Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/00151

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/00151

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 3 дугаар гудамж, 1587 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Баяндондовын Ганбат /регистрийн дугаар:ИЦ88090979/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоот 9 дүгээр гудамж, 268В тоот хаягт оршин суух, Оорцог нүцгэд овогт Гомбосүрэнгийн Ууганцэцэг /регистрийн дугаар:БД95091608/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Тарвалин хотхон 48А/0 тоотод байрлах Шинэ гарц ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:5018676/-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, 99,639,974 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганбтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Ганбат нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Шинэ гарц ХХК-тай №В блок дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Шинэ гүрэн хотхонд байрлах, В блокийн 1 орц, 5 давхарт H тип тоотод орших 2 өрөө, 42,3 м.кв орон сууцыг худалдан авсан.

Уг орон сууцны зах зээлийн үнэ нь 1 м.кв нь 1,100,000 төгрөг бөгөөд нийт 42,3 м.кв үнэ нь 46,530,000 төгрөгөөр тооцохоор болж, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар урьдчилгаа төлбөр болох 23,265,000 төгрөгийг Шинэ гарц ХХК-ийн ХААН банкны 479793 тоот дансанд гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу

-   2018.12.17-ны өдөр 969.375 төгрөг,

-   2019.01,29-ны өдөр 969.375 төгрөг,

-   2019.02.25-ны өдөр 969.375 төгрөг,

-   2019.03.26-ны өдөр 969.375 төгрөг,

-   2019.05.01-ны өдөр 969.375 төгрөг,

- 2019.05.31-ны өдөр 969.375 төгрөг буюу нийт 29.081.250 төгрөгийг Шинэ гарц ХХК-ийн ХААН банкны 5075479793 тоот дансанд шилжүүлсэн.

Мөн Ганбат нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр Шинэ гарц ХХК-тай №В блок газартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж БЗД-ийн 5 дугаар хороо, Шинэ гүрэн хотхонд байрлах, В блокын 1 орц, 8 давхарт А тип тоотод орших 3 өрөө. 76.1 м.кв орон сууцыг худалдан авсан юм.

Уг орон сууцны зах зээлийн үнэ нь 1 м.кв нь 1.100.000 төгрөг бөгөөд нийт 76.1 м.кв үнэ нь 83.710.000 төгрөгөөр тооцохоор болж, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар урьдчилгаа төлбөр болох 41.855.000 төгрөгийг Шинэ гарц ХХК-ийн ХААН банкны 5075479793 тоот дансанд гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу

- 2018.12.17-ны өдөр 1.783.954 төгрөг,

- 2019.01.29-ны өдөр 1.783.954 төгрөг,

-   2019.02.25-ны өдөр 1.783.954 төгрөг.

-   2019.03.26-ны өдөр 1.783.954 төгрөг.

-   2019.05.01-ны өдөр 1.783.954 гөгрөг.

-   2019.05.31-ны өдөр 1.783.954 төгрөг буюу нийт 52.558.724 төгрөгийг Шинэ гарц XX к -ны ХААН банкны 5075479793 тоог дансанд шилжүүлсэн.

Мөн Ганбат нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр Шинэ гарц ХХК-тай №Вблок дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж БЗД-ийн 5-р хороо, Шинэ гүрэн хотхонд байрлах, В блокын зоорийн давхарын 15 тоотод орших гаражийн зогсоолд 17 м.кв талбайг худалдан авсан юм.

Уг гаражын зах зээлийн үнэ нь 17 м.кв нь 18.000.000 төгрөгөөр тооцохоор тохиролцоо, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар урьдчилгаа төлбөр болох 5.000.000 төгрөгийг Шинэ гарц ХХК-ны ХААН банкны 5075479793 тоот дансанд гэрээ байгуулсан өдөр буюу 2018.11.28-ний өдөр шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу

-   2018.12.28-ны өдөр 3.500.000 гөгрөг,

-   2019.10.04-ний өдөр 5.500.000 төгрөг,

-   2019.01.21 -ний өдөр 4.000.000 төгрөг буюу нийт 18.000.000 төгрөгийг Шинэ гарц ХХК-ийн ХААН банкны 5075479793 тоот дансанд шилжүүлсэн.

Гэтэл уг байрны баригдана гэсэн газар барилга баригдаж эхлээгүй байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Тарвалин хотхон 48А/0 тоот хаягтай Шинэ гарц ХХК-ий оффиссын дээр очиж холбогдох хүнээс асуухад барилга бол ямарч байсан баригдана гэж хариу тайлбар хэлсээр өнөөдрийг хүрээд байна.

Тиймээс Шинэ гарц ХХК-тай байгуулсан Орон суун захиалан бариулах тухай гэрээ"-нээс татгалзаж, орон сууц болон гаражын барилгын урьдчилгаанд шилжүүлсэн 70.120.000 төгрөг, гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу төлсөн 29.519.974 төгрөг буюу нийт 99.639.974 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр анх очиход байрны ойр орчмын 2, 3 айл барилга барихыг эсэргүүцээд тоног төхөөрөмж оруулах хэсгийн хаалгыг хаагаад суугаад байна. Гэхдээ манай байгууллага бүх үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах учраас санаа зоволтгүй гэсэн хариу тайлбар өгсөн. Тэгээд 5 сард очиход нөгөө хүмүүстэй учраа олоогүй, 1 айл гэхэд 300,000,000 төгрөг нэхээд байгаа тул шүүхэд хандах гээд баримт бичгээ бүрдүүлж байна гэх хариу өгсөн. Дараа нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр очиж уулзахад мөн адил нөгөө тайлбараа хэлж байсан. Газрын асуудал шүүхийн шатанд явж байгаа гайгүй шийдэгдэх байх гэсэн. Тэгээд 7 сарын эхээр очиход асуудал шийдэгдсэн ажил эхлэх гэж байна гэсэн хариу тайлбар өгөөд 9 сард очиход барилгын ажил эхлээгүй байхаар нь гэрээгээ цуцлах талаар хэлэхэд захирал байхгүй байгаа. Захиралдаа энэ тухай хэлээд цуцлах айлын жагсаалтад танайхыг оруулна гэх хариу тайлбар өгсөн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ганбат ажил гүйцэтгэх гэрээгээр захиалгаар орон сууц бариулах гэрээ хийсэн. Ажил гүйцэтгэх гэрээ төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл бол хийгдсэн ажлын материал байдаг. Гэтэл энэ гэрээ ажил гүйцэтгэх гэрээ хийгдэж байгаа хэдий ч худалдах худалдан авах гэрээний зарчмаар зохицуулагдах харилцаа байсан гэж ойлгож байна. Гэрээ хийснээс хойш нэхэмжлэгч нийт 6 удаа очиж уулзаж гэрээнээс татгалзах болон мөнгөө авах талаар хэлсэн байдаг. Энэ талаар хэрэгт баригдаж байгаа байрны зургийг фото хэлбэрээр гаргаж өгсөн. Гэрээ байгуулахдаа газрын маргаантай асуудал дээр гэрээ байгуулсан. Мөн гэрээ байгуулснаас хойш удаа дараа очиход гэрээг цуцлаагүй. Шүүх хуралдаанд тайлбар гаргаж өгөөгүй байж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах зохицуулалттай. Үүний дагуу бид гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар удаа дараа мэдэгдэж байсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олгосон ашгийг харилцан буцаах үүрэгтэй байдаг. Тиймээс гэрээнээс татгалзаж байх тул 99,000,000 төгрөгийг буцааж гаргуулах шаардлага гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэг хариуцагчтай хэд хэдэн нэхэмжлэл нэгтгэж гаргаж байгаа учраас улсын тэмдэгтийн хураамжийг нэгтгэж төлсөн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүнд маргахгүй байгаа. 2 орон сууц 1 авто зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж мөнгийг шилжүүлсэн нь үнэн. Гэрээнээс татгалзаж байгаа, мөнгө нэхэж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх талаар хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийг хэрэглээгүй шууд шүүхэд хандсан асуудал байгаа. 2 орон сууц 1 авто зогсоол Н тип гэдэг нь шүүхэд гаргаж өгсөн зурагт байгаагаар барилга баригдсан. Н тип нь суурийн ажил цутгагдсан байдалтай явагдаж байгаа. Барилгын ажил удааширсан нь үнэн. Газрын маргаантай байсан учраас тодорхой хугацаагаар саатсан. Орон сууц захиалан бариулах гэрээ тус тусдаа байгуулагдсан. Дээрх гэрээнд тодорхой тусгаад өгсөн маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх талаар байгаа. Орон сууц захиалан бариулах гэрээний 5.4 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлэн нийт гэрээний үнийн дүнгийн 0,02 хувийн өдөр тутам алданги тооцож захиалагчид өгөхөөр зохицуулалт байгаа. Алдангийн дагуу байрандаа орсон хүмүүс эхнээсээ алдангиа тооцоод бэлэн мөнгөөр авч байгаа эсхүл үлдэгдэл мөнгөнөөсөө хасуулаад асуудлыг шийдвэрлэж байгаа. Ашиглалтад оруулах хугацаа 2019 оны 4 дүгээр улиралд багтааж гүйцэтгэнэ гэсэн гэрээний хугацаа байгаа. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан. Барилгын ажлыг нарийн тооцох боломжгүй байдаг учраас гэрээндээ заасан хугацаанаас 3 сарын наана цаана хэлбэлзэх асуудлыг зохицуулж алданги тооцохгүй талаар гэрээний 2.6 дахь хэсэгт зохицуулсан байгаа. Гэрээний 5.4 дэх хэсэгт 3 сарын хугацаанд хэлбэлзэх асуудлыг тусгаж 3 сараас илүү гарвал 0,02 хувийн алдангийг бэлэн мөнгөөр бодож орон сууцанд орж байгаа хүмүүст өгөхөөр гэрээгээр зохицуулсан. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийг хэрэглээгүй. Нэхэмжлэлд дурдсанаар хэзээ ашиглалтанд орох вэ, барилгын ажил юу болж байна гэх байдлаар уулзсан. Түүнээс биш албан ёсоор гэрээнээс татгалзаж байна, нэмэлт хугацаа тогтоох талаар амаар болон албан бичгээр нэг ч удаа хандаж байгаагүй. Шууд шүүхэд хандсан. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн бус төлсөн байдаг. Гэрээний үнийн дүн тус бүрт төлөгдөх ёстой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганбат нь хариуцагч Шинэ гарц ХХК-д холбогдуулан, Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 99,639,974 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В дугаар блок, 1 дүгээр орц, 5 давхар, Н тип, 2 өрөө, 42,3 м.кв талбайтай, 1 м.кв-ын үнэ 1,100,000 төгрөг буюу нийт 46,530,000 төгрөгийн дүнтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В дугаар блок, 1 дүгээр орц, 8 давхар, А тип, 3 өрөө, 76,1 м.кв талбайтай, 1 м.кв-ын үнэ 1,100,000 төгрөг буюу нийт 83,710,000 төгрөгийн дүнтэй, Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй, №В блок дугаартай хоёр гэрээ, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В дугаар блок, зоорийн давхар 15 тоот, 17 м.кв талбайтай, 18,000,000 төгрөгийн дүнтэй Дулаан зогсоол захиалан бариулах тухай гэрээ нэртэй, В блок дугаартай гэрээг тус тус байгуулжээ.

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Захиалагч тал буюу Б.Ганбат нь дээрх 3 гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, 46,530,000 төгрөгийн дүнтэй, 2 өрөө, Н типийн орон сууцны төлбөрт 29,081,250 төгрөг, 83,710,000 төгрөгийн дүнтэй 3 өрөө, А типийн орон сууцны төлбөрт 52,558,724 төгрөг, авто зогсоолын төлбөр 18,000,000 төгрөг, нийт 99,639,974 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний дагуу төлбөрийн үүргээ гүйцэтгэсэнд маргаангүй болохоо шүүхэд тайлбарласан.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу барилгын ажил саатсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд ажлын гүйцэтгэлийг захиалагч тал шаардаж байсан нь шүүхийн хэлэлцүүлгээр мөн тогтоогдов.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар, гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдэлгүй шууд шүүхэд хандсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх боловч захиалагч талын төлөх төлбөрийг ажил гүйцэтгэгч талд төлж, мөнгөн шилжүүлгийг хийсэн Б.Баянбилэг, Я.Нармандах нар ажлын гүйцэтгэлийг шаардаж, гэрээнээс татгалзахыг мэдэгдэж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь барилгын ажил саатсан үйл баримт тогтоогдсон, хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлснээ нотлоогүйн дээр гэрээнээс татгалзах хүсэлтэй иргэд тус компани дээр ирж уулзаж байсан талаар шүүхэд тайлбарласан.

Иргэний хуулийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 225.2.Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж хуульчлан зохицуулсан бөгөөд дээр дурдсан үйл баримт нь ажил гүйцэтгэгч талд нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байх тул хариуцагч Шинэ гарц ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл болох 99,639,974 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Шинэ гарц ХХК-иас 99,639,974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ганбатад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ганбатын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 656,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шинэ гарц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 656,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганбатад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА