Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 590

 

 

 

 

 

 

 

 

 

Л.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/00172 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч СХДЗДТГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Төмөрбаатартай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хорооны хэсгийн ахлагчаар хөлсөөр ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ сайн гүйцэтгэдэг үлгэр жишээ ажилтан байсан. Би ургийн баярт оролцохоор 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл ажлаасаа албан ёсны чөлөө аваад явсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дугаар Б/195 тоот тушаалаар ажил тасалсан гэх үндэслэлээр халсан. Л.С- уг тушаалыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хөлсөөр ажиллах гэрээг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж, хууль бус тушаал гаргаж, хөлсөөр ажиллах гэрээг хууль болон гэрээнд заасан нөхцөл байдал үүсээгүй атал дуусгавар болгосонд гомдолтой байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаа болох 8-12 сар хүртэл нийт 5 сарын цалин хөлс гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна.

Хорооны хэсгийн ахлагч нь байнгын ажлын байр бөгөөд тэдний хооронд ажил олгогч, ажилтан нарын хоорондын хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөлсөөр ажиллах гэрээндээ хөдөлмөрлөх харилцааг зохицуулсан тусгасан байдаг гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллахаар дүүргийн Засаг даргын тамгын газартай нэг жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хөлсөөр ажиллах гэрээний 6.3-д хэсгийн ахлагч ажил гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол болон аль нэг тал хүсэлт гаргасан бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэж заасан. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг тамгын газар нэг талын санаачлагаар цуцалж болно. Дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга Л.Төмөрбаатар нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Л.С-ийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн 150 дугаар албан тоотыг дүүргийн Засаг даргын тамгын газарт ирүүлсэн тул энэ дагуу нэхэмжлэгч Л.С-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч нь 24 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа ажлаа таслах, иргэд болон хамт олонтойгоо зүй бусаар харьцаж, иргэдээс удаа дараа гомдол ирж байсан нь 24 дүгээр хорооны Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, иргэдийн гомдол, хорооны Иргэдийн нийтийн хурлын даргын тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй, хэсгийн ахлагчийн ажил нь байнгын ажлын байр биш юм. Тогтсон цаг хугацаанд тогтмол ажлыг хийж гүйцэтгэдэггүй, амралтын өдөр, ажлын бус цагаар ч ажилладаг, өөрийн ажлын байр гэж байдаггүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч СХДЗДТГ-т холбогдуулан гаргасан Л.С-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, Ж.А нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх шийдвэртээ “... Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д заасан гэрээний үүргийн харилцаа талуудын хооронд үүссэн тул нэхэмжлэгч нь СХДЗДТГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэх үндэслэлээр шаардах эрхгүй болно...” хэмээн уг хуулийн зүйл заалтыг удирдлага болгосон байна. Гэтэл Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар худалдагч гэрээнээс татгалзах буюу “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн зохицуулалт байгаа. Энэ нь уг хэрэгтэй ямар ч хамааралгүй хуулийн зохицуулалт бөгөөд шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн явдал харагдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Л.С-ийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай шийдэл, ажилласан хоногийн бүртгэл, ажлын үр дүн, гүйцэтгэл тогтоосон нормын дагуу цалин хөлс олгож байгаа зэрэг нь Хөдөлмөрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасны дагуу байнгын ажлын байранд байх нөхцөлийг хангаж хөдөлмөрийн хууль дахь ажил олгогч, ажилтан нарын хоорондын харилцаа, захирах захирагдах хэм хэмжээний шинжийг илэрхийлж байгаа юм. Иймд талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасны дагуу талууд хөдөлмөрийн гэрээг байгуулах ёстой байсан. Мөн талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь нэршлийн хувьд хөлсөөр ажиллах гэрээ гэсэн боловч хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд заасан хэсгийн ахлагчийн үүрэг зэргээс харахад агуулгын хувьд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хангасан гэрээ байна. Иймд нэхэмжлэгч тал гэрээний агуулгыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

            Нэхэмжлэгч Л.С- нь СХДЗДТГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 8 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх 5 сарын цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан гэж тайлбарлажээ.

 

            Хариуцагч нь хэсгийн ахлагчийн ажил үүргийг Засаг даргын Тамгын газартай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу гүйцэтгэж байсан Л.С- нь ажил тасалсан, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон гэж татгалзал гаргасан байна.

 

            Хэрэгт зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоолоор баталсан “Хэсгийн ахлагчийн ажиллах журам” авагдсаны агуулгаас болон гэрээний дагуу ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан талаар дурдаж, гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байхад хууль бус тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн гэсэн  нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл талууд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээг харилцан тохиролцож байгуулсан, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх, хариуцагч буюу ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан гэж тайлбарласан боловч хөлсөөр ажиллах гэрээг зөвшөөрч, гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байснаа үгүйсгээгүй, харин нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байсан тул 2019 оны 12 дугаар сарын 03-ныг хүртэл авах байсан цалин хөлсөөр хохирсон гэсэн агуулгаар шаардлагаа тодорхойлжээ.

 

            Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/195 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох нэр бүхий 14 хэсгийн ахлагчийн дотор Л.С- багтаж, ажил тасалсан үндэслэл заасан нь баримтаар авагдсан байна. /хх-94, 95/

 

            Нэхэмжлэгч Л.С- нь ажлаас чөлөө хүссэний дагуу 2019 оны 7 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд албан ёсоор чөлөө олгосон байхад 7 дугаар сарын 25-ны өдрийн өглөө ажилдаа ирсэн, мөн хариуцсан хэсгийн иргэдээс удаа дараа санал гомдол гаргаж байсан талаар 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хийсэн 24 дүгээр хорооны Засаг даргын зөвлөлийн хуралдаанд өөрөө тайлбар гаргасан, уг хуралдаанаас түүнийг зөвлөлийн гишүүдийн 80 хувийн саналаар ажлаас чөлөөлөх санал гаргаж, ЗДТГ-т уламжилсан баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Дээрхээс үзвэл Л.С- нь 7 дугаар сарын 23, 24-ний өдөр буюу 2 өдөр дараалан ажил тасалсан, мөн хариуцсан хорооны иргэдэд үйлчлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх тул хөлсөөр ажиллах гэрээний 6.2.1 дэх ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг нэг талын буюу Тамгын газрын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн, Тамгын газрын даргын Б/195 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосныг буруутгах боломжгүй, ажилд буцаан тогтоох үндэслэлгүй байна.

 

Ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээ цуцлагдсан тул ажлын хөлс шаардах эрхээ алдах бөгөөд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт заасанд нийцэх ба нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасан үүрэг ажиллуулагчид үүсэхгүй.

 

Шүүх зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний үүрэг үүссэн, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох үндэслэл бүрдсэн эсэхээр маргасан маргааны үйл баримтад хамаарах эрх зүйн зохицуулалтыг оновчтой тайлбарлаж хэрэглээгүй, маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх заалтыг шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нь буруу боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/00172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ