Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 682

 

 

 

 

 

 

 

 

 

О.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/00336 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Н-ын хариуцагч Х.Б-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 44 502 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.А-, О.Н- бидний төрсөн хүү болох А.М-ын амь насыг Х.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн осол гаргасны улмаас хохироосон. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж хуульд зааснаар эх О.Н- намайг хохирогч хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байцаалт авсан. Миний бие хүүгээ алдсан өдрөөс эхлэн сэтгэл санааны тавгүй байдал, хүчтэй цочролд орж гэнэт ярьж хэлж чадахгүй болсон. Миний хүү талийгаач А.М- нь 2 настай охин, эх надтай болон эмээтэйгээ хамт амьдарч байсан ба дөнгөж дунд сургуулийг төгсөж байсан. Мөн өөрийн хувийн машинаараа такси үйлчилгээнд явж ар гэрээ тэжээдэг байсан. Өөрийн гэсэн гэр оронгүй учир түрээсийн байранд амьдарч байсан ч бололцооны л амьдарч нялх үлдсэн охиноо асраад сайхан амьдарч байсан. Хүүгийнхээ аав Ж.А-ээс олон жилийн өмнө салаад тус тусдаа амьдардаг ба зам тээврийн осол болж ганц хүүгээ алдаад хэлж, ярьж чадахаа болиход миний эх намайг болон хүүгийн охиныг асарч эхэлсэн тул арга буюу хүүгийнхээ эцэг Ж.А-д хэлж цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Эцэг нь тусдаа олон жил болсон. Цаанаа өөр амьдралтай болоод ч тэрүү хүүгийн минь амь насыг хохирсон анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд дэндүү хайхрамжгүй хандсан. Х.Б- нь анхан шатны шүүхээр орж хорих ял эдлэх болоод давж заалдах шатны шүүхээр гомдол гаргаж шүүх хуралдаанд орох болохдоо бидэнд хашаа байшин авч өгнө. Амьдрал ахуйг чинь харж хандана, харин та нар гомдолгүй хорихоос өөр ял оноож өгөөч гэж хэлээд өг гэж гуйж байсан. Бид ярилцаад хүү минь босоод ирэхгүй юм чинь гэж бодоод Х.Б-ыг хэлсэн ярьсандаа хүрнэ гэж бодсон. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хохирол төлбөрийг барагдуулна, орон гэртэй болгож өгнө. Цаашид талийгаачийн ар гэр, охинд тусалж явахаа илэрхийлж баталгаа гаргаж байсан. Мөн хүүгээс минь хойш үлдсэн бидний амьдралыг харж ойлгож байгаа байх гэж бодсон. Хүүгийн минь охин ээжээсээ салж үлдээд аавтайгаа байсан. Одоо аав нь нас бараад би цочролд орж хэлгүй болж өндөр настай эх минь л биднийг асарч байсан. Би эмчилгээ нэлээн удаан хугацааны турш хийлгэж 2019 оны 5 дугаар сараас эхлээд эргээд арай ядан ярьж чаддаг болоод байна. Өнөөдрийн байдлаар бид 3 айл айлын хашаа байшин түрээсэлж өдөр хоногоо чадан ядан өнгөрөөж байгааг болон өдий хугацаанд хүүгийн минь амь насыг хохироочхоод бидэнтэй уулзаж, хэлж ярьж байснаа мартсан. Х.Б-ыг арга буюу шүүхэд өгч шийдвэрлүүлэх болоод байна. Иймд Х.Б-аас гэм хорын хохиролд 58 000 000 төгрөг, Ханбогд сум руу урьд нь ирж буцсан зардал 126 000 төгрөг, ач охины тэжээгчээ алдсаны тэтгэмжийн авч чадаагүй хугацаа буюу 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх 9 сарын тэтгэмж болох сард 155 000 төгрөг, нийт 1 395 000 төгрөг, нийт 59 521 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

Нийслэлийн шүүхийн магадлал гарснаас хойш амь насыг нь хохироосны нөхөн төлбөрт ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Оршуулгын зардлын 2 хувааж өгсөн. 10 000 000 төгрөгийг хүүхдийн тэтгэмжийн зөрүү гэж өгсөн боловч үүнийг нөхөн төлбөрт тооцно. Ганц тэжээн тэтгэдэг хүүхдээ алдчихаад бид нарыг яаж амьдарч байгааг өөрсдөө мэдэж байгаа. Ах нь гээд хүн очиж үзэж байсан. Тэр мөнгийг Бадарч ах нь л өгсөн. Хариуцагч нэг ч удаа залгаж яаж байна гэж асууж сурч эргэж тойрч байгаагүй. Утас руу нь залгахаар утсаа авдаггүй, өөрийг нь олох гэж Өмнөговь руу удаа дараа явж зардал мөнгө гаргаж байсан. Анхнаасаа жолооны үнэмлэхгүй, жолоодох эрхгүй байж машин барьж хүүхдийн маань амь насыг хохироочхоод бүтэн 1 жил 9 сар өнгөрөхөд түрээсийн байранд яаж амьдарч байгааг мэдсээр байж тусалж дэмжихгүйд гомдолтой байна. Талийгаачийн маань охин Х-г харж хандах хүн надаас өөр байхгүй. Төрүүлсэн ээж нь охиныг 4, 5 сартай өвчтэй эмнэлгээр явж байхад нь хаяад явчихсан. Одоо ямар ч сураг байхгүй, холбоо байхгүй. Тухайн ослоос болж миний бие хэлж ярьж чадахгүй бол өөрийгөө авч явж чадахгүй байсныг улмаас 80 гарсан хөгшин эх маань бид 2-ыг халамжилж байсан. Тэр үед тэтгэмж энэ тэр хөөцөлдөөд явж үнэндээ чадаагүй байсаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоолгосон. Урьд нь Х- охин маань тархины хүнд хагалгаанд 5 удаа орж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэж тогтоогдсон. Аав нь амьддаа оюутан байсан учир эмээ нь өөр дээрээ асрамжийн мөнгийг авдаг байсан. Би мөн эрүүл мэндийн шалтгаанаар группд ажил хийх боломжгүй, тэтгэмж авч амьдардаг. Охиноо эмчлүүлэх гээд урьд нь байсан хашаа байшингаа зараад түүнээс хойш түрээсийн байраар амьдарч байгаа. Хүү маань сургуулиа төгсөөд 1 сар мэргэжлээрээ ажиллаж 600 000 төгрөгийг анхны цалин гэж авч ирж байсан боловч ажлаас нь энэ талаар баримт авч чадаагүй, хаана ажиллаж байсныг нь мэдээгүй. Мөн түүнээс хойш нас барах хүртлээ өөрийн машинаараа такси үйлчилгээнд явж өдөртөө 50 000-60 000 төгрөгийн орлого олдог байсан. Одоо надад энэ талаар баримт олдохгүй учир хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг л гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Н- 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Нэхэмжлэгч миний бие хариуцагч Х.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 59 521 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Миний хүү А.М- автын осолд орж нас барахаас өмнө өөрийн 2 настай охин М.Х-, эмээ миний ээж болон ээж О.Н- бидний хамт амьдарч байсан бөгөөд эмээ нь өндөр настай, миний бие өвчний учир хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан тул бид 3 хүүгийнхээ асрамжид байсан. Х.Б- биднийг асрамжилж байсан ганц хүүгийн минь амь насыг хохироож, түүний ганц охиныг нь ааваа гэж дуудах хүнгүй болгож, охиныг минь асран халамжлах, тэжээн тэтгэх, орон байраар хангах бүхий л эрхийг байхгүй болгосон. Тиймээс эцгийн нь үүрэг хариуцлагыг Х.Б-д хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дэх хэсэгт хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах тухай зааснаар охин М.Х-г орон байраар хангах шаардлагаар Х.Б-аас хашаа байшингийн үнэд тооцон 30 000 000 төгрөг, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй хөдөлмөрийн чадваргүй этгээд түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх нөхрийн аль нэг нь авах эрхтэй гэж зааснаар талийгаачийг нас барахад түүний охин М.Х- 2 нас 5 сартай байсан. 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 9 сарын хугацааны тэтгэмжийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгөөр тооцож 2 160 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс охин М.Х- тэжээгчээ алдсаны тэтгэмж 174 000 төгрөгийг улсаас авдаг болсон ба 2019 оны 01 дүгээр сараас хөдөлмөрийн хөлсний хэмжээ 320 000 төгрөг болсноор зөрүү 146 000 төгрөгийг 12 сараар тооцож 1 752 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг болсноор тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 274 000 төгрөгийг охин М.Х-г 8 нас хүртэл 3 жил 7 сарын буюу 43 сараар тооцож 11 782 000 төгрөг. Газар дээрх ганц хүүгээ Х.Б-ын хайхрамж болгоомжгүй үйлдлээс болж залуугаараа нас барахад харамсан гашуудаж байнгын сэтгэл санаа тогтворгүй байх болсон сэтгэл санааны хохирлыг арилгуулахаар 10 000 000 төгрөг, Өмнөговь аймаг руу хариуцагч Х.Б-тай уулзахаар очиход төлсөн унааны зардал 189 000 төгрөг, Хашаа байшингийн түрээсийн төлбөрт төлсөн 3 520 000 төгрөг зэрэг нийт 59 521 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Н- 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Нэхэмжлэгч О.Н- миний бие хариуцагч Х.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 59 521 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Надад Х.Б-тай олон дахин энэ асуудлаар явах хүндрэлтэй тул хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хасч тооцон нийт 18 нас хүртэл гаргуулах хүсэлтэй байна.

Энэ нь 2018 оны зөрүү 240 000 төгрөгийг 9 сараар тооцож нийт 2 160 000 төгрөг, 2019 оны зөрүү 146 000 төгрөгөөр тооцож 12 сарын хугацаанд нийт 1 752 000 төгрөг, цаашид 2020 оны 1 сараас эхлэн хөдөлмөр хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг болсон учир үүнээс тэтгэмжийг хасч тооцон 18 нас хүртэл зөрүү 246 000 төгрөгийг 13 жилээр тооцон нийт 40 950 000 төгрөг болж байгаа бөгөөд нийт 44 502 000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Өмнө 59 210 000 төгрөг нэхэмжилж байсныг багасгаж 44 502 000 төгрөгийг гаргуулан авч бусад шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Х.Б- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Б- миний бие нэхэмжлэгч О.Н-ын нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Би 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргаж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж, анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсан. Энэ шийдвэрт давж заалдах гомдол гарган Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хорих ялыг тэнсэж хянан харгалзуулахаар шийдвэрлэсэн. Өөрийн санамсар болгоомжгүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж талийгаачийн ар гэрт чадлынхаа хэрээр өөрийн боломж бололцоогоор тусалж байсан. Тухайн үед намайг хоригдож байх хугацаанд миний өмнөөс ах Х.Бадарч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-тэй ярилцан талийгаачийн эх, охин, эмээ нарт оршуулгын зардлын үлдэгдэл, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад зардалд тооцож 10 000 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон байсан. Би 2018 оны 8 дугаар сараас хойш хохирогчийн ар гэрт 10 000 000 төгрөгийг өгч дуусгасан. Гэтэл ямар үндэслэлээр гэм хорын хохиролд 58 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх хурлын үеэр оршуулгын зардалд 5 433 291 төгрөг нэхэмжилж байснаас анхан шатны шүүх хурлаас өмнө 3 200 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А- мөн амь хохирогчийн ээж О.Н-, түүний эх Ш.И- нар ирж уулзалдаж хохирол төлбөр болох 2 233 291 төгрөгийг нэхэмжлэгч талд бэлнээр өгсөн. Хохирогчийн ар гэрийн зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр бичиж өгсний дараа хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж хэрэгтэй. Бид нар цаашид орон гэргүй байгаа гэж ярьсан. Энэ үед чадлаараа тусалж явахаа илэрхийлээд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-тэй хийсэн. Энэ зээлийн гэрээг Х.Б-ын ах н.Бадарчтай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хийсэн. Яагаад гэвэл Х.Б- нь хорих байгууллагад хоригдож байсан учраас өмнөөс нь төрсөн ах н.Бадарч нь гэрээг байгуулсан. 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд 2018 оны 8 дугаар сарын 01-нээс эхлээд төлж явсаар 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хамгийн сүүлд цалингийн зээл аваад 5 290 000 төгрөгийг амь хохирогчийн ар гэрт өгч, нийт 10 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Давж заалдах шатны шүүх магадлалдаа хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж дүгнэж болох юм хэмээн тодорхой дурдсан. Магадлалд бусдад төлөх төлбөргүй, оршуулгын зардал болон баримтаар нэхэмжилсэн зардлыг төлсөн гэдгийг дурдсан. Хариуцагчийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан. 10 000 000 төгрөгийг Х.Б-ын ах н.Бадарчийн дансаар О.Н-ын ээж Ш.И- болон О.Н- нарын данс руу хийсэн. Иймд нэхэмжлэгчийн 44 502 000 төгрөгийг төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Н-ын нэхэмжлэлтэй Х.Б-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж нийт 44 502 000 төгрөг болгосныг гардаж авсан бөгөөд хуульд заасан хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, мөн хуралдааны явцад хариу тайлбарыг гаргаж мэтгэлцэх учир хугацаа авах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Н- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоод эрүүл мэндийн шалтгааны улмаар Ж.А- буюу амь хохирогчийн эцэг томилогдсон. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Ж.А-ээс нэхэмжлэгч О.Н-ад шүүхэд төлөөлөх итгэмжлэлээ авсан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны зардал төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт уг шаардлагыг гаргах эрхтэй этгээд нь эцэг, эх, нөхрийн аль нэг нь авах эрхтэй гэж заасан. Хэрэгт авагдсан 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах гэрээнээс үзвэл охин н.Х-г буурай эмээ Ш.И- асарч байсан гэж үзэхээр байгаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/600 дугаартай захирамжаар М.Х-гийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр Ш.И-г тогтоосон тухай баримт хэрэгт авагдсан. Энэ хоёр баримт, хуулийн зохицуулалттай харьцуулж үзвэл асран хамгаалах тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй этгээд нь Ш.И- гэж харагдаж байна. Ш.И-гоос нэхэмжлэгч нь итгэмжлэх эрх авагдсан харагдаад байгаа. Тэгвэл хуулийн заалтаа харахаар эцэг, эх, нөхрийн аль нэг нь авах эрхтэй гэж заасан. Амь хохирогч А.М- нь хувийн машинаараа такси үйлчилгээнд явж ар гэрээ тэжээн авч явдаг байсан талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь амь хохирогчийн ямар хэмжээний орлоготой байсныг нотолсноор тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар бодно гэж заагдсан. Энэ зохицуулалтаас үзвэл амь хохирогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлоготой байсныг нотлох шаардлагатай. Дээр дурдсан 2 нотлох баримттай харьцуулбал энэ хүний орлогоор М.Х-г тэжээн тэтгэж байсан уу, Ш.И- тэжээн тэтгэж байсан нь эргэлзээтэй болж байна. 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын тэтгэмжийг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргаад тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах эрх нь нээлттэй байсан. Хүсэлтээ гаргаагүй нөхцөл байдал нь хариуцагчаас шалтгаалаагүй байна. Үүнээс гадна 18 нас хүртэл нь урьдчилж тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт нас барагчийн 8 нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр, эхнэрийн аль нэгэнд нь түүний нас хөдөлмөрийн чадварыг харгалзан уг хүүхдэд 8 нас хүртэл нь тэтгэмж олгоно гэж заасныг харгалзаж үзнэ үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байсанчлан давж заалдах шатны шүүхээс магадлал гарч дүгнэлт өгөхдөө тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг олгохоо илэрхийлсэн учраас хариуцагчийн ялыг тэнсэн хянан харгалзсан байдаг. Тэнсэн хянан харгалзаж суллагдсанаас хойш нийт 10 000 000 төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэмжид өгсөн нь тогтоогдсон буюу “ХААН банк” ХХК-ийн дансны хуулга байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар цалин хөлсний дундаж хэмжээнд зааснаар тогтооно гэсний дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3-д зааснаар хариуцагч Х.Б-аас 8 681 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Н-ад олгож, үлдэх 35 828 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 153 846 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч О.Н- давж заалдах гомдолдоо:

... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр 28-ны өдрийн 184/ШШ2020/00336 дугаар шийдвэрийг Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч миний өмгөөлөгч авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Х.Б-д 3 жилийн хорих ялыг оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэхээр болсон бөгөөд тэрээр давж заалдах гомдол гаргаж, давах шатны шүүх хуралдааны өмнө бидэнд “та нар гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч” гэж хэлээд өгөөч, “хашаа байшин авч өгнө, амьдрал ахуйд чинь тусална, өнчин хоцорсон охиныг асран тэтгэнэ гээд” гуйсан учир түүнд итгэж гомдол саналгүй гэж шүүхэд хэлсэн.

Х.Б-ын амласны асран тэтгэх үүргээ биелүүлэхийг шаардаж хашаа байшингийн үнэ, тэтгэмжийн зөрүү сэтгэл санааны хохирол бусад зардалд нийт 59 521 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны шатанд 44 502 000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Энэ багасгасан шаардлагад хашаа байшингийн үнэ, тэтгэмжийн зөрүү, аль аль багтсан байхад шүүх миний хуулийн мэдлэг нимгэн байдлыг далимдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэсэн дүгнэлтийг хийж зөвхөн тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн байдлаар маргааныг шийдвэрлэж, асран тэтгэх үүргийг биелүүлэхээр амласан хашаа байшингийн үнийг хэрэгсэхгүй болгож биднийг дэндүү хохироосон шийдвэр гаргасан.

Энэ хэрэг маргааныг шийдвэрлэх гэж удаа дараа шүүх хуралдаан товлогдож миний бие нэг удаагийн /хэд дэх удаагийн хуралдааныг санахгүй байгаа / шүүх хуралдааны үед өмгөөлөгч авах саналтай байгаагаа амаар илэрхийлсэн боловч уг хүсэлтийг хүлээн аваагүйгээс өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хуулиар олгогдсон эрхийг шүүх зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрхийг хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэхэд нь шүүх туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж заасан байхад хууль мэдэхгүй, сэтгэл санааны хямралтай намайг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гэсэн мэргэжлийн хүмүүстэй адилтган үзэж мэтгэлцүүлсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч О.Н- нь хариуцагч Х.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 59 210 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 44 502 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн зам тээврийн ослын улмаас иргэн А.М-ын амь нас хохирч түүний төрсөн охин болох М.Х- нь эмээ болон эмэг эхийн хамт амьдардаг талаар талууд маргаагүй, А.М-ын амь нас хохирсонд гэм буруутай нь тогтоогдсон Х.Б-аас Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирол шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар М.Х-гийн асран хамгаалагчаар тогтоогдсон эмэг эх Ш.И- нь өндөр насны тэтгэвэрт, эмээ О.Н- нь тахир дутуугийн группд байдаг тул ажил эрхэлдэггүй, гэр бүлийн орлого амьжиргааны түвшингээс доогуур босго шугам 409 679 төгрөг болох нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт болон Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэргээс ирүүлсэн баримтуудаар тогтоогджээ.

 

            Талийгаач А.М- нь цалин хөлс, орлого олж байсан нь баримтаар тогтоогдоогүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцон шаардсан нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөр хөлсний доод хэмжээ 420 000 төгрөгөөс нас барсан хохирогчид өөрт нь ногдох хэсгийг хасахад 210 000 төгрөг болно. Үүнээс насанд хүрээгүй охин М.Х-гийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжид авч буй 174 000 төгрөгийг хасахад зөрүү 46 000 төгрөг болох ба үүнийг 16 нас хүртэлх 11 нас 9 сар буюу 141 сараар тооцвол нийт 6 486 000 төгрөгийг хариуцагч Х.Б-аас гаргуулах үндэслэлтэй, үлдэх 34 104 000 төгрөгийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох хүртэл хугацааны буюу 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх 9 сарын хугацаанд М.Х-д ямар нэгэн тэтгэмж орлого олгогдоогүй байх тул энэ хугацааны тэтгэмжийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2018 онд сард 240 000 төгрөг байхаар тогтоосныг үндэслэн 9 сараар тооцон нийт 2 160 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 000 төгрөгөөр тогтоогдон мөрдөгдсөн ба охин М.Х-д төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжид 2019 оны 01 дүгээр сард 125 000 төгрөг, 2 дугаар сараас 12 дугаар сард сар тутам 174 000 төгрөгийн тэтгэмж олгогдсон нь түүний тэтгэмжийн дэвтрийн хуулбараар тогтоогдсон, 320 000 төгрөгөөс нас барагчид өөрт нь ногдох хэсгийг хассан 160 000 төгрөгөөр тэтгэмжид авсан 1 дүгээр сарын 125 000 төгрөгийг хасч зөрүү 35 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, харин 2-12 дугаар сарын хүртэлх хугацааны хохирол учирсан буюу зөрүү олгогдох үндэслэлгүй байна.

 

Дээрхээс үзвэл, хариуцагч Х.Б-аас 8 681 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Н-ад олгож, үлдэх 35 828 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөх эрхийг шүүх хязгаарласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нь “...Манай өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байгаа. Би өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй...” талаар тайлбарласан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор ямар нэг хүсэлтгүй болохоо илэрхийлсэн нь тэмдэглэлд тусгагджээ.

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эрхийг шүүх хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/00336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч О.Н- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ