Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00151 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ШГ” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 99 639 974 төгрөгийг буцаан гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “ШГ” ХХК-тай №В блок дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Шинэ гүрэн хотхонд байрлах, В блокийн 1 орц, 5 давхарт H тип тоотод орших 2 өрөө, 42.3 м.кв орон сууцыг худалдан авсан.

Уг орон сууцны зах зээлийн үнэ нь 1 м.кв нь 1 100 000 төгрөг бөгөөд нийт 42.3 м.кв үнэ нь 46 530 000 төгрөгөөр тооцохоор болж, гэрээний 2.2-т зааснаар урьдчилгаа төлбөр болох 23 265 000 төгрөгийг “ШГ” ХХК-ийн ХААН банкны 479793 тоот дансанд гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 969 375 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 969 375 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 969 375 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 969 375 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 969 375 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 969 375 төгрөг буюу нийт 29 081 250 төгрөгийг “ШГ” ХХК-ийн ХААН банкны 5075479793 тоот дансанд шилжүүлсэн. Мөн Б.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “ШГ” ХХК-тай №В блок газартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Шинэ гүрэн хотхонд байрлах, В блокын 1 орц, 8 давхарт А тип тоотод орших 3 өрөө 76.1 м.кв орон сууцыг худалдан авсан.

Орон сууцны зах зээлийн үнэ нь 1 м.кв нь 1 100 000 төгрөг бөгөөд нийт 76.1 м.кв үнэ нь 83 710 000 төгрөгөөр тооцохоор болж, гэрээний 2.2-т зааснаар урьдчилгаа төлбөр болох 41 855 000 төгрөгийг “ШГ” ХХК-ийн ХААН банкны 5075479793 тоот дансанд гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1 783 954 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 783 954 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 783 954 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1 783 954 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1 783 954 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 783 954 төгрөг буюу нийт 52 558 724 төгрөгийг “Шинэ гарц” XXК-ийн ХААН банкны 5075479793 тоог дансанд шилжүүлсэн.

Мөн Б.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “ШГ” ХХК-тай №Вблок дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Шинэ гүрэн хотхонд байрлах, В блокын зоорийн давхарын 15 тоотод орших гараашийн зогсоолд 17 м.кв талбайг худалдан авсан.

Уг гараашийн зах зээлийн үнэ нь 17 м.кв нь 18 000 000 төгрөгөөр тооцохоор тохиролцоо, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар урьдчилгаа төлбөр болох 5.000.000 төгрөгийг “ШГ” ХХК-ийн ХААН банкны 5075479793 тоот дансанд гэрээ байгуулсан өдөр буюу 2018.11.28-ний өдөр шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3 500 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5 500 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөг буюу нийт 18 000 000 төгрөгийг “ШГ” ХХК-ийн ХААН банкны 5075479793 тоот дансанд шилжүүлсэн.

Гэтэл уг байрны баригдана гэсэн газар барилга баригдаж эхлээгүй байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Тарвалин хотхон 48А/0 тоот хаягтай “ШГ” ХХК-ийн оффиссын дээр очиж холбогдох хүнээс асуухад барилга бол ямар ч байсан баригдана гэж хариу тайлбар хэлсээр өнөөдрийг хүрээд байна.

Тиймээс “ШГ” ХХК-тай байгуулсан “Орон суун захиалан бариулах тухай гэрээ”-нээс татгалзаж, орон сууц болон гараашийн барилгын урьдчилгаанд шилжүүлсэн 70 120 000 төгрөг, гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу төлсөн 29 519 974 төгрөг буюу нийт 99 639 974 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Гэрээ хийснээс хойш нэхэмжлэгч нийт 6 удаа очиж уулзаж гэрээнээс татгалзах болон мөнгөө авах талаар хэлсэн. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах зохицуулалттай. Үүний дагуу бид гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар удаа дараа мэдэгдэж байсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олгосон ашгийг харилцан буцаах үүрэгтэй байдаг. Тиймээс гэрээнээс татгалзаж байх тул 99 000 000 төгрөгийг буцааж гаргуулах шаардлага гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэг хариуцагчтай хэд хэдэн нэхэмжлэл нэгтгэж гаргаж байгаа учраас улсын тэмдэгтийн хураамжийг нэгтгэж төлсөн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүнд маргахгүй байгаа. 2 орон сууц 1 авто зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж мөнгийг шилжүүлсэн нь үнэн. Гэрээнээс татгалзаж байгаа, мөнгө нэхэж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх талаар хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийг хэрэглээгүй шууд шүүхэд хандсан. 2 орон сууц 1 авто зогсоол Н тип гэдэг нь шүүхэд гаргаж өгсөн зурагт байгаагаар барилга баригдсан. Н тип нь суурийн ажил цутгагдсан байдалтай явагдаж байгаа. Барилгын ажил удааширсан нь үнэн. Газрын маргаантай байсан учраас тодорхой хугацаагаар саатсан. Орон сууц захиалан бариулах гэрээ тус тусдаа байгуулагдсан. Дээрх гэрээнд тодорхой тусгаад өгсөн маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх талаар байгаа. Орон сууц захиалан бариулах гэрээний 5.4 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлэн нийт гэрээний үнийн дүнгийн 0.02 хувийн өдөр тутам алданги тооцож захиалагчид өгөхөөр зохицуулалт байгаа. Алдангийн дагуу байрандаа орсон хүмүүс эхнээсээ алдангиа тооцоод бэлэн мөнгөөр авч байгаа эсхүл үлдэгдэл мөнгөнөөсөө хасуулаад асуудлыг шийдвэрлэж байгаа. Ашиглалтад оруулах хугацаа 2019 оны 4 дүгээр улиралд багтааж гүйцэтгэнэ гэсэн гэрээний хугацаа байгаа. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан. Барилгын ажлыг нарийн тооцох боломжгүй байдаг учраас гэрээндээ заасан хугацаанаас 3 сарын наана цаана хэлбэлзэх асуудлыг зохицуулж алданги тооцохгүй талаар гэрээний 2.6-д зохицуулсан байгаа. Гэрээний 5.4-т 3 сарын хугацаанд хэлбэлзэх асуудлыг тусгаж 3 сараас илүү гарвал 0.02 хувийн алдангийг бэлэн мөнгөөр бодож орон сууцанд орж байгаа хүмүүст өгөхөөр гэрээгээр зохицуулсан. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийг хэрэглээгүй. Нэхэмжлэлд дурдсанаар хэзээ ашиглалтанд орох вэ, барилгын ажил юу болж байна гэх байдлаар уулзсан. Түүнээс биш албан ёсоор гэрээнээс татгалзаж байна, нэмэлт хугацаа тогтоох талаар амаар болон албан бичгээр нэг ч удаа хандаж байгаагүй. Шууд шүүхэд хандсан. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн бус төлсөн. Гэрээний үнийн дүн тус бүрт төлөгдөх ёстой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч “ШГ” ХХК-аас 99 639 974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 656 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШГ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 656 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-ад олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

... Иргэний хуулийн 204 дугаар зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж байгаа тал нөгөө талдаа урьдчилан мэдэгдэхээр заасан байхад Б.Г- бидэнд энэ талаараа мэдэгдэлгүйгээр шууд шүүхэд хандсан байна.

Орон сууц захиалгын гэрээний 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлын гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлбэл гэрээний төлсөн үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө, 2.6-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэнэ гэж тус тус зохицуулсан. Гэрээний энэ зохицуулалтаас харахад алданги тооцох хугацаа болоогүй, үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй, барилгын ажил явагдаж байхад гэрээг цуцлалгүйгээр шууд “ШГ” ХХК-аас 99 639 974 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч “ШГ” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 99 639 974 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В блок, 1 дүгээр орц, 5 давхар, “Н” тип, 2 өрөө, 42.3 м.кв талбайтай, 1 м.кв-ын үнэ 1 100 000 төгрөг буюу нийт 46 530 000 төгрөгийн дүнтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В блок, 1 дүгээр орц, 8 давхар, “А” тип, 3 өрөө, 76.1 м.кв талбайтай, 1 м.кв-ын үнэ 1 100 000 төгрөг буюу нийт 83 710 000 төгрөгийн дүнтэй, “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г, мөн өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В блок, зоорийн давхар 15 тоот, 17 м.кв талбайтай, 18 000 000 төгрөгийн дүнтэй “Дулаан зогсоол захиалан бариулах тухай гэрээ”-г тус тус харилцан тохиролцож байгуулсан байна.

 

Захиалагч Б.Г- нь дээрх 3 гэрээгээр үүрэг хүлээсний дагуу 2 өрөө, “Н” типийн орон сууцны төлбөрт 29 081 250 төгрөг, 3 өрөө, “А” типийн орон сууцны төлбөрт 52 558 724 төгрөг, авто зогсоолын төлбөр 18 000 000 төгрөг, нийт 99 639 974 төгрөгийг “ШГ” ХХК-д төлсөн нь тогтоогдсон, хариуцагч нь гэрээний төлбөрийг хүлээн авснаа зөвшөөрсөн.

 

Харин ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэж захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, барилгын ажлыг гүйцэтгэж эхлээгүй нь тогтоогдсон байна.

 

            Нэхэмжлэгч Б.Г- барилгын ажил гүйцэтгэгдэхгүй байгааг мэдэж удаа дараа уулзсаныг хариуцагч үгүйсгээгүй, газрын маргааны улмаас ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон тухай тайлбар гаргасан байна.

 

            Зохигчдын тайлбараас үзвэл ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар захиалагч гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иймд захиалагчийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдээгүй шүүхэд хандсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Хариуцагч “ШГ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлснээ нотлоогүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Г- нь гэрээнээс татгалзах эрхтэй, хариуцагч “ШГ” ХХК-аас гэрээний гүйцэтгэл болох 99 639 974 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00151 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 656 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ