Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00831

 

                                                      Г.Одгэрэлийн нэхэмжлэлтэй,

                                                           иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 102/ШШ2016/02030  дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 893 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Одгэрэлийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Н.Мэндсайханд холбогдох,

58.148.000 төгрөг гаргуулах үндсэн,

274.406.450 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө, 54-309 тоот хаягт байрлах 65,74 м.кв худалдааны зориулалттай талбайг 2014.11.28-ны өдөр Н.Мэндсайханы хүсэлтээр дахин 5 сая төгрөгийг хямдруулж 325 сая төгрөгөөр өгч 2014.11.28-нд урьдчилгаа төлбөр 200 сая төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 125 сая төгрөгийг 2015.2.15-ны өдөр төлж дуусгахаар гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Би гэрээнд заасны дагуу 2015.2.15-нд үлдэгдэл төлбөрөө өгөхийг удаа дараа шаардсан боловч, өөрсдөө хүсэлт гарган 2015.03.04-нд 69 сая төгрөгийг алданги тооцохгүйгээр өгч, үлдэгдэл 56.000.000 төгрөгийг 2015.05.04-нд өгч, үл хөдлөх хөрөнгөө өөрсдийн нэр дээр шилжүүлнэ гэж нэмэлт гэрээ хийсэн юм. Үйлчилгээний талбайг худалдахдаа талбайн зөрүүг тайлбарлан өгч 5 сая төгрөгөөр хямдруулж зарсан. Н.Мэндсайхан өөрөө ч мэдэж байгаа. Зар өгөхдөө 350 сая төгрөгөөр үнэлээд 65,47 мкв гэж танилцуулсан. Талбайн зөрүүг тайлбарлаж ярилцаад 25 сая төгрөг хасаж өгсөн. Гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхээр талбайн зөрүүтэй байна үлдэгдэл мөнгө өгөхгүй гэсэн учраас шүүхэд хандсан. Иймд иргэн Н.Мэндсайханаас 56.000.000 төгрөг, алданги өдрийн 56.000 төгрөг/ 06 сарын 12 хүртэл 2.184.000 төгрөг нийт 58.184.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Мэндсайхан нь “Реасе mall” худалдаа үйлчилгээний төвийн 3 давхарын 309 тоот 65.74 м.кв талбайн өмчлөгч Г.Одгэрэлтэй 2014.11.28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа болгон 200 сая  төгрөгийг 2014.11.28-ны өдөр бэлнээр өгсөн. Үлдэгдэл 125 сая төгрөгийг 2015.02.15-ны өдөр өгч дуусгахаар болсон. Гэрээний нийт төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлэхээр тохирсон. Мөн Г.Одгэрэл нь “Сан-Дэй” ХХК-тай 2010.08.19-ний өдрийн 09/0619-2 тоот гэрээ байгуулан 62.32 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийсэн байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 65.74 м.кв гэсэн байсныг хэмжүүлэхэд ашигтай талбай 54.38 м.кв талбай гэсэн хариу гарсан. 1 м.кв талбайн үнээр тооцоход 56 160 633 төгрөгний зөрүү гарч надад маш хүнд тусч байна. Талбай ийм зөрүүтэй байгааг Г.Одгэрэл болон түүний ээж Лхамаа нарт хэлэхэд тэд нэмэлт гэрээ хийе гэсэн. 2015.03.04-ний өдөр дахин гэрээ хийн анхны гэрээний үлдэгдэл 125 сая төгрөгөөс 69 сая төгрөгийг тухайн өдөр бэлнээр өгсөн. Үлдсэн 56сая төгрөг буюу 11.36 м.кв-ын зөрүүг нэмэлт гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд “Сан-Дэй” ХХК-иар төлүүлэхээр болсон бөгөөд холбогдох бүх бичиг баримтыг надад өгөхөөр гэрээ байгуулсан. Энэ нь нэг ёсондоо Г.Одгэрэлийн өмнөөс би “Сан-Дэй” ХХК-тай ярилцаж тохиролцоод үлдсэн төлбөр буюу 56 сая төгрөгийг “Сан-Дэй” ХХК-иар гаргуулж Г.Одгэрэлд өгөх зорилготой хийсэн гэрээ юм. Би худалдаж авсан бодит талбайнхаа үнийг Г.Одгэрэлд төлсөн, үлдсэн 11,36 м.кв талбайн үнэ болох 56сая төгрөгийг “Сан-Дэй” ХХК-иас гаргуулаад авч болно гэж хэлж байсан. Г.Одгэрэлийн “Сан-Дэй”ХХК-тай 2010.08.19-ний өдөр гэрээ байгуулсан байх ба гэрээндээ нийтийн эзэмшлийн талбайн хамт 65.74 м.кв гэсэн энэ гэрээгээ надад үзүүлээгүй надаас нуусан байна. Ийм гэрээ байсныг би мэдээгүй. Г.Одгэрэлийн надад зарсан ашигтай талбай нь гэрээгээр тохиролцсон хэмжээнд хүрэхгүй, гэрээгээр тохиролцсон хэмжээнээс илт бага байгаа учир надад биет байдлын доголдолтой үл хөдлөх хөрөнгө зарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Одгэрэл нь худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнэн зөв мэдээллийг надад өгөөгүй надаас нуусан. Г.Одгэрэлийн “Сан-Дэй” ХХК-тай 2010.08.19-ний өдөр байгуулсан гэрээндээ нийтийн эзэмшлийн талбайн хамт 65,74 м.кв гэсэн байсан. Энэ гэрээгээ надад үзүүлээгүй надаас нуусан. Ийм гэрээ байсныг би мэдээгүй. Г.Одгэрэл надтай гэрээ байгуулахдаа өөр гэрээ буюу 2010.08.19-ний өдрийн 09/0619-2 тоот гэрээг надад үзүүлсэн бөгөөд тус гэрээнд 62.32 м.кв талбай гэсэн байсан. Гэрээнд ямар ч нийтийн эзэмшлийн гэсэн үг үсэг ороогүй байсан. 2014.11.28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр худалдан авч миний эзэмшилд байсан боловч албан ёсоор миний өмчлөлд шилжээгүй байсан. Иргэний хуулийн 254.3-т заасны дагуу Г.Одгэрэлтэй байгуулсан 2014.11.28-ны өдрийн гэрээнээс татгалзаж байна. Гэрээнээс татгалзсантай Г.Одгэрэлд төлсөн төлбөр болох 269.000.000 төгрөг, “Реасе mall” худалдаа үйлчилгээний төвийн 3 давхарын 309 тоот талбайд хийсэн дотоод заслын зардал 5.406.450 төгрөг нийт 274.406.450төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй. Учир нь надад Н.Мэндсайханыг хууран мэхэлж, худалдсан талбайн хэмжээг ихэсгэж, багасгасан зүйл огт байхгүй. Анх гэрээ байгуулж, худалдаа үйлчилгээний талбай зөрсөн үеэс өнөөдрийг хүртэл үнэн зөв мэдээлэл өгч ирсэн. Миний бие 2010.08.19-ний өдөр “Сан-Дэй” ХХК-тай Худалдаа үйлчилгээний барилгын үйлчилгээний заал худалдах худалдан авах гэрээ байгуулж 65.74 м.кв талбайг худалдаж авснаар миний нэр дээр 2015.05.27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо,40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө, 54-309 тоот хаягт байрлах 65.74 м.кв худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Би дээрх гэрчилгээний дагуу Н.Мэндсайхантай 2014.11.28-нд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа миний худалдсан талбайд м.кв-ын зөрүү гарсан талаар Н.Мэндсайханаас мэдсэн. Үүнийг миний ээж, Н.Мэндсайханы ээж, аав нар хүртэл мэдэж, зөрүүг “Сан-Дэй” ХХК-иас хэн нь авах талаар ярилцаж байсныг Н.Мэндсайхан миний нэхэмжлэлд гаргасан тайлбартаа дурьдсан байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/02030 дугаартай шийдвэр гаргаж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Н.Мэндсайханаас 58.184.000 төгрөг гаргуулан Г.Одгэрэлд олгож, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Г.Одгэрлээс 274.406.450 төгрөг гаргуулах тухай Н.Мэндсайханы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн  нийт 448.870 төгрөг, хариуцагчаас төлсөн 1.529.983 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Н.Мэндсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 448.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 893 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 5.4, 5.5, 168.1.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч нь 2015.6.12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, огноо, цаг минутыг тэмдэглэж шүүгчид хуваарилсан. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хэлэлцэхдээ бүхэлд нь бус ганц үндэслэлээр хянасанд гомдолтой байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч гомдолд ирүүлсэн тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Учир нь анхан шатны шүүхийн шүүгчид маргааныг шийдвэрлэх эрх олгогдоогүй тул ИХШХШТХ-ийн 168.1.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. ИХШХШТХ-ийн 64.1-д заасны дагуу шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан нэхэмжлэлийг бүртгэн баталгаажуулдаг ба хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг хуваарилдаг эрх мэдэл хуулиар олгогдоогүй болно. Мөн хуулийн 167.1.5-д заасныг баримтлан “..анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна...” гэсэн нь үндэслэлтэй юм. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Г.Одгэрэл нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 58.184.000 төгрөг, Н.Мэндсайхан нь Г.Одгэрэлээс 274.406.450 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь “Сан-Дэй” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтныг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байхад шүүх /хх 86/ энэ ажиллагааг дутуу хийсэн, энэ тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7-г зөрчөөгүй гэж үзлээ.  

Түүнчлэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-н шаардлагыг хангасан гэж үзэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 893 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 448.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ