Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00274

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны  01 сары 24 өдөр

                              181/ШШ2020/00274

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Э.Э ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.С-т  холбогдох

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,775,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Г.С тэй барьцааны болон зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэй, хоногт 0,5 хувийн алданги тооцохоор 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол усны гудамж 20а байр, 09 тоот, 72,98 м.кв байрыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаанд Г.С  зээлийн хүүнд 3,250,000 төгрөгийг төлсөн. Төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 4,850,000 төгрөг, үндсэн зээл 15,000,000 төгрөг, нийт 19,850,000 төгрөгийг төлөөгүй. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги нь хуульд заасны дагуу 50 хувь буюу 9,925,000 төгрөг болж нийт 29,755,000 нэхэмжилж байсан.

Гэтэл Г.С  нь нэхэмжлэл гаргаснаас хойш 4,000,000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжилж буй мөнгөн дүнгээс 4,000,000 төгрөгийг хасч нийт 25,755,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь 15,000,000 төгрөгийн зээл авсан гэдэг нь тодорхой байна. Гэрээгээр хүүг тусгайлан төлнө гэж тохирсон зүйл байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн мөнгийг зээл гэж төлсөн. Энэ мөнгийг үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс хасуулж, 13,000,000 төгрөгөөс зээлийн хүүгийн тооцоог хийлгэх хүсэлтэй байна.

Зарим үед АТМ-аас мөнгө шилжүүлэхээр нэр нь гарч ирэхгүй байсан. Г.С  775,000 төгрөгийг төлсөн гэж хэлсэн. Дансны хуулгыг харахад тодорхой харагдахгүй байна лээ. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү. Харин гүйлгээний утга дээрээ хүү гэж тооцоолж бичсэн мөнгийг хүүнээс хасах байх.

Г.С  нь хариуцлагагүй байдлаасаа мөнгийг төлөөгүй зүйл биш юм. Харин төлөх хүсэлтэй учир удаа дараа хүсэлт гаргадаг байсан. Г.С  нь өнгөрсөн хугацаанд хүнд өвчнөөр өвчилсөн, мөн ээж нь 85 настай хүн байдаг. Г.С  хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн эдийн засгийн хүнд хямралтай байсан учраас алдангийг төлөх чадваргүй болсон гэдгийг Э.Э  мэдэж байсан тул алданги төлөхөөс татгалзаж байна.

Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь илүү мөнгө нэхэмжилсэн. Илүү нэхэмжилсэн 2,779,000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. Талууд гэрээ тохиролцож байгуулсан ч гэсэн ч хүү нь хэт өндөр байна. Иймээс Г.С ийн эдийн засаг, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна.

Г.С  нь нөхцөл байдлынхаа хувьд тааруухан байсан. Гэрээнд хүүг урьдчилан төлнө гэсэн тохиролцоо хийгээгүй. Г.С ийн эрүүл мэндийн байдал муу байгаа учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг эсэргүүцэж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зээлийн хүү болон анзыг тодорхой хэмжээгээр хасаж өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э  нь хариуцагч Г.С т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,775,000 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.С  нь алдангийг буруу тооцоолсон, мөн зээлийн хүүг багасгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 02-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 15,000,000 /арван сая/ төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

Мөн, Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Ү-2203014468 улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 20а байр 9 тоотод байрлах 72,98 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, “Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь зээлийн хүүнд 4,000,000 төгрөг төлсөн гэж маргах боловч 3,250,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдож, 750,000 төгрөгт тооцогдох хэсгийг төлсөн байдлыг баримтаар нотлоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,000,000 төгрөг төлсөн бөгөөд уг 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгээс хассан гэж тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дууссан, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүү Э.Цэлмэгийн Хаан банк дахь 5021490233 тоот дансаар дамжуулан зээлийн хүүнд 3,250,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдов.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн гэх 4,000,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт тооцож, зээлийн үндсэн төлбөрт 11,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь зээлийн хүү 4,5 хувиар тохиролцсон нь хэт өндөр байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар зээлийн хүүг багасгах талаар хүсэлт гаргасан боловч нийтэд илэрхий үйл баримт буюу иргэд хоорондын зээлийн хүүтэй харьцуулахад нэг сарын 4,5 хувийн хүү нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүү 4,850,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлин 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д “хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданаги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анзын хэмжээг хэт их буюу үндэслэлгүй тооцож 9,925,000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд хүүгээс анз тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Мөн, зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 81 хоногийн хугацаа хэтэрсэн байх бөгөөд 15,000,000 төгрөгөөс хоногийн 0,5 хувиар алданги тооцоход 75,000 төгрөг, үүнийг хугацаа хэтэрсэн 81 хоногоор тооцоход 6,750,000 төгрөг болж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заажээ.

 

Хариуцагч Г.С  нь зээлийн төлөлт доголдсон шалтгаан нь эрүүл мэндийн байдал болон ар гэрийн гачигдал тохиолдсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,000,000 төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 4,600,000 төгрөгрөөр багасгаж, 2,150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Г.С ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,775,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгүүдийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг дутуу төлсөн тул нөхөн гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Г.С ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,775,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2203014468 улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 20а байр 9 тоотод байрлах 72,98 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагчаас 318,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР