Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/05397

 

2016 оны 10 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05397

Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 их тойруу гудамж, 9 дүгээр байрны 27 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧА85080832, Боржигин овогт Гэрэлийн Одгэрэлийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 38а байрны 506 тоотод бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден 314-403 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр УА91111802, Боржигин овогт Нямаагийн Мэндсайханд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58 184 000 төгрөг гаргуулах, Г.Одгэрэлд холбогдох гэрээ цуцалж, учирсан хохирол 274 406 450 төгрөг гаруулахыг хүссэн Н.Мэндсайханы сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Одгэрэл, түүний өмгөөлөгч Ж.Батхүү /үнэмлэх 0339/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж /үнэмлэх 0327/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11-р сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэрийн 54-309 тоот 65.74 м.кв талбай бүхий худалдааны зориулалттай талбайг зарахаар болсон. Бид тэнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул худалдах болсон. Тэгэхэд Н.Мэндсайхан зар тавьсан байсан тул түүний хүсэлтийн дагуу 325 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Үл хөдлөх хөрөнгийн тухайн үеийн ханш 350 000 000 төгрөг байсан боловч илүү үнэлэгдсэн талбайн хөлс 20 000 000 төгрөгийг хасаад 330 000 000 төгрөг гэж байсан. Гэхдээ Н.Мэндсайханы хүсэлтээр дахиад 5 000 000 төгрөгийг хасч 325 000 000 төгрөгөөр өгч 2014.11.28-нд урьдчилгаа төлбөр 200 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 125 000 000 төгрөгийг 2015 оны 2-р сарын 15-ны өдөр төлж дуусгахаар гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Н.Мэндсайхан нь энэ хугацаанд мөнгөө өгөөгүй боловч  2015 оны 03-р сарын 04-нд 69 000 000 өгсөн, үүнийг алданги тооцохгүйгээр авсан ба үлдэгдэл 56 000 000 төгрөгийг 2015 оны 05-р сарын 04-нд өгч, үл хөдлөх хөрөнгөө өөрсдийн нэр дээр шилжүүлнэ гэж нэмэлт гэрээ хийсэн юм. Гэвч хугацаа дуусч мөнгөө нэхэхээр талбайн зөрүүтэй байна үлдэгдэл мөнгө өгөхгүй гэсэн маргаан гарсан. Иймд иргэн Н.Мэндсайханаас 56 000 000 төгрөг, 1 хоногийн алданги 56 000 төгрөг  06 сарын 12 хүртэл 2.184.000 төгрөг нийтдээ 58.184.000 төгрөгийг Н.Мэндсайханаас гаргуулж өгнө үү гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мэндсайхан нь Г.Одгэрэлтэй 2014 оны 11-р сарын 28-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 40, 50 мянгат хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-309 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 65.74 м.кв талбайг нийт 325 000 000 төгрөг буюу 1 м.кв талбайг 4 943 717.7 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Урьдчилгаа болгон 200 000 000 төгрөгийг 2014.11.28-ны өдөр бэлнээр өгч, үлдэгдэл 125 000 000 төгрөгийг 2015.02.15-ны өдөр өгч дуусгахаар болсон. Гэрээний нийт төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийг Н.Мэндсайханы нэр дээр шилжүүлэхээр тохирсон. Г.Одгэрэл нь “Сан-Дэй” ХХК-тай 2010.08.19-ний өдрийн 09/0619-2 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын үйлчилгээний заал худалдах худалдан авах гэрээ” байгуулан 62.32 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийсэн байсан бөгөөд Мэндсайхантай худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа уг гэрээг үзүүлэн гэрээний хуулбарыг өгсөн байдаг. Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 65.74 м.кв гэсэн байсан бөгөөд энэ талаар асуухад барилга ашиглалтад орсны дараа хэмжилт хийхэд 65.74 м.кв болсон гэж тайлбарласан. Гэтэл “Реасе mall” дэлгүүрийн талбай өмчлөгчийн дунд “талбайн хэмжээ бүгд зөрүүтэй байна” гэсэн маргаан гарахаар нь Барилгын зураг төслийн “Гандирс ХХК-иар талбайг хэмжүүлэхэд үйлчилгээний танхим буюу ашигтай талбай 54.38 м.кв талбайтай байсан. Ингээд анх худалдаж авсан талбайгаас 11.36 м.кв дутсан бөгөөд худалдан авсан 1 м.кв талбайн үнээр тооцоход 56 160 633 төгрөгний зөрүү гарсан. Энэ талаар Г.Одгэрэл болон түүний ээж Лхамаа нарт хэлэхэд тэд нэмэлт гэрээ хийе гэсэн. Тэгээд 2015 оны 03-р сарын 04-ний өдөр нэмэлт гэрээ хийж, үлдэгдэл 125 000 000 төгрөгөөс 69 000 000 төгрөгийг тухайн өдөр бэлнээр өгч, үлдэх  56 000 000 төгрөг буюу 11.36 м.кв-ын зөрүүг нэмэлт гэрээ байгуулсанаас хойш 2 сарын хугацаанд “Сан-Дэй” ХХК-иар төлүүлэхээр тохирсон. Г.Одгэрэл нь холбогдох бүх бичиг баримтыг өгөх, өөрөөр хэлбэл, Г.Одгэрэлийн өмнөөс Н.Мэндсайхан “Сан-Дэй” ХХК-тай ярилцаж тохиролцоод үлдсэн төлбөр буюу 56 000 000 төгрөгийг “Сан-Дэй” ХХК-иас гаргуулж Г.Одгэрэлд өгөх зорилготой байсан. Гэтэл “Сан-Дэй" ХХК нь “Г.Одгэрэлтэй 2010.08.19-ний өдөр “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан ба гэрээний нөхцлийн дагуу нийтийн эзэмшлийн талбайн хамт 65.74 м.кв талбайг барьж өгөхөөр тохирсон. “Сан-Дэй” ХХК нь үүргийнхээ дагуу талбайг Г.Одгэрэлд хүлээлгэн өгч акт үйлдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээг “ Одгэрэлийн нэр дээр гаргуулж өгсөн тул 2 талын үүргийн харилцаа дууссан. Уг асуудал нь “Сан-Дэй” ХХК-ийн хариуцах асуудал биш байна” гэсэн хариу өгсөн. Үүнээс харахад Г.Одгэрэл нь ашигтай талбай нь 54.38 м.кв, нийтийн эзэмшлийн талбайг оруулаад 65.74 м.кв болсон гэдгийг сайн мэдэж байсан байна. Гэрээ байгуулахдаа талбайн зөрүүтэй талаар яриа огт гараагүй. Г.Одгэрэл нь ашигтай талбай дутуу тухай мэдсээр байж надад хэлээгүй бөгөөд доголдлын талаар огт мэдэгдээгүй, худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнэн зөв мэдээллийг ч өгөөгүй. Г.Одгэрэлийн зарсан ашигтай талбай нь гэрээгээр тохиролцсон хэмжээнд хүрэхгүй, гэрээгээр тохиролцсон хэмжээнээс илт бага байгаа учир биет байдлын доголдолтой үл хөдлөх хөрөнгө зарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Одгэрэл нь Н.Мэндсайхантай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах,  худалдан авах гэрээгээр доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх ёстой. Гэтэл хууран мэхэлж 65.74 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай шилжүүлэхээс 54.38 м.кв талбай шилжүүлж, нийт талбайгаас 11.36 м.кв дутуу байсан. Хэрэв ашигтай талбай нь 54.38 м.кв гэж анхнаасаа мэдэж байсан бол худалдаж авахгүй байсан. Ямар ч хүн энэ мэт өөрт хохиролтой байдлаар гэрээ хийхгүй байсан. Хэдийгээр Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 40,50 мянгат хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-309 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 65.74 м.кв талбайг 2014.11.28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр худалдан авч миний эзэмшилд байсан боловч албан ёсоор түүний өмчлөлд шилжээгүй.  Иймд  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т заасны дагуу Г.Одгэрэлтэй байгуулсан 2014 оны 11-р сарын 28-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах” гэрээнээс татгалзаж байна. Гэрээнээс татгалзсантай холбогдуулан Г.Одгэрэлд төлсөн төлбөр болох 269 000 000 төгрөг, “Реасе mall” худалдаа үйлчилгээний төвийн 3 давхарын 309 тоот талбайд хийсэн дотоод заслын зардал 5 406 450 төгрөг нийт  274 406 450 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

   Нэхэмжлэгч Г.Одгэрэл сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Н.Мэндсайханыг хууран мэхэлж, худалдсан талбайн хэмжээг багасгасан зүйл байхгүй. Миний бие 2010.08.19-ний өдөр “Сан-Дэй” ХХК-тай Худалдаа үйлчилгээний барилгын үйлчилгээний заал худалдах худалдан авах гэрээ байгуулж 65.74 м.кв талбайг худалдаж авснаар миний нэр дээр 2015.05.27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө, 54-309 тоот хаягт байрлах 65.74 м.кв худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Би дээрх гэрчилгээний дагуу Н.Мэндсайхантай 2014.11.28-нд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа миний худалдсан талбайд м.кв-ын зөрүү гарсан талаар Н.Мэндсайханаас мэдсэн. Үүнийг би Мэндсайханы аав ээжтэй нь цуг “Сан-Дэй” ХХК-аас талбайн зөрүү гаргаж авахуулахаар бид нар хоорондоо гэрээ байгуулсан тэрийг бол би хүлээн зөвшөөрч байна. Харин хариуцагч талын гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Одгэрэл нь Н.Мэндсайханд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт  58 184 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч Н.Мэндсайхан нь Г.Одгэрэлд холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд 274 406 450 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг  тус тус шүүхэд гаргажээ.

 

Г.Одгэрэл нь 2014 оны 11-р сарын 28-ны өдөр Н.Мэндсайхантай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулж улсын бүртгэлийн Ү-2202022023 дугаарт  бүртгэгдсэн өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө, 54-309 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 65.74 м.кв талбайг 325 000 000 төгрөгөөр худалдахаар /хх 7, 22-23/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх  үүрэгтэй бөгөөд худалдан авагч Н.Мэндсайхан нь 2014 оны 11-р сарын 28-ны өдөр 200 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 125 000 000 төгрөгийг 2015 оны 02-р сарын 15-ны өдөр төлж дуусгахаар, худалдагч нь уг талбайг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь худалдан авагч Н.Мэндсайхан нь гэрээгээр хүлээсэн үлдсэн мөнгийг хугацаандаа төлөөгүй талаар, хариуцагч нь худалдагч Г.Одгэрэлийн худалдсан талбайн хэмжээ дутуу, доголдолтой хөрөнгө шилжүүлсэн талаар тус тус маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолж  “Гандирс-Орд” ХХК-ний хэмжилтээр “үйлчилгээний танхим буюу ашигтай талбай 54.38 м.кв” талбайтай болохыг тогтоосон баримтыг /хх 34-37/ гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хийгдсэн шинжээч “Уран-Асар” ХХК-ний 2015 оны 10-р сарын 22-ны өдрийн дүгнэлтээр /хх 71-77/ үйлчилгээний зааланд ноогдож буй цэвэр талбай 56.78 м.кв, барилгын хийц элементүүдийг оруулж тооцсон талбай 60.69 м.кв, шинжээч “Инжкон” ХХК-ний 2016 оны 02-р сарын 03-ны өдрийн дүгнэлтээр /хх 93-98/ маргаж буй талбайн хэмжээ 54.48 м.кв болохыг тус тус тогтоосон байна. Эдгээрээрс дүгнэвэл, аль ч тохиолдолд Г.Одгэрэлийн худалдсан талбайн хэмжээ нь гэрээгээр тохирсон 65.74 м.кв талбайн хэмжээндээ хүрээгүй байжээ.    

 

Талууд 2015 оны 03-р сарын 04-ний өдөр “Нэмэлт гэрээ” байгуулж     Н.Мэндсайхан нь 69 000 000 төгрөгийг Г.Одгэрэлд төлж, үлдэх 56 000 000 төгрөгийг 2015 оны 05-р сарын 04-нд өгөх, худалдагч тал нь худалдан авагч талд “Сан-Дэй” ХХК-тай талбайн зөрүүг гаргуулж авахуулахад шаардлагатай бичиг баримт гэрээг гаргаж өгөхөөр тохирсон /хх 38/ байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбар зэргээс дүгнэвэл, талууд нэмэлт гэрээг “талбайн зөрүүтэй маргаан-“ы улмаас хийсэн, өөрөөр хэлбэл, худалдагч Г.Одгэрэл нь “Сан-Дэй” ХХК-тай хийсэн гэрээ, бусад бичиг баримтуудыг худалдан авагч Н.Мэндсайханд өгөх, Н.Мэндсайхан нь “Сан-Дэй” ХХК-иас талбайн зөрүүгээс гарах 56 000 000 төгрөгийг гаргуулж Г.Одгэрэлд өгүүлэхээр тохирсон гэх үндэслэлтэй.

 

Нөгөө талаас, Г.Одгэрэл нь “Сан-Дэй” ХХК-тай 2009 оны 06-р сарын 18-ны өдөр байгуулсан 09/0619 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр тухайн худалдааны төвөөс 6-р давхарын 53.05 м.кв бүхий талбай худалдан авахаар тохирч 31 522.75 долар төлсөн /хх 24-29/,  үүнээс хойш 2010 оны 08-р сарын 19-ний өдрийн 09/0619-2 тоот гэрээгээр 3-р давхарын 62.32 м.кв талбайг худалдан авахаар өөрчилсөн /хх 30-33/, улмаар 2014 оны 05-р сарын 26-ны өдрийн 10/08/19 тоот гэрээгээр 65.74 м.кв талбай худалдан авахаар тохирч, энэ хэмжээгээр улсын бүртгэлийн Ү-2202022023 дугаарт бүртгэгдсэн 65.74 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж өмчлөх эрхийн 000325144 тоот гэрчилгээ олгогдсон /хх 5, 6, 9-12/ байна.

 

 Эдгээр үйл баримтуудаас үзвэл Г.Одгэрэлийн худалдан авч байгаа талбайн хэмжээ нь анхнаасаа зөрүүтэй байсан, өмчлөх эрхээ олж авахдаа үүнийг мэдэх боломжтойгоос гадна худалдагч 2014 оны 11-р сарын 28-ны өдөр гэрээ хийх үед талбайн хэмжээ нь гэрчилгээнд тусгагдсанаас зөрүүтэй буюу бага хэмжээтэй талаар мэдэж байсан, худалдан авагчид энэ талаарх үнэн зөв мэдээллийг өгөөгүй, худалдан авагч доголдлын талаар мэдээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, түүнчлэн гэрч “Сан-Дэй” ХХК-ний барилга хариуцсан захирлаар ажиллаж байсан Ю.Ганзориг 2016 оны 3-р сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Одгэрэлийн нэр дээр гэрчилгээ нь 65.74 гэж гарсан, зөрүү гарсан бол өөрөө хариуцна, ...гэрээ өөрчлөгдөж байсан талаар сайн мэдэхгүй, барилгаа барьдаг тул худалдах талаар сайн мэдэхгүй, санхүүтэй холбоотой асуудлыг мэдэхгүй”, гэрч Г.Нямаа “...гэрээ байгуулахдаа талбай зөрүүтэй талаар мэдээгүй, нийтийн эзэмшил орсон гэж мэдээгүй” гэж мэдүүлсэн нь  хариуцагчийн татгалзлыг нотолсон байна.

 

Түүнчлэн, худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгах нь худалдагчийн үүрэг байхад харин доголдлыг худалдан авагчаар арилгуулахаар  тохирсон /хх 39-40/  нь буруу, доголдолтой холбоотойгоор гэрээгээ цуцлах, учирсан хохирлоо гаргуулахаар худалдан авагч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь эдгээр үндэслэлээр маргаж худалдагч Г.Одгэрэлд 56 000 000 төгрөгийг төлөөгүй байх ба нэхэмжлэгч нь алданги 2 184 000 төгрөг нийт 58 184 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, харин доголдлын улмаас худалдах, худалдан авах гэрээ цуцалж, учирсан хохирол 274 406 450 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээс Г.Одгэрэлд шилжүүлсэн 269 000 000 төгрөгийг гаргуулахаар хангах нь зүйтэй.

 

Харин  худалдсан эд хөрөнгийн доголдлын улмаас талууд маргасан, өмчлөх эрх худалдан авагчид үүсээгүй боловч эзэмшилдээ шилжүүлэн авч ашиглаж байгаа тул хэргийн 49-50 дугаар талд авагдсан баримтаар авсан эд зүйлийг өөрөө салган авах боломжтой, бусад материалыг үйл ажиллагаандаа хэрэглсэн гэж үзнэ. Иймд 5 406 450 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Нямаагийн Мэндсайханаас 58 184 000 /тавин найман сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Гэрэлийн Одгэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Одгэрэлээс 269 000 00 /хоёр зуун жаран есөн сая/ төгрөг гаргуулж Н.Мэндсайханд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу  5 406 450 /таван сая дөрвөн зуун зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 448 870 төгрөг, хариуцагчийн төлсөн 1 529 983 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Г.Одгэрэлээс 1 502 950 /нэг сая таван зуун хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж Н.Мэндсайханд олгосугай.  

         4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Р.АЛТАНТУЯА