Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0621

 

 

 

 
2017 оны 08 сарын 30 өдөр     Дугаар 221/МА2017/0621             Улаанбаатар хот


Д.Я, Д.О, О.О,
М.М, Д.Б, Ө.Н нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, гуравдагч этгээд Ц.Т нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Я, Д.О, О.О, М.М, Д.Б, Ө.Н нарын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Д.Я, Д.О, О.О, М.М, Д.Б, Ө.Н нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэн Д.Я, Д.О, О.О, М.М, Д.Б, Ө.Н нар нь орон сууцандаа өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулах тухай нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Тус шүүх нь уг асуудлыг хянан хэлэлцээд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 тоот шийдвэрээр иргэн Д.Я, Д.О, О.О, М.М, Д.Б, Ө.Н нарт “Өмчлөх эрхийн гэрчилгээ” олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан шийдвэр гаргажээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 1 дүгээр гудамж 02 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь дангаар өмчлөх хүсэлт, мэдүүлгийг иргэн Ц.Т нь 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус хэлтэст гаргасныг хүлээн авч эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээ олгосон байна.
Дээрх өмчлөгч нь 2013 оны 11 сард Кредит Монгол банк бус санхүүгийн байгууллагатай ... тоот зээлийн гэрээ байгуулсныг “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай “ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх ба өнөөдрийн байдлаар хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн /банкны/ шаардлага хангагдаж гэрээ дуусгавар болсон талаарх мэдэгдэл ирээгүй байна.
Мөн Дорнод аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 138/Ш32017/00373 тоот шүүгчийн захирамж, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/129 дугаартай албан бичгээр тус эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа.
Хэрлэн сумын 10-р баг 74 дүгээр байр 16 айлын орон сууцны доорх газрын өмчлөгч нь иргэн Ц.Т юм. Уг газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар байх бөгөөд иргэний өмчлөлийн газрыг төрийн мэдэлд шилжүүлсний дараа орон сууцны өмчлөх эрхийг бүртгэх нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “улсын бүртгэл үнэн зөв” байх зарчимд нийцэхээр байна. Монгол улсын Засгийн газрын 2003 оны 22 дугаар тэмдэглэлээр баталгаажсан “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэл”-д “нийтийн орон сууцны зориулалтаар хувьчилж авсан барилга байгууламж /барилгын суурь болон нийтийн эдэлбэр газар/-т ногдох газрыг иргэнд өмчлүүлэхгүй байх” гэж тусгасан.
Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т “...тодорхой зориулалтаар олгосон гарыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж заасан байна. Иргэн Ц.Т нь өөрийн өмчлөлийн газартаа нийтийн эзэмшлийн орон сууц барьчхаад эрхээ нийтийн эзэмшилд шилжүүлэхгүй гэж байгаа нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь Ц.Т-той газрын асуудлаа шийдвэрлүүлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авах нь зүйтэй байна. Мөн тус байрыг ашиглалтад авсан улсын комиссын буруутай үйл ажиллагаа энд харагдаж байна.
Нэхэмжлэгч иргэн Д.Я, Д.О, О.О, М.М, Д.Б, Ө.Н нар нь иргэн Ц.Т-той энэ асуудлаа нэг мөр болгосны дараа манай байгууллагад хандаж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцнэ.
Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, хариуцагч захиргааны байгууллагын актыг хууль бус гэж үзсэн үндэслэлээ заахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, бүртгэл хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Д.Я нар нь “Хэрлэн сумын 10 дугаар баг ялалтын 1-2 тоотод “М” ХХК-ийн захирал Ц.Т-ийн барьсан 4 давхар 16 айлын орон сууцыг худалдан авахаар захиалга өгч хөрөнгө оруулалтаа бүрэн хийгээд 4 дэх жилдээ орсон. Одоо болтол өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй, Улсын бүртгэлийн газар газрын маргаантай гээд өргөдөл хүсэлтийг авдаггүй. Ц.Т хувийн өмчлөлийн газраа нийтийн өмчлөлд шилжүүлэхгүй гэж маргадаг” гэсэн үндэслэлийг нэхэмжлэлдээ дурдсан атлаа “Өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны өмчлөгч нь “М” ХХК-ийн захирал Ц.Т гэдэгтэй нэхэмжлэгч нар маргаагүйгээс үзвэл тус өмчлөгч компани, иргэнээс орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэн авсан байхад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн талаар маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, уг харилцааг ялгамжтай зохицуулсан хуулийн заалтуудыг зөв сонгож хэрэглээгүй бөгөөд үндэслэл муутай болжээ.
2. Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус эсэхийг тогтоож, хэрэв хууль бус бол тухайн актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоож, зөрчигдсөн бол актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх “хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг үндэслэл болгон нэхэмжлэгч иргэдийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй байх хэдий ч нэхэмжлэгчийн эрх, зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах  зорилгод нийцнэ” гэсэн нь үндэслэлгүй болжээ.
Захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээ нь зөвхөн захиргааны хууль бус актыг хянаж, захиргааны хууль бус үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахад оршино. Харин захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн бол захиргааны акт гаргахыг даалгаж захиргааны үйл ажиллагаанд шүүх шууд оролцох эрхгүй тул захиргааны акт нь хууль зөрчөөгүй бол нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй.
Хариуцагч нь шүүх хуралдаанд “өмчлөгч Ц.Т нь уг орон сууцыг “К.М” ББСБ-д 2013 оны ... тоот барьцааны гэрээ бүртгэлтэй, шүүхийн тогтоол, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны албан бичгүүдээр битүүмжилсэн, мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул барьцаалагчийн зөвшөөрөл, шийдвэр гүйцэтгэх албаны зөвшөөрөлгүйгээр бүртгэхийг хуулиар хориглосон” гэж нэхэмжлэгч нарын өргөдлийг хүлээн авч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгээгүй үндэслэлээ тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нар нь “орон сууц худалдан авах захиалгийн гэрээ”-г Ц.Т-той байгуулсан болох нь тогтоогдох бөгөөд харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 19.1.2-д “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ц.Т “М” ХХК-ийн өмчлөлөөс нэхэмжлэгч нарт шилжүүлсэн гэх нотлох баримт байхгүй байна.
3. Нэхэмжлэгч нарыг маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэх орон сууцны захиалгын гэрээнээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч нар нь “уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага гаргасан байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг шүүх шалгаагүй.
Тиймээс дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг шүүх тогтоох шаардлагатай.
4. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж заасан байхад гуравдагч этгээдээр “К.М” ББСБ-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь “зээлийн гэрээний үүргийн биелэлт ... төгрөг, ... мөнгө гаргуулах” шаардлага бүхий “К.М” ББСБ-ын нэхэмжлэлээр Дорнод аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 138/ШЗ2017/00373 дугаар захирамжаар “гуравдагч этгээд Ц.Т-ийн өмчлөлийн ... дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 74 дүгээр байрны ... м.кв талбай бүхий 16 айлын орон сууцыг захиран зарцуулах болон тус эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн” байх тул энэхүү захиргааны маргааны улмаас “К.М” ББСБ-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй юм.
Мөн гуравдагч этгээд Ц.Т нь “өөрийн өмчлөлийн гэх Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 74 дүгээр байрны 860 м.кв талбай бүхий 16 айлын орон сууцыг 2013 онд “К.М” ББСБ-д барьцаалан зээлийн гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байгаа тул уг зээлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргуулах нь ач холбогдолтой юм.
Учир нь Ц.Т-ийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 1-2 тоот орон сууц”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр  гаргасан  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 1 дугаар гудамж, 2 тоот ... м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж, уг үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Ц.Т-т олгосон гэх нотлох баримт хэрэг авагдсан байна. Тиймээс Хэрлэн сумын 10 дугаар баг, 74 дүгээр байрны 3, 5,  6, 8, 9, 16 тоот орон сууцны анхны болон одоогийн өмчлөгчийг тодруулах, үүнтэй холбоотойгоор уг орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэргийг хэрэгт цуглуулахаар байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.О нь 2012 онд орон сууцны захиалгын гэрээг Ц.Т-той байгуулсан гэх баримт хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь орон сууцны захиалгын гэрээг байгуулахдаа тухайн хөрөнгө барьцаанд байсныг мэдсэн эсэх, мэдсэн бол барьцаалуулагчийн зөвшөөрлийг авч барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээ зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАТБААТАР
                    ШҮҮГЧ                         Э.ЗОРИГТБААТАР
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР