөгөө биелүүлэх болчихоод байна зээлдүүлээч гэж хэлж  авсан. 2017 оны 5 дугаар сарын 29-нд Э миний ХААН банкны данс руу 125 сая төгрөг хийгээд, бэлнээр 30 сая төгрөг авчирж өгсөн. Өмнө авсан 60 сая төгрөгнөөсөө бага багаар өгсөн байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Гэрч Т-ийн өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр борлуулалтаа таслаад орлогыхоо мөнгийг гүйцээж тушаагаарай гэж борлуулагч, түгээгч нартаа хэлчихээд байж байтал Э манай үүдээр эргэлдэж байгаад орж ирээд “надад мөнгө байхгүй, би мөнгөө алга хийчихсэн, тоглочихсон” ... гэсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/,
Гэрч Х-ийн өгсөн: “... Э-с асуухад онлайн сайтаар орж бооцоотой тоглоод алдсан гэхээр нь бид нар Bet365 гэх сайтаар орж үзэхэд үнэхээр тоглосон байсан. Тэгээд Худалдаа хөгжлийн банканд байсан валютын дансных нь хуулгыг авахад 140 мянга орчим доллар байсан. Тэгээд Хаан банкных нь хуулгыг авч үзэхэд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 130 орчим сая төгрөг орж ирснийг өөр Хаан банкны дансууд руу шилжүүлсэн байсан. Мөн харилцагч байгууллагаар нь манай нягтлан бодогч явсан чинь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 128 сая төгрөг авсан байсан. Тэрийг Э-с асуухад хүнд өгөх ёстой байсан өрөндөө өгчихсөн гэсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 36/,
Гэрч А-ийн өгсөн: “...манайх тооцоогоо дандаа Э-ийн дансруу шилжүүлдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/,
Гэрч Д-ийн өгсөн: “...Манайх тооцоогоо нэг бол бэлнээр Э-д өгдөг эсвэл Э-ийн Хаан банкны  данс руу шилжүүлдэг. Өөр данс руу шилжүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49/,
Гэрч Н-ийн өгсөн: “ ...Г.Э-с өөр хүнтэй тооцоо төлбөр хийж байгаагүй. Дансаар шилжүүлэхдээ ч Э-ийн Хаан банкны данс руу шилжүүлдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/,
Гэрч Л-ын  өгсөн: “...Манайх тооцоогоо нэг бол бэлнээр Э-д өгдөг эсвэл Э-ийн Хаан банкны  данс руу шилжүүлдэг. Өөр данс руу шилжүүлж байгаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53/,
Гэрч Ц-ийн өгсөн: “...Э-ийн Хаан банкны  данс руу шилжүүлдэг. Өөр данс руу шилжүүлж байгаагүй ... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/,
Гэрч Г-ын өгсөн: “ ...Э-ийн Хаан банкны  данс руу шилжүүлдэг. Өөр данс руу шилжүүлж байгаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57/,
Гэрч О-ын өгсөн: “ ...нэг удаа Э-ийн данс руу шилжүүлсэн. ихэвчлэн бэлнээр тооцоо хийдэг ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59/,
Гэрч Ш-ын өгсөн: “...Манайх тооцоогоо нэг бол бэлнээр Э-д өгдөг эсвэл Э-ийн Хаан банкны  данс руу шилжүүлдэг. Өөр данс руу шилжүүлж байгаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61/
Гэрч Н-н өгсөн:  “...Э-ийн Хаан банкны  дансруу шилжүүлдэг. Эсвэл бэлнээр Э-д өгдөг. Өөр хүнтэй тооцоо хийж байгаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/,
www.bet365.com цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-12/,
Э-ийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкин дахь харилцах дансны хуулга /1-р хх-ийн 125-140/, ХААН банкны дансны хуулга /1-р хх-ийн142-179/,
“...Борлуулагч Э санхүүгийн уялдаагүй, хяналт сул байдлыг ашиглан цуглуулсан мөнгөнөөсөө аваагүй байгаа авлагаар харуулж гүйлгээд мөнгө завшиж дараа сарын борлуулалтаас орж ирсэн мөнгөнөөс өмнөх сарын авлагыг хаах замаар ашигласаар ирсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн сарын борлуулалтын тасалбар болголт нь өр авлага барагдуулах тасалбар болголттой зөрдөг. Жишээ нь 4 сарын 26-ны өдөр тухайн 4 сараа тасалж борлуулалтаа дүгнэсэн. 4 сарын 26-аас хойш хийсэн борлуулалт нь 5-р сарын борлуулалтанд тооцогдоно. Харин авлага барагдуулалтаа 26-ны өдрөөр бус сарын эцсийн өдрөөр тасалсан. Үүний улмаас Э нь  4 сарын 26-аас хойш хийсэн 5-р сарын борлуулалтаас өөрийн харилцах дансанд орсон мөнгийг 4-р сарын авлагыг барагдуулсан учир 4-р сарын тооцоогоор өр авлагагүй гарсан байна. Ийм байдлаар явсаар Э нь “Апу трейдинг” ХХК-д 403,148,256=00 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх “” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №129 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 2-13/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ял хөнгөрч, шүүгдэгчийн эрх үзйн байдлыг дээрдүүлж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас А ХХК -д 403,148,256 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Э-с 403,148,256  төгрөг гаргуулаж хохирогч А ХХК -д олгох нь зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч Э нь А ХХК -д анх ажилдаа орохдоо 3.000.000 төгрөгийн барьцаа байршуулсан болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул уг 3.000.000 төгрөгийг хохиролд тооцон авах эсэхээ хохирогч өөрөө шийдвэрлэх  нь зохистой байна. 
2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Э нь А ХХК -ийн борлуулалтын орлогоос мөнгө завшсан талаараа өөрийн биеэр хохирогч байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэж өөрийгөө илчилсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч А ХХК  нь мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтнуудынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд зохих ёсоор хяналт тавиагүй нь нь “” ХХК-ийн дүгнэлтээр нотлогдож байгаа ба энэ байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.   
Шүүгдэгч Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э-ийн цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заажээ. 
Гэтэл мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нь шүүгдэгч Э-ийн өмчлөлийн Aser маркийн иж бүрэн компъютер, Sharp маркийн 32 инчийн LCD зурагт, Burico маркийн 2 хаалгатай хөргөгч, Iphone 6S маркийн гар утас, Дархан-Уул аймгийн **** зэргийг битүүмжилэх тухай саналыг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан боловч прокурор хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул дээрхи эд хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авагдаагүй байна.
Шүүх иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авах нь зүйтэй байна.  
Иймд шүүгдэгч Э-ийн өмчлөлийн 200,000 төгрөгийн үнэлгээтэй Aser маркийн хуучин компъютер, 300,000 төгрөгийн үнэлгээтэй Sharp маркийн 32 инчийн зурагт, 550.000 төгрөгийн үнэлгээтэй 2 хаалгатай том хөргөгч, 1,200,000 төгрөгийн үнэлгээтэй Iphone 6S маркийн гар утас зэргийг битүүмжилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Харин Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 32-21 тоотод байрлах 45.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 29.0 метр квадрат 2 өрөө орон сууц нь Э, А  нарын дундын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр /1 дүгээр хх-26/ нотлогдож байх ба хамтран өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөхөөр байх тул уг орон сууцыг битүүмжлэх шаардлагагүй гэж үзлээ. 
Шүүгдэгч нь Л-с 2017 оны 01 дүгээр сард 60 сая, 3 дугаар сард 100 сая төгрөг зээлж аван борлуулалтын орлого гэж А ХХК  данс руу хийсэн, 2017 оны 5 дугаар сарын 29-нд А ХХК -ийн борлуулалтын орлогоос авч Л-д буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэрч Л-ийн эзэмшлийн 111,352,814 төгрөгийн үлдэгдэлтэй Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай данс, 40,629,544 төгрөгийн үлдэгдэлтэй Хаан банкны ****  дугаартай данснуудад байгаа мөнгийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэх боломжгүй байна. 
Иймд дээрх данснуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Л-д авсан эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э-с 403.148.256 /дөрвөн зуун гурван сая нэг зуун дөчин найман мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч А ХХК -д олгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э-г 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-ийн цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Л-ийн эзэмшлийн 111,352,814 төгрөгийн үлдэгдэлтэй Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай данс, 40,629,544 төгрөгийн үлдэгдэлтэй Хаан банкны *** дугаартай данснуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Л-д эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Э-ийн өмчлөлийн 200,000 төгрөгийн үнэлгээтэй Aser маркийн хуучин компъютер, 300,000 төгрөгийн үнэлгээтэй Sharp маркийн 32 инчийн зурагт, 550.000 төгрөгийн үнэлгээтэй 2 хаалгатай том хөргөгч, 1,200,000 төгрөгийн үнэлгээтэй Iphone 6S маркийн гар утас зэргийг битүүмжилж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР