Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00034 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Н-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01161 дугаартай захирамжаар Б.Н-, Т.Ч-нараас 33 756 473 төгрөгийг гаргуулж, Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний барьцаанд Д.Э-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 218 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар дээрх хөрөнгийг 54 150 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл уг байр нь супер засвар хийсэн зах зээлийн үнэ нь 90 000 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх ёстой. Хөрөнгийн үнэлгээний газар нь бидний хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж төлбөр төлөгч нар болон хөрөнгийг өмчлөгч нарыг мөн хохироож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд хандаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 218 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 54 150 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01161 дугаар захирамжаар Б.Н-, Т.Ч-нараас 33 756 473 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгох, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 218 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012848 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Э-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 218 тоот 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч болон өмчлөгчөөс хураасан эд хөрөнгийн үнийн санал авахад өмчлөгч Д.Э- эд хөрөнгийг 180 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч Б.Н-, Т.Ч-нар үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 54 150 000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012848 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 218 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 54 150 000 /тавин дөрвөн сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Н-, Д.Э- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хөрөнгийн үнэлгээний төв нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 440 дугаар дүгнэлтээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 54 150 000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 312 тоот шинжээч томилох тухай тогтоолд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, 2 дахь заалтаар хэн гэдэг шинжээч гаргах эсэх, шинжээчийн дүгнэлтийг хэзээ гаргах хугацааг зааж өгөөгүй байна. Мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээг Ж.У гэх үнэлгээчин гаргасан бөгөөд хуулийн этгээдээс үнэлгээчинг томилсон эсэх, тус үнэлгээчин нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д ажилладаг эсэх талаар нотлох баримтгүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан 3 үл хөдлөх эд хөрөнгийн зургийг хавсаргаагүй нь буруу юм. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өмгөөлөгч авах талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ нь хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Н-, Д.Э- нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01161 дугаар захирамжаар  “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н-, Д.Э- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33 756 473 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрч, шүүх зөвшөөрлийг баталсан нь хэрэгт авагджээ. Хуулийн хүчин төгөлдөр уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2018/07518 дугаар захирамжийн дагуу мөн өдөр 815 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 18271138 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 29-32/

 

Барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2019 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 18271138/3 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18271138/5 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд 2019 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн дотор үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч Т.Ч, Б.Н- нар болон өмчлөгч Д.Э-т 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/20640, 4/20641 дугаар тоотоор мэдэгдсэнийг өмчлөгч Д.Э- хүлээн авч үнийн санал ирүүлсэн, харин төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй тул 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасанд нийцсэн байна. /хх 61-62, 64-65, 68/

 

Шинжээч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 218 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 54 150 000 төгрөгөөр үнэлсэн талаарх 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4/23109 тоот мэдэгдлийг өмчлөгч болон төлбөр төлөгч нар мөн өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд буюу мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, үнэлгээ бодит байдалд нийцэхгүй, хэт доогуур гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

 

            Шүүх 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр товлосон шүүх хуралдааныг хурал давхацсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр товлосон бөгөөд гуравдагч этгээдээр “Төрийн банк” ХХК-ийг оролцуулах, шинжээч томилуулах, өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг цаг хугацааны хувьд өмнө гаргах бололцоотой байсан, хүндэтгэх шалтгаангүй гэж үзэж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00034 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ