| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2023/00653/И |
| Дугаар | 135/шш2024/00821 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 135/шш2024/00821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/00653/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** хороо, ***** гудамж, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* / Утас: *****/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** байр, ***** тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* /Утас: ******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 17 байрны 54 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******,*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, гэрч *******, Ц.*******оригоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******.******* миний бие иргэн ******* гэдэг хүнтэй 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4406 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоот 28 м.кв талбайтай, орон сууцыг худалдан авч нотариатаар батлуулан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001017253 дугаартай гэрчилгээ авсан юм. Ингээд худалдан авсан байрандаа орох гэсэн боловч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байгаа учир иргэн *******д миний худалдаж авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоот 28 м.кв талбайтай, орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү. Гэрээ байгуулснаас хойш удаа дараа байраа шаардсан боловч байрнаас гарахгүй, хүүхдүүд нь битгий аав руу залгаарай гэж гуйсан. Сүүлдээ утсаа авахгүй, холбогдохгүй болохоор нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Асуудал маань 3 шатны шүүхээр яваад дахиад одоо шүүх хурлаар ороод явж байна. Одоо энэ хүнээс байраа хурдан авмаар байна. Тийм учраас *******ийн хууль бус эзэмшлээс байрыг маань чөлөөлж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон гэрч, хариуцагчийн тайлбар, мэдүүлэг зэргээр энэ орон сууцны өмчлөгч нь *******.******* юм байна гэдэг нь хөдөлгөөнгүй нотлогдон тогтоогдлоо гэж үзэж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээ нэг талаас хөрөнгөө шилжүүлэх, нөгөө талаас гэрээнд заасан үнийг төлөхтэй холбоотой харилцаа байгаа. Тэгэхээр хариуцагч *******ийн зүгээс яаж маргаж байна вэ гэхээр ...энэ гэрээнд заасан 50,000,000 төгрөг чинь огт төлөгдөөгүй гэж маргадаг. Гэтэл нэхэмжлэгч энэ 50,000,000 төгрөгийг огноо, цаг хугацаатай нь дансны хуулгаараа гаргаж нотолдог. Энэ үүсээд байгаа маргаан шат шатны шүүхүүд дээр буцаад, анхан шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдээд явж байна. 50,000,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээтэй холбоотой дансны хуулга хамгийн анх анхан шатын шүүхээр хэлэлцэхэд гараагүй байсан. Яг энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх хүлээж аваад буцаасан. Тэгээд анхан шатны шүүхэд энэ баримтуудаа гаргаж өгөөд явсан. Анхан шатны шүүх дахиж хэлэлцээд тухайн үед би анх удаа тэр хэрэгт өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Мөн анхан шатын шүүх дээр хариуцагч нэг баримт гаргаж ирсэн. Тэр нь хариуцагч *******ийн хүү дансны хуулга байсан. Энэ дансны хуулгыг хариуцагч нь би нотариатаар итгэмжлэл хийлгэж дансны хуулгыг авч ирсэн гэдэг. Дансны хуулгаар юуг нотлон тогтоосон бэ гэхээр энэ хүн 50,000,000 төгрөг төлсөн гээд байгаа боловч 28,625,000 төгрөгийг нь буцаагаад өгчихсөн байна шүү дээ гэдэг. Тэр нотлох баримт, дансны хуулга өөрөө хуульд нийцээгүй.
Орон сууцны үнэ 50,000,000 төгрөг гэрээ байгуулахаас өмнө орчихсон байна, гэрээнээс хойш төлөөгүй байна гэдэг нөхцөл байдал үүссэн. Үүнийг нэхэмжлэгч Дарханд байгаа хөрөнгийг Улаанбаатар хотод нотариат гэрчлэхгүй гэсэн учир Дарханд ирсэн гэж тайлбарладаг Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж авъя гээд очихоор тухайн үед үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээг тойргийн нотариат л гэрчилдэг байсан. Дархан-Уул аймагт улсын бүртгэлд бүртгэгдсэн, тухайн газар байршиж байгаа үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах буюу барьцаалах гэрээг хийхдээ Улаанбаатар хотод хийх боломжгүй байсан. Сүүлд тойргийн нотариат байхгүй болоод хаа ч хийдэг болсон. Тэгэхээр нэхэмжлэгчийн яриад байгаа энэ тайлбар үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч бол хөндлөнгийн л байр суурьтай байх ёстой. Миний хувьд нэхэмжлэгчийнх нь яриад байгаа тайлбар үндэслэлтэй юм байна. Төлбөр төлөгдсөний дараа гэрээ хийх ёстой байсан. Хэрвээ мөнгөө аваагүй байсан бол энэ гэрээнээс татгалзах эрхтэй, Үүнийг хамт явсан охин ч мэдэж байсан. Ялангуяа хариуцагч *******ид байсан. Иймээс энэ гэрээ хүсэл зоригоо илэрхийлээд мөнгө төгрөгөө аваад, улсын бүртгэл хийгдсэн. Энэ үнэн зөв явсан юм байна гэдгийг нотлох гол баримт нь *******.******* анхан шатны шүүхэд орон сууцаа чөлөөлүүлье гэдэг нэхэмжлэл гаргах хүртэл ******* гэдэг хүн цагдаагийн байгууллагад ч хандаагүй, шүүхэд ч хандаагүй. Жил гаруйн хугацаа өнгөрчихсөн, байр шилжчихсэн, ******* гэдэг хүн 50,000,000 төгрөгөөсөө 100 төгрөг ч аваагүй байсан бол *******.*******гөөс мөнгөө авъя гэж шаардах байсан боловч ийм байдал огт байдаггүй. Ингэж явсаар байгаад Дээд шүүхээс нэг л үйл баримтаар дүгнэлт хийж буцаасан. Буцаасан шалтгаан нь данснаас 28,625,000 төгрөг ороод ирсэн байна, хөрөнгө оруулалтын зээл гэдэг утгатайгаар орж ирсэн байна. Энэ мөнгө чинь нөгөө 50,000,000 төгрөгөөсөө буцааж төлөөд байгаа юм биш үү, үүнийгээ нотол гэсэн. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ шүүх хуралдаан дээр хөрөнгө оруулалтын зээл гэдэг гэрээг гэрч Ц.*******оригоо болон ******* нар хийсэн байна. Буцаад шилжүүлж байгаа мөнгө нь хөрөнгө оруулалтын зээлд гэсэн утгатай орж ирээд байна. данс руу 35,000,000 төгрөг *******гийн данснаас орчихсон. 25,000,000 төгрөг нь ороод 10,000,000 төгрөг нь үлдсэн. *******ийн данс руу 50,000,000 төгрөг орчихсон. Энэ хүмүүсээс мөнгө гараад байна, буцаад орж байгаа мөнгө байхгүй. Тэр 50,000,000 төгрөг юунд зарцуулагдсан юм бэ гэхээр маш тодорхой харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан байгаа. Гэтэл зөвхөн тайлбараараа баахан зөрөөтэй юм ярьдаг. Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа. Уг нь үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Өгч байгаа тайлбар болгон нь зөрүүтэй байна. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зорилго байгаад байна. Тэгээд сөрөг нэхэмжлэл гаргасан. Хууль зүйн хувьд ямар асуудал үүсээд байгаа вэ гэхээр, гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаад байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасан үндэслэлээр гээд байна. Гэтэл өөрөө амаар орж ирж тайлбарлахдаа ...мөнгөө өгөөгүй учраас энэ гэрээ чинь хүчингүй гэж тайлбарлаж байгаа. Хууль зүйн хувьд энэ нь ямар ч боломж байхгүй. Логикийн хувьд эрс тэс зөрүүтэй зүйл ярьж байгаа. Хэрвээ мөнгөө өгөөгүй гэдэг үндэслэлээр маргаж байгаа бол, гэрээнээс татгалзах асуудал яригдана. Энэ гэрээ өөрөө 56 дугаар зүйлд заасан үндэслэл байна гэж үзвэл өөр шаардлага байх ёстой. Логикийн хувьд ийм өөр зөрүүтэй зүйл ярьж байгаа нь энэ хүний гаргаад байгаа тайлбар, татгалзлын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл чинь нотлогдохгүй байна гэж үзэж байгаа юм. Сөрөг нэхэмжлэлийг шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд шийдвэр гаргах ёстой. Гэтэл шаардлагаа 56.1.4 гэж тодорхой зааж өгсөн. Энэ гэрээнээс татгалзах уу, үгүй юу гэдэг л асуудал яригдах болохоос Иргэний хуулийн 56 дугаар зүйл яригдахгүй. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй... гэв.
3. Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би *******.*******тэй өөрийн эзэмшлийн шинэ Дархан хуучин хорооллын 17 дугаар байр 54 торт 2 өрөө байраа 50 сая төгрөгөөр зарахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан би байраа зарсан мөнгөө авъя гэтэл элдэв шалтаг тоочиж нэг ч төгрөг надад өгөөгүй байна. Би *******.*******гөөс байрны мөнгөө авъя гэж олон удаа нэхсэн боловч худлаа үнэн шалтгаан тоочиж нэг ч төгрөг өгөөгүй өдий болж байна. Гэтэл байрны хөлсөө төлөөгүй байж намайг байрнаасаа гар би байрандаа ормоор байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Би байрны хөлсөө гэрээнд заасан харилцан тохиролцсон 50,000,000 төгрөгөө авч байж байраа суллаж өгөх эрхтэй. Иймд би нэг ч төгрөг аваагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж эрүүл бус үйлдэл хийж нэхэмжлэл гаргасан. Би хэзээ ч зөвшөөрөхгүй. Урьд нь миний хүүтэй хийж байсан юм аа надтай холбож яриад байна. Миний хүүхэд насанд хүрсэн хүн, надаар ажлаа заалгадаг ч хүн биш. Надтай гэрээ хийхдээ эгчээсээ 50,000,000 төгрөг авч өгнө гэж хэлээд надаар гарын үсэг зуруулж аваад явсан. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй алга болсон. Иймээс би байрны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал гэрээний үүргийг биелүүлээгүй учраас байрыг чөлөөлж өгөх үндэслэл байхгүй гэдэг байр суурин дээрээ баттай зогсож байгаа. Энэ худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа ...би хотод очоод эгчээсээ 50,000,000 төгрөг аваад, танай хүү од өгчихье гэхээр нь итгээд өгөөд явуулсан гэдэг. Тэгэхээр энэ тохиролцоогоо зөрчөөд 50,000,000 төгрөгөө өгөөгүй, одоо ч өгөөгүй явж байгаа. Тэгэхээр энэ үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан. Гэтэл мөнгө төлсөн гэх баримт нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 50,000,000 төгрөг шилжүүлсэн. 07 дугаар сарын 04-ний өдрөөс хамаагүй өмнө. Энэ 4 удаагийн гүйлгээгээр руу шилжүүлсэн мөнгийг 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 28,625,000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн байдаг. Энэ гүйлгээний агуулга нь Ц.*******оригт ашиг, *******.*******д хөрөнгө оруулалтын зээл, ашиг гээд буцаагаад шилжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу байрны төлбөрийг төлсөн гээд байгаа зүйлийг нотолж чадахгүй байна. Хэрэв байрны мөнгө авсан бол яагаад буцаагаад өгч байгаа юм бэ. Сая нотлох баримтаар өгөөд байгаа гэрээнүүд нь энэ орон сууцтай ямар ч хамаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн гэрээ байна. Энэ гэрээний зорилго нь ОУ-ын зах зээл дээр тусгай гэрчилгээтэй зээлдэгч нарт хөрөнгө явуулна, мөнгө өсгөнө, мөнгийг 30 хувиар өсгөнө гэсэн ийм гэрээ байгуулаад мөнгө өсгөх ажиллагааг хийж байсан. Энэ нь орон сууц худалдах худалдан авах гэрээтэй огт хамаарал байхгүй. Хэрвээ той арилжааны асуудалтай холбоотой асуудал байгаа бол той л ярих ёстой. Гэтэл Дарханд охиныг нь дагуулж ирээд байрыг чинь худалдаж авъя гээд гэрээн дээр гарын үсэг зуруулаад, түүнийгээ үндэслээд өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулаад авчихаараа ...одоо энэ миний өмч, байрыг чөлөөлж өг гээд байгаа нь үндэслэлгүй байна. Хяналтын шатны шүүхийн тогтоол дээр ...Орон сууцны үнэд шилжүүлсэн 50,000,000 төгрөгт хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хүү той ямар харилцаатай байсан. Хамтарч мөнгө өсгөх арилжаа хийж байсан, улмаар од хөрөнгө оруулалт хэлбэрээр өсгүүлэхээр өгсөн мөнгөнд орон сууцны төлбөрт тооцож авсан эсэх, эсвэл өгсөн мөнгөө буцаан гаргуулахын тулд хариуцагчийн тайлбараар байрыг барьцаанд тавихаар өмчлөлийг шилжүүлсэн болон худалдах худалдан авах гэрээ бодитой хийгдсэн эсэх, зэрэг ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулж тогтоосон эсэх-ийг тодруулахаар буцаасан байгаа. Худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа ******* гуайд хот ороод эгчээсээ мөнгө аваад өгнө гэж байгаа боловч цаагуураа од өөрийнхөө аав *******оригийн шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг буцааж авч чадахгүй болоод ч юм уу, эсвэл сунжраад байсан болоод итгүүлж байгаад 50,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг нь авчихъя гэдэг санаа зорилгын үндсэн дээрээс ******* гуайг хууран мэхэлж итгэл төрүүлж гарын үсэг зуруулж аваад өмчлөх эрхийн гэрчилгээг нь шилжүүлж авсан баримт тогтоогдож байна. 07 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулчхаад мөнгийг нь хотод очоод өгнө гэвэл энэ өдрөөс хойш мөнгө нь шилжиж ирэх ёстой. Гэтэл CFD, forex гэдэг хөрөнгө оруулалтын гэрээ 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ байгаа. Үүний дагуу хоорондоо мөнгө төгрөг өгөлцөж авалцаад эхэлчихсэн. Үүнтэй болбоотой аавынхаа мөнгийг авахын тулд энэ хүнийг залилж, итгүүлээд орон сууц өмчлөх эрхийг нь шилжүүлээд авчихсан. Одоо хөөж гаргая гэж байгаа ийм асуудал үүсээд байна. Хаа байсан гэрээ байгуулахаас өмнө од шилжүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу харилцан тохиролцож шилжүүлсэн мөнгийг орон сууцны төлбөр гэж шүүхэд нотлох баримт гаргаж өгч шүүхийг төөрөгдүүлэх ажил хийгээд байна. Үнэхээр орон сууцны төлбөр байсан бол гүйлгээний утга дээр орон сууцны төлбөр тэдэн төгрөг гэж шилжүүлэх байсан. Гэтэл энэ мөнгийг буцаагаад шилжүүлэхдээ *******оригт ашиг, хөрөнгө оруулалтын зээлийн эргэн төлөлт гэж 28,625,000 төгрөгийг шилжүүлсэн баримт байна. Түүнээс биш үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу мөнгө төгрөг төлөгдсөн асуудал байхгүй байна. Тэгэхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэсэн энэ хуулийн заалт хэрэгжихгүй байна. Яагаад гэвэл худалдан авагч тал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. *******.******* той хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй. *******.******* *******тэй үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Мөнгөө өгөөгүй байж өмчлөх эрхийн гэрчилгээг нь шилжүүлээд авчихсан. Аавынхаа мөнгөний баримтыг аваад төлсөн гэж гаргаж өгөөд байна, үүнийг яаж энэ байрны төлбөрт тооцох вэ, тооцохгүй. Тэгэхээр үүнийг шүүхийг төөрөгдүүлсэн хуурамч нотлох баримт гаргаад байна гэж үзэж байна. Нэгэнт худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй учраас байрыг чөлөөлж өгөх үүрэг хүлээхгүй. Энэ хүнийг цагдаад яагаад хандаагүй юм бэ гэж байна. Энэ хүн өөрөө байрандаа амьдарч байгаа учраас цагдаа шүүхэд хандаад явах шаардлага байхгүй. Тэгэхээр энэ хүн хууль шүүхийн байгууллагад хэзээ хандах нь эрхийнх нь асуудал. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. 57.1-т Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан. Тийм учраас энэ заалтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж заасан. Тэгэхээр үнэн санаанаасаа хийгээгүй гэдэг нь тодорхой байна. Яагаад гэвэл оос аав нь тооцоотой болонгуут яаж аавынхаа мөнгийг салгаж авах вэ гэдэг бодол үүсээд, тэгж байгаад хүүхдүүдтэй нь яриад аав нь Дарханд байртай гэдгийг мэдэж аваад, аавынх нь гэрчилгээг өөр дээрээ авчихъя, нэг ёсондоо сөрсөн ажиллагаа хийж, ийм далд санаа агуулж, энэ худалдах худалдан авах гэрээг хийсэн гэдэг нь нотлогдож байна. Тэгээгүй бол энэ асуудал аль эрх шийдвэрлэгдэх боломжтой байсан. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй. 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. гэсэн заалтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ийм учраас дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* гэдгийг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
5. Нэхэмжлэгч талаас Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001017253 тоот гэрчилгээ, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, ХААН банкны 2022 оны 06 дугаар сарын 11, 13, 14, 15-ны өдрүүдийн мөнгөн шилжүүлгийн баримт, Хөрөнгө оруулалтын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, Ц.*******оригоо, ******* нарын Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
6. Хариуцагч талаас эзэмшлийн ХААН банкны 5021271607 тоот дансны хуулга, 2022 оны 07 сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000977718 дугаартай гэрчилгээ, зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.
7. Шүүхээс зохигчдын хүсэлтээр гэрч , Ц.*******оригоо, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэлээр хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс Улсын бүртгэлийн *****8 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 17 дугаар байрны 54 тоот орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Миний бие тус орон сууцыг хариуцагч ***** 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг 17-р байрны 54 тоотод байрлах 28 м.кв орон сууцыг худалдаж авч, гэрээнд заасны дагуу 50,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан. Удаа дараа байраа шаардсан боловч байрнаас гарахгүй, сүүлдээ холбогдохгүй болохоор нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Энэ хүн байрны үнэ нэг ч төгрөг өгөөгүй байж байр сулла гээд байгааг зөвшөөрөхгүй байна. Мөнгөө өгчихвөл хамаагүй байрыг чинь суллаж өгнө гэж хэлсэн. Урьд нь миний хүүтэй хийж байсан юм аа надтай холбож яриад, миний байрыг барьцаалаад, булаацалдаад байна. Анх надтай гэрээ хийхдээ Улаанбаатарт очоод эгчээсээ 50,000,000 төгрөг авч өгнө гэж хэлээд надаар гарын үсэг зуруулж аваад явсан. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй алга болсон гэж маргадаг болно.
4. Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Энэ үл хөдлөх хөрөнгийн анхны хууль ёсны өмчлөгч нь ******* байсан. Худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхээ шилжүүлсэн боловч гэрээний үүргээ худалдан авагч тал биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байгаа. Энэ нь анхнаасаа хууран мэхэлж нийсэн хэлцэл болох нь тодорхой тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй... гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ: ... гэрээг байгуулахад талууд бие биенээ хуурч мэхлээгүй, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож гэрээг байгуулсан зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
6. Талууд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулж, тус гэрээгээр ***** түүний өмчлөлийн Улсын бүртгэлийн *****8 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 17 дугаар байрны 54 тоот орон сууцыг 50,000,000 төгрөгөөр *******.******* худалдан авахаар тохиролцсон байна.
Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу *******.*******г дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001017253 тоот гэрчилгээг олгожээ./хх-ийн 4-6 дугаар хуудас/
7. Хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байгаа бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагч *******ийн өмчлөх эрх дуусгавар болж, нэхэмжлэгч *******.*******д өмчлөх эрх үүссэн байна.
Хариуцагчийн татгалзлын болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь орон сууцны үнийг нэхэмжлэгч төлөөгүйтэй холбон тайлбарлаж, орон сууцаа худалдах хүсэл зоригтой байсан, үнийг төлсөн бол байраа суллах талаар хүлээн зөвшөөрч тайлбарладаг.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж тодорхойлсон.
Талуудын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудаар талууд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, хуульд заасан шаардлагыг хангасан гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.
8. Хариуцагч нь ...Тэрбишийн хүү нь манай ааваас 35,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, олон улсын зах зээл дээр арилжаа хийж, мөнгийг нь өсгөж өгөхөөр тохирсон боловч өгөөгүй. Гэтэл эргэлтийн мөнгө хэрэгтэй байна гээд надад 2 орон сууц худалдах санал тавьсны дагуу би нэг орон сууцыг худалдан авахыг зөвшөөрсөн. Үүний дагуу *******ийн орон сууцыг худалдан авсан. Үнэ 50,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд 5,000,000, 20,000,000, 20,000,000, 5,000,000 төгрөгөөр тус тус цувуулан нэхэмжлэгчийн хүү дансанд шилжүүлсэн гэж, нэхэмжлэгч нь ...энэ мөнгө нь манай хүү , *******.******* нарын хамт хийж байсан ажилтай холбоотой мөнгө, түүнээс миний байрыг худалдан аваад төлсөн мөнгө биш тул байрны мөнгийг огт аваагүй гэж тус тус маргадаг болно.
Хэрэгт авагдсан *******.*******гийн эзэмшлийн ХААН банкны 5913151640 тоот данснаас эзэмшлийн ХААН банкны 5021271607 тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг , гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгчийн хүү эзэмшлийн ХААН банкны 5021271607 тоот данснаас *******.*******гийн эзэмшлийн ХААН банкны 5913151640 тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 13-ний өдөр ашиг гэх гүйлгээний утгаар 10,800,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ХО******* эргэн төлөлт ******* гэх гүйлгээний утгаар 7,475,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ХО******* эргэн төлөлт Ц.*******ОРИГОО гэх гүйлгээний утгаар 10,350,000 төгрөг нийт 28,625,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна./хх-ийн 79-82, 103-105 дугаар хуудас/
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.*******оригоо, ******* нарын мэдүүлэг, 2022 оны 05 сарын 05-ны өдрийн Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ зэрэг баримтаар хариуцагчийн хүү нь олон улсын хөрөнгө оруулалтын зах зээл дээр зээлдүүлэгч нарын шилжүүлсэн мөнгийг эргэлтэнд оруулж, ашиг олох, мөнгөн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний хүү тооцон үндсэн мөнгөн дээр нэмж буцаан төлөхөөр тохирч нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар нийт 28,625,000 төгрөгийг энэхүү гэрээний дагуу буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нь тухайн үед охины хамт нотариат дээр очиж гэрээг байгуулсан талаар тайлбарлаж байгаа бөгөөд тухайн гэрээг гэрчилсэн нотариатч аас гэрчийн мэдүүлэг авахад ... миний дэргэд төлбөр төлсөн асуудал байхгүй. Өөрсдөө тооцоо дууссан гэж л хэлсэн. Ямар нэгэн баримт байгаагүй. ... Талуудаас тооцоо дууссан уу гэж асуухад дууссан гэж хэлсэн учраас л гэрээнд тусгагдсан... гэж мэдүүлжээ.
Хариуцагч нь орон сууцны төлбөрийг миний хүүхдүүд надад авч өгнө гэж хэлсэн бөгөөд сүүлд нь хүүхдүүдээсээ асуухад мөнгө өгөөгүй гэж хэлсэн, *******.******* нь байрыг өөр дээрээ шилжүүлэн авсны дараа Улаанбаатарт очоод эгчээсээ мөнгө аваад өгнө гэж хэлсэн гэж тус тус тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тал энэхүү тайлбараа нотлоогүй болно.
Дээр дурдсан үйл баримтууд болон талуудын байгуулсан гэрээний 3.3-т ... төлбөрийг бүрэн төлж дууссан гэж бичигдсэн байдал зэргээс дүгнэхэд *******.******* нь орон сууцны үнийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч *******.******* нь гэрээний дагуу орон сууцаа гаргуулахаар шаардах эрхтэй.
9. Хариуцагч ******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлсон боловч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууддаа байраа солих бодолтой байсан тул худалдсан, байрны үнийг өгөөгүй учир байрнаас гарах үндэслэлгүй гэж тайлбарладаг болно.
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
10. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ийн эзэмшлээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоотод байрлах, 28 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, ***** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч *******.*******д олгож, хариуцагч *******ийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******.*******гөөс төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ***** төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ