Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 14

 

Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Д.Буянжаргал

Прокурор                                       А.Оргилбаяр

Хохирогчийн өмгөөлөгч               С.Одгариг

Хохирогч байгууллагын хууль     Б.Баасан

ёсны төлөөлөгч

Шүүгдэгчийн өмгөөлөгч               А.Мөнхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч С.Одгаригийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2–д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-гийн Э-д холбогдох эрүүгийн 201709000325 тоот 3 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-гийн Э- /РД: ********** / нь “АПУ трейдинг” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд борлуулалтын орлогоос 403.148.256 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Э-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Г.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгуулагад биечлэн эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Э-гаас 403.148.256 гаргуулан хохирогч “АПУ трейдинг” ХХК-д олгох, Ч.Л-гийн 111.352.814 төгрөгийн үлдэгдэлтэй Худалдаа хөгжлийн банкны 403104172 дугаартай данс, 40.629.544 төгрөгийн үлдэгдэлтэй ХААН банкны 5055691327 тоот данснуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 51-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Ч.Л-д эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадрагын арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нь Ч.Л-гээс 2017 оны 1 сард 60.0 сая төгрөг, 3 дугаар сард 100.0 сая төгрөг зээлж авч борлуулалтын орлого гэж “АПУ трейдинг” ХХК-ний данс руу хийсэн, 2017 оны 05 дугаар сарын 29-нд “АПУ трейдинг” ХХК-ийн борлуулалтын орлогоос авч Ч.Л-д өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэрч Ч.Л-гийн  эзэмшлийн 111.352.814 төгрөгийн үлдэгдэлтэй “Худалдаа хөгжил”-ийн банкны 403104172 дугаартай данс, 40.629.544 төгрөгийн үлдэгдэлтэй “ХААН” банкны 5055691327  дугаартай данснуудад байгаа мөнгийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэх боломжгүй байна...” гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч энэ мөнгийг компанийн борлуулалтын орлогоос авч өгснөө хүлээн мэдүүлсэн, шүүх ч бас “АПУ трейдинг” ХХК-ийн борлууултын мөнгө гэж дүгнэх хэсэгтээ бичсэн мөртлөө Ч.Л-гийн дансанд битүүмжилсэн мөнгийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Г.Э- нь Ч.Л-гээс мөнгө зээлсэн бол уг зээлийг өөрийнхөө хөрөнгөөр л төлөх ёстой болохоос компанийхаа борлуулалтын орлогоос авч төлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Г.Э- Эрүүгийн хуульд зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших замаар борлуулалтын мөнгийг авсан байгааг шүүгч ойлгохгүй байна. Мөн “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэх боломжгүй...” гэснийг юу гэж ойлгох вэ. Энгийнээр бодоод үзэхэд ч гэмт этгээд хүний юмыг авчихаад өөр хүнд аваачиж өгснийг хуулийн байгууллага хурааж аваад буцааж өгдөг биздээ. Хуулийн байгуулага ийм энгийн ойлголтыг мушгин хуулийг буруу хэрэглэж хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ажиллагааг хийхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байгаа бөгөөд иргэдээс шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахад хүрч байна. Иймд шийтгэх тогтоолын Ч.Л-гийн дансыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон заалтыг хүчингүй болгож, уг мөнгийг хохиролд гаргуулж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Баасан: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд манай байгууллагын 2017 оны 05 дугаар сарын орлого болох 155.000.000 төгрөгийг борлуулагч Г.Э- харилцагч нараас өөрийн “ХААН” банкны дансаар болон бэлнээр авч Ч.Л-гээс зээлсэн өрөндөө “ХААН” банкны дансаар бэлэн бусаар 125.000.000 шилжүүлж,  бэлнээр 30.000.000 төгрөг  өгсөн болох нь нотлогдсон байхад борлуулалтын орлого гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ талаар бичсэн өмгөөлөгч С.Одгаригийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэгэнт манай байгууллагын борлуулалтын орлогыг завшиж их хэмжээний хохирол учруулсан учраас 2017 оны 05 дугаар сарын борлуулалтын орлого болох 155.000.000 төгрөгийг Ч.Л-гийн битүүмжилсан хадгаламжийн данснаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Г.Э- нь 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 403.128.256 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Г.Э- нь дээрх борлуулалтын орлогыг өөрийн хувийн дансаар болон  бэлнээр авч “Худалдаа хөгжил”-ийн банкны өөрийн нэр дээр байдаг валютын дансанд хийж “В365” гэдэг интернет тоглоомоор тоглосон болох нь тогтоогдсон. Ингээд борлуулалтын орлогоо нөхөх зорилгоор Ч.Л- гэдэг хүнээс мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөө төлөхийн тулд тус компаний 2017 оны 05 дугаар сарын борлуулалтын орлогоос 155.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 125.000.000 төгрөгийг бэлэн бусаар “ХААН” банкны дансаар, 30.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн талаар хэрэгт хангалттай нотлогдсон. Г.Э- нь Ч.Л-гээс зээлсэн мөнгөө өөрийн хөрөнгөөрөө төлөх үүрэгтэй бөгөөд борлуулалтын орлогоосоо зээлийг төлж байгаа явдал нь өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгө гэж үзнэ. Энэ утгаараа Г.Э-гийн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэх 155.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж тооцон Ч.Л-гийн хадгаламжийн данснаас гаргуулж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүх яагаад гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж тооцох боломжгүй гэж үзээд Ч.Л-гийн хадгаламжийн дансыг битүүмжлэлээс чөлөөлсөн талаараа тайлбар дүгнэлт хийгээгүй, энгийнээр ойлгоход хуулийн байгууллага гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг  өөр хүнд өгснийг хурааж аваад эзэнд нь буцааж өгдөг биздээ. Ийм энгийн зүйлийг шүүх яагаад ингэж тайлбарлаад хурааж хохиролыг төлүүлэх арга хэмжээ авахгүй байгааг ойлгохгүй байна. Иймд шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат: Шүүгдэгч Г.Э-гийн үйлдсэн хэргийн талаар болон түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар мэтгэлцэж маргалдах зүйл байхгүй шийтгэх тогтоолын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ ял эдлэх дэглэмийн талаар тусгайлан гаргах санал байхгүй ээ. Харин хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбогдуулан хэдэн зүйл хэлье гэж бодож байна. Г.Э- мөрийтэй тоглоом тоглохдоо гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо тоглосон гэдэг нь тогтоогдсон. Харин Ч.Л-гээс зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө төлсөн мөнгө нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэхгүй байна. Ч.Л-гийн ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон хадгаламжийн орлогыг Г.Э-гийн гэмт хэрэг хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж хурааж хохирол тооцуулах гэсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

“АПУ трейдинг” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын  борлуулагч Г.Э-гийн 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл  борлуулалтын орлогоос 403.128.256 төгрөг дутагдсан үйл баримт тогтоогджээ.

Дархан-Уул  аймгийн Прокурорын газраас дээрхи үйл баримтыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн, хуульд заасан журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Г.Э-д бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Э-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Г.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар хорих ял оногдуулж, ялыг нээллтэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч С.Одгаригийн бичсэн давж заалдах гомдлын үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон, Г.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Э-г Ч.Л-гээс 2017 оны 1 дүгээр сард 60.0 сая төгрөг, 2017 оны 03 дугаар сард 100.0 сая төгрөг зээлж борлуулалтын орлого гэж “АПУ трейдинг” ХХК-ийн данс руу хийсэн, 2017 оны 05 дугаар сарыг 29-ний өдөр “АПУ трейдинг” ХХК-ий борлуулалтын орлогоос авч Ч.Л-д буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэрч Ч.Л-гийн эзэмшлийн 111.352.814 төгрөгийн үлдэгдэлтэй “Худалдаа хөгжил”-н банкны 403104172 дугаар данс, 40.629.544 төгрөгийн үлдэгдэлтэй “ХААН” банкны 5055691327 дугаартай данснуудад байгаа мөнгийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх боломжгүй байна гэж дүгнээд Ч.Л-гийн хадгаламжийн дансыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, Ч.Л-д авсан эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн ямар үндэслэлээр Ч.Л-гийн “Худалдаа хөгжил”-н болон “ХААН” банкинд байгаа хадгаламжийн мөнгө нь Г.Э-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэхгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй, гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэдгийг үгүйсгэж байгаа нөхцөл байдлуудын нотолсон ямар нотлох баримтууд хэрэгт авагдсан талаар үндэслэл бүхий тайлбарлаагүй атлаа “...гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх боломжгүй байна....” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар талд байгаа хохирогч байгуулагын хуулийн хэлтсийн дарга Г.Хангайгийн “ ... 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд манай харилцагч нараас орж ирсэн нийт 142.770.917 төгрөг өөрийнх нь “ХААН” банкны үлдэгдэлтэй нийлээд 166.563.400 төгрөгийг бүгдийг нь данснаас гаргаж бусдад шилжүүлсэн. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай гэрээт харилцагч “Хөх сувд” гэдэг дэлгүүрийн нярав П.Наранжаргалаас 128.631.600 төгрөгийг авсан байсан...” гэсэн мэдүүлэг,  мөн хавтаст хэргийн 37 дугаар талд байгаа гэрч Ч.Л-гийн “...Г.Э- 2017 оны 01 дүгээр сард 60.0 сая төгрөг, дараа нь 2017 оны 03 дугаар сард 100.0 сая төгрөгийг 1.8 хувийн хүүтэй зээлээч гээд байхаар нь хүү Одбаярын “ХААН” банкны хадгаламж болон өөрийн “Худалдаа хөгжил”-н банкны болон “ХААН” банкны хадгаламжаа барьцаалан 160.000.000 төгрөгийг зээлүүлсэн. 20.000.000 төгрөгийг бага багаар буцааж өгөөд 140.000.000 төгрөг үлдсэн байсан. Г.Э- 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр таны мөнгийг өгье гэж утсаар яриад миний “ХААН” банкны дансанд 125.000.000 төгрөг шилжүүлж, 30.000.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Ингээд би 80.0 сая төгрөгийг “Худалдаа хөгжил”-н банкны хадгаламжиндаа, 45.0 сая төгрөгийг “ХААН” банкны хадгаламжиндаа хийж үлдээх 30.000.000 төгрөгийг н.Буяндэлгэр гэж хүнд өгөх ёстой байсан учраас өгсөн...” гэсэн мэдүүлэг болон мөн хавтас хэргийн 84 дүгээр талд шүүгдэгч Г.Э-гийн”...Би Ч.Л-д 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 125.0 сая төгрөгийг дансаар, 30.0 сая төгрөгийг бэлнээр өрөндөө өгсөн...” мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтууд болон Г.Э-гийн “ХААН” банкны болон “Худалдаа хөгжил”-н банкны харилцах дансны хуулга, гэрч Ч.Л-гийн “Худалдаа хөгжил”-н банкны болон “ХААН” банкны хадгаламжийн дансны хуулбарууд зэрэг нотлох баримтаар Г.Э-гийн “АПУ трейдинг” ХХК-ийн Дархан-Уул аймгийн салбарт борлуулагчаар ажиллаж байхдаа тус компанийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн борлуулалтын орлого болох 155.000.000 төгрөгийг гэрээт харилцагч нараас өөрийн “ХААН” банкны дансаар болон бэлнээр авч Ч.Л-д 125.000.000 төгрөгийг “ХААН” банкны дансаар, 30.000.000 төгрөгийг бэлнээр зээлийн өрөндөө шилжүүлсэн, Ч.Л- нь дээрх 155.000.000 төгрөгийн 125.000.000 төгрөгийг ХХБанк болон “ХААН” банкны хадгаламжиндаа хийсэн, 30.000.000 төгрөгийг иргэн н.Буяндэлгэрт өгсөн   болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх  бөгөөд дээрх 155.000.000 төгрөг нь Г.Э-гийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завших гэмт хэргийг үйлдэх замаар олсон орлого гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй  байна.

Иймд Г.Э-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 155.000.000 төгрөгөөр  өөрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан үйлдэл нь хууль ёсны дагуу хийгдсэн үйлдэл гэж  үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,5-д зааснаар Ч.Л-гийн Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн 403104172 тоот дансанд  байгаа 111.352.814 төгрөгийн, “ХААН” банкны 5055691327 тоот дансанд байгаа 40.629.544 төгрөгийн хадгаламжийн үлдэгдлээс албадан гаргуулж хохирогч “АПУ трейдинг” ХХК-ий Дархан-Уул аймаг дахь салбарт хохиролд тооцон олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлйин 1.5-д заасныг удирдлагх болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг:

“ 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,5-д зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн Ч.Л-гийн Худалдаа хөгжлийн банкны 403104172 тоот дансанд байгаа 111.352.614 төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл, “ХААН” банкны 5055691327 тоот хадгаламжийн дансанд байгаа 40.639.544 төгрөгийн үлдэгдлүүдээс албадан гаргуулж хохирогч “АПУ трейдинг” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт хохиролд тооцож олгож, Ч.Л-гийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                 ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                              Д.БУЯНЖАРГАЛ