Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 634

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00274 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.С-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 775 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Г.С-тэй барьцааны болон зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, хоногт 0.5 хувийн алданги тооцохоор 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол усны гудамж 20а байр, 09 тоот, 72.98 м.кв байрыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаанд Г.С- зээлийн хүүнд 3 250 000 төгрөгийг төлсөн. Төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 4 850 000 төгрөг, үндсэн зээл 15 000 000 төгрөг, нийт 19 850 000 төгрөгийг төлөөгүй. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги нь хуульд заасны дагуу 50 хувь буюу 9 925 000 төгрөг болж нийт 29 755 000 нэхэмжилж байсан.

Гэтэл Г.С- нь нэхэмжлэл гаргаснаас хойш 4 000 000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжилж буй мөнгөн дүнгээс 4 000 000 төгрөгийг хасч нийт 25 755 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь 15 000 000 төгрөгийн зээл авсан гэдэг нь тодорхой байна. Гэрээгээр хүүг тусгайлан төлнө гэж тохирсон зүйл байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн мөнгийг зээл гэж төлсөн. Энэ мөнгийг үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс хасуулж, 13 000 000 төгрөгөөс зээлийн хүүгийн тооцоог хийлгэх хүсэлтэй байна.

Зарим үед АТМ-аас мөнгө шилжүүлэхээр нэр нь гарч ирэхгүй байсан. Г.С- 775 000 төгрөгийг төлсөн гэж хэлсэн. Дансны хуулгыг харахад тодорхой харагдахгүй байна. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү. Харин гүйлгээний утга дээрээ хүү гэж тооцоолж бичсэн мөнгийг хүүнээс хасах байх, Г.С- нь хариуцлагагүй байдлаасаа мөнгийг төлөөгүй зүйл биш юм. Харин төлөх хүсэлтэй учир удаа дараа хүсэлт гаргадаг байсан. Г.С- нь өнгөрсөн хугацаанд хүнд өвчнөөр өвчилсөн, мөн 85 настай ээж нь байдаг. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн эдийн засгийн хүнд хямралтай байсан учраас алдангийг төлөх чадваргүй болсон гэдгийг Э.Э- мэдэж байсан тул алданги төлөхөөс татгалзаж байна.

Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь илүү мөнгө нэхэмжилсэн. Илүү нэхэмжилсэн 2 779 000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. Талууд гэрээ тохиролцож байгуулсан ч гэсэн ч хүү нь хэт өндөр байна. Иймээс Г.С-ийн эдийн засаг, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Гэрээнд хүүг урьдчилан төлнө гэсэн тохиролцоо хийгээгүй. Г.С-ийн эрүүл мэндийн байдал муу байгаа учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг эсэргүүцэж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү болон анзыг тодорхой хэмжээгээр хасаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Г.С-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 775 000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2203014468 улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 20а байр 9 тоотод байрлах 72.98 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагчаас 318 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.Э- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “Хариуцагч Г.С- нь зээлийн төлөлт доголдсон шалтгаан нь эрүүл мэндийн байдал болон ар гэрийн гачигдал тохиолдсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 000 000 төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 4 600 000 төгрөгөөр багасгаж, 2 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэргийн 23-38 дугаар талуудад авагдсан нотлох баримтаар 4 удаагийн үйлдлээр 1273.87 евро болж байгаа бөгөөд энэ нь шинжилгээ өгсөн болохоос бус эмчлүүлсэн гэж үзэх орчуулгын баримт байхгүй байна. Мөн хэргийн 45 дугаар талд Улаанбаатар Сонгдо н.Сэржмядаг гэх нэртэй хүн 2 удаагийн үйлчилгээ авсан, хэргийн 46-47 дугаар талуудад /Саранчимэг Гомбосүрэн/ гэх нэртэй хүн үйлчилгээ авсан байна. Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан ёсны хэлээр явагдах бөгөөд эдгээр баримтууд мөн адил тус хуульд нийцээгүй байхад шүүхээс нотлох баримтаар үнэлж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн зарчмыг зөрчиж шийдвэрлэсэн нь байна. Мөн ямар арга аргачлалаар дээрх 4 600 000 төгрөгийг хасаж тооцсон, хариуцагч талын одоогийн амьжиргааны нөхцөл байдлыг тодруулаагүй. Үнэхээр амьдрал нь хариуцагч талын хэлсэн шиг хүнд байгаа гэдгийн хэрхэн үнэлж, нотолсон гэдэг нь тодорхой бус гагцхүү шүүгч л өөрийн үзэмжээр ийм өндөр үнээр хасалт хийж байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анзын хэмжээг хэт их буюу үндэслэлгүй тооцож 9 925 000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд хүүгээс анз тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна” гэж үзэж байгаа нь 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч тал төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 4 850 000 төгрөг, үндсэн зээл 15 000 000 төгрөг, нийт 19 850 000 төгрөгийг төлөөгүй. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги нь хуульд заасны дагуу 50 хувь буюу 9 925 000 төгрөг болж нийт 29 755 000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Шүүхээр хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдэж дуусаагүй бөгөөд нэхэмжлэгч тал хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлдэг хууль зүйн үндэслэлтэй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны анзыг нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 11 750 000 төгрөг хасч тооцсоныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Г.С- давж заалдах гомдолдоо:

... Миний хувьд хүнд өвчний улмаас тухайн үед ажлаа хийж чадахгүй байснаас гадна 85 настай ээж маань 2 жил орчим хугацаагаар хэвтэрт байсан зэргээс шалтгаалан санхүүгийн хүндрэлд орж, иргэн Э.Э-оос авсан 15 000 000 төгрөгийн зээлийг бүрэн төлж чадаагүй. Зээлийн төлбөрийн тооцоог хийж, зээлийн хугацааг сунгах, төлбөрт уран зураг өгөх санал хэлж байсан боловч “за” гэхээс өөр хариуг нэхэмжлэгч өгдөггүй болно.

Гэрээний хугацаанд зээлийн төлбөрт нийт 3 250 000 төгрөг, шүүх хуралдаанаас өмнө 4 000 000 төгрөг төлсөн. Гэрээгээр зээлийн хүүг урьдчилан төлөхөөр тохиролцоогүй бөгөөд сарын зээлийн хүүгийн хэмжээнээс илүү төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж, хүүгийн тооцоо хийсэнгүй. Зээлийн төлбөрийн тооцоог буруу хийж, 675 000 төгрөг илүү гаргуулж хохироолоо. Зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа нь иргэн надад илт хохиролтой, миний амьдрал, эрүүл мэндийн аргагүй байдал нотлогдсон атал шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүйд гомдолтой байна. Зээлийн төлбөрт нийт 7 250 000 төгрөг төлсөн, шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг буруу тооцсон.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч Г.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 775 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүүгийн хэмжээг хэт өндөр гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Э.Э- 15 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч мөнгийг хэлэлцэн тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээж үүргээ зөрчвөл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон, мөн өдрийн барьцааны гэрээгээр Ү-2203014468 улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 20а байр 9 тоотод байрлах 72.98 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Зээлдүүлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг зээлдэгч хүлээн авч, Э.Цэлмэгийн Хаан банк дахь 5021490233 тоот дансаар дамжуулан зээл, зээлийн хүүнд 3 250 000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 000 000 төгрөг, нийт 7 250 000 төгрөг төлжээ.

 

            Гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн нийт хэмжээ 23 100 000 төгрөг /үндсэн зээл 15 000 000+хүү 8 100 000 /675 000x12 сар/ бөгөөд үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл          8 300 000 /15 000 000-6 700 000/ төгрөг, зээлийн гэрээний хугацаанд 550 000 төгрөг төлснийг хүүд тооцвол зээлийн хүүгийн үлдэгдэл 7 550 000 төгрөг, нийт 15 850 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

            2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлсөн 6 700 000 төгрөгийг үндсэн зээлд төлөгдсөнд тооцох нь мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 15 850 000 төгрөг шаардах эрхтэй, талууд гэрээнд алдангийн талаар тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0.5 хувиар алданги шаардах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Төлбөрийн үлдэгдэл 15 850 000 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 81 хоногийн хугацаанд хоногийн 0.5 хувиар алданги тооцоход 6 419 250 төгрөг /79 250 төгрөг x 81 хоног/ байх бөгөөд шүүх алдангийн хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан 2 150 000 төгрөг болгон багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийх нь хүрээнд байна. Иймд хариуцагч Г.С-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 775 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь заалтад нийцжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00274 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс 203 350 төгрөг, хариуцагчаас 247 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ