Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 19

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун би Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг  74 дүгээр байранд оршин суух, нэхэмжлэгч Д.Я, Д.О, О.О, М.М, Д.Б, Ө.Н нарын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, “Өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч бид Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 1-2 тоотод “Мехбаал” ХХК-ийн захирал Ц.Төмөртогоо гэдэг хүний барьсан 4 давхар 16 айлын орон сууцанд байр авахаар захиалга өгч хөрөнгө оруулалтаа бүрэн хийгээд 4 дэх жилдээ орсон. Урьдчилан мөнгөө төлж санхүүжилтээ биднээс авсан. Тэгээд 2013 онд уг байрыг ашиглалтанд оруулж бид 2013, 2014 онд цувралдан байранд орсон боловч одоо болтол өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй хохирч байна. Анх Улсын бүртгэлийн газарт очиход газрын маргаантай гээд өргөдөл хүсэлтийг хүлээн авдаггүй байлаа. Төмөртогоо гэдэг хүн нь хувийн өмчлөлийн газраа нийтийн өмчлөлд шилжүүлэхгүй гэж маргадаг. ...Улсын бүртгэлийн хэлтэст өөрсдийн авсан байранд өмчлөх эрхийн гэрчилгээг олгоно уу гээд холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгсөн. Гэтэл тэд сарын дараа 2017 оны 01 сарын 04-нд 22 тоот албан бичгээр хариу өгөхдөө “…Уг нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрхээ бусдад шилжүүлэн бүртгүүлэх тохиолдолд өмчлөлийн газраа нийтийн эзэмшилд  шилжүүлсэн  эрх  бүхий албан тушаалтны шийдвэрийг гаргуулсны дараа бүртгүүлэх боломжтой учир танайд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн. Уг шийдвэрийг бид зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичиж, Монгол Улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж  гомдлоо гаргасан боловч хариу ирэхгүй байж байгаад, 2017 оны 03 сарын 02-ны өдрийн 7/1667 тоотоор хариу ирүүлснийг бид зөвшөөрөхгүй байна. Биднийг гомдол гаргаж шат шатны байгууллагын хариуг хүлээж байх явцад иргэн Ц.Төмөртогоогийн өмчлөлд байдаг 74-р байшинг шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн юм байна гэдгийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичгээс олж мэдлээ. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулиудаас үзэхэд, Монгол Улсын иргэн газар өмчлөх, өмчилсөн газартаа орон сууц барих, түүнийгээ захиран зарцуулах эрхийг хязгаарлаагүй байна. Мөн иргэн өөрийн өмчлөлийн газар дээр барьсан орон сууцнаас бусдад худалдахад заавал өөрийн өмчлөлийн газраа нийтийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх ёстой гэсэн заалт байхгүй байна. Гэтэл иргэн Төмөртогоог хувийн өмчийн газраа нийтийн эзэмшилд шилжүүлж шийдүүлсэнгүйгээс бидэнд өмчлөх эрхийн гэрчилгээ өгөхгүй гэж буй нь хуулинд байхгүй үндэслэл шалтаг зааж татгалзан иргэн бидний өмчөө бүртгүүлэх, захиран зарцуулах, барьцаалах, бусад байдлаар ашиглах эрхийг зөрчиж хохироож байна.

             Иймд Хэрлэн сумын 10 дугаар багийн 74 дүгээр байрны 3, 5, 6, 8, 9, 16 тоотын оршин суугч бидэнд орон сууцаа өмчлөх эрхээ баталгаажуулж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч, хариуцагч  нар шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

            Нэг талаас нэхэмжлэгч Д.Я, Д.О, М.М, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгч Ө.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Б,  

            Нөгөө талаас хариуцагч  байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г бид нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн тавьж буй нөхцөл тайлбаруудыг ярилцаж, тал бүрээс нь үнэлсний үндсэнд доорх тохиролцоонд хүрлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж энэ хүртэл өрнөж явсан учир яг энэ асуудлыг дахин зардал чирэгдэл болгохгүйгээр энэ шүүхийн шатанд шийдвэрлэж дуусгах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталгаажуулах саналтай байна.

             Эвлэрлийн нөхцөл:

            - Нэхэмжлэгч тал нь гуравдагч этгээд Ц.Төмөртогоотой  Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу түүний өмчлөлийн газрын тодорхой хэсгийг хуулийн дагуу эзэмших, ашиглахаар гэрээ байгуулах, уг гэрээгээ хуулийн дагуу материалыг бүрдүүлэн бүртгэлийн газарт бүртгүүлэх,

             - Мөн орон сууцны өмчлөх эрхийн үндэс болсон Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж батлуулах, холбогдох баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхээр,

            - Хариуцагч тал нь дээрх болзол журмын дагуу бүрдэж ирсэн материалыг хүлээн авах ба гуравдагч этгээд болох иргэн  Ц.Төмөртогоо, “Кредит Монгол” ББСБ-ын хоорондох өрийн асуудал шийдэгдэх, уг Банк бус санхүүгийн байгууллагын тодорхой зөвшөөрөл гарсны үндсэнд нэхэмжлэгч нарт Өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд нийцүүлэн бичиж олгохоор харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулав. Энэ асуудлаар дахин гомдол санал гаргахгүй, эрхгүй болохыг ойлгосон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Д.Я, Д.О, О.О, М.М, Д.Б, Ө.Ннар нь “Өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дураараа дээр дурьдсан үндэслэлээр эвлэрлийн гэрээг, мөн хуулийн  68 дугаар зүйлийн 68.2-т заасны дагуу бичгээр байгуулжээ.

             Нэхэмжлэгч, хариуцагч нар нь ийнхүү  эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ талуудын хүлээх үүргийг тодорхойлж эвлэрсэн байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ОЮУН